Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2020/00297

 

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2020/00297

Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин Б овогт А Ц /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, СОТ-0-0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух Ц овогт Б-ын С /РД: 0000000/-д холбогдох

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.С-ыг хүү Ц.Т-ийн эцгээр тогтоолгох, түүнд тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Ц нь Б.С-тай 2017 онд танилцсан. Түүнээс хойш дотно харилцаатай болж 2018 онд жирэмсэн болсон. Б.Стай гэр бүл болон хамтын амьдралаа эхлүүлэх гэсэн боловч гэр бүл болох, эцэг байх үүрэг хариуцлагаасаа зугтаж, уулзах цаг товлох бүрт удаа дарааллан дургүйцэн, утасны цаанаас хүүхэд бид хоёрыг хүлээн зөвшөөрөөгүйн шалтгааны улмаас миний бие хүүгээ өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан. Б.С нь намайг жирэмсэн болсон цагаас эхлэн хүнлэг чанар гаргахгүй байсан учир 3 сартай жирэмсэн байхдаа төрсөн ээж болон эгчтэй нь өөрийн биеэр гэрт нь очиж бодит байдлыг хэлж мэдэгдсэн боловч намайг үл хүндэтгэн эцэг эхийн зүгээс ч асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Би жирэмсэн болсноос хойш өнөөдрийг хүртэл эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр хүнд, эдийн засгийн хувьд маш их хохиролтой байгаа бөгөөд Б.С одоо болтол надтай болон миний ар гэрийнхэнтэй холбогдоогүй, хариуцлагаас зугтаж, өөр хүнтэй үерхэж байгаа учир цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүү бид хоёр эцэг, эхийнхээ 30 метр квадрат байранд ам бүл тавуулаа амьдарч байна. Миний хүү Ц.Т нь одоо 8 сартай нярай байгаа бөгөөд цаашид насанд хүрч өсөж хүмүүжихэд орон байр, ясли, цэцэрлэг, сургуульд сурч боловсрох болон бусад зардлуудыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймд Б.С-ыг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Ц.Тийн эцгээр тогтоож, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Ц.Т миний хүүхэд мөн тул хуульд заасан журмын дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар 2017 онд танилцаж, нэхэмжлэгч 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүү Ц.Т-ийг төрүүлсэн байна.

 

Хүүхдүүдийн эцэг мөн эсэх талаар хариуцагч Б.С маргаагүй бөгөөд нэхэмжлэгч А.Ц, хариуцагч Б.С нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүйн улмаас хүү Ц.Т эхээрээ овоглосон нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.С-ыг хүү Ц.Т-ийн эцэг мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.

 

Зохигч хамтран амьдраагүй, зохигчийн дундаас төрсөн хүүхэд эхийнхээ асрамжинд байгаа байх тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдээ тэжээж тэтгэх үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд Гэр бүлийн хуульд заасан хэмжээгээр хүүхдүүдэд хариуцагчаас тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсгийг баримтлан хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хүүхдийн тэтгэлэгт ногдох хураамж 35,868.4 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг баримтлан 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Ц-ийн Т /РД: 0000000/-ийн эцэг хариуцагч Ц овогт Б-ын С /РД: 0000000/ мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан Ц-ийн Т /РД: 00000000/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний тус бүр 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр сар бүр эцэг Б.Саас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 35,868.4 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус олгосугай.

 

4.Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан хугацаанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.МӨНХТӨР