| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/02749/И |
| Дугаар | 102/ШШ2019/02782 |
| Огноо | 2019-10-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2019/02782
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Жаргалант баг, Найрамдлын 8-13 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЕЙ88092035, Урианхай овогт Дашцэрэнгийн Энхбатын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, 12-р байрны 08 тоотод бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, 61-ийн гарам, Баян-Овоогийн 1-р гудамжны 16 тоотод түр оршин сууж байгаа гэх, эрэгтэй, РД-ДЮ76092079, Боржигон овогт Жасрайжавын Хүрэлбаатарт холбогдох,
адууны үнэ 600 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Давааням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас нэг адууны үнэ 600 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, өмгөөлөгч тайлбартаа: Ж.Хүрэлбаатар нь 2018 оны 10 сарын 17,18 өдрүүдэд Д.Энхбатаас нас бие гүйцсэн 1 тооны адууг 600 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд адууны үнийг бусдад залилуулсан гэх тайлбар хэлж, төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байна. Д.Энхбат нь энэ асуудлаар Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн хэлтэст хандсан боловч хариуцагч Ж.Хүрэлбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2019-04-30 өдөр прокурорын 82 тогтоолоор залилах гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын гэрээнээс үүссэн маргаан байна гэж үзэж, уг хэргийг хааж шийдвэрлэсэн.
Иймд Ж.Хүрэлбаатараас нас бие гүйцсэн 1 тооны адууны үнэ 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан итгэмжлэл, эрүүгийн журмаар шалгах үед өгсөн хохирогчийн мэдүүлгийн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын прокурорын 82 тоот тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчид холбогдуулан түүний оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ,3-р хороо, 12-8 тоот хаягаар гаргасанд тус шүүх иргэний хэрэг үүсгэн, хариуцагчид 2019-09-02 өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн болно.
Хариуцагч Ж.Хүрэлбаатар нь нэхэмжлэлийн талаар 2019-09-16 өдрийн дотор шүүхэд бичгээр тайлбар ирүүлэх үүрэг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан уг үүргийг биелүүлээгүй байна.
Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хариуцагчийн оршин сууж буй гэж шүүхэд түүний тодорхойлж өгсөн Баянгол дүүрэг, 3-р хороо, 12-8 тоот болон Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, 61-ийн гарам, Баян-Овоогийн 1-р гудамжны 16 тоот хаягаар шүүх тус тус хүргүүлсэн боловч хариуцагч уг хаягт оршин суугаагүй шалтгаанаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргэх боломжгүй болсон байна.
Шүүхэд тэмдэглүүлсэн хариуцагчийн гар утас болох 99072079 дугаарын утсаар мэдэгдэхээр шүүхээс залгахад 2019-09-06 өдрөөс хойш уг утас холбогдох боломжгүй байсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршин суух хаягаа өөрчилсөн хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт заасны дагуу энэ тухайгаабөгөөд шүүхэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй боловч хариуцагч хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүй, хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй байна.
Иймээс хуралдааны тов мэдэгдэх хуудсыг түүний оршин байсан Баянгол дүүрэг, 3-р хороо, 12-8 тоот хаяг, түр оршин суугаа гэсэн Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, 61-ийн гарам, Баян-Овоогийн 1-р гудамжны 16 тоот хаягуудаар хүргүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчид хүргэсэнд тооцох үндэслэлтэй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн талаарх тайлбарыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 18 650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 18 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. хариуцагч Ж.Хүрэлбаатараас 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхбатад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 18 650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 18 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.