| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/02749/И |
| Дугаар | 102/ШШ2019/02777 |
| Огноо | 2019-10-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2019/02777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдааны танхимд хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 80Б байрны 83 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЗЮ80032864, Дуутан овогт Мөнхөөгийн Хоролсүрэнгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч-Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 22А байрны 25 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЕС75052609, Рааший овогт Батлхамын Тэгшлхам,
хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хорооллол, 22А байрны 25 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЕС75081015, Боржигин овогт Энхмэндийн Мөнхбаатар нарт холбогдох,
гэм хорын хохиролд 9 800 254 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Хоролсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, хариуцагч Э.Мөнхбаатарыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Тэгшлхам, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Давааням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагч нарын хүү М.Мөнмандалаас өөрийн хүү Н.Цэнгэгт учруулсан гэм хорын хохиролд 9 800 254 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний хүү Н.Цэнгэг нь 11 настай Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн сурагч бөгөөд 2019-04-15 өдөр 24-р сургуулийн баруун талын хөлбөмбөгийн талбайд тоглож байгаад тус сургуулийн 9-р ангийн сурагч М.Мөнхмандал хөл рүү нь өшиглөснөөс болж, баруун шилбэний яс нь хугарч, хагалгаанд орж, чөмгөн дундаар нь төмөр суулгасан. Одоогоор суга таягтай бүрэн эдгээгүй байна. Өнөөдрийн байдлаар хагалгааны төлбөр болон хагалгааны дараах эмчилгээний зардалд 6 749 155,43 төгрөг болж байна. Мөн хагалгаанаас хойш 8-12 сарын дараа дахин хагалгаанд орж, төмрийг авхуулах шаардлагатай. Энэ хагалгааны зардал 3 000 000 төгрөг болно гэсэн. Энэхүү хэргийн талаар Цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулсан боловч шүүхэд хандахыг зөвлөсөн.
Иймд Н.Цэнгэгийн эмчилгээний зардалд нийт 9 800 254 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч нар тайлбартаа: 2019-04-15 өдөр Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн баруун талын хөлбөмбөгийн талбайд 12:30 цагаас 12:40 минутын хооронд 5д болон 9е ангийн 9-10 хүүхдүүд хөлбөмбөг тоглож байгаад 5д ангийн сурагч Н.Цэнгэг хөлөө хугалж, санамсаргүйгээр уг осол гарсан боловч гэмтсэн хүүхдийн ээж М.Хоролсүрэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Н.Цэнгэг, М.Мөнхмандал нар нь хөлбөмбөг тоглох явцдаа харилцан мөргөлдөж унасны улмаас Н.Цэнгэгийн баруун хөлний шаант яс хугарсан болохыг тогтоож, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019-06-03 өдрийн 675 тоот тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн.
Тухайн үед хөлбөмбөг тоглох явцад бидний хүү М.Мөнхмандал нь бөмбөгний араас гүйж байгаад нөгөө айлын хаалганы 5-ын шугамын тэнд зүлэг нь халцарсан хэсэгт халтирч унах үед нөгөө талын хаалгач хүүхэд болох Н.Цэнгэг өөдөөс нь гүйж ирж мөргөлдөн, Н.Цэнгэг нь М.Мөнхмандалын дээр унасан нь бичлэгт гарсанг үзсэн. Тэр үед миний хүү ч бас гэмтэл авах эрсдэлтэй байсан боловч азаар гэмтэж бэртээгүй юм билээ.
Хэдийгээр бид Н.Цэнгэгийн гэмтэлд миний хүү гэм буруутай гэж үзэхгүй байсан боловч адилхан үр хүүхэдтэй хүмүүс болохоор Н.Цэнгэгийг эмнэлэгт хэвтэж байхад нь 2019-04-21 өдөр хоол, цай хийж, амттан аваад эргэж очиж, харамсаж байгаагаа илэрхийлж, эмчилгээний зардалд нь 300-500 мянган төгрөг өгье гэсэн санал хэлсэн боловч нэхэмжлэгч авахгүй, шүүхээр шийдвэрлүүлнэ гэж хэлсэн.
Манай гэр бүл ам бүл 6, Баянгол дүүрэг, 1-хороонд оршин суудаг бөгөөд Б.Тэгшлхам би 2018-04-01 өдрөөс 2021-04-01 өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй, 1 настай хүү М.Мөнххоролыг асардаг. Зөвхөн нөхрийн цалингаар 6 ам бүлээ тэжээж байгаа билээ.
Миний хүү М.Мөнхмандал нь санаатай эсхүл болгоомжгүйгээр бусдад гэм хор учруулахаар хүүхэд биш бөгөөд найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, харьцаа сайтай, төлөв түвшин зантай гэдгийг анги удирдсан багшийн тодорхойлолтоос харах боломжтой.
Бидний хүү М.Мөнхмандалтай хамт тоглож байсан хүүхэд нь хөлөө гэмтээсэнд маш их харамсаж байгаа боловч Н.Цэнгэгт хууль бусаар, санаатай буюу болгоомжгүйгээр гэм хор учруулаагүй тул Н.Цэнгэгийн хууль ёсны төлөөлөгч М.Хоролсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? 11 настай хүүхдийг хараа хяналтгүй явуулсан, энэ нь хичээлийн бус цагаар болсон асуудал юм билээ гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, мэтгэлцээн, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ,прокурорын тогтоол, мэдэгдэх хуудас, эм, эмчилгээний зардал төлсөн баримтууд, эмнэлгийн хуудас, учирсан гэмтлийг харуулсан зураг, ам бүлийн тодорхойлолт, хүүхдийн талаарх тодорхойлолт, гэмтэл учрах үеийг СД-д буулгасан бичлэг, хөлбөмбөгийн талбайн фото зураг, хичээлийн хуваарь, тодорхойлолт, эм хэрэглэх заавар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ, журам, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай хэрэгсэл..., протез, ортопедийн хэрэслийн зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх , хяналт тавих журам, жагсаалт, гэмтэл согогийн эмнэлгээс тусламж үзүүлэх журам, жагсаалт, тариф, үзлэгийн тэмдэглэл, эмчлүүлэгчийн карт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2019-04-15 өдөр Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн баруун талд байрлах хөлбөмбөгийн талбайд 12:30 цагаас 12:40 минутын хооронд хөлбөмбөг тоглож байсан 9-10 хүүхдүүдээс 24 дүгээр сургуулийн 5д ангийн сурагч, эсрэг талын хаалганы хаалгачаар тоглож байсан Н.Цэнгэг, нөгөө талын довтлогч, 9е ангийн М.Мөнхмандал нар харилцан мөргөлдөж унасны улмаас Н.Цэнгэгийн баруун хөлний шаант яс хугарсан болохыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасан хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж тогтоосон болох нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын хэргийг хааж шийдвэрлэсэн 2019-06-03 өдрийн 675 тоот тогтоолоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.Хоролсүрэн нь 2008-05-07 өдөр төрсөн хүү Нямсүхийн Цэнгэгийн төрсөн эх, хариуцагч Б.Тэгшлхам, Э.Мөнхбаатар нар нь 2004-01-18 өдөр төрсөн хүү М.Мөнхмандалын төрсөн эцэг эх нь болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгч, хариуцагч нар тус бүр өөрсдийн насанд хүрээгүй хүүхдүүдээ шүүхэд төлөөлөх хууль ёсны төлөөлөгчийн эрх эдлэж, үүрэг хүлээх оролцож байна.
Хөл бөмбөг тоглох явцад Н.Цэнгэгийн хөл хугарсан гэмтэл учирсан, уг гэмтлийг учрах үед М.Мөнхмандал бөмбөг өшиглөсөөр эсрэг хаалга руу гүйж очихдоо гулгаж унасан, хаалгач Н.Цэнгэг М.Мөнхмандалын урдаас гүйж, мөргөлдөж дээр нь унасан үйлдэл давхцаж, 11 настай Н.Цэнгэгт учирсан гэм хор 15 настай Э.Мөнхмандалын болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тоглох явцыг харуулсан камерийн бичлэг,түүнд хийсэн үзлэгээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцаж арилгах үүрэгтэй.
15 настай М.Мөнхмандал нь Н.Цэнгэгт учруулсан гэм хорыг Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт заасны дагуу өөрөө хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хорыг арилгах боломжгүй хэмжээгээр эцэг эх нь нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй билээ.
М.Мөнхмандал ерөнхий боловсролын сургуулийн сурагч байх бөгөөд цалин, хөлс орлоготой нь тогтоогдоогүй, захиран зарцуулах эрхэд нь хөрөнгө байгаа байдал тогтоогдоогүй тул насанд хүрээгүй хүүхдийн учруулсан гэм хорыг түүний эцэг эх хариуцан нөхөн төлнө.
16 нас хүрээгүй хүмүүст учруулсан гэм хорыг арилгахдаа Иргэний хуулийн 506, 505 дугаар зүйлд заасны дагуу эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан зардлыг нөхөн төлж арилгах үүрэгтэй.
Н.Цэнгэгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг арилгахад хагалгааны зардал 6 558 500 төгрөг, эмийн эмчилгээнд 146 941 төгрөгийг зарцуулсан болох нь бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэм хор учруулсан гэм буруутай М.Мөнхмандал нь 12:15 цагаас хичээл тарсны дараа, Н.Цэнгэг 14.00 цагт эхлэх хичээлээс өмнө, эцэг эхийн хараа хяналтанд байвал зохих сургалтын бус цагаар, сургуулийн ойролцоо байрлах тоглоомын талбай дээр 12:30 цагаас 12:40 минутын хооронд тоглож, бөмбөгтэй хүний өөдөөс гүйж, мөргөлдөж унасан Н.Цэнгэгийн болгоомжгүй үйлдэл, хичээлийн цагаас эрт, сургууль орчмоор эцэг эхийн хараа хяналтгүй байсан нь гэм хор учрахад нөлөөлсөн байдлыг харгалзан М.Мөнхмандалын хариуцан арилгах гэм хорын 50 хувийг гэм буруутай этгээдэд хариуцуулахаар Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг үндэслэн багасган тогтоож, гэм хорыг арилгахад гарсан зардлыг түүний эцэг эхээр нөхөн төлүүлэхээр тогтоов.
Нэхэмжлэлийн үлдсэн хэсэг нь гэм хорыг арилгахад гарсан зардалд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 171 754 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 68 593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: