| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/03559/И |
| Дугаар | 102/ШШ2020/00230 |
| Огноо | 2020-01-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2020/00230
| 2020 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2020/00230 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Нарны зам 0 тоот хаягт оршин суух У.Д овогт М О /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Баялаг 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух Ө овогт Т-ийн Ө /РД: 00000000/-д холбогдох,
16,575,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, урьдчилгаанд төлсөн 7,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: М.О миний бие нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Т.Ө-д Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Да хүрээ захын хашаанд байрлах Жцайны газраа 20,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд тухайн үед Т.Ө мөнгө муу байгаа тул эхлээд 7,000,000 төгрөгийг өгөөд үлдэх 13,000,000 төгрөгийг 2019 оны 4-өөс 5 дугаар сард өгнө гэсэн болохоор нь итгээд зөвшөөрч цайны газрыг Т.Ө-ын нэр дээр шилжүүлж өгсөн. Тухайн цайны газрын газар нь Да хүрээ зах-ын мэдлийнх, дээр нь барьсан барилга нь минийх, би тухайн барилгыг бас хүнээс худалдаж авсан, миний өмнө 10 гаран хүн дамжсан, орлого муутай цайны газар байсныг би үйл ажиллагааг нь сайжруулсан. Би эхлээд шүүхэд цайны газар буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдсан гэж хуулийн мэдлэг муутайгаас болж нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан байна. Тухайн цайны газар нь үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй, газар нь Да хүрээ трейд ХХК-ийн өмчлөлийнх, харин түүний дээр барьсан цайны газар нь миний бөгөөд би Да хүрээ трейд ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан ажиллуулж байсан, энэ эрхээ, өөрөөр хэлбэл цайны газрын үйл ажиллагаагаа, тухайн 50 м/к талбай бүхий цайны газрын барилгыг барихад зарцуулсан материалын үнэ, дагалдах тоног төхөөрөмж болох бохир усны ёмкость, ган дотортой цэвэр усны ёмкость, босоо хөргөгч, ундааны том хөргөгч, угаалтуур, модон тек, хувцасны шүүгээ, заалны ширээ, сандал, мармет, вандан ширээ, газын плитка, хуванцар усны сав, никель усны сав, бохирын шугам, усны тэрэг, төслийн пийшин, хайруулын таваг, аяга, таваг, битүү чанагч, печь, хиншүү сорогч, хоолны технологийн карт, халаагуур зэргийг бөөнд нь 20,000,000 төгрөгөөр Т.Ө-д зарсан, үүний үлдэгдэл төлбөр 13,000,000 төгрөг, алданги 3,575,000 төгрөг, нийт 16,575,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, гэрээ хуулийн хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.Ө нь нэхэмжлэгч М.О-тэй 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ захын хашаанд байрлах Жцайны газрыг 20,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан атлаа нэрийг нь шилжүүлж өгөөгүй нь Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах шаардлагыг хангаагүй. Ингээд урьдчилгаа 7,000,000 төгрөгийг төлөөд үлдэх 13,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд төлж барагдуулахаар хэлцэл байгуулсан. Гэтэл Да хүрээ захын зүгээс өөрийн өмчлөлийн газар дээр цайны газар ажлуулахгүй, сэлбэгийн худалдаа нээж болох бөгөөд үргэлжлүүлэн цайны газар ажиллуулах бол гэрээг цуцлах болно гэж мэдэгдсэн тул М.О-т цайны газрыг буцаах талаар хэлэхэд татгалзаад зогсохгүй, үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт нэхэмжилсэн. Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно. гэж заасны дагуу уг хэлцэл хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул зохигчдын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, урьдчилгаанд төлсөн 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.
Шүүх нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Т.Ө-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг, алдангид 3,575,000 төгрөг, нийт 16,575,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч Т.Ө ... Цайны газрын үл хөдлөхийн гэрчилгээ нь гараагүй, хэлцэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг зөрчсөн, Да хүрээ захын удирдлагаас тухайн цайны газрыг үргэлжлүүлэн ажиллуулвал түрээсийн гэрээг цуцлана гэж мэдэгдсэн. Гэрээний урьдчилгаанд өгсөн 7,000,000 төгрөгөө буцаан гаргуулна гэж,
Хариуцагч Т.Ө нь нэхэмжлэгч М.О-т холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч ... гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан, заавал улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэж маргажээ.
Шүүхээс дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
а/ Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч М.О нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Шар хад-ны гудамж 55, Да хүрээ захын хашаанд байрлах Ж цайны газрын үйл ажиллагаагаа, тухайн 50 м/к талбай бүхий цайны газрын барилгыг барихад зарцуулсан материалын үнэ, дагалдах тоног төхөөрөмж болох бохир усны ёмкость, ган дотортой цэвэр усны ёмкость, босоо хөргөгч, ундааны том хөргөгч, угаалтуур, модон тек, хувцасны шүүгээ, заалны ширээ, сандал, мармет, вандан ширээ, газын плитка, хуванцар усны сав, никель усны сав, бохирын шугам, усны тэрэг, төслийн пийшин, хайруулын таваг, аяга, таваг, битүү чанагч, печь, хиншүү сорогч, хоолны технологийн карт, халаагуур зэргийг нийтэд нь 20,000,000 төгрөгөөр Т.Ө-д худалдахаар тохиролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ ба нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч шүүхэд Ж цайны газрыг худалдсан буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдсан гэх нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, цайны газрын үйл ажиллагаа, мөн материал, тоног төхөөрөмжийг худалдсан гэж өөрчилсөн. Иргэний хуулийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан хэдий ч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0000156 дугаартай гэрээ, Да хүрээ трейд ХХК болон Т.Ө нарын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 4-009 дүгээр түрээсийн гэрээ, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 8/20 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзвэл Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Шар хадны гудамж 55, Да хүрээ захын хашаанд байрлах Жцайны газар нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, харин тухайн цайны газрыг түрээслэх эрх, үйл ажиллагаа, барилгыг барихад зарцуулсан материал, тоног төхөөрөмжийг буюу хөдлөх эд хөрөгийг нэхэмжлэгч М.О нь хариуцагч Т.Ө-д худалдсан байна. Иймд эдгээр эд хөрөнгийг худалдсан талаар улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах шаардлагагүй юм.
Хариуцагч Т.Ө нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 13,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Хариуцагч Т.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр баталгаа гаргасан ба уг баталгаанд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй ба хэтрүүлсэн хугацааны алдангид 3,575,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан хэмжээнээс хэтрээгүй байна.
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч М.Оээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16,575,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.От олгох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.
б/Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ ба нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн ба зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ. Хариуцагч нь тухайн цайны газрыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон, Да хүрээ захын удирдлагын зүгээс цайны газрын үйл ажиллагааг үргэлжлүүлбэл гэрээг цуцлах талаар мэдэгдсэн гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаар нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т.Ө-аасс 16,575,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.О-т олгосугай.
2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээний урьдчилгаанд төлсөн 7,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай хариуцагч Т.Ө-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,825 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,005 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Өнөржаргалаас 240,825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.О-т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР