Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогч Г.*******,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******, т төрсөн, ******* настай, *******, боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-ийн д ажилтай, ам бүл 4, эхнэр, хамт ,, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   ******* овогт *******гийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн тоотод Г.*******ийг “гэрт хэрүүл маргаан хийлээ, аавыг элдвээр хэллээ” гэх шалтгаанаар түүний хоолойноос нь боож газар унаган улмаар нүүрэн тус газарт нь өшиглөсний улмаас хохирогч Г.*******ийн биед уруул, хамрын нуруунд шарх, 2 шүдний булгаралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.*******ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            Хохирогч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдрийн өглөө би ажлаасаа чөлөө аваад гэртээ байхад эхнэрийн дүү бид хоёрыг шартаж үхлээ ганц архи аваад ирээч гээд гэртээ дуудсан. Очоод 2 шил архи уусан. гийн нөхөртэй юм яриад сууж байхад миний толгой руу шалны модоор цохиод толгой халгасан. Тэнд байсан хүмүүс цагдаа дуудна гэсэн чинь эхнэр “би цагдаа дээр очиж чадахгүй” гээд зугтаасан. Тэгээд би эхнэрийг хайгаад гэрт очиход байгаагүй, харин өвөөгийндөө байсан. Өвөө миний толгой дээр наалт нааж өгөөд, надад 0.33 литрийн архи авч өгсөн. Би маргааш нь ажилтай учраас архинаас гурван хундага л уусан. Тэгээд эхнэрээ гэртээ харья гэхэд эхнэр согтсон байсан болохоор би явахгүй гээд зөрүүдэлсэн. Тэр үед Г.******* ах “хөдөө ажлаасаа ирээд аав дээрээ үнсүүлэх гэж ирлээ” гээд гаднаас орж ирсэн. Эхнэрийн дүү надад “эгчийг би таны хойноос явуулъя” гэхээр нь би хойд гэрт нь орж цустай хувцсаа сольчхоод урд гэрээс утсаа авах гээд орсон чинь Г.******* ах намайг яваагүй байгаа юм уу гээд цохисон. Би гэдсэндээ хагалгаатай учраас гэдэс рүү цохих байх гээд гэдсээ хамгаалахад миний нүүр лүү цохисон. Тэгээд би шууд өвөөгийн гэрээс гараад өөрийн аавынд очсон. Аав цагдаад өргөдөл бичиж өгсөн. Уг нь би цагдаад гомдол саналгүй гэж хэлсэн боловч Г.******* ах хөдөө ажил руугаа явсан байсан. Дараа нь Г.******* ах ажлаасаа ирээд бид уулзсан” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

            Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн, тоотод Г.*******ийг “гэрт хэрүүл маргаан хийлээ, аавыг элдвээр хэллээ” гэх шалтгаанаар түүний хоолойноос нь боож газар унаган улмаар нүүрэн тус газарт нь өшиглөсний улмаас хохирогч Г.*******ийн биед уруул, хамрын нуруунд шарх, 2 шүдний булгаралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

           

  • Хохирогч Г.*******ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 01 дэх тал),

 

  • Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ... 16 цагийн үед Налайх дүүргийн, тоотод Д.******* өвөөгийнд очиход Д.******* өвөө, манай эхнэр Н., хадам ээж Д. нар байсан. 18 цагийн үед Д.******* өвөөгийн хүү Г.******* нэг танихгүй ахтай нэг шил архи, нэг пиво бариад ороод ирсэн. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаж байтал Г.******* нь намайг ална гээд байсан. Тэгтэл танихгүй 2 залуу ирсэн. Тэр хоёр залуу намайг гэрээс гаргаад хашааны гадаа гаргаж өгөөд “ах та согтуу байна одоо ингээд явчих” гээд хашаанаас гаргасан. Тэгээд би явж байгаад гар утсаа Д.******* өвөөгийнд үлдээсэн байсан учир буцаж ирсэн. Тэгэхэд Д.******* өвөө, манай эхнэр Н., хадам ээж Д. нар унтаж байсан. Би гар утсаа аваад гарах гэж байтал өөдөөс Г.******* орж ирээд “одоо чамайг өөрөө дуусгана” гээд намайг цохиж унагаагаад дээрээс баахан өшиглөөд байсан. Тэгээд би босож ирээд утсаа хагарчихаж магадгүй гээд Д.******* өвөөд өгсөн. Тэгээд Г.******* намайг гэрээс гаргаад унагааж байгаад зөндөө дэвссэн. Намайг зодоод байсан учир би хашаанаас гараад зугтаасан. Тэгээд би Өвөршандад байх аав ын гэрт очсон, аав цагдаад дуудлага өгсөн. Тухай үед Г.******* шал согтуу байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),

 

  • Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би Налайх дүүргийн, гудамжинд байдаг гэх дүүгийндээ 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр очсон. Тэгээд би дүүгийнхээ нөхөр гэх залуутай юм яриад сууж байтал нь миний араас толгойны дагз хэсэг рүү шалны модоор цохиж толгойг маань хагалсан. Тэгээд би тэр айлаас гараад тус хорооны тоотод байрлах эхнэрийн өвөөгийнд очтол манай эхнэр, өвөө Д.*******, хадам ээж Д. нар сууж байсан. ...би эхнэрээ тухайн айлаас авч явах гэж байтал Г.******* гэх хүн нь над руу “манай аавын гэрт ирж архи уулаа” гээд дайраад намайг явуулахгүй, миний хоолойг боогоод байсан. Тэгэхэд миний хүзүү зулгарсан. Би тухайн айлаас гараад эхнэрийн эгч Г.гийнд очиж өөрийн хувцсыг сольж, Д.******* өвөөгийнд утсаа орхисон байсан, түүнийгээ авахаар буцаж очтол Д.******* өвөө сэрүүн, манай эхнэр, хадам ээж хоёр унтаж байсан. Тэгээд би гар утсаа аваад буцаад гарах гэж байтал гадаас Г.******* орж ирээд надруу дайрч, миний биед халдаж, намайг зодсон. Намайг газар уначихсан байхад миний нүүр хэсэг рүү хөлөөрөө цохиж, миний доод үүдэн 2 шүдийг унагаасан, тэгэхэд уруул гэмтсэн байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

  • Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.******* өвөөгийнд архи уугаад сууж байтал гаднаас Г.******* толгойгоо боочихсон орж ирсэн, тэгээд гэрийн эзэн болох Д.******* өвөө Г.*******ид архи гаргаж өгөөд бид дөрөв тухайн архийг ууж байтал 18 цагийн орчимд гаднаас Г.******* үл таних нэг хүнтэй орж ирсэн. ...манай нөхөр намайг явъя гээд байхаар нь би “явахгүй эндээ унтчихъя, өглөө очно” гэсэн чинь Г.******* уурлаад байсан. Би нэлээд согтчихсон байсан ба Г.******* ах манай нөхрийн яг хаана цохиж байхыг санахгүй байна. Гэхдээ тэр хоёр муудалцаж байсныг санаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

  • Гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан манай гэрт Н. нь ээж Д.тэй хамт ирсэн. Харанхуй болж байх үед Н.гийн нөхөр Г.******* манай гэрт ирсэн. Хэсэг юм яриад сууж байтал Г.******* манайд ирээд Г.*******ийг аваад гарсан. Би өөр зүйл санахгүй байна. Г.******* манайд орж ирээд Г.*******той маргалдаж эхлэх үед би тэр хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 197 дугаартай “Г.*******ийн биед дагз, уруул, хамрын нуруунд шарх, хоёр шүдний булгаралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, мөн тус журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

 

  • Эрүүл мэндийн байгууллагын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн яаралтай тусламжийн 3867 дугаартай хуудас (хавтаст хэргийн 22 дахь тал),

 

  • Шинжээч эмч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авсан тус шинжээчийн дүгнэлтэд гарсан хоёр шүдний булгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10 хувь нөлөөлөх учир гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Хохирогчийн биед дагзны төвгөрт босоо байрлалтай 2 см хэмжээтэй, зах ирмэг тэгш биш, хүрэн улаан өнгийн шархтай, шарханд оёдол тавьсан байсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саатуулах учир гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Хохирогчийн биед уруул, хамрын нуруунд шарх тогтоогдсон зэрэг нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саатуулах учир гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.******* нь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Г.*******ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Г.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах болон хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10% алдагдуулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гэрт хэрүүл маргаан хийлээ, аавыг элдвээр хэллээ” гэх шалтгаанаар түүний хоолойноос нь боож газар унаган улмаар нүүрэн тус газарт нь өшиглөсний улмаас хохирогч Г.*******ийн биед уруул, хамрын нуруунд шарх, хоёр шүдний булгаралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

            Харин хохирогч Г.*******ийн биед учирсан дагзанд шарх гэмтлийг өөр орон зай, цаг хугацаанд, өөр хүн учруулсан байх тул энэ хэрэгт хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.******* нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Г.*******тай хохиролтой холбоотой буюу шүд хийлгэх асуудлаар тохиролцсон” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед учирсан хор уршиг арилаагүй буюу хоёр шүд булгарч унасан байх тул хохирогч Г.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдав.  

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Г.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрт хэрүүл хийлээ, аавыг элдвээр хэллээ гэж шалтаглан маргаан үүсгэж хүний биед халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хоёр шүд булгарч унасан, хор уршиг арилаагүй), хувийн байдал  (гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой) зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр (1нэгж=1.000 төгрөг) торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.  ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ад оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ