Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Иргэдийн төлөөлөгч М.Отгонмягмар, 

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Шүүгдэгч Д.Ганбаатар, түүний өмгөөлөгч Эрдэнэболор /ҮД: 0048/, шүүгдэгч Ц.Уламбаяр, түүний өмгөөлөгч Д.Дашдорж /ҮД: 2090/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн би Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бургууд овогт Цээпэлийн Уламбаяр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Должингийн Ганбаатар нарт холбогдох эрүүгийн 201625021750 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Увс аймагт төрсөн, 37 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48-120а тоотод оршин суудаг, 3 удаагийн ял шийтгэлтэй,

Увс аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 156 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 70.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Увс аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 53 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнссэн хянан харгалзсан,

Увс аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 149 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар өршөөгдсөн, Бургууд овогт Цээпэлийн Уламбаяр /РД:ОА79050212/,

         Монгол улсын иргэн, 1956 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 60 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 1.8 дугаар хороо Бэлхийн 46-96а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Бичээч овогт Должингийн Ганбаатар /РД:ТЕ56030511/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Ганбаатар нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ согтуурсан байх үедээ 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн орой 21-22 цагийн орчимд урьдны танил Ц.Уламбаяртай Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 46 дугаар гудамжинд тааралдан хувийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас харилцан маргалдан зодолдож улмаар түүний толгой тус газар нь чулуугаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Уламбаяр нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ согтуурсан байх үедээ 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн орой 21-22 цагийн үед урьдны танил Д.Ганбаатартай Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 46 дугаар гудамжинд тааралдан "аль намд саналаа өгөх гэж байна" гэж асуун сонгуулиас болж маргаан үүсгэж, барилцан авч харилцан зодолдон улмаар түүний толгой тус газар нь чулуугаар цохиж, зодон бие махбодид нь духны зүүн хөндийн гадна, дотно ялтас зүү нүдний ухархайн дээд хана, суурийн урд хонхрын шугаман хугарал, нүүр, толгойн хуйхны олон тооны шарх, дух, баруун зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ганбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…06 дугаар сарын 22 орой 10, 11 цагийн үед би Анхбаяртай гудамжинд таараад юм яриад байж байхад шүүгдэгч Ц.Уламбаяр ирээд бид 2-ыг тойрч яваад муухай, муухай хараад байхаар нь би чи яагаад муухай хараад байгаа юм гэхэд гэнэт намайг мөргөөд бид 2 газар унасан. Газар унаад бид 2 зууралдаад байж байхад Анхбаяр шүүгдэгч Ц.Уламбаярыг чи эцэг шигээ хүнийг яаж байгаа юм, тавиач гээд салгаж тавиулаад шүүгдэгч Ц.Уламбаярыг гэр рүү нь авч явсан. Манай ахыг 100-гаад метр байсан учир би ахындаа орох санаатай явсан боловч манай ахын хаалга түгжээтэй байхаар нь хашааны ёроолд толгойгоо бариад сууж байхад шүүгдэгч Ц.Уламбаяр гэнэт гарч ирээд чулуугаар цохиход би унасан. Намайг унахад шүүгдэгч Ц.Уламбаяр чулуугаараа цохиод байсан. Би хамгаалах гэж үзээд дийлээгүй. Тэгээд намайг цохичихоод яваад өгсөн. Би тэндээ хэсэг хэвтэж байгаад босож ирсэн. Намайг гудамжид хэсэг зогсож байхад машин ирээд 1 залуу дотроос нь ахаа та яасан бэ гэхэд нь би хүнд зодуулчихлаа ахыгаа манай охиныд хүрээд өгөөч гээд машинд суусан. Нөгөө машин буруу гудамж руу орсон байхаар нь охин руугаа утсаар ярих гэхэд утсан дээр цус гойжоод байхаар нь нөгөө залуугаар охин руугаа яриулсан. Тэгээд намайг хүргэж өгсөн. Охин маань намайг найз охинтойгоо сугадаж оруулсан. Ороод цусаа угаах гэхэд тогтож өгөхгүй байхаар нь түргэн дуудсан гэв.

Хохирогч Д.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би гомдолтой байгаа. Би толгойруугаа цохиулаад эрүүл мэндээрээ хохирч байна. Би 1.500.000 төгрөгийн хагалгаанд орсон. Ор хоногийн мөнгө 40.000 төгрөг болсон. Нийт 1.900.000 төгрөгийн хохирол гарсан. Энэ нь эмчилгээний зардал байгаа гэв.

 

Шүүгдэгч Д.Ганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…ер нь бол
би тэрэнтэй ярьж маргалдаагүй, наана Анхбаяртай ярьж байхдаа ирээд муухай
муухай хараад байхаар нь би "яагаад муухай хараад байгаа юм гэсэн чинь
Ц.Уламбаяр шууд ирээд миний дух руу 1 удаа мөргөсөн...Бид нарыг эхэлж
маргалдахад манай гудамжинд амьдардаг Анхбаяртай байсан. Сүүлд хашааны харанхуй буланд сууж байхад Уламбаяр араас гэнэтхэн гарч ирээд чулуугаар цохиод байсан. Тэр үед гудамжинд ямар нэгэн хүн байгаагүй. Уламбаяр согтуу байсан ямар хэмжээний согтолттой байсныг мэдэхгүй. Түүнд учирсан гэмтэл бид 2 хоорондоо ноцолдож байхад учирсан гэж бодож байна. Би Уламбаярыг дахин ирж байгааг харсан, тэгээд гэнэтхэн гарч ирээд хурц ирмэгтэй чулуугаар миний толгой руу цохихоор нь би газар унасан чинь миний дээр Уламбаяр гараад чулуугаараа олон удаа миний толгой руу цохиод байхаар нь би гараараа хамгаалах гээд чадаагүй юм. Уламбаяр бид 2 олон жил нэг гудамжинд амьдарч байна…” гэсэн мэдүүлгээр /хх 33-36 дугаар хуудас/,

 

               Хохирогч Д.Ганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Тэгээд Уламбаяр миний дээр гараад чулуугаар миний толгой руу цохиод байсан. Тэгээд толгойноос цус гараад байсан. Ц.Уламбаяр намайг зодчихоод босоод яваад өгсөн. Би цусаа гоожуулаад зогсож байхад нэг машин ирээд " та наашаа суучих гэхээр нь би уг машинд орж суугаад охиныхоо гэрийг зааж өгсөн, машинд суугаад явж байхдаа өөрийнхөө утсаар охин руугаа ярьсан чинь манай гэрт байна гэж хэлэхээр нь би нөгөө машинтайгаа гэр лүүгээ хүргүүлсэн. Гэртээ ирээд би цусаа угаагаад тогтоох гэсэн чинь тогтохгүй байхаар нь би түргэн дуудсан. Тэгээд түргэн удалгүй ирээд намайг аваад явах гэж байхад Уламбаяр гудамжинд зогсож байсан. Тэгээд би түргэний машинд суугаад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд 2016 оны 07-р сарын 04-ний өдрийг хүртэл эмнэлэгт хэвтээд гарсан. Ц.Уламбаяр бид 2 маргалдаагүй. Анхбаяр бид хоёрыг юм яриад зогсож байхад ирээд муухай хараад байхаар нь би юундаа муухай харсан юм гэж хэлэхэд үгийн зөрүүгүй ирээд мөргөсөн. Бид 2 өмнө нь муудалцаж байгаагүй. Уг гэмтлүүдийг Ц.Уламбаяр тухайн үед чулуугаар цохиж учруулсан. Ц.Уламбаярын гэмтлүүдыг хэн учруулсныг мэдэхгүй байна. Би гомдолтой байна, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсонд гомдолтой байна…” гэсэн мэдүүлгээр /хх 11 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Уламбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 06 дугаар сарын 22-ны орой би хүний машин янзалчихаад явж байхад шүүгдэгч Д.Ганбаатар, Анхбаяр нар гудамжинд зогсож байсан. Тэгээд намайг хаагуур явж байгаа юм бэ гэж асуухад нь би хүний машин янзалчихаад явж байна гэхэд шүүгдэгч Д.Ганбаатар ах аль нам гарна гэж бодож байна гэхээр нь би аль ч нам гарсан яахав дээ, та бид 2-т ямар хамаа байхав гэхэд шууд намайг үсдээд авахаар нь би мөр рүү нь мөрлөхөд намайг хавирч унагаагаад миний дээр гараад цохиод эхлэсэн. Тэгээд би тавиулах гээд доороос нь Ганбаатар ахын нүүрэн хэсэгт нь 2 удаа цохисон. Тэгээд босоод ирэхэд Анхбаяр ах намайг салгаад намайг гэрт хүргэж өгсөн. Би гэртээ байж байхад 12 цагийн үед цагдаа нар ирээд намайг авч явсан гэв.

Хохирогч Ц.Уламбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Миний хамар гуншаа болсон. Дээрээс нь цагдаагийн хэлтэс дээр хэдэн сар байцаагдсан учир ажилгүй болсон. Мөн эхнэр салаад явсан. 2 нялх хүүхэдтэй хэцүү байна. Би хамартаа хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Миний толгой, хамар гэмтсэн. Үүнийгээ 3 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Тэгээд намайг хамартаа хагалгаанд орох шаардлагатай гэсэн ч төлбөрийн чадваргүй учир хагалгаанд орж чадаагүй. Би хамартаа гэмтэл авч байсан гуншиж ярьдаггүй байсан. 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Ганбаатараас нэхэмжилж байна…” гэв.

 

Шүүгдэгч Ц.Уламбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 06-р сарын 22-ны өдрийн 22:00 цагийн үед гэр лүүгээ харих гээд явж байхад Ганбаатар ах намайг "хаагуур явав" гэж асуухаар нь би "хүний машин янзалчихаад явж байна" гэж хэлсэн чинь Ганбаатар ах надаас "аль нь гарна гэж бодож байна" гэж асуухаар нь би "аль нам ч гарсан яахав дээ та бид хоёрт ямар хамаа байнаа" гэж хэлсэн чинь Ганбаатар ах "чи ардчилсан намын хүн биз дээ" гэж хэлэхэд нь би "юу яриад байгаа юм ,би нам бус хүн, би сонгуульд явсан шдээ" гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь Ганбаатар ах миний толгойн дээрээс шууд үсдэж аваад татахаар нь би өөрөө мөр лүү нь очоод мөргөсөн чинь Ганбаатар ах намайг хавираад унагасан....” гэсэн мэдүүлгээр /хх 37-39 дүгээр хуудас/,

 

      Хохирогч Ц.Уламбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...тэгээд намайг газар унасан байхад Ганбаатар ах миний дээр гарчихсан миний толгой руу чулуугаар цохичих шиг болсон дараа нь гараараа нүүр рүү цохисон. Тэгээд би доороос нь Ганбаатар ахыг тавиулах гэж гараараа дух руу нь 2 удаа цохиход хамт байсан Анхбаяр Ганбаатар ахыг миний дээрээс татаж босгоод намайг гэр рүү дагуулж яваад манай гэрийн хашааны үүдэнд хүргэж өгсөн, тэгээд гэртээ байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Бид хоёрын хоорондох маргаан сонгууль болон намаас болж маргалдсан, тухайн үед би Ганбаатар, Анхбаяр нартай цуг байсан. Ганбаатар ах нилээн согтуу байсан. Анхбаяр бол эрүүл байсан. Ганбаатар ах миний толгой руу чулуугаар, хамар руу гараараа цохиж гэмтэл учруулсан. Би Ганбаатараас өөр хүнтэй маргалдаагүй. Бид нарын хооронд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Маргалдахдаа зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Миний биеийн байдал хамар битүүрээд, толгой өвдөөд байгаа, өөр гэмтэл байхгүй. Адилхан цохиулсан гомдолтой байна ...” гэсэн мэдүүлгээр /хх 13 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Анхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ...Би сар өдрөө санахгүй
байна ямар ч байсан сонгуулийн өмнө байсан. Би Ганбаатар ахтай тааралдаад удаагүй байхад нэг гудамжинд байдаг Уламбаяр бид 2 дээр согтуу ирсэн. Уламбаяр ирээд Ганбаатар ах руу муухай хараад тойроод үгээр өдөөд эхлэхэд нь би Уламбаярыг яв гэж хэлэхэд яваагүй. Тэгээд шууд Ганбаатар ах Уламбаяр нар хоорондоо заамдалцаад Уламбаяр Ганбаатар ахыг хальт мөргөх шиг болоод хоёулаа газар унасан. Ганбаатар ах Уламбаярын дээр нь гарчисан 2 гар нь зулай хэсгийн үснээс нь зулгаасан Уламбаяр нь доор нь орчихсон Ганбаатар ахыг заамдаад барьчихсан байсан. Тэгээд гартаа барьж байсан тортой юмаа тавиад очоод дундуур нь орж салгах гэхэд салахгүй байхаар нь би Ганбаатар ахыг 1 гарнаас нь татаад нөгөө гараараа Уламбаярын гарнаас нь татаж салгахад Уламбаяр газраас чулуу аваад босож ирээд Ганбаатар ах руу дайраад толгой руу нь чулуутай гараараа цохих шиг болсон. Хаана нь цохисоныг нь мэдэхгүй байна нүүрэнд нь лав цохиогүй. Уламбаярыг цохих гэж байхад нь би гарыг нь барьж чулууг нь булааж аваад өөр тийшээ шидээд Уламбаярыг бариад авсан. Ганбаатар ах руу дайрах гээд байхаар нь би шууд л дагуулаад гэрийнх нь үүдэнд очоод би "гэртээ ор" гэж хэлэхэд Уламбаяр би одоо өөрөө орчихъёо та яв гэж хэлсэн. Тэгээд би буцаад ирсэн замаараа маргаан болсон газраа ирхэд Ганбаатар ах байхгүй байхаар нь би шууд Бэлхийн хуучин эцэс рүү хүүхдүүд рүүгээ явсан. Ганбаатар ах Уламбаяр нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, өөрсдийн хийж байгаа үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байсан. Маргалдахдаа зэвсгийн зүйл хэрэглээгүй, харин Уламбаяр газраас босож ирэхдээ чулуу барьж босож ирээд Ганбаатар ахыг цохих шиг болсон, би дахиад очихдоо Ганбаатартай уулзахад Уламбаяртай дахиж хоорондоо маргалдсан гэсэн. Уламбаяр ч гэсэн надад тэгж хэлсэн…” гэсэн мэдүүлгээр, /хх 14 дүгээр хуудас/,

Гэрч Т.Оюунбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 21:30 цагийн үед найз Баасанжаргалын хамт гэрт нь очсон..Бид хоерыг очоод удаагүй байтал утас дуугарч нэг эрэгтэй хүн яриад байсан, тэгээд Баасанжаргал намайг манай аавын гэрлүү яваад ирье гэж хэлсэн.Тэгээд бид хоер гэрээс гараад аавынх нь гэрлүү алхаад явж байхад дүү Баянжаргалын хашааны хаалгыг нэг хүн нүдээд зогсож байхаар нь Баасанжаргал түрүүлж очоод “яагаад айлын хаалга нүдээд зогсож байгаа юм" гэж асуухад гартаа юм барьчихсан эрэгтэй хүн аавыг нь асуухад Баасанжаргал манай аав хүнд зодуулсан байна, манай аав хаана байна гэж асуухад тэр хүн дуугарахгүй хашааны булан тойроод явсан. Тэгээд Баасанжаргал бид хоёр аавынх нь гэрт ороход гэрт хүн байхгүй байсан. Тэгээд хүлээгээд зогсож байхад доороос саарал өнгийн приус маркийн автомашин ирж зогссон. Тэгээд Баянжаргал хаалгыг нь онгойлгоход аав нь жолоочийн хажуу талын суудал дээр суучихсан нүүр ам нь нил цус болчихсон байхаар нь Баасанжаргал өргөж гэр рүү нь дөхүүлж хашаа руу оруулсан. Тэгээд Баасанжаргал аавтайгаа түрүүлээд би араас нь ороход аавыгаа тонгойлгож цусыг нь угааж байсан. Тэгээд цус нь тогтохгүй байхаар нь би толгой дээр нь юм тавь гэхэд толгой дээр нь даавуу тавьсан. Тэгээд Баасанжаргал 103 дугаар руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд Баасанжаргал бид нар аавыг нь сугадаж өргөөд түргэний машинруу оруулсан, тэгэхэд нэг хүүхэн нөхөртэйгээ машины хажууд зогсоод нөхөр нь гартаа юм барьчихсан Ганбаатар ах руу дайраад байхаар нь эхнэр нь хориод хашааны булан тойроод явсан. Баасанжаргал бид хоерыг аавынх нь гэр рүү явж байхад дүүгийнх нь хашааны хаалгыг нүдээд гартаа юм барьчихсан зогсож байсан эрэгтэй хүн түргэний машинтай явах гэж байхад дайраад байсан хүн мөн байсан... гэсэн мэдүүлгээр /хх 100-101 дүгээр хуудас/,

                 Гэрч М.Бямбажав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би тэр өдрийн 20.30 үед гэртээ нөхрийгөө үлдээгээд охин Баасанжаргалынд очсон. Би Ганбаатарыг эмнэлэгт сахисан. Тэгээд хэд хоногийн дараа бид хоёрыг эмнэлгээс гараад ирсэн байхад Уламбаяр ах дүү нартайгаа орж ирээд сөгдөж гуйгаад уучлаарай гээд уйлаад хохиролыг чинь барагдуулна гэхээр нь бид нар хохирол барагдуулчихвал гомдолгүй гэж хэлсэн юм. Тэрнээс хойш хэд хэдэн удаа манайхаар орж ирж байсан.Тэгээд наадмаас хойш алга болчихоор нь ах дүү нараас нь асуухад
хашаагаа зараад хөдөө явчихсан, өөрөө хотод ах дүү нараараа явж байгаа гэж
хэлсэн…” гэсэн мэдүүлгээр /хх 102 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн үзлэг хийсэн №8813 тоот дүгнэлт

                1. Д.Ганбаатарын биед духны зүүн хөндийн гадна, дотно ялтас зүүн нүдний ухархайн дээд хана, суурийн урд хонхорын шугаман хугарал,нүүр,толгойн хуйхны олон тооны шарх, дух, баруун зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй гэжээ /хх 23 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн үзлэг хийсэн №8990 тоот дүгнэлт

      1. Ц.Уламбаярийн биед тархи доргилт, толгой орой хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй . /хх 25/

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...эд мөрийн баримтаар хураагдсан чулууг хэрэгт хавсаргахаар тогтов...” гэжээ. /хх 9 дүгээр хуудас/

 

Гэрч П.Анхтуяагийн мэдүүлэг /хх 16, 149/, Т.Заяагийн мэдүүлэг /хх 17/, Ц.Дулмаагийн мэдүүлэг /хх 18/, Г.Сансармаагийн мэдүүлэг /хх 19/, Г.Баянбаатарын мэдүүлэг /хх 20, 22/, шинжээч О.Болормаагийн мэдүүлэг /хх 21/, Д.Ганбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 41/, ял шийтгэл шалгасан хуудас /хх 42/, Д.Ганбаатарын өвчний түүх /хх 46-54/, Д.Ганбаатарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 55-59/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 70/, Ц.Уламбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 71/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 72/, ял шийтгэл шалгасан хуудас /хх 73/, Ц.Уламбаярын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 74-81, 155-160/, шинжээч А.Амгаланболдын мэдүүлэг /хх 96/, ¹1265 дугаар шинжээчийн давтан дүгнэлт, ¹1264 дүгээр шинжээчийн давтан дүгнэлт, Д.Ганбаатарын эмчилгээний зардлын тооцоо /116-117/, Ц.Уламбаярын эмчилгээний зардлын тооцоо /хх 121-127/,  гэрэл зургийн үзүүлэлт /хх 151-152/, гэрлэлтийн лавлагаа /хх 162/, түргэн тусламжын дуудлагын хуудас /хх 167/, Ц.Уламбаярын өвчний түүх /168-173/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 174/

 

Шүүх хуралдаанд хохирогч Д.Ганбаатараас эмчилгээний зардал болох 5 хуудас материал зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Уламбаяр  нь согтуурсан байх үедээ урьдны танил Д.Ганбаатартай гудамжинд тааралдан "аль намд саналаа өгөх гэж байна" гэж асуун сонгуулиас болж маргаан үүсгэж, барилцан авч харилцан зодолдон улмаар түүний толгой тус газар нь чулуугаар цохиж, зодон бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн ¹8813, ¹8890 дүгээр дүгнэлтүүд, хохирогч Д.Ганбаатарын мэдүүлэг, гэрч Т.Анхбаяр, Т.Оюунбилэг, М.Бямбажав нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

 Шүүгдэгч Д.Ганбаатар нь согтуурсан байх үедээ 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн орой 21-22 цагийн орчимд урьдны танил Ц.Уламбаяртай гудамжинд тааралдан хувийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас харилцан маргалдан зодолдож улмаар түүний толгой тус газар нь чулуугаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шинжээчийн ¹8813, ¹8890 дүгээр дүгнэлтүүд, хохирогч Ц.Уламбаярын мэдүүлэг, гэрч Т.Анхбаяр, Т.Оюунбилэг, М.Бямбажав хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдлүүд нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ц.Уламбаяр нь шүүгдэгч Д.Ганбаатартай сонгуулиас болж маргалдаж чулуугаар толгой тус газар нь цохиж зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулжээ.

 

Шүүгдэгч Д.Ганбаатар нь шүүгдэгч Ц.Уламбаяртай сонгуулиа хэнд өгөх гэж байна чи ардчилсан нам биздээ гэж маргалдан толгой тус газар нь чулуугаар цохиж зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Уламбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Ганбаатарыг бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Шүүгдэгч Ц.Уламбаярт Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, шүүгдэгч Д.Ганбаатар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн мөн хөнгөн  хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Уламбаяраас 1.708.310 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ганбаатар, шүүгдэгч Д.Ганбаатараас 261.793 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Уламбаярт олгохоор шийдвэрлэлээ.

Цаашид хохирогч Д.Ганбаатар өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ц.Уламбаяр, Д.Ганбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Бургууд овогт Цээпэлийн Уламбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бичээч овогт Должингийн Ганбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Д.Ганбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Ганбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цээпэлийн Уламбаярыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уламбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уламбаяраас 1.708.310 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 46-р гудамжны 96а тоотод оршин суух хохирогч Должингийн Ганбаатарт олгож, шүүгдэгч Д.Ганбаатараас 261.763 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо 48-р гудамжны 120а тоотод оршин суух хохирогч Ц.Уламбаярт олгосугай.

хохирогч Д.Ганбаатар шаардлагатай гэвэл цаашид эмчилгээний зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Д.Ганбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Уламбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ганбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Уламбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН

 

               ШҮҮГЧИД                                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ

 

        Б.МӨНХ-ЭРДЭНЭ