| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 105/2017/0053/э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2017-01-27 |
| Зүйл хэсэг | 117.1., |
| Улсын яллагч | Б.Соёлсайхан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Б.Соёлсайхан,
Шүүгдэгч Б.Лашин, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0267/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сарбас овогт Болатханы Лашинд холбогдох эрүүгийн 201625022113 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгоп Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, казак, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ган зам зочид буудлын ресторанд зөөгчөөр ажиллаж байсан, одоо гэртээ хүүхдээ хардаг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлзий сумын 1 дүгээр баг Хуст Арал 5 дугаар гудамж, 13 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 5-169 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Сарбат овогт Болатханы Лашин, /РД:БЮ92110647/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Лашин нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар орцны 27 тоотын үүдэнд 0-5 хоногтой өөрийн төрсөн хүүхдээ хаясан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Лашин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.Лашин нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 онд 11 дүгээр сарын сүүлээр найзуудтайгаа архи ууж байгаад өөрийн найз Нурбекээр гэртээ хүргүүлэхээр дуудсан. Тэгээд гэртээ хүргүүлэлгүйгээр Нурбектэй хамт Тэнгис кинотеатрын ойролцоо байдаг зочид буудалд хоносон, тэгэхдээ Нурбектэй бэлгийн харьцаанд орсон юм. Тэгээд Нурбект жирэмсэн болсон талаараа хэлэхэд "би наад хүүхдийг чинь хүлээн авч чадахгүй, би найз охинтой чи ч гэсэн найз залуутай, наад хүүхдээ аборт хийлгэж авахуул гэж надад хэлсэн. Би энэ үед найз залуутай байсан ба манай найз залууг Батболд гэдэг. Бид хоёр 2014 оны 8 сараас хойш үерхэж эхэлсэн. Тэгээд энэ үед аборт хийлгэх гээд 4 дүгээр хороололд эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгт очиход "манай эмнэлэг томорчихсон ургийг үр хөндүүлэх боломжгүй" гэж хэлээд 13 дугаар хороололд байдаг эмнэлэг зааж өгсөн тэр эмнэлэгт нь очиход 450000 төгрөгөөр хийнэ гэж хэлсэн. Миний мөнгө хүрээгүй ба тухайн үед Баян-Өлгий явах гэж байсан учир шууд яваад өгсөн. Тэгээд 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод ирээд, ажил хийгээд найз залуу Батболдын хамтаар түрээсийн байранд амьдарч байсан. 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 3 дугаар төрөхөд хэвтээд 2800 грамм, хүүтэй болсон. Хүүхэд эрүүл, гүйцэт төрөлт гэсэн. 2016 оны 8 дугаар сарын 16-ны өглөө 12 цагийн үед эмнэлгээс гарсан. Би эмнэлэг гарахдаа такси дуудаад таксины жолоочоор хүүхдийн өлгий авахуулаад тэгээд гараад Циркийн зүүн талын сургуулийн хажууд хүргүүлж буусан. Тэгээд Нарны замын наад талд буугаад тэнд байсан ягаан, шартай 5 давхар байрны үүдэнд зогсож байгаад тэр байр руу ороод 2 давхарт зүүн талын хоёр хаалганы дунд нь хүүхдээ тавиад гараад явсан. Манай найз залуугийн хүүхэд биш эцэггүй хүүхэд учраас хүүхдээ төрүүлчихээд хаашаа ч явахаа мэдэхгүй байж байгаад хаясан...гэсэн мэдүүлэг /хх 22-26 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...уг хэрэгт Б.Лхашид гэдэг хүүхдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах, эрүүл аюулгүй өсөн торних гэх мэт үндсэн эрхүүд болон Хүүхдийн зрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан эрхүүд зөрчигдсөн байна. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн Лхашидын төрсөн эх Б.Лашинд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж уг хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэж хүсмээр байна..." гэсэн мэдүүлэг /хх 77-79 дугаар хуудас/,
Гэрч Л.Батболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Бид хоёр 2014 онд танилцаж тэр үеэс хойш үерхсэн. 2016 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэл нэг гэрт хамтран амьдарч байгаа. Одоо эхнэр, нөхөр гэж хэлэхэд болно. Би хамт амьдарч байхдаа жирэмсэн гэдгийг нь ерөөсөө мэдээгүй. Б.Лашингийн гэдэс нь тийм жирэмсэн гэж мэдэгдэхээр том харагддаггүй байсан бага зэрэг мяраалсан юм шиг л харагддаг байсан би анзаараагүй...би Б.Лашингийн хүүхэдтэй болж төрснийг мэдээд түүний хүүхдийг өөрийнхөө нэрээр овоглож өөрийнхөө хүүхэд болгон өсгөж байгаа, надад татгалзах зүйл байхгүй. Одоо Лашин, хүү бид 3 хамт амьдарч байгаа, манай хүүхдийн биеийн байдал маш сайн, эрүүл өсч торниж байгаа...гэсэн мэдүүлгээр /хх 13 дугаар хуудас/,
Гэрч Б.Гүлназ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ”...би өдөр болгон шахуу уулздаг байсан. Лашин жирэмсэн гэдэс нь томорчихсон ажиглагдсан тэгээд асуутал өөрөө үгүй гэж хэлсэн. Тэгээд л би итгэсэн, тухайн үед маш их таргалсан байсан, гэдэс нь бол мэдэгдэхээр том биш биеэрээ таргалсан байсан...гэсэн мэдүүлэг /хх 14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Дэлгэрмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед байхаа яг цагийг нь сайн санахгүй байна. Өөрийн охинтойгоо амьдардаг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Загийн 26 дугаар байрны 27 тоотод байж байсан юм. Тэгсэн чинь гадаа орцонд хүүхэд уйлах чимээ сонсогдсон тэгэхээр нь би тухайн үед тоогоогүй, гадаа орцонд явж байгаа хүмүүсийн дуу юм байх л гэж бодсон. Тэгсэн чинь дахиад хүүхэд уйлаад байсан тэгэхээр нь би хаалганыхаа дурангаар орц руу харахад манай хаалганы эсрэг талын хаалганы доор өлгийтэй хүүхэд байсан. Тэгээд би гараад тэр хүүхдийг газраас авч тэврээд хүн харсан чинь ойр хавьд хүн байхгүй байсан ба хүүхдийг гэртээ оруулаад цагдаагийи байгууллагад мэдэгдсэн...Цэнхэр алаг өнгийн өлгийтэй, хажууд нь гялгар уутанд хийсэн даавуу, малгай гэх зэрэг зүйлүүд байсан...би өлгийг нь задлахад эрүүл, саруул, ил харагдах гэмтэлгүй эрэгтэй хүүхэд байсан...гэсэн мэдүүлгээр /хх 16-17 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн ¹:14227 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:
1. Б.Лхашид нь төрөхдөө эрүүл, гүйцэд төрсөн байна.
2. Б.Лхашидын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ…” /хх 78 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-8 дугаар хуудас/, гэрч О.Баатарын мэдүүлэг /хх 12 дугаар хуудас/, Б.Лашиний иргэний үнэмлэхний лавлагаа /хх 25 дугаар хуудас/, ял шийтгэл шалгасан хуудас /хх 26 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 27 дугаар хуудас/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 28-30 дугаар хуудас/, нярайн төрөлтийн түүх /хх 33-46 дугаар хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Лашин нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар орцны 27 тоотын үүдэнд 2 хоногтой, эрэгтэй өөрийн төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Лашины шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа, гэрч Б.Дэлгэрмаа нарын мэдүүлэг, шинжээчийн 14227 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Лашиныг өөрийн төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Лашинд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэн үзэж шүүхээс торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Лашинд 280 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял оногдуулах санал тавьсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.4 дэхь хэсэгт зааснаар “...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх... этгээдэд албадан ажил хийлгэх ял оногдуулахгүй...” гэж заасан тул шүүхээс шүүгдэгчид уг ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Лашин нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй зэргийг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сарбат овогт Болатханы Лашиныг өөрийн төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Б.Лашиныг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Лашин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Лашинд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН