| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/02510/И |
| Дугаар | 102/ШШ2019/02552 |
| Огноо | 2019-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2019/02552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 43-р байрны 11 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ШВ65041209, Дамдин овогт Доржийн Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж-43, РД-5428688, Хүрээ цамхаг ХХК-д холбогдох,
3 444 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Цэцэгмаа, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Одбаяр, Д.Ичинхорлоо, хариуцагчийн хүзсэлтээр гэрч О.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Хүрээ цамхаг ХХК-иас Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 43-р байрны 11 тоотод байрлах 42 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 1 180 000 төгрөгөөр тооцож, худалдаж авсан.
2015-10-11 өдөр Тоонто гранд ХХК-иар өрөөнүүдийн талбайн хэмжилтийг хийлгэхэд 2,87 м.кватратын зөрүү гарсан.
Иймд Хүрээ цамхаг ХХК-иас 2,87 м.кватратын зөрүүнд нийт 3 444 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч Хүрээ цамхаг ХХК тайлбартаа: Манай компани нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 14-р баг, 2-р хороололд байрлах 25 айлын орон сууц бүхий 43-р байрыг зураг төслийн дагуу барьж, 2013-03-07 өдөр улсын комисст 2013/04-II тоот актаар хүлээлгэн өгч, орон сууц ашиглалтанд орсон.
Д.Цэцэгмаатай орон сууц захиалан бариулах гэрээг 2013-06-05 өдөр байгуулж, гэрээний дагуу түүнд 43-р байрны 11 тоотод нийт 42 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгсөн. Худалдаж аваад ийм зүйл яриагүй. Гомдлын шаардлага гаргаагүй. Манай борлуулатын алба 25-р байрны нэгдүгээр давхарт байрлаж, 2016 он хүртэл ажилласан. Байрыг борлуулаад дууссан.Нэхэмжлэгч манай байгууллагыг олоогүй гэдэг үндэслэлгүй.
Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа 2016-06-05 өдөр дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, сууцны өрөө тасалгааны хэмжилт, түүний талбайг тооцсон тэмдэглэл, дүгнэлт, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, Цагдаагийн байгууллагын албан бичиг, шүүхийн шийдвэр, орон сууц захиалгын гэрээ, барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгсөн баримтууд, гэрч О.Туулын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нь хариуцагч Хүрээ цамхаг ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн бодит хэмжээ орон сууц захиалгын гэрээнд заасан хэмжээнээс 2,87 метр квадрат дутуу байгаа үндэслэлээр дутуу талбайн үнэ 3 444 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нь Хүрээ цамхаг ХХК-тай орон сууцны захиалгын гэрээг 2013-06-05 өдөр байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 43-р байрны 11 тоотод байрлах 42 м.кв бүхий, 2 өрөө орон сууцыг 49 560 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож үнийг төлсөн, хариуцагч уг орон сууцыг түүнд хүлээлгэн өгсөн болох нь орон сууц захиалгын гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Д.Цэцэгмаа, Хүрээ цамхаг ХХК нар орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэсэн гэрээг байгуулсан байх боловч хариуцагч 25 айлын орон сууц бүхий 43-р байрыг бүрэн барьж, улсын комисст, ашиглалтад 2013-03-07 өдөр хүлээлгэж өгсний дараа нэхэмжлэгчтэй 2013-06-05 өдөр уг гэрээг байгуулан, түүнд 11 тоот орон сууцыг үнэ тохирч худалдсан байх тул зохигч байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх бөгөөд зохигч харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, гол нөхцлийн талаар тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байна.
Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 49 560 000 төгрөгийг төлсөн, хариуцагч байгууллагыг төлөөлж, борлуулагч гэрч О.Туул нь 42 м.кв талбайтай бүхий, 11 тоот, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд хүлээлгэн өгсөн, хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар зохигч маргаангүй байна.
Нэхэмжлэгч нь орон сууцны талбайг 2015-10-11 өдөр Тоонто гранд ХХК-иар хэмжүүлж, орон сууцны талбайн хэмжээ 39,13 мкв болохыг тогтоосныг үндэслэн, талбайн зөрүү 3 444 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын эрэн сурвалжлуулахаар Дархан-Уул аймгаг дахь Сум дундын шүүхэд хүсэлт гаргаж, тус шүүх 2018-06-18 өдрийн 705 шийдвэрээр хариуцагч Хүрээ цамхаг ХХК-ийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсний дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, 2019-07-23 өдрийн албан бичгээр хаягийг тогтоосон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэнийг үндэслэн нэхэмжлэгч 2019-07-24 өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байна.
Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий орон сууцыг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд орон сууцны талбайн хэмжээний талаарх доголдол нь Иргэний хуулийн 255 дугаар зүйүлийн 255.1.1 дэх хэсэгт заасан, орон сууцыг хүлээн авах үед мэдэх боломжтой доголдолд хамаарна.
Худалдан авсан орон сууц доголдолтой бол худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасны дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан 2013-09-19 өдрөөс хойш 6 сарын дотор хариуцагчид энэ тухай гомдлын шаардлага гаргах боломжтой.
Хариуцагч байгууллага Улаанбаатар хотод байрладаг байх боловч Дархан хот дахь 43-р байрыг борлуулах борлуултын алба уг байранд нэг жил гаруй хугацаанд, 43-р байрны зэргэлдээ барьсан 44-р байрыг борлуулахаар уг байранд 2016 оныг хүртэл үйл ажиллагаа явуулж, борлуулагчаар О.Туул ажилласан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Энэ хугацаанд нэхэмжлэгч нь борлуулагч О.Туултай тааралдаж байсан боловч түүнд доголдлын талаар ямар нэг гомдол гаргаж байгаагүй нь шүүх хуралд оролцсон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу зохигч байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа болох 2016-06-05 өдрийн дотор гэрээний үүргийг шаардах шаардлагыг нэхэмжлэгч гаргах эрхтэй байсан боловч уг хугацаанд тэрээр нэхэмжлэл гаргасан нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч байгууллагыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, хариуцагч Хүрээ цамхаг ХХК-ийг оршин байрлах хаягийг тогтоосон үйл баримт нь гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа болсон үйл явдал байх тул хуульд заасан гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх үндэслэл болохгүй. Гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй тул Хүрээ цамхаг ХХК-д холбогдох орон сууцны талбайн хэмжээний дутуу 2,87 метр квадратын үнэ 3 444 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Хүрээ цамхаг ХХК-д холбогдох 3 444 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.