Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2019/02747

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Богд-Ар хороолол, 5А-р байрны 77 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ФА56120500, Шарнууд овогт Сандивын Хүрэлчулууны нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, Гаалийн 3-р байрны 11 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧП60092084, Боржигон дархан овогт Цэгмэдийн Долгорт холбогдох,

Б.Ундралтай 2013-03-01 өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, Баянгол дүүрэг, 4-р хороо, ГЕГ-ын 3-р байрны 09 тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагч Ц.Долгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Давааням нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Хүрэлчулуун нь хариуцагч Ц.Долгорт холбогдуулан Б.Ундралтай 2013-03-01 өдөр байгуулсан Баянгол дүүрэг, 4-р хороо, ГЕГ-ын 3-р байрны 09 тоотод байрлах орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, уг орон сууцыг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрхтэй, өмчлөгч болохоо тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: С.Хүрэлчулуун нь О.Базартай 2000 оноос эхлэн Нарантуулын ард вагончикт хамтран амьдарсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-12-11 өдрийн 8658 тоот шийдвэрээр 2015-07-12 өдрийг хүртэл хамтран амьдарсан болохоо тогтоолгосон.

Нөхөр болох О.Базар, С.Хүрэлчулуун нар 2009-08-11 өдрөөс эхлэн Хаан банк дахь 577103914 тоот дансыг хамтран эзэмшиж эхэлсэн. Орон сууц худалдан авахаар тохиролцож, орон сууц худалдах зарын дагуу Ц.Долгортой танилцаж, Баянгол дүүрэг, 4-р хороо, ГЕГ-ын 3-р байрны 09 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 85 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа 60 000 000 төгрөгийг дундын эзэмшлийн 5727103914 тоот данснаас Ц.Долгорын 5085080027 тоот дансанд 2013-02-22 өдөр шилжүүлэн өгч, орон сууцанд нүүж орсон.

Үлдсэн 25 000 000 төгрөгийг О.Базарын охин Б.Ундралаас зээлж төлсөн бөгөөд Б.Ундралд бид 30 000 000 төгрөг төлсөн. Гэвч орон сууцны өмчлөх эрхийг олж авч чадаагүй. Ц.Долгор нь Б.Ундралтай гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан. Иймд Б.Ундрал, Ц.Долгор нарын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, 9 тоот орон сууцыг өмчлөх эрхийг тогтоож өгнө үү?

О.Базар 2015 онд нас барсан. Б.Ундрал нь С.Хүрэлчулууныг 2017-06-25 өдөр та манай дүүгийн Баянгол дүүрэг, 1-р хороо, Богд-Ар хороолол, 5А байрны 77 тоотод байрлах, нэг өрөө байранд очиж, амьдар гэсэн учир түүний үгэнд орж, нүүсэн боловч уг байр нь Б.Ундралын төрсөн ээж Г.Цэрэндуламын нэр дээр бүртгэлтэй байр байсныг 2019-05-02 өдөр мэдсэн. Одоо Б.Ундрал нь С.Хүрэлчулууныг ээжийн маань байрыг суллаж өг, хүүхдүүд рүүгээ яв, Г.Цэрэндулам нь байрнаас гар гэх зэргээр дарамт үзүүлж байна.

С.Хүрэлчулуун нь өөрийн худалдан авсан Баянгол дүүрэг, 4-р хороо, ГЕГ-ын 3-р байрны 09 тоотод очиж, амьдаръя гэж хэлэхэд тэр байр нь Б.Ундралын нэр дээр бүртгэлтэй бөгөөд Б.Ундрал манай дүү амьдарч байгаа тул боломжгүй гэх хариуг хэлсэн.

С.Хүрэлчулуун нь олон жилийн хөлс, хүч хөдөлмөрөөрөө цуглуулсан 85 000 000 төгрөгөөр орон сууц худалдан авсан боловч орон сууцандаа амьдарч, үр шимийг нь хүртэж чадахгүй, өөрийн байрнаасаа хөөгдөөд байна гэв.

Хариуцагч тайлбартаа: Миний бие 2013-02-20 өдөр 9 тоот 2 өрөө байраа зарахаар зар өгсөн. Зарын дагуу О.Базар, С.Хүрэлчулуун нар 2013-02-21 өдөр манай байрыг ирж, үзсэн.

Байрыг эдгээр хүмүүст 85 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, 60 000 000 төгрөгийг Хаан банк дахь миний өөрийн 508580027 тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 25 000 000 төгрөгийг дараа нь өгсөн. Зарсан байранд 2013-02-25 өдөр С.Хүрэлчулуун, О.Базар нар орохоор нүүж ирсэн тул би 11 тоот худалдаж авсан байрандаа засвар ч хийх боломжгүй болж, 9 тоот байрыг суллаж өгч, зэргэлдээ 11 тоот хаалганд нүүж орсон.

О.Базар гуайн бие тун тааруу байсан учир шууд нүүж, байраа чөлөөлсөн юм.

О.Базар нэг өдөр намайг охин Б.Ундралаар дуудуулж, гэрт нь ороход миний бие муу байна, явж чадахгүй байгаа учир миний охин Б.Ундралын нэр дээр байрыг шилжүүлээд өг, 25 000 000 төгрөгийг манай охин өгнө гэсэн. Энэ үед С.Хүрэлчулуун гуай гэртээ байсан санагдах юм. Гэрийн эзэн, өрхийн тэргүүн хүн ингэж хэлсэн тул би Б.Ундрал гэх охинтой нь Үл хөдлөх эд хөрөнгийн газарт очиж, Б.Ундралын нэр дээр Баянгол дүүрэг, 4-р хороо, ГЕГ-ын 3-р байрны 09 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг шилжүүлж өгсөн. 25 000 000 төгрөгөө авсан.Гэрээгээ хийхдээ төлөх татвараас шалтгаалж, 30 000 000 төгрөгөөр худалдаж байгаа тухай гэрээ хийсэн.

О.Базарын охин гэх Б.Ундрал нь эдгээр хүмүүстэй хамт амьдардаггүй, би өмнө нь түүнийг харж байгаагүй, тэр өдөр л зүсийг нь харсан.Тэр О.Базар гуайг асарч байхыг нь хараагүй.Гэрээ хийсэн өдрөөс хойш түүнтэй тааралдаагүй.

С.Хүрэлчулуун нь О.Базар гуайг нас барах хүртэл нь эмнэлэг, гэргүй л байнга асарч байсныг мэднэ. Би уул нь нэхэмжлэлийг зөвшөөрмөөр л байх юм. Айлын гэр бүлийн доторх асуудлыг мэдэхгүй юм даа. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө С.Хүрэлчулуун гуай надаас юу ч шаардаж байгаагүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан орон сууц худалдах, худпалдан авах гэрээ, баталгаа, орон сууц өмчлөгчийн гэрчилгээ, харилцах данс эзэмшигчийн тодорхойлолт, деспозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, нам барсны бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэр, асрах гэрээ, асаргааны тэтгэмжийн дэвтэр, улсын байцаагчийн дүгнэлт, орон сууцны өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын гэрээ, орон сууцанд 2013 оны 03 сараас 2017 оны 06 сарыг дуустал хугацаанд хэрэглэсэн хэрэглээний төлбөр төлсөн баримтууд, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, орон сууцны өмчлөгчийн талаарх лавлагаа, бүртгэлийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                       

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн хариуцагчийг тодорхойлдог бөгөөд тэрээр нэхэмжлэлдээ хариуцагчаар худалдан худалдан авах гэрээний нөгөө тал болох Б.Ундралыг татсан байсныгаа шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад жинхэнэ хариуцагч биш гэж үзэж, Б.Ундралыг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, зөвхөн хариуцагч Ц.Долгорт холбогдуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

            Нэхэмжлэгч нь 2000-2015 оны хооронд О.Базартай хамтын амьдралтай байсныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015-12-11 өдрийн 8658 шийдвэрээр тогтоолгосон байх бөгөөд хамтран амьдрагч О.Базар 2015-07-12 өдөр нас барсан болох нь тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч О.Базартай хамт амьдарч байх хугацаанд 2013-02-22 өдөр Баянгол дүүрэг, 4-р хороо, ГЕГ-ын 3-р байрны 09 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Долгороос 85 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2009-08-11 өдрөөс О.Базартай хамтран эзэмших эрхтэй болсон Хаан банк дахь 5727103914 данснаас 60 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсний дараа 2013-02-25 өдөр 9 тоот байранд нүүж орсон, үлдсэн 25 000 000 төгрөгийн төлбөрийг хийсний дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар хариуцагчтай тохирсон байсан болох нь зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

            Орон сууцны үлдсэн төлбөр болох 25 000 000 төгрөгийг 2013-03-01 өдөр хариуцагчид Б.Ундрал төлсэн бөгөөд орон сууцыг худалдан авагч О.Базар нь хариуцагчийг гэртээ охин Б.Ундралаараа дуудуулж уулзаж, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн төрсөн охин болох Б.Ундралд шилжүүлж өгөхийг хүссэний дагуу хариуцагч нь Б.Ундралтай орон сууц худалдах худалдан авах гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлсэн, Б.Ундрал уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг бүртгэлийн байгууллагад гаргаж, 2013-03-01 өдрөөс дээрх орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, энэ өдөр Б.Ундрал нь нэхэмжлэгчид өөрийн өмчлөлд буй Баянгол дүүрэг, 14-р хороо, 2-р хороолол, ГЕГ-ын 3-р байрны 9 тоот хаяг дээрх 30,3 м.кв хэмжээтэй 2 өрөө орон сууцыг ээж иргэн С.Хүрэлчулуунд насан туршид нь үнэ төлбөргүйгээр ашиглуулахыг зөвшөөрч буйг баталж энэхүү баталгааг гаргаж байна гэж бичиж, гарын үсгийнхээ үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн баталгааг олгосон болох нь тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч нь хариуцагчаас бусадтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь хариуцагчаас орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байгаа шаардлага байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна.

            Шүүх тогтоосон үйл явдал, бичмэл нотлох баримтаар орон сууцны өмчлөх эрх Б.Ундралд шилжсэн 2013-03-01 өдрөөс нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний дагуу өөрийн олж авах эрхээ зөрчигдсөн болохоо мэдсэн байх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу энэ өдрөөс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хугацааг тоолно.    

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг 2019-08-07 өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан энэ хугацаанаас өмнө нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардсан байдал тогтоогдоогүй, гэрээний үүргийг худалдагчаас шаардаагүйд хүндэтгэн үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2019-03-01 өдөр дууссан байх тул шүүх нэхэмжлэлийг хэлэлцэх үндэслэлгүй байна.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн   60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсгийг баримтлан Б.Ундралтай 2013-03-01 өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, Баянгол дүүрэг, 4-р хороо, ГЕГ-ын 3-р байрны 09 тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан хариуцагч Ц.Долгорт холбогдох нэхэмжлэгч С.Хүрэлчулууны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.