Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0253

 

 

 

 

 

 

    2021         04            04                                    0253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх  хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  З*********** ХХК 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*********,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******** нарын хоорондын “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын З*********** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/... дүгээр тушаалын З*********** ХХК-д холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*********, түүний өмгөөлөгч Г.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М********өнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Нэхэмжлэгч З*********** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын З*********** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/... дүгээр тушаалын З*********** ХХК-д холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн.

            2. Анх З*********** ХХК-д Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 609 дүгээр гэрчилгээгээр Б********* дүүргийн уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн аманд 20.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай олгож, 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2/58 дугаар газар ашиглах тухай гэрээг байгуулсан. Уг гэрчилгээг 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаагаар сунгаж, улмаар 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ...../... дүгээр гэрчилгээгээр 5.0 га газар, мөн өдрийн ...532 тоот гэрчилгээгээр 15.0 га газрыг тус тус 5 жилийн хугацаагаар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон.

             3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/... дүгээр тушаалаар “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 заалтуудыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр 8.99 га, мөн сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалаар дээрх  үндэслэлээр З*********** ХХК-ийн 11.1 га газар ашиглах эрхийг тус тус цуцалж, газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

             4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хүлээн аваагүй гэж 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

             5. Нэхэмжлэгч З*********** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлдээ:

                 1/ З*********** ХХК нь Б******** дүүргийн ... дүгээр хороо, уулын дархан цаазат “ам”-нд 20 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийн 2015 онд ...../... болон ...532 тоот гэрчилгээ, гэрээний үндсэн дээр ашиглаж, зохих төлөвлөлт хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа.

             2/ уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны вэб сайтад 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах эрхтэй нэр бүхий хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг цуцалсан” мэдээлэл нийтлэгдсэн байх бөгөөд түүнд дурдсанаар манай компанийн ашиглах эрх бүхий 11.1 га газрын ашиглах эрхийг цуцалсан байсныг бид 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр олж мэдсэн.     

             3/ Манай байгууллага газрын төлбөрөө зохих журмаар хэсэгчлэн төлдөг, газар ашиглахтай холбоотой ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, бидэнд ямар нэгэн мэдээлэл, мэдэгдэл өгөлгүйгээр газар ашиглах эрхийг шууд цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 27 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэх журмыг ноцтой зөрчсөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан газар ашиглагчийн газраа зориулалтын дагуу ашиглах эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан.       

             4/ Маргаан бүхий актыг гарахаас өмнө эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэн аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэж сонсох ажиллагаа явуулах ёстой атал ямар ч мэдэгдэл ирүүлээгүй, бидний хууль ёсны эрх ашгаа хамгаалах нөхцөл боломжийг олголгүйгээр газар ашиглах эрхийг шууд цуцалсны улмаас манай байгууллага аялал жуулчлалын зориулалтаар цаашлаад, аялал жуулчлалын үйл ажиллагаа бүрэн зогсоод байна.

             5/ Иймд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дугаар тушаалын З*********** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

             6/ Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:  ...манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/... дүгээр тушаалыг огт мэдээгүй бөгөөд 20 га газрын маань 8.99 га нь ийнхүү 2018 онд цуцлагдсан болж таарлаа. 2018 онд манай компанийн газар ашиглах эрхийг цуцлах, газар ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр гаргах ямар ч үндэслэл, нөхцөл байдал үүсээгүй, бодит байдалд газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө төлж байсан. Уг тушаалаар 8.99 га газрын ашиглах эрхийг ямар үндэслэлээр цуцалсныг, энэ 8.99 га газар нь бидний ашиглаж буй 3 нэгж талбар бүхий тус тусдаа байрлах газрын аль хэсэг болохыг ч бид мэдэхгүй байна” гэжээ.

             6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын төлбөрийн тухайд... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолтой холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гомдол гарган үүнтэй холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Магадлалд заасан хугацаанд Б******** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шинэ акт гаргаагүй. Иймээс нэмэгдүүлсэн төлбөрийг манай байгууллага төлөх үндэслэлгүй гэж үзсэн.

             З*********** ХХК нь 1996 оны 3 дугаар сарын 23-ны өдөр барилгын үйлчилгээний  “З” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар аялал жуулчлал, амралтын зориулалтаар барилга байгууламжийг нийт 12 сая төгрөгөөр худалдаж авсан. Түүнээс хойш 2008 онд цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлалын зориулалтаар төсөл хэрэгжүүлэхээр байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий төлөвлөгөөг боловсруулан холбогдох эрх бүхий байгууллагуудаар батлуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2008 оны 215 тушаалаар нийт 20 га газрыг ашиглуулах эрх, гэрчилгээг гаргаж өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл тэр газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Тус газар нь Богдхан уулын дархан цаазат газар байрладаг ба зуны улиралд амралтын байруудад өөрийн болон хамтрагч байгууллагын ажилчдыг амраах, тодорхой тэмдэглэлт үйл ажиллагаа зохион байгуулах, аялал жуулчлалын танин мэдэхүй үйл ажиллагаануудыг зохион байгуулах чиглэлээр зуны улиралд үйл ажиллагаа явуулдаг. Мөн барилга байгууламж ашиглалт, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээн дутагдалтай байдлаас шалтгаалан жилийн дөрвөн улиралд ашиглах боломжгүй байгаа. Үүнийг шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийж, баталгаажуулан хэрэгт хавсаргасан. З*********** ХХК нь анх авсан газраа зориулалтын бусаар ашиглаагүй, зохих түвшинд ашиглаж ирсэн. Үүнийг харгалзан үзэж төрийн байгууллагууд газар ашиглах эрхийг сунгасаар ирсэн. Гэтэл зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

             7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан бид хэд хэдэн үндэслэлээр маргаж байна.

             Захиргааны ерөнхий хуулийг төрийн захиргааны төв байгууллагын удирдах албан тушаалтан биелүүлсэнгүй гэдэг үндэслэл байна. Хоёрдугаарт бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл байдал бодит байдал дээр үнэхээр үүссэн эсэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, зөрчил нь газар ашиглагчийн буруутай үйлдэл байсан уу гэдэг талаар хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан тогтоосны дараа ямар нэгэн шийдвэр гаргах ёстой. Гэтэл дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага шууд эрх зүйн үйлчлэл чиглэж байгаа этгээдэд захиргааны акт гаргахдаа урьдчилан мэдэгдэж, уг этгээдээс тайлбар, нотлох баримт авч нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байсан

             Бидний зүгээс Газрын тухай хуульд зааснаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан боловч яагаад  энэ талаар тодруулаагүй вэ гэдэг үндэслэлээр маргаж байна. Бодит байдал дээр 2019 оноос эхлэн бүх нийтийн хөл хорио удаа дараа тогтоож эхэлсэн. Үүний улмаас аялал жуулчлалын салбрын үйл ажиллагаа хязгаарлалтад орсон. Гэтэл 2021 оны 3 дугаар сард хариуцагч уг тушаалаа гаргахдаа газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэл дурдсан. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт давагдашгүй хүчин зүйл болон бүх нийтийн хөл хорио, халдварт өвчин гэдэг энэ нөхцөл байдал хамаарна. Гэтэл хариуцагчийн газар ашиглах эрх цуцалсан тушаалын үндэслэл нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.

             2018 оны тушаалтай холбоотойгоор хариуцагчаас нэг ч нотлох баримт шүүхэд өгөөгүй. Өөрөөр хэлбэл 2021 оны А/79 дүгээр тушаалтай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын болон уулын дархан цаазат газрын захиргаанаас ирүүлсэн албан бичгийг нотлох баримтаар өгсөн. 2018 оны тушаал гарах үед Захиргааны ерөнхий хуульд заасан ямар нэгэн ажиллагаа хийгдсэн байх ёстой. Энэ талаар шүүхээс тодруулах байдлаар нотлох баримт шаардахад ирүүлээгүй. Газар ашиглах эрх цуцлах үед газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан эсэх талаар нөхцөл байдлыг тодруулаагүй, мөн газрын төлбөр төлөөгүй гэдэг асуудал яригддаг. Газрын төлбөрийн тухайд захиргааны шүүх болон хариуцагч байгууллага мэдэж байгаа байх тусгай хамгаалалттай газар нутгийн газрын төлбөрийн асуудал 2011 оноос хойш маш их маргаантай явсаар ирсэн. Манай компани 2013 он хүртэл төлбөрийн үлдэгдэлгүй ямар нэгэн асуудалгүй ирсэн.

             Гэтэл 2013 онд газрын төлбөр огцом нэмэгдсэн учраас аж ахуйн нэгжүүд иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолтой маргаж тус маргаан 2017 онд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ тодорхой үндэслэл заасан ба уг захиргааны акт нь хууль бус буюу аж ахуйн нэгжүүдээс төлбөр нэхээд байгаа захиргааны үйл ажиллагаа хууль бус байна гэж үзэж шүүхийн шийдвэр дээр тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэр газрын төлбөрийг аж ахуйн нэгж хуучнаараа эсхүл нэмэгдсэн үнийн дүнгээр тооцох уу гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Энэ талаар газрын албанаас тодруулахаар “бид нарт ч мөн тодорхойгүй байна та нар далан есөн сая төгрөг төлчих” гэдэг бид далан есөн сая төгрөгийг нэг удаа төлж үзсэн. Ингээд бид энэ тогтоол нь асуудалтай байна бид дараа жилийн төлбөрт илүү төлсөн төлбөрөө суутгуулъя гээд газрын албанд хүсэлт гаргахад “төлсөн бол төлсөн дараа жилийн төлбөрөөс суутгана гэсэн асуудал байхгүй” гэсэн хариу өгсөн. Энэ шаардаад байгаа газрын төлбөр нь хуулийн дагуу үндэслэлтэй юу гэдгийг шүүхийн журмаар шийдвэрлүүлсний дараа яръя гээд газрын төлбөрөө бага төлөлтөөр хийсэн. Түүнээс биш газрын төлбөр огт төлөөгүй гэсэн асуудал байхгүй. 2019, 2020 онд энэ асуудлыг захиргаа шийдэж өгөөгүй.  

             Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт гаргахдаа эрх ашиг нь шууд хөндөгдөж байгаа этгээдэд заавал мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулна гэж заасан. Энэ талаар шүүх хариуцагчаас хэд хэдэн удаа албан бичгээр шаардахад 2020 оны 11 дүгээр сарын нэг албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн. Тус албан бичгийг нь бид аваагүй. Энэ албан бичгийг хэрхэн яаж хүргүүлсэн талаар тодруулахаар шүүхийн журмаар хариуцагчаас нотлох баримт цуглуулахаар хүсэлт гаргасан. Шүүх тус хүсэлтийн дагуу нотлох баримт шаардсан. Гэтэл хүснэгтэлсэн нэг баримтыг энэ шуудангийн баримт гээд улаан тамга дарсан баримт ирүүлсэн. Тамга тэмдэг дарагдсан учраас үүнийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байх шиг байна. Гэтэл энэ нь тухайн үйл баримтыг шууд нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Уг баримт нь эргэлзээтэй байна. Үүнээс харахад Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хууль зөрчсөн хариуцагчийн маргаан бүхий тушаалын З*********** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

             8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж буй татгалзал тайлбартаа: Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. ...Нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. ...Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуй нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд нь нотлогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаал холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гарсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын З*********** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/... дүгээр тушаалын З*********** ХХК-д холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгчээс “...газрын төлбөрөө зохих журмаар хэсэгчлэн төлдөг, газар ашиглахтай холбоотой ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, нөхцөл байдлыг нягтлан шалгаж тогтоолгүйгээр газар ашиглах эрхийг хууль бусаар цуцалсан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/... дүгээр тушаалыг огт мэдээгүй. 2018 онд манай компанийн газар ашиглах эрхийг цуцлах, газар ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр гаргах ямар ч үндэслэл, нөхцөл байдал үүсээгүй, бодит байдалд газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө төлж байсан гэж, хариуцагчаас “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-т зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газар аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн...” гэж маргажээ.

4. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын З*********** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалаар 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан буюу “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч З*********** ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Төр хурахын аманд байрлах 11.1 га газар багтжээ.

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно” мөн зүйлийн 40.1.1 дэх заалтад “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр  А/79 дугаар тушаалаар З*********** ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан байна.

3. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны А/79 дүгээр тушаалын хавсралтад заасан нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцлахдаа уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 11И-3/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн үндэслэл болгожээ.

5. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх зөрчлийн тухайд:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” мөн зүйлийн 37.2-д “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана”, 37.2.2-д газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”-ийг зохицуулсныг тухайн тохиолдолтой холбогдуулан үзвэл улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх хүчин төгөлдөр байх нэг үндэслэл нь Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулсан байх явдал бөгөөд энэхүү гэрээг байгуулахдаа талууд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тохиролцох, улмаар газар ашиглагч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байхаар заажээ.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө “хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар байх ба хэрэгт авагдсан баримтуудаар З*********** ХХК нь хуульд зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь нотлогдохгүй байна.

3. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна” гэж тус тус заасан бөгөөд “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгуулахаар санал ирүүлсэн жагсаалт, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11И-3/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга, байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгааны жагсаалтуудад нэхэмжлэгч компани багтсан байна.

 4. Б******** дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/5794 дүгээр албан бичгийн хавсралтаар уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглагч иргэн, хуулийн этгээдийн газрын төлбөр төлсөн жагсаалтыг гаргасан байх ба үүнд З*********** ХХК-ийн нэр байхгүй, харин тус газрын албаны 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 13/3008 тоот албан бичгийн хавсралтаас үзвэл З*********** ХХК нь 2008 онд 30.213.333 төгрөг, 2009 онд 52.800.000 төгрөг, 2010 онд 13.200.000 төгрөг, 2011 онд 26.400.000 төгрөг, 2012 онд 26.400.000 төгрөг, 2016 онд 10.000.000 төгрөг, 2017 онд 31.400.000 төгрөг, 2018 онд 19.066.400 төгрөг, 2019 онд 294.297.300 төгрөг, 2020 онд 143.942.400 төгрөг, 2021 онд 6.995.200 төгрөг нийт 624.501.300 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруутгасныг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

6. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн тухайд: 

1. Нэхэмжлэгч 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2/58 дугаар газар ашиглах тухай гэрээг байгуулсан нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар  тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д “... гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасантай нийцэж байгаа боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгохоор байна.

2. Тухайн маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрсөн байсан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээр байна.

3. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, маргаан бүхий газар хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нь уг газрыг зориулалтын дагуу ашиглах талаар ямар нэг идэвхтэй үйлдэл хийж байгаагүй болох нь тогтоогдож байна.

4. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-з/5988 тоот албан бичиг, уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар санал ирсэн, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газрын ашиглаагүй, газрын төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй гэх агуулгатай тайлбар үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч компанийн маргаан бүхий газрууд нь шүүхийн үзлэгээр 3-н өөр байршилд байгаа болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр 1996 онд “Төр хурах”-ын Үслэг ангийн аж ахуйн хуучин барилга байгууламжуудыг З*********** ХХК-д шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Дэд бүтцийн хөгжлийн яамны 1995 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 7/1625 албан бичиг, Төр хурахын үслэг ангийн сангийн аж ахуйн даргын 1995 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 34 тоот тушаал, 1995 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хурлын протокол, хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээ хийсэн 1996 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 98 тоот албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байх хэдий эдгээр барилга байгууламжийн хамтаар газрыг шилжүүлсэн талаар баримт байхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...энэ газрууд өмч хувьчлалаар шилжин ирсэн тул зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх боломжгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

7. Нөхцөл байдлыг тогтоох, мэдэгдэх сонсох зэрэг хариуцагчийн үүргийн талаар:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ, Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж зааж, харин Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д “Хорь буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8207 тоот албан бичгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захиргааны акт гарах гэж байгаа талаар урьдчилан мэдэгдэн хүргүүлсэн байх бөгөөд тайлбар, санал тэдгээрийг нотлох баримтуудаа бичгийн хэлбэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны [email protected] хаягаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн дотор ирүүлэхийг мэдэгдэх байдлаар явуулсан тогтоогдож байх тул хариуцагчаас нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ хуульд заасан журмын дагуу зохих ёсоор мэдэгдсэн байна гэж үзлээ.

2. Иймд хариуцагч нь тухайн санал, мэдэгдэлд заасан үйл баримтуудыг нягтлан Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг шалган тогтоох, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлах үүргээ биелүүлсний үндсэн дээр зохих шийдвэрийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

8. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/... дүгээр тушаалын З*********** ХХК-д холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагын тухайд:

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/... дүгээр тушаалын хавсралтын 68 дахь хэсэгт З*********** ХХК-ийн 8.99 га газрыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж газар ашиглах эрхийг дуусгавар болгож, байгуулсан гэрээг цуцалжээ.

2. Дээрх тушаалаа уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 602 тоот албан бичгээр З*********** ХХК-д хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан албан бичгээр тогтоогдож байна.

3. уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүргүүлсэн 455 тоот албан бичгийн хавсралтын 4 дэх хэсэгт нэхэмжлэгч компанийг “... 64,600,000 төгрөгийг төлөөгүй” гэсэн төлбөрийн мэдээллийг хүргүүлсэн байх бөгөөд  шүүхээс шаардсанаар Б******** дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13/225 дугаартай албан бичгээр З*********** ХХК-ийн газрын төлбөрийг “...2018 оны 5 дугаар сар хүртэл 200000 м.кв талбайн хэмжээгээр тооцож, газрын төлбөрийн үлдэгдэл 19,066,400 төгрөгийн үлдэгдэлтэй, харин 2018 оны 5 дугаар сараас хойш 110100 м.кв талбайн хэмжээгээр газрын 1 м.кв газарт ногдуулах газрын төлбөрийн хэмжээг тооцсон” болох нь тогтоогдож байна.

4. Дээрх баримтуудаар 2018 оны 5 дугаар сараас хойш тухайн компанийy 1м.кв газарт ногдуулах газрын төлбөрийн хэмжээг 110100 м.кв талбайгаар тооцсон ил болсон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... газраа хүчингүй болсныг огт мэдээгүй гэх” тайлбар үндэслэлгүй  байна.

5. Гэхдээ нэхэмжлэгч З*********** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/... дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг нэрлэн заасан, маргаан бүхий захиргааны актын хувьд уг заалтад тодорхойлсон ... “утга агуулгын илэрхий алдаатай”, ... “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, ... “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, ... “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, ... “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, ... иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, ... “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх үндэслэл маргаан бүхий актад хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан З*********** ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын З*********** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/... дүгээр тушаалын З*********** ХХК-д холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

   

 

                                               ШҮҮГЧ                               Д.ЧАНЦАЛНЯМ