Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2019/02804

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хотхоны 428-р байрны 143 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХН74051777, Боржигон овогт Гомбожавын Энхтайваны нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хоролол, Энхтайваны өргөн чөлөө, давхрын 8-р байрны 09 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЦИ85101619, Хиад боржигин овогт Доржпаламын Оргилбаярт холбогдох,

Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 39А байрны 26 тоот, 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Энхтайван, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Давааням нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Энхтайван нь хариуцагч Д.Оргилбаярт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 39А байрны 26 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие өөрийн сайн танил эгчийн гуйлтаар Д.Оргилбаярт 2018-08-03 өдөр 200 сая төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, Ланд круйзер 200, Лексус 570 маркийн автомашинууд болон Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 39А байрны 26 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг барьцаалж, өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Д.Оргилбаярт зээлдүүлсэн 200 сая төгрөгийн 125 сая төгрөгийг би өөрийн эхнэр Даариймаагаар Арвайн үндэс ББСБ ХХК-иас зээлүүлж өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл хүүгээ төлсөөр байна.

Одоо эхнэрийн бие муу байгаа учир одоо цаашид зээлээ төлөх боломжгүй болсон. Д.Оргилбаярын удахгүй төлнө гэсэн үгэнд итгэж өнөөдрийг хүрсэн.

Д.Оргилбаяр нь 2019-01-10 өдөр зээлээ бүрэн төлнө, төлөхгүй бол байр болон машинаа зарах тухай зөвшөөрөл надад бичгээр өгч, нотариатаар гэрчлүүлсэн.

Энэхүү маргаан бүхий орон сууцыг Арвайн үндэс ББСБ ХХК-д өгч өрийн дарамтаас гармаар байна. Орон сууцанд Д.Оргилбаярын хамааралтай өөр хүмүүс амьдарч байсан. Одоо ч амьдарч байгаа. Зээлийн асуудлаар би тус шүүхэд 2019 оны 09 сард хандсан. Хэрэг шийдэгдээгүй явж байгаа. Д.Оргилбаяр нь орон сууцаа чөлөөлж өгөхгүй байгаа тул уг орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү? гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагч нар зээлийн гэрээ байгуулсан . Зээлийн гэрээний барьцаанд орон сууцыг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлж авсан юм билээ. Д.Оргилбаяр нь Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 39А байрны 26 тоотод байрлах, 2 өрөө орон сууцанд оршин суудаггүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, хариуцагчийн зөвшөөрөл, харилцан зөвшилцсөн тухай бичмэл баримт, мөнгөн шилжүүлгийн баримтууд, орон сууц өмчлөгчийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, тодорхойлолт, Хаан банкны дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, зургууд, орон сууц хөлслөх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018-08-03 өдөр зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд зээлдэгч Д.Оргилбаяр нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөний үүрэгт Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 39А байрны 26 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр нэхэмжлэгч 2018-08-03 өдрөөс уг орон сууцны өмчлөгчөөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд уг орон сууцыг шилжүүлэх үед тэрээр тэр орон сууцанд амьдарч байгаагүй, одоо ч уг орон сууцанд оршин суугаагүй болохыг нэхэмжлэгч мэдэж байсан, мэдэж байгаа болох нь хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн оршин суух хаягийг Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 8-р байрны 9 тоот гэж тодорхойлсон, тус шүүх уг хаягийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан үйл явдлаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчид өмчлөх эрхээ шилжүүлсэн орон сууцыг хариуцагч эзэмшиж байгаа нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн өмчлөл дэх орон сууцыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргах эрхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн   60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 39А байрны 26 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Оргилбаярын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.