Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/157

 

2023        08            29                                             2023/ШЦТ/157

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

         Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

         Шүүгдэгч: П.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Пийн Тт холбогдох эрүүгийн 2335000000197 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 19..... оны 01 дүгээр сарын 23-нд Увс аймгийн .......... суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг ......... тоотод оршин суух хаягтай,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт Пийн Т /РД: ............./.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч П.Тнь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр үйлчлүүлж байхдаа тус худалдааны төвийн барааны мэргэжилтэн Э.Эгийн эзэмшлийн Самсунг-А21 маркийн гар утсыг 3 дугаар лангуун дээр ууттай нойтон салфеткан доор хийсэн байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Э.Эт 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч П.Тгийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч П.Тнь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр үйлчлүүлж байхдаа тус худалдааны төвийн барааны мэргэжилтэн Э.Эгийн эзэмшлийн Самсунг-А21 маркийн гар утсыг 3 дугаар лангуун дээр ууттай нойтон салфеткан доор хийсэн байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Э.Эт 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дахь тал),

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-11 дэх тал),

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-16 дахь тал),

Хохирогч Э.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвд барааны мэргэжилтнээр ажилладаг. Улмаар орой 20 цагийн орчим лангуун дээрээ бараагаа өрж байгаад өөрийн эзэмшлийн самсунг А-21 маркийн гар утсаа ашиглаж, барааны код уншуулж тооллого хийж байгаад 3 дугаар лангуун дээр ууттай нойтон салфеткан доор гар утсаа тавиад үргэлжлүүлэн лангуун дээрээ бараагаа өрж байгаад 30-40 орчим минутын дараа утсаа авах гэтэл миний гар утас тавьсан лангуун дээрээ байхгүй алга болчихсон байсан. Ингээд би Номин худалдааны хяналтын камер шүүж харахад 40 гаруй насны хар өнгийн хувцастай эмэгтэй хүн салфетканы доороос миний гар утсыг аваад Номин худалдааны төвөөс гарч байгаа бичлэг хяналтын камерт бичигдсэн байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би ганцаараа 2 лангууны дунд 2 тийш эргээд бараа өрж, янзлаад тооллого хийж байсан бөгөөд миний хажууд таних хүн байгаагүй, хяналтын камераар харахад худалдан авагч нар 2 лангууны дундуур өнгөрч явж байгаа бичлэг камерт бичигдсэн байсан. Тухайн миний гар утас аваад гарсан эмэгтэй хүн ганцаараа явж байсан бөгөөд миний утас авах гээд маш удаан буцаж эргээд барьж үзээд тавьчихаад буцаж аваад явж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. Би өөрийн эзэмшлийн Самсунг А21 маркийн гар утсаа Номин худалдааны төвөөс 2022 оны 06 дугаар сард 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Миний Самсунг А21 маркийн гар утас хар хөх өнгийн ямар нэгэн кэйс байхгүй мөн эвдрэл гэмтэл содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй. Би өөрийн эзэмшлийн самсунг А-21 загварын гар утсаа хүлээн авлаа. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй байна. Би өөрийн гар утсаа хүлээн авсан одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32, 34 дэх тал),

Шүүгдэгч П.Тгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багын нутаг дэвсгэрт нөхөр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Улмаар 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн орчим байх Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвөөс хоолны амтлагч авах зорилгоор хүнсний тасагт орсон. Ингээд 3 дугаар лангуунд байрлах лангуун дээр өрөөстэй байсан хоолны амтлагч харж сонгож харчихаад тус Номин худалдааны төв дотор тува хүмүүс олуулаа явж байсан болохоор тухайн утсыг авчих байх гэж бодоод аваад үүдний жижүүрийн касс нь дээр байгаа хүнд өгье гэж бодоод авчихаад яарч явсан болохоор мөн 6 удаа төвхний хагалгаанд орж байсан, мартамхай болчихсон болохоор 2 хоолныхоо амчлагчийн тооцоог хийгээд лангуун дээрээс авсан гар утсаа өгөхөө мартаад гараад явчихсан байсан. Би тэр утсыг авъя гэсэн зорилго байгаагүй. Тухайн өдөр би ганцаараа явж байсан бөгөөд хар өнгийн өмд цамц улаан шар өнгийн гуталтай явж байсан. хяналтын камерт бичигдсэн хүн би мөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал)-үүдээр тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч П.Тнь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр үйлчлүүлж байхдаа тус худалдааны төвийн барааны мэргэжилтэн хохирогч Э.Эгийн эзэмшлийн Самсунг-А21 маркийн гар утсыг 3 дугаар лангуун дээр ууттай нойтон салфеткан доор хийсэн байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүний шинжийг хохирлын хэмжээгээр тодорхойлон тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж 300 /гурван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж, 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус тодорхойлжээ.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Я.Нгийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаартай “Увс аймагт 2023 оны 07 дугаар сарын байдлаар “Самсунг-А21” загварын гар утас 1 жил ашигласан гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 350.000 /Гурван зуун тавин мянган /төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40 дэх тал)-ээр шүүгдэгч П.Тчийн зөвшөөрөлгүйгээр авсан “Самсунг-А21” загварын гар утас нь 350.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байна.

Эндээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тооцох материаллаг шалгуур нь 300.001 буюу түүнээс дээш хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан бол гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүгдэгч П.Тнь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр үйлчлүүлж байхдаа тус худалдааны төвийн барааны мэргэжилтэн хохирогч Э.Эрдэнэдондогийн эзэмшлийн Самсунг-А21 маркийн гар утсыг 3 дугаар лангуун дээр ууттай нойтон салфеткан доор хийсэн байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол хор уршиг

Хохирогч Э.Э мөрдөн байцаалтын шатанд “Би өөрийн эзэмшлийн самсунг А-21 загварын гар утсаа хүлээн авлаа. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй байна. Би өөрийн гар утсаа хүлээн авсан одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

2. Шүүгдэгч П.Тунгалагт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч П.Тнь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Тнь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар  Гэрч Ш.Огийн өгсөн: “П.Т нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь хувиараа газар тариалан эрхэлдэг. П.Т өөрөө хоолойны хагалгаанд орж одоо групп байдаг. П.Т нь илүү дутуу ааш авир байхгүй, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй, энгийн даруухан, худал хэлж байгаагүй, хүнтэй харьцах харьцааны соёлтой, урьд өмнө ямар нэгэн байдлаар гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал) хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Тт 9 /ес/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан П.Тт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Шүүгдэгч П.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Тт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1- 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Пийн Тгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Тт 9 /ес/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан П.Тт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч П.Тнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Тт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    

                                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ