Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2020/00664

 

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2020/00664

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 мянгат 0 дүгээр байр, 0-0 тоот хаягт оршин суух Б овогт Ц-ийн М /РД: 00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 0-А байр 0 тоот хаягт оршин суух Б овогт Б-ы Б /РД: 00000000/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М миний бие эхнэр Б.Б-тай 2000 онд танилцаж, 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас хүү М.Э 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оноос эхлэн тус тусдаа амьдрах болсон. Бид тусдаа амьдарсанаас хойш дахин хамт амьдрах талаар хичээл зүтгэл гаргаагүй бөгөөд Б.Б нь одоо өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон. Миний хувьд цаашид өөр хүнтэй гэр бүл зохиож амьдрах бодолтой байна. Хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар бидний хооронд маргаан байхгүй. Хүү М.Э эх Б.Б-ын асрамжинд үлдэнэ. Иймд цаашид хамтран амьдрах боложгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М бид хоёр 2004 онд анх танилцаж, бидний дундаас 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Э төрсөн. Ер нь бараг 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа гэж хэлэхэд болно. Цаашдаа цуг амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг дэмжиж байна. Миний бие хүү М.Э-ийг өөрийн асрамжиндаа авч байгаа тул хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр нэхэмжлэгч Ц.Маас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Б.Б нар 2006 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Э төрсөн байна.

 

Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцсон байдлыг харгалзан хүү М.Э-ийг эх Б.Б-ын асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгтэй харшлахгүй.

 

Зохигчийн дундаас төрсөн хүүхэд эхийнхээ асрамжинд байгаа байх тул хүүхдээ асрамжилж байгаа хариуцагч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

 

Иймд Гэр бүлийн хуульд заасан хэмжээгээр хүүхдэд нэхэмжлэгчээс тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б овогт Ц-А-ын М/РД: 00000000/, Б овогт Б-ын Б /РД: 00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү М.Э /РД: 00000000/-ийг эх Б.Б-ын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.М-аас хүү М.Э-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Зохигч эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.МӨНХТӨР