| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2025/0337/З |
| Дугаар | 221/МА2025/0674 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2025/0674
Б.Хийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0480 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Х
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Х
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
Хэргийн индекс: 128/2025/0337/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0480 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 33 дугаар зүйлийн 33.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/154 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулахыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Б.Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Үүнд:
2.1. “Нэхэмжлэгчээс “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын Б.Х намайг Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референтээр томилсон тушаалыг хүчингүй болгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага буюу албан тушаал бууруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, албан тушаалд томилохыг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан.
2.2. Гэтэл анхан шатны шүүх “... төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих буюу ангилал өссөн тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт өгөхөөр тодорхой хуульчилсан байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.
2.3. Учир нь нэхэмжлэгчээс захиргааны байгууллагын хоёр тусдаа шийдвэр буюу албан тушаал бууруулсан шийдвэр, албан тушаал бууруулсны улмаас газрын даргын албан тушаалд томилоогүй шийдвэрүүд нь хуульд нийцээгүй гэж маргасан тул акт тус бүрийн хууль зүйн үндэслэлүүдэд дүгнэлт хийх замаар хэргийг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.
2.4. Нэхэмжлэгч Б.Х нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалд (Эрхэлсэн түшмэл, АА-4) ажиллаж байгаад маргаан бүхий Б/154 дүгээр тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референт (Эрхэлсэн түшмэл, АА-5)-ийн албан тушаалд томилогдсон буюу албан тушаал буурсан.
2.5. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэлийг хуульчилсан бөгөөд энэхүү маргааны тухайд албан тушаал бууруулах хууль зүйн үндэслэл үүсээгүй байхад маргаан бүхий актаар нэхэмжлэгч албан тушаал буурсан.
Маргаан бүхий Б/154 тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчид олгосон нэмэгдэл баталгааны зохицуулалтыг хэрэглэсэн боловч нэхэмжлэгч нь Эрхэлсэн түшмэл ангиллын АА-4 зэрэглэлээс АА-5 зэрэглэлийн албан тушаалд томилогдож цалин хөлс нь буурсан, өмнө нь зохих журмын дагуу томилогдсон АА-4 зэрэглэлийн албан тушаал эрхлэхийн тулд дахин шалгалт өгөх зэргээр эрх зүйн байдал дордож, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
2.6. Мөн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасан болон тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтаас үзвэл албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байх зарчимтай байхад тусгай шалгалт өгөх боломжтой гэх нэхэмжлэгч иргэнээс өөрөөс нь үл хамаарах шалтгаан нь албан тушаал бууруулсан захиргааны байгууллагын шийдвэрийг зөвтгөх хууль зүйн үндэслэл болохгүй.
2.7. Нөгөө талаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 207 дугаар тогтоол нь “Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” буюу төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн гэх үндэслэлээр гарсан байхад маргаан бүхий Б/154 дүгээр тушаалд нэр бүхий 4 албан тушаалтны хөдөлмөрийн харилцааны талаар тусад нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан ...” гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулсан шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
2.8. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн гэх нэг үйл баримтад бусад албан хаагч нарт Төрийн албаны тухай хуулийн 62.1.3 дахь заалт харин нэхэмжлэгчийн хувьд Б/154 дүгээр тушаалд зааснаар Төрийн албаны тухай хуулийн 62.1.4 дэх заалтыг хэрэглэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 7.1.4-т заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчимд нийцээгүй.
2.9. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалт авахад хэрэглэгдэх заалт бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох”, 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө” гэж заасан.
Үүнээс үзвэл анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь заалт нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт байна.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг” ойлгохоор тодорхойлсон.
Нэхэмжлэгчийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан албан тушаал бууруулах болон дээр дурдсан бусад шийдвэр гараагүй тул сул орон тоо гэж үзэхгүй.
2.10. Харин Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах ёстой. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 207 дугаар тогтоолд дурдсанчлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн бөгөөд энэ тохиолдолд “төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” эсэх үндэслэлийг шалгаж, хангагдсан тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах нэмэгдэл баталгааг эдлэх ёстой талаар тодорхой хуульчилсан.
2.11. Гэтэл анхан шатны шүүх чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэх зохицуулалт нь төрийн захиргааны албан тушаалын ангилал өөрчлөгдсөн буюу өссөн тохиолдолд хэрэглэгдэхгүй, харин байгууллагын бүтэц өөрчлөгдсөн боловч албан тушаалын ангилал хэвээр үлдсэн тохиолдолд хэрэглэгдэхээр байна ...” гэсэн дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т тодорхой, ойлгомжтой заасан дээрх хуулийн шаардлагыг өргөжүүлж, хуулийг буруу тайлбарласан.
2.12. Хуульд “чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх” гэх тодорхой шаардлагыг заасан байхад “ангилал өөрчлөгдсөн эсэх” талаар буюу хуульд заагаагүй үндэслэлийг нэмж харгалзан үзсэний үндсэн дээр төрийн жинхэнэ албан хаагчид нэмэгдэл баталгаа эдлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэсэн үндэслэл зааж байгаа нь хууль бус гэж үзэж байна.
2.13. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд тус бүрд нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Хээс “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/154 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Маргаан бүхий 2024 оны Б/154 дүгээр тушаалаар “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1, 84.1.2, 84.1.3, 84.4, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 18 дугаар тогтоол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 207, 208 дугаар тогтоол, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны А/85 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 01/2481 дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосонтой холбогдуулан /Хавсралтын 3/ 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Б.Хийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референт /Эрхэлсэн түшмэл, АА-5/-ийн албан тушаалд томилсон байна.
4. Нэхэмжлэгч Б.Х нь дээрх тушаал гарахаас өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2022 оны Б/105 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалд “Эрхэлсэн түшмэл, АА-4” ангилал, зэрэглэлтэйгээр томилогдон ажиллаж байсан.
Тэрээр маргаан бүхий тушаалаар байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой ажиллаж байсан “Алба” нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын “Газар” болсон боловч харин эрхэлж байсан даргын албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан байхад Газрын даргаар томилолгүй, албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж,
хариуцагч нь Албаны даргын чиг үүрэг хэвээр боловч Газрын даргын албан тушаалын ангилал нь “Тэргүүн түшмэл АА-3” болсонтой холбоотой Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д зааснаар тусгай шалгалт өгөхөөр байх тул шууд томилох боломжгүй ... төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс нэхэмжлэгчийг ажиллаж байсан “Эрхэлсэн түшмэл”-ийн ангилал дотор нь тус газрын ахлах референтийн албан тушаалд томилсон нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.
5. Анхан шатны шүүх “... нэгэнт Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих буюу ангилал өссөн тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт өгөхөөр тодорхой хуульчилсан байх тул шүүх нэхэмжлэлийг хангах боломжгүй байна...” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй, зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлага хангаагүй байна.
5.1. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “... тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан нь шууд утгаараа төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан албан хаагч нь өөр ангиллын өөр албан тушаалын сул орон тоонд дэвшин томилогдоход тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаж байсан ч тусгай шалгалт өгсний үндсэн дээр томилогдохыг ойлгохоор байна. Энэ тохиолдолд төрийн захиргааны албан хаагч нь өөр ангиллын албан тушаалд дэвшин томилогдохыг өөрөө хүссэний үндсэн дээр тусгай шалгалт өгч томилогдохоор байна.
5.2. Харин энэ хэргийн хувьд төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэх захиргааны албан хаагчаас өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар эрхэлж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, харин албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан, өөрчлөн батлагдсан албан тушаалын “ангилал” нь өөрчлөгдсөнтэй холбоотой энэхүү маргаан гарсан байх тул нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын ангилал өөрчлөгдсөн шалтгааныг тодруулсны үндсэн дээр орон тоо нь хасагдсан гэж үзэх эсэх, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
5.3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан Албаны даргын чиг үүрэг өөрчлөгдөөгүй боловч “ангилал” өөрчлөгдсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нь “Эрхэлсэн түшмэл”-ийн ангилалд хамаардаг байсан бол өөрчлөн батлагдсан Газрын даргын албан тушаал нь “Тэргүүн түшмэл”-ийн ангилалд хамаарах болсон гэх тайлбар гаргасныг шууд үнэлэхэд эргэлзээтэй байна.
6. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Тэргүүн түшмэлийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал хамаарна” гэж, 18.3-т “Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна” гэж, 18.7-д “ … Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно” гэж зааснаас үзвэл захиргааны албан тушаалын “ангилал” гэх ойлголт нь тухайн байгууллага, түүний бүтцэд байх нэгж /газар хэлтэс, тасаг гэх мэт/-ийн эрэмбэ болон тухайн албан тушаалд нь тохируулж, холбогдох эрх бүхий этгээдээс тогтоодог, өөрөөр хэлбэл байгууллагын нэгжүүдийн чиг үүрэг, түүнийг гүйцэтгэх тухайн нэгжийн албан тушаалтны чиг үүрэг нь Ангилалтай шууд хамааралтай байна.
7. Энэ тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны бүтцийн нэгж болох Хяналт шинжилгээ, дотоод аудитын “алба” байсныг “Хяналт шинжилгээ, дотоод аудитын “газар” болгож, нэгжийн эрэмбийг өөрчилсөнтэй холбоотой тухай нэгжийн даргын албан тушаалын ангилал “Тэргүүн түшмэл” буюу Яамны төрийн нарийн бичгийн даргатай адилтгах албан тушаал болж өөрчлөгдсөн байна.
8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 207 дугаар тогтоолоор ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог хавсралтаар шинэчлэн тогтоож, хавсралтын 8-д Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, 7 орон тоотой байхаар тогтоож, үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/85 дугаар тушаалаар “Хяналт, шинжилгээ,үнэлгээ, дотоод аудитын газар” гэж нэрлэж, “Газрын дарга”-ын албан тушаал-АА-3” гэж өөрчилж, албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 450 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар батлуулсан байна.
9. Ийнхүү баталсан дээрх тогтоол, тушаалын үндэслэлд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2024.06.05/-иар байгууллагын чиг үүрэгт өөрчлөлт орсон гэснээс үзвэл 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулийн аль өөрчлөлттэй холбоотой тухайн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албыг Газар болгон өөрчилсөн хэрэгцээ шаардлага, түүнтэй холбоотой Газрын даргын чиг үүрэг нь Албаны даргын чиг үүргээс өөрчлөгдсөн эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байна.
9.1. Учир нь маргаан бүхий тушаалд үндэслэл болгосон Монгол Улсын Их хурлын 2019 оны 18 дугаар тогтоолд өөрчлөлт ороогүй, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 2.1-д “Байгууллагын чиг үүргийн шинжилгээг хийсний үндсэн дээр тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт оруулах эсэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлно”, 2.2-т “Тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсон тохиолдолд албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулна”, 6 дугаар зүйлийн 6.3-д “Энэ журмын 2.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж тус тус зааснаар байгууллагын чиг үүрэг хэрхэн өөрчлөгдсөн, түүнээс хамаарч Хяналт шинжилгээ дотоод аудитын алба гэх нэгжийг “Газар” болгож өөрчлөх шалтгаан, тухайн Газрын даргын албан тушаалын чиг үүрэгт тусгагдсан эсэх, энэ нь Албаны даргын чиг үүргээс өөр эсэхийг Албаны чиг үүрэг, Албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг шинээр өөрчлөн баталсан Газрын чиг үүрэг, Газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг цуглуулж, харьцуулан дүгнэх шаардлагатай. Гэтэл хэрэгт зөвхөн шинээр батлагдсан Газрын даргын албан тушаалын тодорхойлолт авагдсан, бусад баримтууд авагдаагүй байх тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
10. Дээрх хууль, журамд заасны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог ямар хэрэгцээ шаардлагын улмаас шинэчилсэн, тухайн маргаж буй нэгжид хамааралтай эсэх, хууль зүйн болон бодит үндэслэл, хариуцагч албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлуулахдаа цуглуулж, боловсруулсан ажлын байрны шинжилгээ, холбогдох бусад шаардлагатай мэдээлэл, нэгжийн чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолтууд зэрэг дээр дурдсан баримтуудыг цуглуулсны үндсэн хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл, маргаан бүхий акт хууль зөрчсөн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт өгөх эсэхэд тухайн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг зөв сонгон хэрэглэж дүгнэлт хийх шаардлагатай байна.
11. Иймд тус шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийн үйл баримтад бүрэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ