Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 201

 

Б.Т-т холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцлээр Б.Т-т холбогдох эрүүгийн 1909042731527 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б.Т-, 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мужаан ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

             Б.Т- нь 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Атлас 19” нэртэй байрны гадна “Найз нартай дахин уулзуулсангүй” гэх шалтгааны улмаас хамтран амьдрагч Ц.Ундрамыг зодож эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, хоолой, баруун шилбэнд цус хуралт, шалбаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.            

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-т торгох ял оногдуулахдаа уг ялыг шийтгэх тогтоол хүчин Т- болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин Т- болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор ... торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.”, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин Т- болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэсэн заалтуудын агуулгаар 90 хоногоос 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтооно гэдгээр ойлгож хэрэглэхээр тогтсон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулиар торгох ялыг биелүүлэх хугацааны доод хязгаарыг тогтоож өгөөгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн зарчимд харшлахгүй бөгөөд тусгайлан зохицуулсан хуулийн хугацаанаас богино хугацаагаар торгох ялын биелэлтийг тогтоож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхээр байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.Т- нь 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 23 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Атлас 19” нэртэй байрны гадна “Найз нартай дахин уулзуулсангүй” гэх шалтгааны улмаас хамтран амьдрагч Ц.Ундрамыг зодож эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, хоолой, баруун шилбэнд цус хуралт, шалбаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Ц.Ундрам нь “...орой 23 цагийн үед нөхөр Т-ийн найз Нямка нь автомашинаараа гэрийн гадна хүргэж өгөөд явсан. Тэгсэн чинь нөхөр Т- нь “Манай найз залуу руу залгаж юм ярьсан” гээд надтай маргалдсан. Хэрүүл хийж байснаа миний нүүрэн тус газар гараараа мангасдаж газарт унагаасан. Тэгэхээр нь газраас босч ирээд Т-ийн нүүрэн тус газар алгадсан чинь намайг заамдаж авснаа толгойгоор минь автомашины шил мөргүүлж, газарт шидэж унагаагаад хоолойноос багалзуурдсан. ...” /хх 16-17/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

- шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...эхнэр Ундрамд “Найз Нямкагийн гэрт хүүхдээ дагуулаад хамт очъё” гэж хэлтэл “Чи дандаа найзуудаа гэдэг” гээд уурлаж надтай маргалдсан. Нямка нь “Гэртээ харьлаа” гээд эхнэр бид хоёрыг буулгачихаад явсан. Тэгтэл Ундрам нь хэрүүл хийж байснаа миний нүүрэн тус газар нэг удаа алгадаад авахаар нь зөрүүлээд түлхэж газарт унагаасан. Эхнэр газраас босч ирээд над руу дахин дайрахаар нь хоолой тус газар нь гараараа бариад түлхэхэд тэнд зогсож байсан автомашины арын багаж хэсгийг толгойгоороо мөргөж газарт унасан. ...” /хх 6-7/ гэсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 13399 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 26/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед, яллагдагч Б.Т-ийн зүгээс өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба хохирогч Ц.Ундрам нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй тухай хүсэлтээ бичгээр гаргасныг үндэслэн прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд хэргийн зүйлчлэл, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг түүнд танилцуулан зөвшөөрлийг гарын үсгээр баталгаажуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүх яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар бичсэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Т-ийг тухайн зүйл, хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлүүдэд заасан “Эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх журам”-ыг үйл ажиллагаандаа баримталсан байна.

Харин, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан уг торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоосон нь буруу болжээ.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин Т- болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин Т- болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан тул шүүх шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд торгох ял биелүүлэх хугацааг 90 хоногоос багаар тогтоож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж болохгүй.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тохирсон байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг шүүх шүүгдэгчийн төлбөрийг нөхөн төлөх чадварт нийцүүлэн хуульд зааснаас өөрөөр тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон шинэлэг зохицуулалт юм.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин Т- болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзнэ.

Мөн торгох ял биелүүлэх хугацааг шүүхийн шийдвэр хүчин Т- болсноос хойш тоолохоор хуульчилсан байхад дээрх байдлаар хугацаа тогтоосон нь биелэгдэх боломжийн талаар зөрчилтэй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...2 /хоёр/ сарын хугацаанд...” гэснийг “...3 /гурав/ сарын хугацаанд...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН