| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0024/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2017-02-10 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн
Улсын яллагч Б.Батбаяр
Шүүгдэгч Д.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Боржигин овогт Доржийн Ариунболдод холбогдох эрүүгийн 201710010026 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 32 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Дорноговь аймаг Замын-Үүд сум 2-р баг Амондагийн гудамж 1-54 тоотод түр оршин суух, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг, 46-24 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигин овогт Доржийн Ариунболд /РД: ЕС85060513/
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/
Шүүгдэгч Д.Ариунболд нь 2017 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Замын-Үүд сумын 2-р баг, Амондагийн 1-54 тоотод архидан согтуурсан үедээ Ш.Батболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Ш.Батболдыг цохиж зодон бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 18-ны орой би гэртээ архи уугаад унтаж амарч байтал 00 цагийн орчимд гэнэт хүн хашиграад байх шиг сонсогдохоор нь хажууд байдаг ээжийн гэрийн гадаа очиход ээж орилж хашигчаад байсан ба хамтран амьдрагч Болд түүнтэй маргалдаж зодож цохиод байх шиг болохоор нь хаалгыг татаж үзэхэд гэрийн үүдний амбаар нь дотор талаасаа цоожтой байсан түүнийг нь татаж онгойлгоод ороход тэр хоёр хоорондоо маргалдаад зууралдаад зогсож байсан ба ээжийн нүүр хавдсан байгаа харагдсан намайг ороход хаалганы урд хэсэгт жижиг сандал байхаар нь түүнийг авч та яагаад ээжийг зодож байгаа юм гэж сандлаар савахад толгой хэсэгт нь онож цохьсон гэтэл Болд ах ямар нэг юм хэлэлгүй гараад явчихсан юм. Тэгээд би ээжийг амраасан нэлээд архи уусан согтуу байсан би ч унтаж амарсан гэтэл 02 цагийн үед цагдаагийн хүмүүс ирж намайг эрүүлжүүлэхэд хүргэсэн юм. Би найз Хүүхэнбаатарын гэрт түүнтэй хамт 750 граммын Ерөөл нэртэй архи хувааж уусан ба 23 цаг өнгөрч байхад гэртээ ирж унтаж амарсан. Ээж Болд ах хоёр 23 цагийн үед орж очиход архи дарс уугаагүй эрүүл байгаа харагдсан унтсан хойгуур тэр хоёр хамт архи уусан байсан ба сэрэхэд нэлээд согтуу байсан. Би цагдаагийн газар ирж согтууралын зэргээ шалгуулахад 1.34 хувьтай байсан. Батболд ах 2016 оны хавраас ээжтэй хамт амьдрах болсон юм. Манай хажуу гэрт ээжийн хамт амьдардаг юм. Батболд ах ээж хоёр хамт архи нэлээд уудаг уусан үедээ ээжтэй хэрүүл маргаан үүсгэдэг ба хааяа гар хүрч зодож цохиж байдаг юм. Би тэр үед нь түүнийг үр хүүхэдрүүгээ яв гэж хөөдөг юм. Өөр ямар нэг таарамжгүй харьцаа гэх зүйл байхгүй. Би түүний толгойн хэсэгт сандлаар нэг удаа цохьсны улмаас түүний толгой хагарч цус гарч байсан. Тухайн үедээ ээжийн нүүр хэсэг хавдсан харагдаж байсан гэхдээ эмнэлэгт хандаж үзүүлсэн ямар нэг баримт байхгүй. Одоо биед ил харагдах гэмтэл шарх гэх зүйл байхгүй биеийн байдал зүгээр сайн байгаа архи уусан үедээ л Батболд ахтай маргалдсан байна лээ. Бид хоёр ярилцаж ойлголцсон би Батболд ахад эм авч өгсөн надаас ямар нэг нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй гэв.
Хохирогч Ш.Батболдын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 01 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн орчимд байх би цагийг тодорхой хэлж мэдэхгүй байна манай эхнэр Эрдэнэчимэгийн хүү Ариунболд гэрт орж ирэхдээ гаднаас согтуу архи уусан байдалтай ирсэн юм. Тэр агсам тавих гээд архи уулаа гэх зэргээр ээж болон намайг загнаад агсрах шинжтэй болохоор нь би гараад явчихсан юм. Тэгээд би гарч яваад дэлгүүрээс нэг шил архи 500 граммын Стандарт архи авч ганцаараа уг архиныхаа талыг уусан намайг уугаад сууж байхад эхнэр орж ирээд надтай хамт ярилцаж сууж уг архийг хувааж уусан юм. Тэгээд архи уугаад эхнэртэйгээ ярилцаад сууж байхдаа танай хүү намайг ад үзээд байна би гэр рүүгээ хүүхэдрүүгээ явдаг юм билүү гэж яриад сууж байхад Ариунболд орж ирээд гэнэт толгой руу цохьсон чухам юугаар цохьсныг анзаарч хараагүй миний толгой хагарч цус гарсан тэгээд би шууд гэрээс гарч явж хажуугийн айлд орж айлын хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна лээ. Өөр ямар нэг маргаан зодоон болоогүй юм. Тэр миний толгойд гэрт байсан жижиг сандлаар нэг удаа цохиж толгой хагалсан байна лээ манай эхнэр хүүхэд маргааш нь энэ талаар надад хэлсэн ба миний толгойн оройн хэсэгт хагарч гэмтэл учирсан ба уг гэмтэл шарханд 5 оёдол тавиулсан юм. Би түүний ээж Н.Эрдэнэчимэгтэй 4 жил хамт амьдарч байна хүү Ариунболд нь бидэнтэй нэг хашаанд айл байдаг юм. Бидэнд таарамжгүй харьцаа гэх айхтар зүйл байхгүй намайг архи уулаа ээжтэй маргалдлаа гэх шалтгаанаар надад уурлан намайг сандлаар цохьсон юм. Би тухайн орой хүүхэд чинь намайг архи уулаа гэж загнаад байна болохгүй бол үр хүүхэдрүүгээ явдаг юм билүү гэж ярьж зогсож байхад намайг цохиж гэмтээсэн түүнээс биш би эхнэртээ гарч хүрч зодож гэмтээсэн зүйл байхгүй. Надад ямар нэг гомдол нэхэмжлэx зүйл байхгүй, миний биед одоо ямар нэг зовиур гэх зүйл байхгүй бүрэн эдгэрсэн ба хүү маань эм тариа авч өгсөн одоо бидний дунд ямар нэгэн маргаан одоо байхгүй бид ярилцаж ойлголцсон түүнтэй сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ. /хх-ийн 13/
- Гэрч Н.Энхчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 01 дүгээр сарын 18-ны орой Батболд бид хоёр цай хоолоо идээд гэртээ амарч байсан гэтэл манай хүү Ариунболд 23 цагийн орчимд гэрт нэлээд согтуу архи уусан байдалтай орж ирсэн ба Батболд руу чи манай ээжээр тэжээлгэж байгаа гэх зэргээр элдэвийн зүйл ярьсан тэр үед Батболд ямар нэг юм хэлээгүй жаахан сууж байгаад гэрээс гараад явчихсан юм. Батболд гэрээс гараад нэлээд удсан ба 20-30 минутын дараа гэрийн гадаа гарахад манай хүү Ариунболд байдаг зүүн талын том гэр гэрэлтэй харагдсан орж очиход манай хүн архи уугаад ганцаараа сууж байсан ба архиа шилний дунд хэсэг хүртэл уучихсан сууж байсан. Тэгээд би түүнд орж унтаж амар гэхэд хүүхдүүд чинь намайг нүд үзүүрлээд байна би явдаг юм билүү гэж хэлэхээр нь чи юун сүртэй юм согтуу хүн юм хэлээ биз гэж яриад зогсож байхад манай хүү Ариунболд гэрт орж ирж чи архи уугаад миний ээжийг загнаж агсам тавилаа гэх зэргээр загнасан тэр үед Батболд архи уусан байсан болохоор мөн өөдөөс нь би чадах чинээгээрээ байна, бид хоёр болж байхад чи намайг загналаа гэж түүнд хэлж хоорондоо маргалдсан гэтэл Ариунболд сууж байсан жижиг сандлаа авч Батболдын толгойн хэсэгт нэг удаа цохьсон тэр үед нь би түүнийг хорьж салгасан Батболд шууд гэрээс гараад явсан би тэгээд хүүгээ унтуулж амраасан юм. Тэгээд Батболд гарч явж цагдаагийн ажилчид эмч нарын хамт орж ирж хүүг маань цагдаагийн газарт саатуулсан юм. Би түүнд согтуу хүний үгийг даахгүй ямар учиртай юм гэж түүнтэй ярьж маргалдсан өөрөөр тэр намайг цохиж биед гэмтэл учруулсан зүйл байхгүй харин хүү Ариунболд Батболдыг сандлаар цохих үед нь би хорьж сандлыг нь булаах гэж зууралдах үед та цаашаа холд гэж сандлаа булаалцалдах үедээ тохойгоороо санаандгүй нүүрэнд нэг удаа цохьчихсон юм түүнээс үүдэн хамрын хэсэгт бага зэрэг хавдсан байсан юм. Гэхдээ надад эмнэлэгт үзүүлсэн ямар нэг баримт байхгүй үүнд ямар нэг санал хүсэлт гэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 14-15/
-Шинжээчийн 948 дугаартай дүгнэлт. 1.Ш.Батболдын биед толгойн оройн хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 17/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/
-Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 2/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/
-Шүүгдэгчийн согтууралыг шалгасан магадлагаа /хх-ийн 10/
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/
-Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28/
-Шүүгдэгчийн цахим иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 29/
-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 33/
-Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 30-31/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Д.Ариунболд нь 2017 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Замын-Үүд сумын 2-р баг, Амондагийн 1-54 тоотод архидан согтуурсан үедээ Ш.Батболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар цохиж зодон толгойн оройн хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Ариунболдын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ш.Батболдын “...Тэр миний толгойд гэрт байсан жижиг сандлаар нэг удаа цохиж толгой хагалсан байна лээ манай эхнэр хүүхэд маргааш нь энэ талаар надад хэлсэн ба миний толгойн оройн хэсэгт хагарч гэмтэл учирсан ба уг гэмтэл шарханд 5 оёдол тавиулсан юм. Надад ямар нэг гомдол нэхэмжлэx зүйл байхгүй, миний биед одоо ямар нэг зовиур гэх зүйл байхгүй бүрэн эдгэрсэн ба хүү маань эм тариа авч өгсөн одоо бидний дунд ямар нэгэн маргаан одоо байхгүй бид ярилцаж ойлголцсон түүнтэй сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, гэрч Н.Эрдэнэчимэгийн “...гэтэл Ариунболд сууж байсан жижиг сандлаа авч Батболдын толгойн хэсэгт нэг удаа цохьсон тэр үед нь би түүнийг хорьж салгасан Батболд шууд гэрээс гараад явсан би тэгээд хүүгээ унтуулж амраасан юм.” гэх мэдүүлэг, шинжээчийн 948 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ариунболд нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч Ш.Батболд нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх тайлбарыг шүүхэд өгсөн байдал мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюул, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзээд шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Доржийн Ариунболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Доржийн Ариунболдод Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Д.Ариунболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Д.Ариунболдод урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Энэ шийтгэх тогтоолыг Д.Ариунболд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА