Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2020/00319

 

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/00319

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 2 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух хаягтай, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот хаягт түр оршин суух Ж овогт Ц-ын Б /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоотод түр оршин суух, Б овогт Д-ийн Ч /РД: 00000000/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ц.Б, охин Ч.З нарын Хаан банк ХХК дахь 5020984120 дугаар хүүхдийн хадгаламжийг Ч.З, Д.Ч нарын хамтарсан хадгаламж болгон өөрчлүүлэх, охин Ч.Зыг асрамжиндаа авах, тэтгэлэг гаргуулах, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 02 дугаар хороолол, 71 дүгээр байрны 97 тоот /ҮХХ-2205020774/ орон сууцны охин Ч.Зд ногдох хувь болох 17,479,200 төгрөг, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 02 дугаар хороолол, 50 дугаар байрны 6 тоот /ҮХХ-2205031422/ орон сууцнаас охин Ч.З-д ногдох хувь 16,625,000 төгрөг буюу нийт 34,104,200 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч Д.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Ц, Ч.Цог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нөхөр Д.Ч-той үерхэж байгаад 1996 онд гэр бүл болж, бидний дундаас хүү Ч.Ц 1996 оны 12 дугаар сарын 30-нд, хүү Ч.Цог 1999 оны 3 дугаар сарын 14-нд, охин Ч.З 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. Нөхөр Д.Ч нь 2007 онд охин Ч.З-ыг төрснөөс хойш гэр бүлдээ тавих анхаарал халамж, зан харилцаа, өөрчлөгдөж, цалингаа гэр бүлдээ зарцуулахаа мартаж, гэр бүлийн дотно харилцаа байхгүй болсон. Би үр хүүхдээ бодож энэ хугацаанд тэвчиж ирлээ. Д.Ч сүүлийн хугацаанд байнга дарамталж, хардаж, амгалан тайван амьдрах боломжгүй болгоод байна. Тухайлбал 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ согтуу ирж агсам тавьж, зодуулсны улмаас миний хамрын яс хугарч, тархи доргиж эрүүл мэндээрээ хохирлоо. Одоо тэрээр байнга дарамталж, доромжилж тэсвэрлэхийн аргагүй хүнд байдалд байгаа учир би гэртээ байх боломжгүй ээжийнхээ хамт төрсөн эгч Батцэцэгийн гэрт Сүхбаатар дүүрэг, Хангай хотхонд амьдарч байна. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Д.Ч нь намайг гэртээ байхгүй хойгуур өөрийн гэсэн бүх юмаа авч явсан ба мөн миний 3 хүүхдийг дарамтлан авч явж, одоо 3 хүүхдийг маань хүчээр өөртэйгээ байлгаж байна.

 

Би шүүхэд нэхэмжлэлээ эд хөрөнгөний маргаангүй гэж гаргасан, гэтэл хариуцагч Д.Ч нь эд хөрөнгөний талаар маргаан үүсгэсэн. Миний хувьд гэвэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б-ын шаардлагыг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг С.Б-ын нэр дээр шүүхээс үлдээхээр шийдвэрлэж, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 0 тоот орон сууцыг Ч.Ц, Ч.Цог нарт үлдээхэд татгалзах зүйлгүй. Энэ байрууд одоогийн байдлаар Худалдаа, хөгжлийн банкны барьцаанд байгаа. 71-97 тоот орон сууцыг бусдад түрээслүүлж зээлийн эргэн төлөлтийг сар бүр хийдэг. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Ч.З-ыг миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Ч-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Ц.Б бид хоёр 1996 онд гэр бүл болсон, бидний дундаас хүү Ч.Ц 1996 оны 12 дугаар сарын 30-нд, хүү Ч.Цог 1999 оны 3 дугаар сарын 14-нд, охин Ч.З 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. Бид бусад гэр бүлүүд шиг амьдарч байсан. Сүүлийн үед Ц.Б нь гэр бүлээс гадуур өөр эрчүүдтэй явалдах болсон. Тэрээр үр хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй. Охин Золжаргал ямар хувцас өмсдөг, ямар дэвтэр дээр хичээл хийдэг гэх зэргийг одоо ч мэдэхгүй. Охин Ч.З-ынхаа одоо сурч байгаа сургуулийг мэдэхгүй тул хамтран амьдрагч Г.Г-ын эгчийн хувийн сургууль болох Галакси сургуульд сурдаг гэсэн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн. Ц.Б нь үр хүүхдийнхээ төлөө огт анхаарал халамж тавьдаггүй, өвдсөн үед нь санаа зовдоггүй. Тухайлбал 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр охин Ч.Зын бие дээр тууралт гарсан байхад эмээдээ очиж үзүүл, ээж нь өөр газар байна гэж хүү Ч.Ц-д хэлээд охиноо үзэж, зөвлөгөө өгөхөөс татгалзсан, мөн 2019 оны 1 дүгээр сарын 14-нд охин Ч.Зын бие өвдөөд, халуураад, гэдэс нь өвдөөд байна гэхэд чи над дээр ирвэл эм тариа авч өгнө, ирэхгүй бол авч өгөхгүй, чамайг мөнгөөр авна гэж хэлсэн. Ц.Б нь үр хүүхдийнхээ хажууд хэрүүл хийж, үлгэргүй байдал үзүүлдэг. Тухайлбал, 2019 оны 9 дүгээр сарын 29-нд Ц.Б нь төрсөн эгч Ц.Б-ийн хамт сууж байгаад миний төрсөн эгч нар руу гар утсаараа залгаж дүү чинь, 3 хүүхэд нь ч хэрэггүй боллоо, дүүгээ 3 хүүхэдтэй нь аваад зайл гэж хөөсөн. 2017 оны 10 дугаар сард Ц.Б нь 3 хүүхдээ болон намайг хоол ид гэж дуудаад надад хүүхэд хэрэггүй, секс хэрэгтэй, энэ цагаас хойш би хүүхэдгүй боллоо, би одоо зөвхөн өөрийгөө бодно гэж хэлсэнд хүүхдүүд маш их гомдож аавтайгаа амьдрах сонголт хийсэн. Ц.Б нь хамтран амьдрагч Г.Г-ын түрээсэлдэг байранд хамт амьдарч байгаад одоо 50-6 тоот орон сууцандаа амьдарч байгаа, шинэ жилээр цонхон дээрээ бид нарыг хараг гэж бодсон бололтой ёолк зассан байсан, мөн орон сууцны ашиглалтын зардлыг нэхэмжлэх миний гар утсанд ирж байгаа. Түүний ээж С.Б нь өдөр бүр архи уудаг тул төрсөн эгч Ц.Б-ийнхээ гэрт амьдруулж байгаа. Тэрээр охин Ч.Зыг асрамжиндаа авах гэсэн санаа зорилго байхгүй, ээж С.Быгаа асруулах зорилготой. Мөн Ц.Б нь сарын 868,980 төгрөг үндсэн цалинтай, хоол, унааны мөнгө 110,000 төгрөг авдаг. Үүнээс гадна Ивэн эмнэлэгт ажилладаг, 100,000-200,000 төгрөг авдаг, гуурсан хоолойн багтраатай өвчтөнүүдэд өдөр бүр цацлагын эм бэлэн мөнгөөр зардаг. Миний хувьд бид цаашид Ц.Б-тэй хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна.

 

Сөрөг нэхэмжлэлээ дэмжинэ, өөрөөр хэлбэл Ц.Б, охин Ч.З нарын Хаан банк ХХК дахь 5020984120 дугаар хүүхдийн хадгаламжийг Ч.З, Д.Ч нарын хамтарсан хадгаламж болгон өөрчлүүлэх, охин Ч.З-ыг асрамжиндаа авах, тэтгэлэг гаргуулах, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот /ҮХХ-2205020774/ орон сууцны охин Ч.З-д ногдох хувь болох 17,479,200 төгрөг, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот /ҮХХ-2205031422/ орон сууцнаас охин Ч.З-д ногдох хувь 16,625,000 төгрөг буюу нийт 34,104,200 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ийн шүүхэд гаргасан шаардлагад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 тоот 38 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг С.Б-ын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэх шаардлага гаргасан. Энэхүү шаардлагын сүүлийн хэсгийн уг үл хөдлөх эд хөрөнгийг С.Б-ын нэр дээр бүртгэж гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэснийг уг үл хөдлөх эд хөрөнгийн цорын ганц өмчлөгчөөр С.Б-ыг бүртгэж, бусад хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн Ц.Б, Д.Ч, Ч.Ц, Ч.Цог нарыг улсын бүртгэлийн гэрчилгээнээс хасуулах гэж шаардлагаа тодруулсан байгаа. Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр нь анх 1976 онд ашиглалтад орсон. Миний нөхөр Г.Цэдэндамба нь тухайн үед Улаанбаатар төмөр зам коллежид багшилж байхад нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс тус байрны 6 тоот 3 өрөө орон сууцны эзэмших эрхийг өгсөн. Тэр цагаас хойш эцэг Д.Сэнгэсамбуу, нөхөр Г.Ц, охин Ц.Б, Ц.Б, хүү Б.Б нарын хамт амьдарч ирсэн. Миний эцэг Д.С, нөхөр Г.Цэдэндамба нар 1996 онд нас барсан тул 1998 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн орон сууцны дүрмийн дагуу түүний эхнэр болох С.Б надад Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот 3 өрөө орон сууцны эзэмших эрхийг шилжүүлж өгсөн. Энэ орон сууцыг нөхөр бид 2 олон жилийн ариун цагаан хөдөлмөрөөрөө олж авсан бөгөөд энэ үл хөдлөх эд хөрөнгө бий болоход эдгээр хүмүүсийн оролцоо огт байхгүй.

 

Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн өмчлөлийн орон сууцыг хувьчлах бэлтгэл ажил эхлэх 2004 оны 3 дугаар сарын 23-ны өдөр би Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргахдаа тухайн орон сууцны хамтран эзэмших эрхтэй гишүүдэд Д.Ч, Ц.Б, Ч.Цог, Ч.Ц нарыг бичсэн байдаг. Өргөдлийн маягтад гэр бүлийн гишүүдтэй хэлэлцэн тохиролцсоноор гэсэн үг байх боловч тухайн үед миний хажууд хэн ч байгаагүй. Энэ өргөдлийг үндэслэн 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. тухайн үед байрны гэрчилгээ гаргуулахдаа охин Ц.Б, түүний нөхөр Д.Ч, хүү Ч.Ц, Ч.Цог нарт уг эд хөрөнгөний тодорхой хэсгийг бэлэглэсэн ба хүргэн Д.Ч нь бэлэглэгч С.Быг ноцтой гомдоосон тул бэлгээ буцаан авч байгаа юм. Иймд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 50-6 тоот 38 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг цор ганц С.Бын нэр дээр бүртгэж, бусад өмчлөгч нарын нэрийг хасч гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Ц, Ч.Цог нарын шүүхэд гаргасан шаардлагад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 71-97 тоот орон сууц нь ээж Ц.Б, аав Д.Ч нарын нэр дээр бүртгэлтэй байдаг. Бид тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр шаардлага гаргаж байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д.Ч-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.

 

Харин хариуцагч Д.Ч нь Ц.Б, охин Ч.З нарын Хаан банк ХХК дахь 5020984120 дугаар хүүхдийн хадгаламжийг Ч.З, Д.Ч нарын хамтарсан хадгаламж болгон өөрчлүүлэх, охин Ч.Зыг асрамжиндаа авах, тэтгэлэг гаргуулах, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот /ҮХХ-2205020774/ орон сууцны охин Ч.З-д ногдох хувь болох 17,479,200 төгрөг, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот /ҮХХ-2205031422/ орон сууцнаас охин Ч.З-д ногдох хувь 16,625,000 төгрөг буюу нийт 34,104,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг,

 

Гуравдагч этгээд С.Б нь Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 тоот 38 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг цор ганц С.Б-ын нэр дээр бүртгэж, бусад өмчлөгч нарын нэрийг хасч гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн газарт даалгах тухай бие даасан шаардлагыг,

 

Гуравдагч этгээд Ч.Ц, Ч.Цог нар Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

 

А/ Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Д.Ч нар 1996 онд танилцан, хамтран амьдарч, 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, тэдний дундаас 1996 оны 12 дугаар сарын 30-нд хүү Ч.Ц, 1999 оны 3 дугаар сарын 14-нд хүү Ч.Цог, 2007 оны 5 дугаар сарын 4-нд охин Ч.З нар төрсөн, тэд зан харилцааны таарамжгүй харьцааны улмаас 2017 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаануудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.Ч нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, насанд хүрээгүй хүүхэд болох Ч.Зыг өөрийн асрамжид авна, дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон охиндоо ногдох хэсгийг гаргуулна, хадгаламжийн нэр өөрчлүүлнэ гэж нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзсан тайлбар, сөрөг шаардлагыг гаргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ. гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШЗ2019/005597 дугаар захирамжаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан ба тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Д.Улаан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж ажиллагаа амжилтгүй болсон талаар 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 137 дугаар тэмдэглэлд дурджээ. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална. гэж заасан байх тул нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Д.Ч нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж хуульчилсан боловч зохигчид охин Ч.З-ын асрамжийн асуудлаар маргаантай байсан тул тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШЗ2019/005597 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, мөн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2019/11688 дугаар захирамжаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтүүдэд ... Зохигч нарын эдийн засгийн болон байр орон сууцны боломж, тогтсон ажил эрхлэлт, санхүүгийн чадвар, хүүхдээ өсгөх чадвар чадамж болон ар гэрийн дэмжлэг туслалцаа, хүүхэд хэнтэй илүү ээнэгшин дасал сайн байгаа болон бусад зүйлсийг харгалзан охин Ч.З-ын хууль ёсны асран хамгаалагчаар Д.Ч-ыг тогтоовол хүүхдийн сэтгэл санаа, сурч боловсрох, өсч хөгжих, орон байр, хувцас санхүүгийн талаар гачигдахгүй хүүхдийн эрх ашигт нийнэ гэжээ. Гэвч шүүхээс 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийг баримтлах шаардлагагүй гэж үзлээ. Учир нь шүүхэд болон шүүх хуралдааны явцад хариуцагч Д.Ч нь ... Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот орон сууцнаас би яваад эгчийндээ 3 хүүхдийн хамт амьдарч байгаа, тухайн орон сууцанд одоог хүртэл Ц.Б амьдарч байгаа, тэрээр сарын 868,980 төгрөг үндсэн цалинтай, хоол, унааны мөнгө 110,000 төгрөг авдаг. Үүнээс гадна Ивэн эмнэлэгт ажилладаг, 100,000-200,000 төгрөг авдаг, гуурсан хоолойн багтраатай өвчтөнүүдэд өдөр бүр цацлагын эм бэлэн мөнгөөр зардаг гэх тайлбарыг гаргасан ба үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүйгээс үзвэл охин Ч.З-ыг өсгөхөд шаардлагатай эдийн засгийн эх үүсвэр, байр орон сууцны хувьд нэхэмжлэгч Ц.Б илүү боломжтой, мөн бага насны охиныг төрсөн эхээс нь тусад нь өсгөх боломжгүй гэж шүүхээс үзсэн тул охин Ч.Зыг эх Ц.Б-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.

Харин зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Төмөр замын 0 дугаар байрны 0 тоот 38 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор С.Б, Д.Ч, Ц.Б, Ч.Цог, Ч.Ц нарт өмчлүүлсэн. Дээрх орон сууцыг хэрхэн хуваах талаар тохиролцож чадаагүй тул шүүх гэр бүлийн 1 гишүүнд ногдох хэсгийг зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дараахь байдлаар шийдвэрлэлээ.

Шинжээч Итгэлт эстимэйт ХХК нь Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Төмөр замын 0 дугаар байрны 0 тоот 38 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 87,396,940 төгрөгөөр үнэлсэн ба /87,396,940:5=17,479,388 төгрөг/ гэр бүлийн 1 гишүүнд ногдох хэсэг нь 17,479,388 төгрөг байна. Охин Ч.З-ыг шүүхээс эх Ц.Б-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн тул тухайн маргаан бүхий 0 тоот 3 өрөө орон сууцыг Ц.Б, Ч.З, С.Б нарын өмчлөл, эзэмшилд үлдээж, нэхэмжлэгч Ц.Б-ээс 17,479,388 төгрөг гаргуулж хариуцагч Д.Ч-д, 17,479,388 төгрөг гаргуулж Ч.Ц-д, 17,479,388 төгрөг гаргуулж Ч.Ц нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын өмчлөлд Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Төмөр замын 0 тоот 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууц бүртгэлтэй, харин дээрх орон сууцыг нэхэмжлэгч, хариуцагч нар 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Худалдаа, хөгжлийн банкнаас орон сууц худалдан авах зорилгоор олгосон 91,000,000 төгрөгийн зээлээр худалдаж авсан ба өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 75,819,676.71 төгрөг байна. Зээлийн үлдэгдлийг орон сууцны зах зээлийн буюу шинжээчийн тогтоосон үнэлгээнээс хасахад /99,750,000-75,819,676=23,930,324/ үлдэх 23,930,324 төгрөг болж байх бөгөөд энэ хэмжээгээр тухайн орон сууцыг гэр бүлийн 5 гишүүн өмчлөх эрхтэй ба нэг гишүүнд ногдох хэсэг нь /23,930,324:5=4,786,064/ 4,786,064 төгрөг байна. Нэхэмжлэгч Ц.Б нь уг 4 өрөө орон сууцыг хариуцагч Д.Ч, гуравдагч этгээд Ч.Ц, Ч.Цог нарын өмчлөл, эзэмшилд үлдээхийг зөвшөөрсөн тул дээрх орон сууцыг Д.Ч, Ч.Ц, Ч.Цог нарын өмчлөл, эзэмшилд үлдээж, хариуцагч Д.Чоос 9,572,129 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд /Ч.З/ олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Б/ Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Хариуцагч Д.Ч нь нэхэмжлэгч Ц.Б, охин Ч.З нарын Хаан банк ХХК дахь 5020984120 дугаар хүүхдийн хадгаламжийг Ч.З, Д.Ч нарын хамтарсан хадгаламж болгон өөрчлүүлэх, охин Ч.Зыг асрамжиндаа авах, тэтгэлэг гаргуулах, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот /ҮХХ-2205020774/ орон сууцны охин Ч.З-д ногдох хувь болох 17,479,200 төгрөг, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот /ҮХХ-2205031422/ орон сууцнаас охин Ч.З-д ногдох хувь 16,625,000 төгрөг буюу нийт 34,104,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Гэрлэлт цуцлах, гэр бүлийн маргаантай иргэний хэргийг шүүхээс шийдвэрлэхдээ хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын эд хөрөнгийн талаар маргаан байгаа эсэхийг зайлшгүй тодоруулж, шийдвэрлэдэг тул охин Ч.З-ыг асрамжиндаа авах, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөнөөс охин Ч.З-д ногдох хэсэг 34,104,200 төгрөг гаргуулах нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага биш тул тухайлан шийдвэрлэх шаардлагагүй юм. Харин нэхэмжлэгч Ц.Б, охин Ч.З нарын Хаан банк ХХК дахь 5020984120 дугаар хүүхдийн хадгаламжийг Ч.З, Д.Ч нарын хамтарсан хадгаламж болгон өөрчлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь шүүгчийн захирамжаар Хаан банкнаас лавлагаа авахад Хаан банк ХХК-нд 5020984120 дугаартай хүүхдийн хадгаламжийн данс байхгүй нь тогтоогдсон болно.

 

В/ Гуравдагч этгээд С.Б-ын бие даасан шаардлагын талаар:

 

Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 тоот 38 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг цор ганц С.Б-ын нэр дээр бүртгэж, бусад өмчлөгч нарын нэрийг хасч гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн газарт даалгах тухай бие даасан шаардлагыг гуравдагч этгээд С.Б гаргасан ба шаардлагынхаа үндэслэлийг ... энэ орон сууцыг миний нөхөр Г.Ц Улаанбаатар төмөр зам коллежид багшилж байхад нь эзэмших эрхийг өгсөн. Нөхөр Г.Ц нар 1996 онд нас барсан тул 1998 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн орон сууцны дүрмийн дагуу түүний эхнэр болох С.Б надад эзэмших эрхийг надад шилжүүлж өгсөн. Энэ орон сууцыг нөхөр бид 2 олон жилийн ариун цагаан хөдөлмөрөөрөө олж авсан бөгөөд энэ үл хөдлөх эд хөрөнгө бий болоход эдгээр хүмүүсийн оролцоо огт байхгүй. 2004 оны 3 дугаар сарын 23-ны өдөр би охин Ц.Б, түүний нөхөр Д.Ч, хүү Ч.Ц, Ч.Цог нарт тухайн орон сууцнаас тодорхой хувийг бэлэглэсэн, хүргэн Д.Ч нь бэлэглэгч С.Б-ыг ноцтой гомдоосон тул бэлэгээ буцаан авч байгаа юм гэж тайлбарлажээ.

Хэдийгээр Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй:, мөн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн; гэж заасан боловч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гуравдагч этгээд С.Б нь 1998 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 6 тоот эрхийн бичгээр эзэмшиж буй Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 тоот 3 өрөө орон сууцыг хувьчлахаар 2004 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргасан ба уг өргөдөлд С.Б нь ам бүл 5-уулаа амьдардаг, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцан тохиролцсоноор хувьчилж авахаар өргөдөл гаргав, хамтран өмчлөх эрх бүхий этгээдэд Д.Ч, Ц.Б, Ч.Ц, Ч.Цог нар гэж мэдүүлсний үндсэн дээр дээрх нэр бүхий 5 иргэнд тухайн орон сууцыг 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос 9 дүгээр тогтоолоор өмчлүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-т Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ., мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана. гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг бусдад бэлэглэсэн бол гэрээг бичгээр байгуулах ёстой ба гуравдагч этгээд С.Б нь маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөх эрхийг Ц.Б, Д.Ч, Ч.Ц, Ч.Цог нарт бэлэглэсэн нь тогтоогдоогүй болно. Иймд гуравдагч этгээд С.Б-ын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Г/ Гуравдагч этгээд Ч.Ц, Ч.Цог нарын бие даасан шаардлагын талаар:

Гуравдагч этгээд Ч.Ц, Ч.Цог нар нь Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч, хариуцагч нар шаардлагыг зөвшөөрсөн тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан суух Ж овогт Ц-ын Б /РД: 00000000/, Б овогт Д-ийн Ч /РД: 0000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 5 дугаар сарын 4-нд төрсөн охин Ч.З-ыг эх Ц.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Нэхэмжлэгч Ц.Б хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

4.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Төмөр замын 0 тоот 0 өрөө орон сууцыг Ц.Б, Ч.З, С.Б нарын өмчлөл, эзэмшилд үлдээж, нэхэмжлэгч Ц.Б-ээс 17,479,388 төгрөг гаргуулж хариуцагч Д.Ч-од, 17,479,388 төгрөг гаргуулж Ч.Ц-д, 17,479,388 төгрөг гаргуулж Ч.Ц нарт,

-Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Төмөр замын 0 дүгээр байрны 0 тоот 40 м/к талбай бүхий орон сууцыг Д.Ч, Ч.Ц, Ч.Цог нарын өмчлөл, эзэмшилд үлдээж, хариуцагч Д.Ч-оос 9,572,129 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д /Ч.З/ тус тус олгогосугай.

 

5.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 276 дугаар зүйлийн 276.3-д зааснаар хариуцагч Д.Ч-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээд С.Б-ын бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар гуравдагч этгээд Ч.Цог, Ч.Ц нарыг Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоот 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,000 төгрөгийг, гуравдагч этгээд С.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,540 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд Ч.Ц, Ч.Цог нар улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

9.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.МӨНХТӨР