Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/02959

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, 

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 9-р гудамжны 123 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХЗ82062761, Боржигон овогт Идэрийн Цэлмэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 3-р хороо, Нарны хороолол 27-р байрны 2003 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УУ74060615, Боржигин овогт Бүрэнжаргалын Төрсайханд холбогдох

эцэг тогтоолгох, 2 хүүхдэд тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Цэлмэг, хариуцагч Б.Төрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.   

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Төрсайханыг хүү Ц.Дөлгөөн, охин Ц.Энгүүн нарын эцгээр тогтоолгох, тэдэнд тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч  нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Б.Төрсайхантай 2012 онд танилцаж, 2012 оны 7 сараас хамтран амьдарч эхэлсэн. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2015-04-15 өдөр хүү Ц.Дөлгөөн, 2019-03-06 өдөр охин Ц.Энгүүн нар төрсөн.

Хүү Ц.Дөлгөөнийг төрөх үед Б.Төрсайхантай холбогдох боломжгүй байсан тул хүүгээ өөрөөрөө овоглосон. Харин охиноо төрөх үед Б.Төрсайхан нь хүүхдээ өөрийнхөө овгоор овоглохгүй гэж маргалдаж, гэрээс явсан.

Бид зан харилцааны таарамжгүй байдал болон гэр бүлээс гадуурх харилцааны асуудлаас шалтгаалан 2019 оны 4 сараас эхлэн тусдаа амьдарч байгаад 2019 оны 7 сараас дахин хамт амьдрахгүй гэж шийдсэн.

 

Иймд Б.Төрсайханыг Ц.Дөлгөөн, Ц.Энгүүн нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдүүдэд эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү? гэв.

 

Хариуцагч тайлбартаа: И.Цэлмэгтэй амьдарч, 2 хүүхэдтэй болсон. Үзэл бодол нийлэхгүй байгаагаас тусдаа амьдарч байна. И.Цэлмэг л намайг 2 хүүхдийн эцэг биш гэдэг. 2 хүүхдийн эцгээр тогтоолгох,тэтгэвэр төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

 Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан оршин суугаа хаягийн тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019-09-20 өдрийн 4637 тоот дүгнэлт, хүүхдийн төрсний гэрчилгээнүүд, эрүүл мэндийн тодорхойлолтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,   

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар 2012 оны 07 сараас эр эмийн харилцаатай болж, хамтран амьдарсан, нэхэмжлэгч 2015-04-15 өдөр хүү Ц.Дөлгөөн, 2019-03-06 өдөр охин Ц.Энгүүн нарыг төрүүлсэн байна.

Хүүхдүүдийн эцэг мөн эсэх талаар хариуцагч Б.Төрсайхан нэхэмжлэгчтэй маргаж, 2019 оны 04 сараас тусдаа амьдарсан байх бөгөөд хариуцагч хүүхдүүдийн эцэг биш гэж маргасны улмаас хүүхдүүд эхээрээ овоглосон нь тогтоогдож байна.

Шүүхээс томилсон шинжээчийн хийсэн ДНХ-ийн шинжилгээгээр Цэлмэгийн Дөлгөөн, Цэлмэгийн Энгүүн нарын эцэг нь хариуцагч Б.Төрсайхан байх 99,99 хувийн магадлалтайг 2019-09-20 өдрийн 4637 тоот дүгнэлтээр тогтоосон байна.

Нэхэмжлэгчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Төрсайханыг хүү Цэлмэгийн Дөлгөөн, охин Цэлмэгийн Энгүүн нарын эцэг мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.

Зохигч 2019 оны 04 сараас тусдаа амьдарч, зохигчийн дундаас төрсөн хүүхдүүд эхийнхээ асрамжинд байгаа байх тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдүүдээ тэжээж тэтгэх үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд Гэр бүлийн хуульд заасан хэмжээгээр хүүхдүүдэд хариуцагчаас тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсгийг баримтлан хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хүүхдийн тэтгэлэгт ногдох хураамж 56 787 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг баримтлан 2015-04-15 өдөр төрсөн хүү Цэлмэгийн Дөлгөөн, 2019-03-06 өдөр төрсөн охин Цэлмэгийн Энгүүн нарын эцэг хариуцагч Боржигин овогт Бүрэнжаргалын Төрсайхан мөн болохыг тогтоосугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан Цэлмэгийн Дөлгөөн, Цэлмэгийн Энгүүн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний тус бүр 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр сар бүр эцэг Б.Төрсайханаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.