Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0179

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Р л” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “М ш” ХХК, Б.Анар,

Маргааны төрөл: Газрын тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Х нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р л” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Шинээр захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Р л” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 5770 м.кв газрын эзэмших эрхийг сэргээхийг даалгах, Газрын тухай хуульд заасан “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч Р л” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/676 дугаар захирамжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах, 5008 м.кв газрыг 6.11 жилийн хугацаатай, орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлжээ.

Улмаар “Р л” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 01/16/29 тоот албан бичгээр Нийслэлийн газрын албанд эзэмших буй газрын хэмжээг 765 м.кв-аар нэмэгдүүлэх хүсэлт гаргасны дагуу  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар 5770 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгч Р л” ХХК гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ Манай компанийн эзэмшил бүхий газартаа Монгол Улсын иргэн Б.Ань хил залгаа газар эзэмшдэг. Бидний хооронд газар эзэмших эрхийн, тодруулал хил залгаа газрын орц, гарцтай холбоотой маргаан үүссэн ба уг маргааныг шийдвэрлүүлэх зорилгоор Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасны дагуу  “өөрийн эзэмшил бүхий газраасаа 99.9 м.кв газрыг иргэн Б.А-ийн орц, гарцыг шийдвэрлэх зорилгоор гарган өгөх саналтай бөгөөд уг газрын эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг “С” ХХК-аар хийж гүйцэтгүүлж, үүний дагуу талуудын хооронд үүсээд буй орц, гарцын маргааныг шийдвэрлэж өгөхийг хүсэж” хүсэлт гаргасан. Гэтэл энэхүү асуудлыг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгааг Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг эс хүлээн зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.  

2/ Мөн Нийслэлийн Засаг даргад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 03 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.4, 6.3.1-д тус тус заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр нэхэмжлэгч Б.А-ийн эзэмшлийн газрын орц, гарцыг нээсэн дахин шинэ акт гаргахыг даалгасан боловч уг шинээр акт гаргах үүргээ биелүүлэлгүй эс үйлдэхүй гаргасаар байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3/ Иргэн аж ахуй нэгж хооронд газар эзэмших эрхийн асуудлаар үүссэн асуудлыг шийдвэрлэхийг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн шатны Засаг даргад шийдвэрлэхийг үүрэг болгосон байхад иргэн Б.А болон манай компанийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргээ Нийслэлийн Засаг дарга тодорхой шалтгаангүйгээр биелүүлэхгүй байна. Үүнээс шалтгаалан бид тухайн газар эзэмших эрхээ зориулалтын дагуу хэрэгжүүлж чадахгүй нөхцөлд хүрээд байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Р л” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан хүрээнд газрын тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах талаар иргэн аж ахуй нэгж байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үүнийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргасан. Гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлийн хүрээнд гаргаж байна. “Р л” ХХК нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамжаар 5770 м.кв газрыг эзэмшиж, тус газарт Циркус резиденс цогцолбор төслөө хэрэгжүүлэхээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Дээр дурдсан эзэмшил газарт Монгол Улсын иргэн Б.А нь хил залгаа газар эзэмшдэг. Бидний хооронд газар эзэмших эрхийн буюу тодруулбал хил залгаа газрын орц гарцтай холбоотой маргаан үүссэн ба уг маргааныг шийдвэрлүүлэх зорилгоор Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу өөрийн эзэмшил бүхий газраасаа 99,9 м.кв газрыг иргэн Б.А-ийн орц, гарцыг шийдвэрлүүлэх зорилгоор гарган өгөх саналтай байсан бөгөөд уг газрын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг тусгай зөвшөөрөл бүхий С ХХК-иар хийж гүйцэтгүүлж, үүний дагуу талуудын хооронд үүсээд байгаа орц, гарцын маргааныг шийдвэрлэж өгөхийг хүсэж , хуульд заасан эрх хэмжээнийх нь хүрээнд Нийслэлийн Засаг даргад хүсэлтээ гаргасан. Энэхүү асуудлыг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй Нийслэлийн Засаг дарга нь эс үйлдэхүй гаргасан байгаа учраас үүнийг эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Мөн Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан газрын харилцаа геодези газар зүйн 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.4, 6.3.1-т заасан тус тус ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр нэхэмжлэгч Б.А-ийн эзэмшлийн газрын орц, гарцыг нээсэн. Дахин шинэ акт гаргахыг шүүхээс даалгасан боловч уг шинээр акт гаргах үүргээ мөн биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэд аж ахуй нэгж хооронд газар эзэмших эрхийн асуудлаар үүссэн маргааныг шийдвэрлэхийг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу тухайн шатны Засаг дарга шийдвэрлэхийг хуулиар үүрэг болгосон. Гэтэл иргэн Б.А болон нэхэмжлэгч "Р л" ХХК-ийн хооронд үүссэн газрын орц, гарцтай холбоотой маргааныг шийдвэрлэх үүргээ тодорхой шалтгаангүйгээр биелүүлэхгүй байна. Иргэн Б.А болон нэхэмжлэгч “Р л” ХХК-ийн хооронд үүссэн газрын орц, гарцтай холбоотой маргаан гэж томьёолоод байгаа юм биш. Өмнө нь 3 шатны шүүхээр талуудын хооронд орц, гарцтай холбоотой маргаан байсаар байтал нэг талын саналыг авахгүйгээр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын үйлдэл өөрөө хууль бус байгаа учраас энэ үйлдлээ зөвтгөж шинээр захиргааны акт гаргахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад бас энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл үндэслэлтэй болохыг томьёолж байна. Тийм учраас Газрын тухай хуульд заасан газар ашиглах талаар иргэн аж ахуй нэгж байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үүнийг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү. Өнөөдрийн байдлаар “Р л” ХХК нь Нийслэлийн Засаг даргад гаргасан хүсэлтдээ хавсаргасан солбицлын дагуу иргэн Б.А-ийн орц, гарцыг шийдвэрлэсэн байгаа гэдгээ нэмж хэльегэв. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/676 дугаар захирамжаар “Р л” ХХК-д Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5008 м.кв, орон сууц, үйлчилгээний зориулалттай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн М.Т-аас шилжүүлэн авсан.

2/ Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар “Р л” ХХК-ийн дээрх газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж, 5770 м.кв болгон орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

3/ Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 400 дугаар тогтоолын дагуу “Р л” ХХК-д 2017 онд талбайн хэмжээг нэмэгдүүлсэн захирамжийг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.

Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш дахин шинэ акт гараагүй тул тус тогтоолын дагуу “Р л” ХХК-д 762 м.кв газар нэмж эзэмшүүлсэн 2017 оны нийслэлийн Засаг даргын А/58 дугаар захирамж хүчингүй болсон тул, 5008 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлэх болсныг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/3105 дугаар албан бичгээр мэдэгдсэн болно.

Үүний дагуу ямар нэгэн эс үйлдэхүй байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5/ Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагууд өөр хооронд зөрчилдөж байна, нэхэмжлэгч 5,770 м.кв хэмжээгээр эзэмшихээр даалгах шаардлага гаргасан нь шаардлага хангагдсанаар ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна. Маргаан бүхий газар нь нийтийн эзэмшилд шилжсэн газар учраас “Р л” ХХК, “М ш” ХХК, Б.А-ын хооронд одоо маргах зүйлгүй тул нэхэмжлэлийн эхний шаардлагыг гаргах урьдчилсан үр дагавар үүсээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 сарын 03 өдрийн А/58 дугаартай захирамжаар “Р л” ХХК эзэмшиж байсан бөгөөд АЈ58 дугаартай захирамжийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 26 өдрийн 128/ШШ2020/0364 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 сарын 21 өдрийн 505 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 сарын 02 өдрийн 400 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэж дууссан. Шүүх шийдвэрлэхдээ “А/58 дугаартай захирамжаар “Р л” ХХК-д газар нэмж олгохдоо хариуцагч нь хууль журмаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хээрийн судалгаа хийгээгүй, газрын давхцал, орц гарцыг тодруулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй нь нэхэмжлэгч Б.А, “М ш” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж үзээд А/58 дугаартай захирамжаар “Р л” ХХК-д 2 хэсэг газарт 762 м.кв газар нэмж олгосныг 4 сарын хугацаатай түдгэлзүүлж, уг хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд А/58 дугаартай захирамжийг хүчингүй болсонд тооцсугай гэж шийдвэрлэсэн. Уг сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 сарын 03 өдрийн А/58 дугаартай захирамжийн нэмж олгосон хэсэг хүчингүй болж тус газар одоо нийтийн эзэмшилд шилжсэн болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх бол бүгдээрээ энэ маргаан юу болсныг мэдэж байгаа. Р лХХК бол газрыг Нийслэлийн Засаг даргын А/58 дугаар захирамжаар эзэмшиж байсан. Энэ захирамжийг бол “М ш” ХХК болон Б.А-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг үүсээд, “Р л” ХХК гуравдагч этгээдээр ороод шүүхээс 4 сарын хугацаатай захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлээд, дахиад шинэ акт гаргахыг даалгасан. Дахин шинэ акт гаргалгүйгээр тухайн захирамжийн нэмж олгосон хэсэг нь хүчингүй болоод одоо газрын хойд талд байгаа газар нийтийн эзэмшилд шилжсэн байгаа. Тэгэхээр нийтийн эзэмшилд шилжсэн байгаа учраас талуудын хооронд үүссэн маргаан байхгүй. Манай ч газар биш, нэхэмжлэгчийн ч газар биш байгаа. Үүн дээр газар эзэмшигч биш этгээдүүд өөрийн газар эзэмших эрхтэй холбоотой маргаан үүснэ гэсэн логик бол байхгүй. Тэгэхээр Газрын тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах, иргэн аж ахуй нэгж байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлүүлэх гэж байгаа. Тэгэхээр эзэмшигч, ашиглагч нарын хооронд үүссэн асуудал байвал шийдвэрлэж болох юм. Энэ газар нэгэнт нийтийн эзэмшилд шилжсэн, эзэмших, ашиглах эрх байхгүй байх тул одоогоор бол манай талаас маргасан зүйл байхгүй. Маргаан гэдэг бол хоёр талын оролцоотой маргаж байгаа асуудал байх ёстой. Гуравдагч этгээд талаас энэ маргааныг дахиад шийдвэрлэж өгөөч гэж Нийслэлийн Засаг даргад ямар нэгэн асуудал тавигдаагүй. Шүүхээр нэгэнт шийдэгдсэн асуудал учраас хариуцагчийн төлөөлөгчийн хэлснээр эс үйлдэхүй бол байхгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Шинээр захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Р л” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 5770 м.кв газрын эзэмших эрхийг сэргээхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хүсэлтийн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх  эрхтэй”,  мөн  хуулийн  66  дугаар  зүйлийн  66.1-д “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-д “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

2. Газрын тухай хуульд заасан “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэгч Р л” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/676 дугаар захирамжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах, 5008 м.кв газрыг 6.11 жилийн хугацаатай, орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлжээ.

Улмаар “Р л” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 01/16/29 тоот албан бичгээр Нийслэлийн газрын албанд эзэмших буй газрын хэмжээг 765 м.кв-аар нэмэгдүүлэх хүсэлт гаргасны дагуу  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар 5770 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2. Харин Гуравдагч этгээд “М ш” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар захирамжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах, 6520 м.кв газрыг 60 жилийн хугацаатай, үйлдвэрлэлийн зориулалтаар,

2.3. Гуравдагч этгээд Б.А-т Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 462 дугаар захирамжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах, 1167 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар тус тус эзэмшүүлжээ.

2.4. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар газрын хэмжээг 5770 м.кв болгож нэмэгдүүлэхдээ гуравдагч этгээд Б.А-ийн газрын орц гарцыг хаасан болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн № 2/986 тоот албан бичгийн хавсралт, агаар сансрын зураг, шүүхийн үзлэг зэргээр нотлогддог.

2.5. Тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 364 дүгээр шийдвэрээр “М ш” ХХК, Б.А-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн гуравдагч этгээд “Р л” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010650 дугаартай, өмчлөх эрхийн 000096688 дугаар гэрчилгээтэй цахилгааны дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 175 м.кв газрыг “М ш” ХХК-д эзэмших эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 175 м.кв газрыг “М ш” ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 505 дугаар магадлалаар  шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 400 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэсэн.

2.6. Нэхэмжлэгчээс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 21/03 тоот албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 21/04 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад, гуравдагч этгээд Б.А-ээс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргад, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргад тус тус маргаан бүхий газартай холбоотой өргөдөл, хүсэлт гаргаж байсан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/3105 тоот албан бичгээр нэхэмжлэгчид, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/3072 тоот албан бичиг, мөн албаны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03-06/5562 тоот албан бичгээр гуравдагч этгээд Б.А-т тус тус хариу хүргүүлжээ.    

2.7. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтэй бөгөөд уг асуудлаар болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хариуцагчид болон түүний хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандсан байна.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ” гээд 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” гэжээ.

 Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэжээ.

 2.8. Хариуцагчаас дээрх шүүхийн хүчин төгөлдөр тогтоол, магадлал, шийдвэрт дурдсан хэргийн нөхцөл байдлыг тодруулах, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гаргасан хүсэлт, өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасны улмаас тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.

2.9. Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн засаг дарга нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гаргасан, шинээр захиргааны акт гаргуулах хүсэлтийг хүлээн авч улмаар талуудын төлөөллийг байлцуулан уулзалт зохион байгуулсан атлаа маргааныг нэг мөр шийдвэрлэж эцэслээгүй, “шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гараагүй тул маргаан бүхий газар нийтийн эзэмшил болсон...” гэж тайлбарлаж буй нь хуульд нийцэхгүй.

2.10. Учир нь газрын харилцаа зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах учиртай бөгөөд тухайн газрыг нийтийн эзэмшилд авах талаар эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр /иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол/ гараагүй, нөгөөтэйгүүр уг газар нь хуучнаар М Ш үйлдвэрийн хашаалсан газарт хамаарах бөгөөд шинээр талбайн хэмжээг өргөтгөөгүй, зөвхөн тухайн хашаалсан талбайн доторх өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалттай холбоотойгоор гаргасан хүсэлт өргөдлийг зохих журмаар шийдвэрлээгүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ: 1/гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах; 5/төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх”. гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, 3/ өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх; 4/өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах; гэж заасныг болон мөн хуулийн 13 дугаар зүйлийн 3-д “өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын оролцоог хангаж, тэдгээрийн өргөдлийг шийдвэрлэх нь уг маргааныг эцэслэх, дахин уг асуудлаар маргаан гарахаас урьдчилан сэргийлэхээс гадна, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнд хамаарах газрыг хүсэл зоригийнхоо дагуу ашиглахад ач холбогдолтой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.1 заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч "Р л" ХХК-ийн “Шинээр захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Р л” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 5770 м.кв газрын эзэмших эрхийг сэргээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

3. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 3, 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус туус заасныг баримтлан “Р л” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,Газрын тухай хуульд заасан “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг” хариуцагчид  даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгнөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

   

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ