Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2020/00305

 

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/00305

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Горькийн 0 тоот хаягт оршин суух Х.Т овогт Б А /РД: 00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Горькийн 0 тоот хаягт оршин суух У овогт Б-ын Э /РД: 00000000/-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э-тай 2016 онд танилцаж, 2017 онд хамтран амьдарсан. Бидний дундаас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Э.Б төрсөн бөгөөд Б.Э бид 2 гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Зан харилцааны таарамжгүй байдал, гэр бүлээс гадуур харилцаанаас болж 2019 оны 8 дугаар сараас тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүү Э.Б энэ жил цэцэрлэгт сурч хүмүүжиж байгаа. Хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Б-д тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие нь хүү Э.Б-д тэтгэлэг гаргуулах тухай Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг сар бүр хуульд заасны дагуу төлөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.                                        

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Э-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б.Э нар 2016 онд танилцан, 2017 оноос хамтран амьдарч 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Э.Б-ийгтөрүүлсэн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа ба хариуцагч Б.Э нь хүү Э.Б-ийгөөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрсөн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Мөн хариуцагч Б.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

Иймд нэхэмжлэгч Б.А нь хүүхдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй тул хүү Э.Б-ийгэх Б.Аын асрамжинд үлдээж, эцэг Б.Э-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Б /РД: 0000000/-ийг эх Б.А-ын асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Б-ийг11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Б.Э-аас гаргуулан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МӨНХТӨР