Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/112

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Г.*******,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 132 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2207001560216 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,******* төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Налайх дүүргийн *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.******* нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйл “машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага”-ийн 9.1/Үйлдвэрлэлийн зориулалттай хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараах шаардлагыг хангасан байна/, 9.1.1/машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарч, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ гэсэн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т /Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна/ гэсэн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь /Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна/ гэсэн, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтад /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэсэн, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дах заалт /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх/ гэсэн зүйл, заалтуудыг тус тус ханган ажиллаагүйн улмаас тус тус тоосгоны үйлдвэрийн ажилтан Г.******* нь тоосго хэрчигч бүхий тоног төхөөрөмжийг тослох зорилгоор баруун гараа төхөөрөмжид хийж хавчуулж, баруун гарын үеэр нь бүрэн таслуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

 

Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-24/, хохирогч Г.*******ын мэдүүлэг /хх-/, гэрч А.ын мэдүүлэг /хх-36-37,49-50/, шинжээчийн дүгнэлт /хх-72-77/, шинжээчийн дүгнэлт /хх-56-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх хуудас, ХХК-н захирлын 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Г.*******ийг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон тушаал, холбогдох баримт /хх-98-99/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч  Г.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...2022 оны 5 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн үед ажил жигдрээгүй засвар хийж байх явцад ийм зүйл болсон. Би өөрөө үйлдвэр дээрээ байсан ч хажууд нь бол байгаагүй. Манай ажлын газрын А. Г.*******ыг гараа авчихлаа гээд гүйж ирсэн. Тэгээд Г.*******ыг аваад шууд эмнэлэг рүү явсан. Тэр үед гар нь хавчуулагдсан байсан тул тайрахаас өөр ямар ч сонголт байхгүй гэж хэлсэн. Тэрний дагуу гарыг нь тайрсан байгаа...” гэв.

Хохирогч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 05 дугаар 09 өглөө 10 цагийн орчим ажил дээрээ ирчихсэн байсан. Тоног төхөөрөмж гацаад байсан юм. Ажил жигдрээгүй байсан тул эхлээд туршилтын байдалтай байсан. Засварчнаар засуулаад янзлуулсан. Түүнийгээ шалгаад байж байхад онцын зүйл мэдэгдээгүй. Доод хэсгийн цилиндр хэсгийг тосолчихдог юм билүү гэж бодсон. Тэгээд гараа хийгээд тослоод байж байхад гэнэт өөрөө автоматаар ажиллаад эхэлсэн. Гараа татаж авч амжаагүй хавчуулчихсан...” гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Г.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.******* нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйл “машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага”-ийн 9.1/Үйлдвэрлэлийн зориулалттай хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараах шаардлагыг хангасан байна/, 9.1.1/машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ гэсэн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т /Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна/ гэсэн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь /Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна/ гэсэн, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтад /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэсэн, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дах заалт /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх/ гэсэн зүйл, заалтуудыг тус тус ханган ажиллаагүйн улмаас Налайх дүүрэг, ******* буюу Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс ертөнцийн зүгээр урагшаа 5 км зай буюу N47.45.38N, E107.17.14 солбицол дээр Их уурхайд байрлах тоосгоны үйлдвэрийн ажилтан болох хүү Г.******* нь автомат зүсэгч Хятад улсын DW-602 маркийн нойтон тоосго хэрчигч төхөөрөмжийг тослох зорилгоор баруун гараа төхөөрөмжид хийж хавчуулж, баруун гарын үеэр нь бүрэн таслуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:

  1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-17-24/

  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Г.*******ын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 07 цагийн үед ажил дээрээ ирж Аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаад гарын үсэг зурчхаад тоосго хэрчигч төхөөрөмж дээрээ ажиллаж эхэлсэн. Тухайн үед уг төхөөрөмж 1 цаг орчим хэвийн ажиллаж байгаад гэнэт л төхөөрөмж гацаад доголдоод эхэлсэн. Тоосго хэрчигч төхөөрөмжөө унтраагаад засварчин А. болон бас нэг Хятад засварчинг дуудаж үзүүлсэн. Удалгүй 30 орчим минутын дараа төхөөрөмжийг засаж дуусаад хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгахад хэвийн ажиллаж байсан. Хэвтээ цилиндрийн тосолгоо хийгдээгүй удчихсан байдалтай дуу гараад байхаар нь тосолгоог хийх гээд төхөөрөмжийн моторыг унтрааж байгаад речакын урагш түлхэж байгаад хэвтээ цилиндрийг тослох гээд баруун гараа төхөөрөмжийн дотор хийчхээд речактрыг урагш түлхсэнээ мартаад мотороо асаатал баруун гараа төхөөрөмжид хавчуулаад таслуулчихсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-27-28/

  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Б.ын өгсөн: “...Өглөө ажил эхлээд удаагүй байхад тоосго хэрчигч төхөөрөмжийн моторын резин нь тасраад эвдэрсэн юм. Үүнийг нь би нэг Хятад засварчинтай хамт засаж янзлаад ажиллагааг нь хэвийн болгоод Г.*******ад хэлээд явсан. Тэгтэл удалгүй Г.******* миний араас хүрч ирээд “ахаа төхөөрөмжид гараа хавчуулаад тастуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхэд Г.*******ын баруун гар нь тасарчихсан их хэмжээний цус гарч байсан...” гэх мэдүүлэг,

/хх-50/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.ын өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,869,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг тухайн гэмт хэргийн буруутай этгээд буюу яллагдагчаас гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

/хх-180/

  1. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 245 дугаар “...Г.*******ын биед баруун бугуйн үений бүрэн тасрал, баруун богтос, шуу яасны зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.15.78.1-т зааснаар цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-57-58/

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-93/,

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ХунХуа ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар “...Г.*******ийг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсугай...” гэх тушаал, итгэмжлэл,

/хх-96-100/

  1. Хуулийн этгээдийн гэрчилгээ,  тусгай зөвшөөрөл, ажлын байрны тодорхойлолт, үйлдвэрийн осолтой холбоотой баримтууд, Аюулгүй ажиллагааны заавар, зөвлөгөө, хөдөлмөрийн гэрээ,

/хх-120-174/

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-104-112/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...тус хэрэгт хяналт тавьж байсан Д.Аянагүл миний бие хэрэгт хяналт тавьж байхдаа зарим нэг зүйлийг дутуу орхигдуулсан байна гэдэг нь гэм буруугийн шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судалж байхад харагдлаа. Цаашид энэ төрлийн зөрчил гаргахгүй байх тал дээр анхааран ажиллах болно. Шүүгдэгч Г.******* нь Налайх дүүрэг 3 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөний улмаас тухайн тоосгоны үйлдвэрийн тоосго хэрчигч машинд ажиллаж байсан Г.******* нь баруун гараа үеэрээ тастуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирснаар бусдын эрүүл мэндэд болгоомжгүй гэмт хэрэг учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримтын хувьд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт, холбогдогчийн мэдүүлэг, Г.*******ийн хувийн байдалтай холбоотой баримт, итгэмжлэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар улсын яллагчийн зүгээс бүрэн нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн асуудал яригдана. Хохирогч Г.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Хор уршиг арилах боломжгүй хэдий ч тухайн байгууллагын зүгээс болон Г.*******ийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн дааж хохирол төлбөрийг төлсөн. Хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан. Үүнтэй холбоотой Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,869,000 төгрөг гарсан. Үүнийг мөн адил бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлагын тухайд энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дараах эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд хуульчилсан байдаг. Үүнд зорчих эрхийг хязгаарлах, торгох, хорих ял гэсэн ялын төрлүүдтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын тухайд бусдын болгоомжгүй байдлын улмаас гарсан. Гэм буруугийн болгоомжгүй байдлын хэлбэртэй гэмт хэрэг. Хэдийгээр хохирол бүрэн төлөгдсөн хэдий ч хор уршиг арилаагүй. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдож орж ирсэн. Хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Үүнд хохирлыг төлж барагдуулсан, анхан шатны тусламж, дэмжлэг үзүүлсэн. Хувийн байдлын тухайд хэрэгт авагдсан хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс. Иймд улсын яллагчийн зүгээс хүнлэг, энэрэнгүй, шударга ёсны зарчимд үндэслэн шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус компанид ажиллах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байнагэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Г.******* нь хууль зүйн хувьд болгоомжгүй үйлдлээр, хохирогч Г.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* нь хохирогч Г.*******ын биед баруун бугуйн үений бүрэн тасрал, баруун богтос, шуу яасны зөрүүтэй хугарал гэмтэл учруулсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 245 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. 

Тиймээс шүүгдэгч Г.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ын бие махбодод хүнд хохирол учирсан ба хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг эмнэлэгт хэвтэж байхад ар гэрийнх нь маань миний гарыг авсан байсан...гэх, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...бие нь гайгүй болсноос хойш бага, сагаар тусалж дэмжиж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг манай компанийн зүгээс бүрэн төлж дуусгана гэсэн бодолтой байгаа. Одоогийн байдлаар 35,000,000 төгрөгийг амьдрал ахуй, бизнес эрхлэхэд нь өгсөн. Мөн мотоцикл авч өгсөн. Өөрөө хөдөө аваачаад зарах байх...” гэх мэдүүлгүүдээс хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 1,869,000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд  оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 132 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж прокурортой тохиролцон 2 жилийн хугацаагаар компанид ажиллах эрхийг хасах, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700.000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг шүүхэд ирүүлсэн.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилах боломжгүй хэдий ч хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцож гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.

 

Иймд Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу  2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, “ХунХуа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаанд хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Харин хавтаст хэрэгт хэргийн газрын үзлэг, болон фото зурагт тасарсан гарны зураг авагдсан ба түүнийг шинжилгээнд явуулж дүгнэлт гаргаагүй, мөн хэзээ, хэнд хүлээлгэж өгсөн тодорхойгүй байгааг анхаарах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ирүүлсэн ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийг “ХунХуа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хассугай.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

          5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ