Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч А.Лхагва,

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 137 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт  *******ийн *******т холбогдох эрүүгийн 2307000300215 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ийн ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “” -ын даргаар ажиллах явцдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байлал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, “Ахуйн хог хаягдлын тээвэрлэлт. Ангилал, ерөнхий шаардлага MNS -5344:2011” стандартын 9.Үйлчилгээний ажилчинд тавих шаардлага: 9.2. /үйлчилгээний жолооч, ачигч нар нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан байна/ гэснийг тус тус зөрчсөний хог ачигчийн үүргийн гүйцэтгэж байсан Р.ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Р.ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-9/, хохирогч Р.ын  мэдүүлэг /хх-12,14/, гэрч н.ын мэдүүлэг /хх-26/, гэрч н.ын мэдүүлэг /хх-28/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-33/, шинжээчийн дүгнэлт /хх-42/, шинжээчийн дүгнэлт /хх-46-49/, ОНӨААТҮҮГ-Н 63,69 дугаартай тушаал /хх-135-136/, Налайх дүүргийн Засаг даргын тушаал /хх-152/, хувийн байдалтай холбоотой баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч  А.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Би 2022 оны 7 дугаар сард дүүргийн засаг даргын захирамжаар ОНӨААТҮҮГ-н даргаар томилогдсон. Байгууллагын бүтэц болон төсвийг Нийслэлийн Налайх дүүргийн засаг дарга баталдаг. Батлагдсан бүтэц, төсвийн хүрээнд миний бие үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайн үед нөхцөл байдал нэг талаас ард иргэд сошиалаар нэлээдгүй хогоо ачсангүй гэж шуугисан. Нөгөө талаас дүүргийн засаг дарга ажлаа сайжруулах талаар нэлээдгүй олон албан бичиг, даалгавар өгсөн. Бид ярилцаж байгаад аль болох шинэ жилийн баяр болж байна. Иргэдээ хоггүй цэвэр орчинтой он гаргачих юм сан гэсэн хүсэл зорилгын үндсэн дээр ковш барих эрхтэй хүнээр ковш бариулсан. Энэ миний алдаатай үйл явдал болсон. Тухайн үед тэр байгууллагын ковшийг жолоодож явдаг хүн нь ажлын байраа хаяад 10 хоног тасалчихсан байсан нь цагийн бүртгэл дээр харагдаж байгаа. н.Болд гэдэг залуу байгаа. Тухайн үед өглөө Уурхайчдын 1 дүгээр гудамжнаас эхлээд хог ачих үүрэгтэй гарсан. н.Орхонсэлэнгэ, Р., жолооч нь хэн. Нөгөөдөх осол болсон жолооч нь болохоор н., н.Жолобай, н. гэсэн хоёр ачигчтай гурван хүн нэг баг болж явдаг. Тухайн үед өглөө намайг ажлаа шалгаад явж байхад Р. даргаа би өнөөдөр эртхэн шиг буугаад гэрийнхээ буузыг хийнэ гэхээр нь тэгээрэй гэж хэлээд өдөр нэг хоол аваачиж өгсөн. Гэртээ очоод 16 цагийн үед цайгаа уугаад дөнгөж сууж байтал утас дуугарсан. н.ь над руу залгаад осол болчихлоо та хурдан хүрээд ир гэсэн. Манай эхнэр юмыг яаж мэдэх билээ гээд нэг өвчин намдаах эм, боолт хоёр өгсөн. Тэрийг аваад машинтайгаа явж очсон. Очиход гар нь боочихсон цус болчихсон байсан. Тухайн үед нэлээн сандраад шууд Налайхын эмнэлэг авч явсан. Налайхын эмнэлэг дээр очиж цус тогтоолгох тариа хийлгэж шархийг нь цэвэрлүүлж, боолгосон. Налайхын гэмтлийн эмч та шууд хот руу гэмтлийн эмнэлэг рүү яв гэсэн. Тэнд гар, сарвууны нарийн мэргэжлийн эмч нар үзэж шийдэх байх гэж хэлсэн. Тэр үед эхнэр рүү нь утасдаад ковшийн жолооч н.ь болон гэр бүлийнх нь хүмүүсийг аваад эмнэлэг рүү явсан. Нэлээн түгжрэлтэй байсан хэдий ч сүлжсээр байгаад богино хугацаанд түргэн тусламж үзүүлсэн. Тухайн үед очиход эмч нь шууд оёсон. Та одоо энэ хүнээ хэвтүүл. Мах нь үхжээд эхлэх юм бол тайрах асуудал яригдах байх. Үгүй бол эмчилгээ хийгдээд явна гэсэн. Р. маань ажлынхаа хувцастай нэлээдгүй байсан. Бүх хувцас хэрэглэл, эмнэлэгт хэвтэх шаардлагатай бүхий л зүйлийг нь авч өгсөн. Хүнс, хоолыг нь бэлдэж өгөөд халаасанд нь 100,000 төгрөг хийж өгсөн. Шинжилгээнд хэрэг болох байх гэсэн үүднээс өгсөн. Тэгээд эхнэр, хүүхдийг нь аваад Налайхад шөнийн 02 цаг болж байхад ирсэн. Маргааш өглөө 10 цаг дүүргийн засаг даргын захирамжаар ажлаа хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхөөс өмнө Р.ын эхнэр ирсэн. Цагаан хэрэглэлгүй болчхоод байна яах уу даргаа гэхээр нь би дахиад 100,000 төгрөг өгөөд ажлаасаа халагдсан байгаа. Бусад зүйлийг мэдүүлэг дээрээ хэлсэн. Өөр нэмж ярих зүйл алга...” гэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд А.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “” -ын даргаар ажиллах явцдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байлал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, “Ахуйн хог хаягдлын тээвэрлэлт. Ангилал, ерөнхий шаардлага MNS -5344:2011” стандартын 9.Үйлчилгээний ажилчинд тавих шаардлага: 9.2./үйлчилгээний жолооч, ачигч нар нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан байна/ гэснийг тус тус зөрчсөний улмаас хог ачигчийн үүргийг гүйцэтгэж байсан Р.ын биед сарвууны шивнүүр ясны хугарал, сарвуунд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Р.ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 08 цагт ажил дээрээ очоод хувиарын дагуу 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр гудамжнаас эхлээд хог ачихаар Мөнхгэрэл камазаа жолоодоод Орхонсэлэнгэ бид хоёр ачигчаар явсан. Тэгээд хогоо ачаад дуусч байтал ******* дарга ирээд ковшоор ачихаар болоод удалгүй ковш ирээд гудамжны хогийг ачиж явсаар 16 цагийн үед Уурхайчдын 7 дугаар гудамжинд айлын хог ачиж байхад би 2 поошигтой хогийг өргөөд ковшны шанаг руу хийгээд буаагаад поошгоо аваад хогийг нь асгаад хашааны хажууд тавиад шанаган доор тавьсан поошгоо авах гээд татахад ковш шанагаа доош нь буулгаад миний гар дарагдсан. Тэгээд орилоход жолооч шанагаа дээшээ өргөхөд гарнаас маш их цус гарч байсан болохоор шууд Налайхын эмнэлэг дээр ирээд анхны тусламж аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэгээд цагдаад мэдэгдээгүй байж байгаад саяхан өргөдөл өгсөн...Анх осол болоод эмнэлэг дээр очиход ******* дарга надад цэвэр шинэ хувцаснууд болон хоол унд авч өгсөн. Тэгээд надад 100,000 төгрөг, манай эхнэрт цагаан хэрэглэлийн мөнгө 100,000 төгрөг өгсөн. Манай байгууллагаас 1,000,000 төгрөг дараа нь листний мөнгө 1,200,000 төгрөг, ослын улмаас хохирсон гээд даатгалаас 2,699,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-13-14/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.ын өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,830,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг тухайн гэмт хэргийн буруутай этгээд буюу яллагдагчаас гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

/хх-17/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.ын өгсөн: “... поошигтой хогийг хийгээл ковшны шанаган доор байсан поошгийг авах гээд гараа оруулж байх үед ковшны жолооч шанагаа доош нь буулгаж түүний гар завсраар нь орсон. Тэгээд гараа хавччихлаа гээд орилоход ковшны жолооч шанагаа өргөхөд цус гараад гэмтсэн байсан. Тухайн үед ******* даргыг дуудаад ыг суулгаад шууд эмнэлэг рүү явуулсан...” гэх мэдүүлэг,

/хх-26/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “... поошгоо доошоо шидэхэд шанаган доогуур өнхрөөд орсон. Би шуудаатай хогийг ачихаар эргэж хараад алхаад явж байтал ард яая гэх чимээ гараад эргээд хартал ковшийн шанага, поошиг хоёрын завсраар гар нь орчон орилж байхаар нь би ковшийн жолооч руу дээшээ өргө гэж орилоод жолооч шанагаа дээшээ өргөхөд гараа татаад автал цус гараад аймар болсон байсан...” гэх мэдүүлэг,

/хх-28/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.ийн өгсөн: “... гараа бариад ковшийн доороос гараад ирсэн. Түүний гарыг хартал арьс нь язраад цус их гарч байхаар нь айгаад шууд эмнэлэгт мэдэгдээд ******* даргад хэлсэн...Дугуйт ачигчийн жолооч Болд нь ажилдаа ирэхгүй архи уугаал ажлаа таслаад явчихаар нь ******* намайг дугуйт ачигчийн оператор мэргэжилтэй болохоор гуйхаар нь би зөвшөөрөөд гар гэсэн үед нь жолоодон гардаг байсан...” гэх мэдүүлэг,

/хх-35, 38/

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Р.Ням-Осорын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дугаар “...Р.ын биед сарвууны шивнүүр ясны хугарал, сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-42-43/
  2. Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн “...жолоочийн буруу үйл ажиллагаанаас болж осол гарсан...” гэх акт

/хх-67-68/

  1. Нийслэлийн Налайх дүүргийн ний -ын даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 тоот “Үйлдвэрийн осол судлан, бүртгэх ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, Аюулгүй ажиллагааны зааварчилгаа,

/хх-69-76/

  1. Гэрэл зургийн үзүүлэлт

/хх-77-81/

  1. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт,

/хх-82-93/

  1. Налайх дүүргийн Тохижилт үйлчилгээний даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/29 дугаар Р.ыг ажилд томилох тухай тушаал,

/хх-98/

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-166/,

  1. Хохирол төлбөртэй холбоотой баримтууд

/хх-186-187/

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-102-111, 152-165, 167-183/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч А.******* нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ОНӨААТҮҮГ-н даргаар ажиллаж байх хугацаандаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан зүйл заалтыг зөрчсөний улмаас хог ачигчийн үүргийг гүйцэтгэж байсан Р.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хохирогч Р.ын нэхэмжилсэн 392,400 төгрөгийг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч Ж.ын нэхэмжилсэн 1,830,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй нөхцөл байдлыг харгалзан А.*******ыг Эрүүгийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 49 хуудас бүхий ОНӨААТҮҮГ-н дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалуулах, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна.гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч А.******* нь ” -ын даргаар ажиллах явцдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хохирогч Р.ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.******* нь хохирогч Р.ын биед сарвууны шивнүүр ясны хугарал, сарвуунд шарх гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 41 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. 

Тиймээс шүүгдэгч А.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Р.ын бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба хохирогчийн нэхэмжилсэн 392,400 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.

Харин иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 1,830,000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд  оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 137 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж прокурортой тохиролцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу ялаас чөлөөлөх саналтай хэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.

 

Иймд А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу ялаас чөлөөлж, прокурортой тохиролцсоны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******* овогт  *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 49 хуудас бүхий ОНӨААТҮҮГ-н дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ОНӨААТҮҮГ-т хүлээлгэн өгөхөөр тогтоож, шүүгдэгч А.*******аас 1,830,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

          4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ