| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0111/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/114 |
| Огноо | 2023-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 131 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2307000000219 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******гийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн орчим *******,******* тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Б.ийн баруун зулай, зүүн шуу болон хэвлийн гол хэсэгт заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх-5/, хохирогч Б.ийн мэдүүлэг /хх-9/, насанд хүрээгүй гэрч Д.гийн мэдүүлэг /хх-12/, насанд хүрээгүй гэрч Д.ын мэдүүлэг /хх-14/, Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 34/63 дугаар албан бичиг, даатгалын сангаас олгосон санхүүжилтийн мэдээлэл, иргэний нэхэмжлэгч Ж.ын мэдүүлэг /хх-45-46, 19/, эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгөтэй нийт урт нь 26.5 см, ажлын хэсэг нь 14 см урттай, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг заазуур,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Б.ийн мэдүүлэг /хх-9/, хохирогчийн гаргасан хүсэлт /хх-10/, шинжээчийн дүгнэлт /хх-61-62/, хяналтын карт /хх-44-60/, ял шалгах хуудас /хх-74/, ажиллаж байсан үеийн тодорхойлолт /хх-84/, хувийн байдалтай холбоотой хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гаднаас согтуу орж ирээд хоёр хүүхдээ гадуур тэнээд жирэмсэн болчихсон юм уу гэхэд манай бага охин гүйж гараад ахыгаа дуудаж оруулж ирсэн. Тэгээд бид хоёрын дунд жоохон маргаан гарсан. Айлгах гэж заазуураар зүсээд хаячихсан байна лээ. Гэм буруугаа хүлээж байгаа...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ч.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн орчим *******,******* тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Б.ийн баруун зулай, зүүн шуу болон хэвлийн гол хэсэгт заазуураар зүсэж, биед нь баруун зулай, зүүн шуу, хэвлийн гол хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн шууны шуу ясны сэлтрэл, зүүн шууны тэнийлгэх шөрмөсний тасрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-9/
/хх-12/
/хх-14/
/хх-92/
/хх-61-62/
/хх-74/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ч.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Б.ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.******* нь хохирогч Б.ийн баруун зулай, зүүн шуу болон хэвлийн гол хэсэгт заазуураар зүссэн болох нь хохирогч, шүүгдэгч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 257 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч “...Хэрэгт цугларсан нотлох баримт болон шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Ч.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн. Хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.ийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндэд халдан заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна. Иймээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд хохирогчоос баримтаар мөнгөн төлбөр нэхэмжлээгүй. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч хохирогч Б.ид төлөх төлбөргүй. Иргэний нэхэмжлэгч Ж.аас нэхэмжилсэн хохирогч Б.ийн биед учирсан гэмтлийн үзлэг эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 920,200 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ мөнгөн дүн төлөгдөөгүй байгаа тул Ч:*******аас гаргаж эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд тушаалгах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.******* нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтсон орлоготой талаараа мэдүүлсэн. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг лавлагааг өмгөөлөгчийн зүгээс судалж байсан. Гэмт хэхрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Түүний хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн шинж байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох. Уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.ийн биед халдаж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Хэргийн зүйлчлэлтэй маргах, мэтгэлцэх зүйл байхгүй. Түүнд холбогдох эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Энэ хэргийн улмаас хохирогч Б.ид хөнгөн хохирол учирсан. Үүнтэй холбогдуулан хэрэг гарсан цаг хугацаанаас хойш эмнэлгийн байгууллагат анхан шатны тусламж үзүүлсэн. Хохирогчийн эрүүл мэнд одоо сайжирсан. Хохирогчийн эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг хүлээлгэж өгсөн. Үүнтэй холбогдуулан хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн учир бусдад төлөх төлбөргүй хэмээн шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хариуцлагын тухайд прокурорын гаргасан хөнгөрүүлэх байр суурьтай санал нэг байна. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хохирогчийн эрүүл мэндийн байдал сайжирсан, түүний гаргасан хүсэлт мөн гэмт хэргийн улмаас гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Хавтаст хэрэг иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд авагдсан. Хэрэг явдал 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр болсон. Иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөхдөө 6 сард эмчлэгдсэн баримт байхгүй. 7 сард гарсан эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрийг нэхэмжилж байгаа нь өөрөө иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой үнэн зөв баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой эрх, үүргийг эдэлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Өнөөдрийн байдлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирсэнгүй. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа тул эргэлзээг арилгаад иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Тиймээс шүүгдэгч Ч.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Б.ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй,
харин иргэний нэхэмжлэгч Ж. нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 920,200 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгчээс 920,200 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгөтэй нийт урт нь 26.5 см, ажлын хэсэг нь 14 см урттай, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг заазууртай, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцсон бор шаргал өнгөтэй нийт урт нь 26.5 см, ажлын хэсэг нь 14 см урттай, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.
5. Шүүгдэгчээс 920,200 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ