Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2020/00238

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2020/00238

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

           Нэхэмжлэгч: Н Ц/РД:........./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц. О/РД:...............4/-д холбогдох,

 

Охин Ц.Э-тэй уулзах журам тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, Ц.Эд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Ц 2017 онд Ц.Отай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2018 оны 11 сарын 23-ны өдөр охин Ц.Э төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан бөгөөд хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг байсан. 2019 оны 6 дугаар сард миний бие хөдөө ажлаар явсан хойно Ц.О нь хүүхдүүдээ аваад явсан. Тухайн үед бид 10 настай хүү Г.Билгүүн, 5 настай охин Г.Э нарын хамт Орхон аймагт амьдардаг байсан. Г.Билгүүн, Г.Эгшиглэн нар О болон түүний өмнөх нөхрийн дундаас гарсан хүүхдүүд юм. Түүнтэй утас болон Facebook-ээр холбоо барихыг олон удаа оролдсон боловч чадаагүй. 2019 оны 7 сард түүний ээжийнх утсыг нь олж холбоо барихад эхэндээ хүүхэдтэй уулзуулна, зургийг нь өгч явуулна гэдэг байсан. Сүүлдээ яах гээд байгаа юм гэх зэргээр загнаж утсаар ярихаа больсон. Би гэрт нь очсон боловч намайг хүүхэдтэй уулзуулахгүй гэсэн. Би хүүхэдтэйгээ уулзахын тулд Орхон аймгийн цагдаагийн газар, Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эвлэрүүлэн зуучлах төв зэрэг газарт хандсан. Ц.О яагаад хүүхэдтэй минь уулзуулахгүй байгаа шалтгаанаа хэлдэггүй. Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн хэлтсээс миний гаргасан өргөдөлд өгсөн хариу хүргүүлэх тухай албан бичигт Ц.О нь “Бид хамт байх хугацаанд Ц нь 2 хүүхдийг минь айлгаж, хамт амьдрах хугацаанд төрсөн охин Ц.Эг үл тоосон байдалтай байсан, миний биед халдаж, сэтгэл санааны дарамт үзүүлж хүүхдин болон миний эрхэнд халдсан учир цаашид энэ хүнээс бид дөрвийг хол байлгаж, утсаар залгаж дарамт үүсгэх, уулзуулах гэсэн оролдлогыг таслан зогсоож өгнө үү. Түүнийг уулзуулахгүй байгаа нь эрсдэлд орохоос хамгаалж байгаа тул охиноо уулзуулах боломжгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна” гэсэн байсан. Түүний хэлж байгаа шиг Ц.Оыг болон хүүхдүүдээ айлгаж дарамталсан үйлдэл огт гаргаж байгаагүй. Ер нь бидний хооронд ямар нэг үл ойлголцол гарахад намайг буруутгадаг байсан. Миний бие өөрийн хүүхэдтэй уулзаж байхаас өөр хүсэх зүйл байхгүй. Ц.Оын үйлдэл нь миний болон хүүхдийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж байна. Тухайлбал Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж тус тус заасан. Иймд миний хүүхэд болох Цын Эг 7 хоног бүрийн 4 дэх өдөр 8 цагаар уулзуулж байхыг хариуцагч Ц.Од даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.О нь Н.Цтай 2017 онд танилцаж, 10 сараас хамтран амьдрах болсон. Охин Ц. Э нь 2018 оны 11 сарын 23-нд төрсөн. Тухайн үед хоорондоо тааламжгүй харилцаатай байсан учир гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Бидний амьдарсан хугацааг нарийн тооцож үзвэл 2017 оны 10 сараас эхлэн 2018 оны 5 cap хүртэл хамт амьдарч байгаад 2018 оны 5 сараас 2018 оны 9 cap хүртэл би ганцаараа амьдарсан. Энэ хугацаанд хөдөө ажиллана гээд явсан. Тухайн хугацаанд мөнгө төгрөг ч хүрэлцэхгүй цалингаа арай гэж хүргэж байсан. Жирэмсэн болсоноос хойш үл тоож эхэлсэн. 563000 төгрөгийн цалингийн 308000 нь цалингийн зээлд өгчихөөд үлдсэн мөнгөөр нь гол зогоож байсан. Хоол унд муутай хүүхдийн жин нэмэгдэхгүй уйлж байж витамин авахуулж байсан. Зарим үед нь би ажиллынхаа найз бүсгүйн гэрт нь очиж хоол идэх үед зөндөө байсан. Жирэмсэн хүнд ядаж гуйлгалгүй хоолны мөнгө өгч болно доо. Дандаа гуйна. Тухайн үед өгөхөөс өгөхгүй нь их байсан. Ажил төрөл хийгээд явж байхад нэн шаардлагатай хотруу явах болохоор хүртэл уурлаж хэрүүл хийж хүн тайван ч байлгадаггүй, мэдлэг боловсролоо дээшлүүлмээр байна гэхэд хүртэл явуулахгүй хэрүүл хийдэг байсан. Хүүхдээ бодоод тэвчээд байсан. 2018 оны 9 сард миний хүүхдүүд надтай цуг амьдрахаар ирсэн. Анх танилцаж байхад намайг хоёр хүүхэдтэй. Удахгүй хүүхдүүдээ авна гэдгийг ч мэдэж байсан. Би хамт амьдарч чадах юм уу ч гэж асууж байсан. Тухайн үед чадна хүмүүст яаж амьдардагийг харуулна гэдэг байдаг байсан. Анхандаа хүүхдүүдийг минь надтай цуг хүмүүжүүлэх гээд аргаа олохгүй байна даа л гэж бодож байсан. Гэвч цагаа тулаад ирэхэд хоёр хүүхдүүдийг минь адлаж эхэлсэн. Тулгар биетэй надад үнэхээр хэцүү байсан. Энэ тухай нь хэлэхээр л хэрүүл маргаанаар л дуусна. 2018 оны 12 сард би хүүхдүүдээ аваад Улаанбаатарт ирсэн. Учир нь тэнд хоол унд муу, гэр нь хүйтэн, нялх биетэй надад туслаад өгөх хүн байхгүй. Бүр дээрээс нь шаардлага тавьсаныхаа төлөө би өөрөө зодуулсан. Төрөөд cap ч хүрээгүй би хүүхдийнхээ хувцас хунар, хоол унд, нярай хүүхдээ асарна гээд маш их ядарч туйлдаж байсан. Ганц удаа хүүхдүүдийнхээ хувцсыг угаалгаад бөөн хэрүүл болж байсан. Хүүхдийн шар нь буухгүй яая даа гэж байхад намайг өвчтэй хүүхэд гаргасан гэж хүртэл хачин юм яриад явж байсан. 2019 оны 2 сард хүүхдүүдээ бодоод буцаад очсон. Гэвч байдал өөрчлөгдөөгүй. Надад мөнгө ч байхгүй. Арга тасраад аав, ээж, хүүхдүүдийнхээ тэтгэмжээр амьдарсан. Авчирсан махаар нь хоол унд хийж идэх хүртэл хэцүү байдаг байсан. Сүүлдээ хэрэлдэж шаардлага тавьж эхэлсэн. Ер нь бол 7 хоногийн 2 өдөр ирж хоновол их юм. Бусад үед нь хаана юу хийдэг байсныг нь мэдэхгүй. 2019 оны 6 сард Улаанбаатарт хүүхдүүдээ аваад ирэх болсон шалтгаан бол 5 сарын сүүлээр том хүүгийн маань эцэг эхийн хурал болоод би хуралд сууж байхад Н.Ц нь шал согтуу гэртээ найз гэх 6 залууг авчирсан. Тухайн үед гэрт 10 настай хүү Г.Эн, 5 настай Г. Э, 5 сартай Ц.Э нар байсан. Хүү маань маш их айсан байдалтай над руу залгаж би сандраад орж ирсэн. Тухайн үед би маш их айсан. Н.Ц нь найзуудтайгаа нийлж намайг хаагуур юу хийгээд байгаан, хаачсан юм зэргээр асууж инээж шоолж хүн доромжилсон. Тухайн үед би цагдаа дуудъя гэж бодсон ч айснаасаа болоод хөдөлж чадахгүй байсан. Ямар нэгэн асуудал гарсан бол би өөрийгөө болон хүүхдүүдээ хамгаалж чадахгүй байсан. Энэ тухай би ээжид нь ч хэлсэн. Гэвч ээж нь намайг Ц.Эг үлдээгээд гэрээс яв эсвэл наад хүүхдүүдээ явуул чам шиг хүүхдүүдээ хүний гар харуулж амьдраагүй шүү гээд байсан. Амь насаа золин байж гаргасан хүүхдүүдээ хэн нэгэн хэлсэний зоргоор орхиж эсвэл явуулж хэн нэгэн орж ирж доромжлох ёстой юу. Ямарч  эр хүний шинж байхгүй. Ёстой арчаагүй эр л эмэгтэй хүнд эр бяраа гайхуулна гээч л болсон. 2019 оны 6 сард манай ахыг ирнэ гэдгийг мэдээд тэр гэрээс зугтаад явсан хүн шүү дээ. Нүүх гээд нийт 15 хайрцаг боож багласан. Өөрийнхаа мөнгөөр авсан бүх юмаа аваад л нүүсэн. Би ганцаараа 15 хайрцаг боох гэж бараг 14 хоног болсон. Гэрээр нэг хайрцаг сав боосон байхад нэг удаа надтай ярилцсан уу, үгүй ш дээ. Битгий яваач, гуйж байна гэж хэлэхийнхээ оронд одоо ингээд уулзаж чадахгүй ганц зураг даруулъя тэхүү л гэсэн өөр юм лав хэлээгүй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэсэн заалтыг Н.Ц нь өөрөө зөрчсөн. 2020 оны 1 дүгээр cap 15 өдрийг хүртэл яг юугаар тэтгэж наад захын хэрэгцээг нь хангасан юм бэ юугаар ч хангаж тэтгээгүй. Хүүхэд өсгөхөд хичнээн төгрөг зарцуулагдах билээ дээ. Хүүхэддээ тийм хайртай юм бол ядаж хэрэглэх сүү тараг, живх авч өгчихөөд уулзъя гэж хэлдэг байгаадаа. Хүүхэдтэйгаа уулзах гэж их оролдсон чадаагүй гэж байна. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж заасны дагуу үнэхээр охин Ц.Э 18 нас хүрээд Н.Цтай өөрөө уулзъя гэж үзэл бодол, саналаа илэрхийлэх бол харин би охин Ц.Эгээ уулзуулна. Н.Цын гаргаж байгаа энэ үйлдлүүд нь миний болон хүүхдүүдийн минь гэр бүлийн хүчирхийлэлийн хууль, хүүхдийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж байна. Тухайлбал хүүхдийн эрхийн тухай хуудийн хоёр дугаар бүлгийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, алив хүчирхийллээс ангид байх эрхтэй, 7 дугаар зүйлийн хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал эрүүл мэнд, хувийн харилцааны нууц, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй, 7 дугаар 7.1 дахь хэсэпг хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй, гэр бүл хүчирхийллийн 6 дугаар зүйлийн 6.1.1 бие махбодын хүчирхийлэл, 6.1.2 сэтгэл санааны хүчирхийлэл, 6.1.3 эдийн засгийн хүчирхийлэл гэж тус тус заасан. Би өөрийгөө ямар нэгэн хууль зөрчсөн гэж бодохгүй байна. Би зөвхөн хүүхдээ хамгаалж байгаа эх хүн. Ийм учраас охин Ц.Э болон хүү Г.Эрхбилгүүн, охин Г.Эгшиглэн нарыг аймшигтай эрсдэлд дахин орохгүйн тулд хүн чанаргүй хэлсэн ярьсанаа ч мэддэггүй араатантай уулзуулахгүй гэж хэлмээр байна. Тэгээд ч Н.Цтай адилхан би ажил төрөлгүй хүн биш. 7 хоног болгон хүүхдээ тэврээд уулзаж чадахгүй гэв.

 

            Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Ц.О нь Н.Цтай 2017 онд танилцаж, 10 сараас хамтран амьдрах болсон. Охин Ц. Э нь 2018 оны 11 сарын 23-нд төрсөн. Тухайн үед хоорондоо тааламжгүй харилцаатай байсан учир гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Бид зан харилцаа, таарамжгүй харилцаатайгаас гадна бие болон сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн тул 2019 оны 06 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Ц.Эд гэр бүлийн хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгч Н.Цаас сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Н.Ц миний бие Ц.Оын гаргасан нэхэмжлэлийн дагуу Ц.Эд хүүхдийн тэтгэлэг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрнө гэв.  

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Цын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Од холбогдох нэхэмжлэлийг болон хариуцагч Ц.Оын нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Н.Цт холбогдох сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Н.Ц, Ц.О нар нь 2017 онд танилцаж, тэдний дундаас охин Ц.Э 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 2019 оны 6 сараас хойш охин Ц.Э нь эх Ц.Оын асрамжинд амьдарч өсч торниж байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /төрсний бүртгэлийн лавлагаа/, зохигчдын иргэний бичиг баримт, охин Ц.Эгийн эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт  зэргээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.Ц нь 1 нас 3 сартай охин Ц.Этэй 7 хоног бүрийн  Пүрэв гаригт 8 цагийн хугацаанд уулзах журам тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байна.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх... эрхтэй”,

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2.-т “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ:

 

           26.2.1.хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх;

           26.2.2.хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;

           26.2.3.хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох;

           26.2.4.хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй,

            26.6-д Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж тус тус заажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “Энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно” гэснийг үндэслэн нэхэмжлэгч Н.Цыг охин Ц.Этэй уулзах журмыг хүүхдийн нас, эрүүл мэнд, эцэг эхийн санал, байгаль цаг уур,  улирлын нөхцөл зэргийг харгалзан сард нэг удаа, сарын 3 дахь 7 хоногийн “бямба” гаригт 14-16 цагийн хооронд 2 цагийн хугацаатай уулзуулах журам тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Н.Ц нь охин Ц.Этэй уулзах боломжгүй үед телефон утас зэрэг цахим  харилцаа холбооны бусад хэрэгслийг ашиглах боломжтойг дурдав.

 

Харин охин Ц.Этэй уулзах дээрх журмыг хүүхдийн нас онцлогт тохируулан эцэг, эх нь өөрчлүүлэх тухай хүсэлтээ жич гаргахад энэ шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т "гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй",

 

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т " Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй" гэжээ.

 

Иймд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч Н.Ц нь насанд хүрээгүй охин Ц.Эг тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

 

Зохигч 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Ц.Эгийн эцэг нь Н.Ц болох талаар маргаагүй ба, 6101002593 дугаартай төрсний гэрчилгээгээр охин Ц.Эгийн эцэг болох нь захиргааны журмаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Н.Цаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Ц.Эг тэжээн тэтгүүлж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                

 

       ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг Н.Цыг охин Ц.Этэй  сард нэг удаа, сар бүрийн 3 дахь 7 хоногийн “Бямба” гаригт 2 цаг /14-16 цагийн хооронд/-ийн хугацаатай уулзаж байх журам тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Ц.Э/РД:..../-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 16/суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Цаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Цын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч Ц.Од олгож, нэхэмжлэгч Н.Цаас 56.789  төгрөг гаргуулж улсын төсөвт тус тус оруулсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ц.АЛТАНЦЭЦЭГ