| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/02749/И |
| Дугаар | 102/ШШ2019/02807 |
| Огноо | 2019-10-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2019/02807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Хүүшийн ам, Нью гарден хотхоны 1423 байрны 15 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ИЮ89111898, Гэзэгт овогт Батхуягийн Саруулбаярын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 11-р хороо, 47 тоотын В1 давхарт хувиараа үйлдвэрлэл явуулдаг, Чингэлтэй дүүрэг, 7-р хороо, Хувьсгалчдын 11-р гудамжны 25 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ГЕ86061211, Амгалан овогт Ганбатын Ганболдод холбогдох,
1 350 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Саруулбаяр, хариуцагч Г.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Саруулбаяр нь хариуцагч Г.Ганболдоос гал тогооны тавилгын үнэ 1 350 000 төгрөгийг буцаан шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Сонголт тавилгын үйлдвэр гэх Фэйсбүүк хаягаар Г.Ганболдтой утас болон мессенжерээр холбогдож, үүдний шкаф, гал тогооны тавилга зэргийг нийт 2 000 000 төгрөгөөр хийлгүүлэхээр харилцан тохирч, 2018-09-15 өдөр тавилгын зургийгфэйсбүүк хаягаар нь түүнд илгээсэн. Г.Ганболд манай гэрт ирж, хэмжээ авч, урьдчилгаанд 1 200 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг тавилга угсарсны дараа төлөхөөр болсон.
2018-09-23 өдөр гэрт тавилга угсарсан байсан. Гэтэл гал тогооны тавилга маань зураг болон хэмжилтийн дагуу хийгдээгүй, Sketchup программ дээр нарийвчлан харуулсан 3 D зургийг надад харуулах ёстой байсан боловч огт харуулаагүй хийсэн, чулуун тавцан нь цууралттай байсан. Тухай үед цуурсан тавцанг бид ард нь боож тогтоосон, хагарч унавал хэзээ ч хамаагүй сольж өгнө, нэг жилийн, бүр насан туршийн баталгаа өгч байна гэж эхнэрт маань хэлсэнд нь итгэж, үлдэгдэл 800 000 төгрөгөө шилжүүлсэн.
Гэвч хэсэг хугацааны дараа чулуун тавцангийн цууралт нэмэгдэж, хүндийн жингийнхээ дагуу угаараа буюу эсрэг талдаа цууралт өгч эхэлсэн. Түүнчлэн тогоо ч багтах боломжгүй хаалгатай шүүгээнүүд, аяга таваг хатаагч багтахгүй тавиур, угаалтуурыг цахилгаан плитка болон шарах шүүгээтэй зэрэгцэж байрлахаар хийсэн, цахилгаан зуухны хэсэг нь барилгын утааг сорох хоолойн доор хийгдээгүй байсан тул тавилгыг засч, зургийн дагуу болгож өгөхийг удаа дараа гуйж, харилцан тохиролцох замыг санал болгох, эсхүл өөрөөсөө мөнгө нэмж өгөөд ч боловч янзлуулах гэсэн боловч тохиролцоонд хүрээгүй.
Миний зүгээс хариуцлагатайгаар анх хэлж, тохирсны дагуу мөнгийг нь бүрэн шилжүүлсэн. Гэвч Г.Ганболд нь энэ асуудал надад хамаагүй гэж өөрөөсөө түлхэж, хариуцлага хүлээхгүй 10 хоногийн дараа ир, сарын дараа ир гэх мэтээр хойшлуулсаар сүүлдээ хохирлыг чинь барагдуулахгүй гэж хэлсэн.
Иймд гал тогооны тавилгыг буцааж, уг тавилгыг хийлгэсэн үнэ болох 1 350 000 төгрөгийг Г.Ганболдоос гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Б.Саруулбаяртай харилцан тохирч, 2018-09-15 өдөр тавилгын зураг илгээсний дагуу гэрт нь очиж хэмжилт авч, Б.Саруулбаярыг эхнэртэйгээ байхад нь гар зургийг гаргаж, үүдний шкаф, гал тогооны тавилгыг нийт 2 000 000 төгрөгөөр хийхээр болж, урьдчилгаанд 1 200 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Миний бие тавилгыг зургийнх нь дагуу хийж өгч, гэрт нь угсарч өгөхөд эхнэр нь ээжийнхээ хамт байсан ба тавилгыг бүрэн бүтэн хүлээн авч, баярлалаа гэж хэлээд хоцорсон. Тэр өдөртөө үлдэгдэл 800 000 төгрөгөө шилжүүлсэн.
Гэтэл хэсэг хугацааны дараа Б.Саруулбаяр нь тавилга зургийн дагуу хийгдээгүй байна. Хэмжилтийн дагуу sketchup программ дээр нарийвчлан харуулсан 3 D зураг харуулаагүй гэсэн шалтгаан тоочиж, дахин зураг гаргаж хийж өг гэсэн шаардлага тавьсан. Миний бие угаасаа тийм программ дээр зургаа гаргадаггүй. Дахин хийх боломжгүй гэдэг хариуг өгсөн.
2019 оны 4 сард дахин чулуун тавцан нь хагарсан байсан, зургийн дагуу хийгдээгүй гэсэн тайлбар хэлж утсаар болон мессенжерээр дахин шинээр хийж өг гэдэг шаардлага тавьсан.
Тэр үед захиалга авчихсан ачаалал ихтэй байсны улмаас шаардлагыг нь биелүүлэх боломжгүй байлаа. Өмнөх захиалгаа дуусгаад дахин тохиролцож засаж хийж өгөх зорилготой байсан хэдий ч Б.Саруулбаяр нь захиалга авах Page хуудас дээр энэ тавилгын үйлдвэрээр тавилга хийлгэвэл хохирно. Луйварчид байна гэсэн утга бүхий сэтгэгдэл бичиж үлдээсэн нь манай ажлын нэр хүнд, орлогын эх үүсвэрт муугаар нөлөөлж, захиалагчдын тоо цөөрсөн.
Мөн танай үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэх мэтээр чангаар сүрдүүлж эхэлсэн.
Манай үйлдвэр нь хийсэн тавилгынхаа баталгааг 6 сарын хугацаанд нь хариуцдаг ба бусад иргэдээс ямар ч гомдол гарч байгаагүй.
Иймд нэхэмжлэгч Б.Саруулбаярын нэхэмжилсэн 1 350 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Бидний маргааныг зөв зүйтэйгээр шийдвэрлэж өгнө үү? гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, мэтгэлцээн, фейсбүүк хаягаар хоорондоо харилцсан баримтууд, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч нь тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд энэ тухайгаа фейсбүүкэд Сонголт тавилгын үйлдвэр нэртэй хаяг нээжээ.
Нэхэмжлэгч нь уг хаягаар хариуцагчийн үйлдвэртэй холбогдож, захиалах гал тогооны тавилгын зургийг мессенжерээр илгээж, хариуцагчтэй гал тогооны тавилга болон хувцасны шкафны үнийг тохиролцсон, энэ дотроос гал тогооны тавилга 1 350 000 төгрөг болохыг тохирсон болох нь хоорондоо бичсэн мессэж, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Тохиролцооны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрт 2018-09-17 өдөр ирж, тавилгын хэмжээг авсан бөгөөд энэ үед тавилгын эскиз зургийг өөрөө гаргасан гэх боловч уг зургаа захиалагчид танилцуулсан нь тогтоогдохгүй байна.
Зохигч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалсан гал тогооны тавилга, хувцасны шкафыг өөрийн материалаар хийж өгөх, нэхэмжлэгч нь захиалсан ажлын үр дүнг хүлээн авч, хөлс 2 000 000 төгрөгийг төлөх үрэг тус тус хүлээж, ажлын хөлснөөс 1 200 000 төгрөгийг урьдчилж өгч, авахаар тохирчээ. Гэрээний дагуу хариуцагч тавилгыг хийж, нэхэмжлэгчийн гэрт нь 2018-09-25 өдөр суурилуулж өгсөн, нэхэмжлэгч нь тохиролцсон ажлын хөлс 2 000 000 төгрөгийг тэр даруй төлсөн талаар зохигч маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийсэн ажлын үр дүнг хүлээж авсны дараа гал тогооны тавилгыг захиалсан зургийн дагуу хийгээгүй, угаалтуур, плитка 2 зэрэгцээ байрласнаас гал ус зэрэгцэж, тогонд цохиулах нөхцөл үүссэн, тавилгын өрөө тасалгааг гаргахад гал тогооны хэрэгслийн стандарт хэмжээг бодолцохгүйгээр тасалгааны хуваалтыг хийснээс тогоо зэрэг сав суулга багтахгүй болсон, тавилгын чулуун тавцан цуурсан доголдлыг 2018 оны 10 сард илрүүлж, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэхь хэсэгт заасан 6 сарын хугацааны дотор эдгээр доголдлыг арилгаж өгөхийг хариуцагчаас шаардаж гомдлын шаардлага гаргасан байх боловч ажил гүйцэтгэгч арилгахаар амласан боловч амлалтаа биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Иймээс нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээнээс доголдолтой хэсгээр татгалзаж, гал тогооны тавилгыг буцааж, түүний үнэ 1 350 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсныг хариуцагч татгалзсан байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн гал тогооны тавилга захиалсан гэх мессенжерээр хариуцагчид илгээсэн гар зураг, хариуцагч нэхэмжлэгчийн гэрт суурилуулсан гал тогооны тавилгын фото зургийг харьцуулж үзэхэд тавилгын 4 нүдтэй шургуулга бүхий хэсгийг плитканы баруун талд байрлуулахаар захиалагч захиалсан зурагнаас тавилгыг хийхдээ плитка байрлаж буй хэсгийн зүүн талд 4 нүдтэй шургуулга бүхий хэсгийг байршуулж хийсэн нь зөрсөн, шүүгээний тавиур, нүдний хэмжээг хэрхэн гаргах талаар захиалагчаас саналыг асуугаагүй, шүүгээнд стандарт хэмжээтэй аяга хатаагч багтах боломжгүй болсон, тавилгын чулуун тавцан 2 хэсэгт цуурсан доголдолтой байгаа болох нь эскиз гар зураг, фото зургуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан тайлбараа нотлох үүрэгтэй боловч татгалзлаа нотлоогүй бөгөөд дээрх доголдлыг арилгуулахаар нэхэмжлэгч удаа дараа хариуцагчид сануулсан, шаардсан байгааг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үүргийн зөрчлийг арилгуулахаар нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.
Иймээс биет байдлын доголдолтой үр дүнг хүлээлгэж өгсөн, доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй ажил гүйцэтгэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс доголдолтой хэсгээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзах эрхтэй байна.
Гэрээнээс татгалзснаар гэрээ байгуулаагүй мэт үр дагавар үүсгэх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцаах үүргийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас гал тогооны тавилгын үнэ 1 350 000 төгрөгийг буцаан гаргуулах, хариуцагч гал тогооны тавилгыг буцаан авах эрхийг хэрэгжүүлнэ.
Иймд нэхэмжлэл хуулийн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 36 550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 36 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь: