| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/02783/И |
| Дугаар | 102/ШШ2019/02800 |
| Огноо | 2019-10-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2019/02800
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Наадамчдын гудамжны 41-р байрны 27 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УП91032446, Жааваа дарханы овогт Сайнбаярын Сарангийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 6-р хороо, Чингүнжавын гудамж 12-01 тоотод байрлах, РД-5347564, Омерта ХХК-д холбогдох,
худалдааны зөвлөхийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Саран, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агар-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Базарсад хариуцагчийн хүсэлтээр гэрч Ц.Нарантунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь худалдааны зөвлөхийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, ажилгүй байсан 2018 оны 08 сараас 10 сарыг хүртэл хугацааны олговорт 1 600 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилтийг хийлгүүлэхээр хариуцагчаас шаардсан шүүх хуралдаан дээр дэмжсэн шаардлагыг шүүх хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2018-06-18 өдрөөс Омерта ХХК-д худалдааны зөвлөхийн ажилд сарын 500 000 төгрөгийн цалинтайгаар ажилд орсон.2018-08-01 өдрөөс цалинг 700 000 төгрөгөөр тохирсон. 2018-08-30 өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний нэг хувийг надад өгсөн.Ажиллах хугацаанд захирал Г.Жаргалсайхан дарамт учруулж, хэл амаар доромжилдог байсан. 2019-08-11 өдөр өглөө ажилдаа ирэхэд гүйцэтгэх захирал 5 дахь өдөр өгсөн цонх арчих үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна гээд ямар ч шалгаангүйгээр ажлаас хөөсөн. Би халагдсан тушаалаа гаргаад өг гээд орсон. Тэгэхдээ 4 сартай жирэмсэн гэдгээ хэлсэн. 2019-08-12 өдөр ажлаас халагдсан тушаалаа авах гэсэн боловч өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан талаарх хүсэлтээ өгчихвөл ажлаас халсан тушаалыг чинь өгнө гэж хэлсэн.
Харин нийгмийн даатгалын дэвтэрт 2019-08-11 өдрийн 2019/02 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн гэх бичилт хийж өгсөн.
2019 оны 8 сарын цалинг олгоогүй. Миний бие ажиллаж байх хугацаандаа огт зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, Хөдөлмөрийн хууль болон гэрээг зөрчиж байгаагүй. Үндэслэлгүйгээр ажлаас халсан тул намайг худалдааны зөвлөхийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоож өгнө үү? Би энэ газарт эргэж ажиллах хүсэлгүй тул ажилд эргэж орохгүй.Иймд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа дэмжихгүй байна.Харин 2019 оны 08 сараас 10 сар хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 1 600 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү? гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: Манай байгууллага автомашины сэлбэг оруулж ирэх, автомашины үйлчилгээ эрхэлдэг. С.Саран нь манай байгууллагад худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа ноцтой зөрчиж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, үйлчлүүлэгчтэй зүй бусаар харьцаж, байгууллагын нэг хүндийг унагаж байсан, ажил тасалсан тул Омерта ХХК-ийн захирлын 2019-08-11 өдрийн 2019/02 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу С.Саранг ажлаас халсан.
С.Саран 2019-07-19 өдрөөс 08 сарын 01 өдөр хүртэл ажил тасалсан, ажлаас хоцролт ихтэй, үйлчлүүлэгчдийн эсрэг удаа дараа зүй бус авирлаж, хэрүүл маргаан үүсгэж, ёс зүйгүй үг, үйлдэл гаргаж байсан.
Мөн шууд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэх зэргээр хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
Омерта ХХК-ийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2019/02 тушаалыг С.Саранд албан ёсоор танилцуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийж өгсөн бөгөөд нэхэмжлэгч тал хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг танилцуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь Омерта ХХК-ийн үйлчлүүлэгчтэй зүй бусаар харилцаж, үйлчлүүлэгчтэй маргалдаж, хэл амаар доромжилсон, хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ажил тасалсан, ажлын цаг баримталдаггүй байсан үйлдэл нь худалдааны зөвлөх С.Сарантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шууд үндэслэл болсон.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, мэтгэлцээн, нийгмийн даатгалын дэвтэр, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, ажлын цагийн бүртгэл, CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийг дүрсээр буулгасан дүрс зургууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Автомашины засвар үйлчилгээ эрхэлдэг хариуцагч Омерта ХХК нь нэхэмжлэгчтэй 2018-08-01 өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, түүнийг худалдааны зөвлөхөөр ажиллуулах, сард 500 000 төгрөгийн ажлын хөлс олгохоор тохирсон байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.4-ийн 5, 6, 13 дахь заалтуудыг нэхэмжлэгч зөрчин, 2019-07-20 өдрөөс 2019-07-30 өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж, үйлчлүүлэгчтэй зүй бусаар харьцсан, шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг 2019-08-11 өдрөөр цуцалсан байна.
Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд хамруулах 10 зөрчлүүдийг нэрлэн заасан байх бөгөөд эдгээр зөрчлөөс нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан зөрчлийг гаргасан гэж үзжээ.
Нэхэмжлэгч 2019-07-20 өдрөөс 2019-07-30 өдрийн хооронд ажилдаа ирээгүйг хариуцагч тал ажлын цагийн бүртгэлээр нотлохоор ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь энэ хугацаанд ажилдаа ирээгүйг хүлээн зөвшөөрч байгаа байх бөгөөд одоо жирэмсэн байгаа тухай түүний тайлбар нотлогдож байна.
Дээрх хугацаанд ажилдаа ирээгүй явдалд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохоо нэхэмжлэгч нотлох үүрэгтэй боловч нотлоогүй байна.
Хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.4 дэх хэсгийг баримталсан байна.
Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.4 дэх хэсэг нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцох, энэ үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачлан цуцлах асуудлыг зохицуулж байгаа байх бөгөөд энэ хэсгийн 5-д, ажлын байранд бусдыг хэл амаар доромжлох, заналхийлэх, цохих, зодох, биед нь гэмтэл учруулах зэргээр танхайрсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 6-д хэрэглэгч үйлчлүүлэгчийг үл хүндэтгэн хэрүүл маргаан, зодоон хийсэн, 13-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан гэсэн зөрчлүүдийг тусгасан байна.
Хариуцагчаас ирүүлсэн CD-д хуулсан ажлын байранд дахь камерийн бичлэгээр нэхэмжлэгч ажлын байранд үйлчлүүлэгчтэйгээ маргалдаж, хэрэлдэж байгаа үйл явдал болсон нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч жирэмсэн байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 , 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон