Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2022/0222

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө.О,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид,

Маргааны төрөл: Иргэн Ө.О-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М/цахим/, Г.У/цахим/, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г/цахим/  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.О-ээс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид  холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/599 дүгээр захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 2475 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлжээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/599 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ө.О-ийн газар эзэмших эрхийг эрхийн гэрчилгээ эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/32, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/12 дугаар тогтоолоор Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус тус баталж, уг тогтоолуудын хавсралтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалтаар газар олгохоор тусгаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/229 дүгээр захирамжаар дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоожээ.

Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоож, түүний хавсралтын 13-т Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд 50000 м.кв газрыг нийтийн эдэлбэр газар байхаар баталжээ. 

4. Нэхэмжлэгч Ө.О-ийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ Миний эзэмшиж байгаа газрын эзэмших эрхийг дуусгавар болгосон нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн А\599 дүгээр захирамжийн үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. 1.1 дэх “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6 дахь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” заалтыг үндэслэсэн хууль бус юм.

Учир нь 2019 оны 10 дугаар сард иргэн Д.Г-ынтус шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь нийслэлийн Засаг даргын 2017 оны А/799 дүгээр захирамжийн миний биед холбогдох хэсгийг хүчингүй болгуулах байсан. Ингээд 2 жилийн хугацаанд дээрх захиргааны хэрэг хянан хэлэлцэгдээд 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 128/Ш32021/6635 тоот шүүгчийн захирамжаар иргэн Д.Г-ын “хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах тухай” шийдвэр гарсан.

Энэ хугацаанд миний бие нь өөрийн эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан бөгөөд төрийн захиргааны байгууллага дээрх бодит нөхцөл байдлыг судлан үзэлгүйгээр миний газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн А\599 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү.

2/ Гэтэл тухайн газартай холбоотой маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэх ажиллагаа хийгдэж, маргаантай асуудал эцэслэн шийвэрлэгдээгүй байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэрт авсан тухай 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны үед нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У тайлбартаа дурдсан.

          Энэ мэдээллийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж ийм тогтоол гарсан эсэхийг тодруулж, гарсан бол уг тогтоолыг хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан. Гэвч миний гомдлыг хүлээн авах боломжгүй гэдгээ 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 02/16 тоот албан бичгээр мэдэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

3/ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж эхэлснээр маргаан бүхий захиргааны актыг хууль бус эсэхийг зөвхөн шүүх тогтоох бөгөөд хэрэг үүсгэсэн мөчөөс хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын бүтэц, зориулалтыг аливаа байдлаар өөрчлөхгүй байх ёстой. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, маргаантай асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэрт авахаар шийдвэрлэсэн нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлд заасан шийдвэрээ гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол  бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох гэх мэт үүргээ биелүүлээгүй байна. Хэрвээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэхүү шийдвэрээ гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталж, үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол тухайн газартай холбоотой маргаантай асуудал шүүхээр хянан хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталж, үүргээ зохих шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа талаар мэдэх, тухайн шийдвэрийн улмаас иргэн боломжтой байсан бөгөөд, магадгүй хууль бус шийдвэр гаргахгүй байх боломжтой байсан Ө.О-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй болохыг мэдэх болно.

4/ Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, Дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ.” гэж заасныг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид зөрчиж шийдвэрээ гаргасан байна. Учир нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд нийтийн эдэлбэрийн газрын хил хязгаар, хэмжээ, байрлалыг нь тогтоох чиг үүргийг ямар нэг хуулиар олгоогүй байна.

5/ Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар нийтийн эдэлбэрийн газарт иргэн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг хамаарч байна. Гэтэл маргаан бүхий байрлалд Газрын тухай хуулийн 12.2-т дурдсан зориулалт бүхий газар байхгүй бөгөөд ирээдүйд бий болохоор Газрын тухай болон Хот байгуулалтын тухай хуулинд заасны дагуу ямар нэг шийдвэр /нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэх мэт/ гараагүй байна. Харин нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр тусгагдсан байгаа болно.

6/ Мөн нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.9.2.2-т “Шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа асуудлаар өргөдөл гомдол ирүүлсэн бол тухайн өргөдөл гомдлыг буцаана гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа тухайн асуудалтай холбоотойгоор шинээр ямар нэгэн шийдвэр гаргахгүй байж, эцэслэн шийдвэрлэгдэхийг хүлээх агуулгатай юм. Хэрэв шүүхээс нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн А\599 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэвэл маргаан бүхий газар бусдын эзэмшлийн газар болох тул шүүхээс уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл ямар нэг байгууллага тухайн газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоох эрхгүй юм. Иймд Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай, Хот байгуулалтын тухай хуультай зөрчилдсөн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсэгт заасан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр морин тойруулгын хойд талд байрлах 2474м2 газрыг нийтийн эдэлбэрт авсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Иргэн Ө.О нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2474 м.кв газрыг эзэмшиж байсан. Иргэн н.Г-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг үүсээд иргэн Ө.О нь гуравдагч этгээдээр татагдаад 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл өгснөөр тухайн хэрэг хянагдаад явж байсан. Хянагдаж явж байх буюу 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр буюу хамгийн сүүлийн шүүх хуралдаанд тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М нь гуравдагч этгээдийн захиргааны акт нь хүчингүй болсон байх магадлалтай, тийм учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирсэнгүй гэдэг байдлаар хэлсэн байдаг. Энэ нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШЗ2021/6635 дугаартай шүүгчийн захирамж дээр бичигдсэн байдаг. Ингээд яг тухайн өдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр миний газар эзэмшихтэй холбоотой захирамж хүчингүй болсон байх магадлалтай юм гэдгийг мэдсэн. Миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Газрын албанд очоод тухайн захиргааны актыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжийг хүчингүй болгосон талаар мэдсэн. Тухайн захиргааны актыг хүчингүй болсныг мэдээд хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу Нийслэлийн Засаг даргад хандсан байдаг. Нийслэлийн Засаг дарга нь хүлээн авах боломжгүй гэдэг байдлаар хүсэлтийг хүлээж аваагүй, ингээд шүүхэд хандсан. 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/599 дүгээр захирамж буюу миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40.1.6 гэж бичсэн байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн өгсөн тайлбар, гэрчийн өгсөн тайлбараас харахад ямар нэгэн байдлаар хоёр жил дараалан ашиглаагүй гэдгийг тогтоосон баримт байхгүй. Учир нь тухайн захиргааны акт буюу 2017 оны А/799 дүгээр захирамжийг шүүхийн шатанд хянаад явж байсан. Тэгэхэд 8 дугаар сарын 03-ны өдөр буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад хүчингүй болгосон байдаг. Тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрвээ үнэхээр манай А/799 дүгээр захирамж нь хууль зөрчсөн гэж үзсэн бол тухайн үедээ мэдэгдэх боломжтой байсан. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/799 дүгээр захирамж нь хууль тогтоомж зөрчөөгүй юм гэдэг тайлбарыг удаа дараа гаргаад яг энэ тайлбараа хамгаалаад 2019 онд үүссэн хэрэгт тайлбараа өгөөд явж байсан, ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй юм байна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэрвээ 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/599 дүгээр захирамжаа хүчингүй болгох явцдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу 24, 25 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна. Учир нь тухайн маргаан бүхий акт нь өөрөө шүүхэд хянагдаад явж байсан байдаг. Тэгэхээр захиргааны акт гаргах буюу 8 дугаар сарын 03-ны өдрийн 599 дүгээр захирамжийг гаргахад нөхцөл байдлыг нь тогтоох зайлшгүй үүрэг байсан. Үүнтэй холбоотойгоор нотлох баримт бүрдүүлээд оролцогчийг сонсох хийх үүрэгтэй байсан. Нөгөө маргаан бүхий акт нь шүүхэд хянагдаад явж байна гэдгийг Нийслэлийн Засаг дарга өөрөө мэдэж байсан. Шүүхийн шатанд хянагдаж байгаа захирамжийг өөрөө хүчингүй болгосон байдаг. Энэ талаараа бид нарт албан ёсоор мэдэгдээгүй. Захирамж гараад хүчин төгөлдөр болсны дараа бид нар шүүхийн шатанд олж мэдсэн. Мөн сонсох ажиллагаа огт хийгээгүй. Хариуцагч өөрсдөө сонсох ажиллагаа хийсэн, гардуулж өгсөн гээд байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гардаж авсан гэдгээ нотолсон байдаг. Тэгэхээр А/599 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйл заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн үндэслэл болсон 40.1.6 буюу энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ийм нөхцөл байдал үүсээгүй байхад захиргааны байгууллага захиргааны актыг гаргасан байна гэж үзэж байгаа учраас Нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/599 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Энэ захирамжтай холбоотой эсэхийг мэдэхгүй. Энэ маргаан үүсээд би Нийслэлийн Засаг даргын 599 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад дахиад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолын хавсралтын 13 дахь хэсгээрээ тухайн газрыг нийтийн эдэлбэрт авсан байна. Тухайн газрыг нийтийн эдэлбэрт авсан нь яагаад хууль зөрчиж байгаа вэ гэж манай талаас үзэж байгаа вэ гэвэл тухайн газар нь шүүхэд хянагдаж байгаа гэдэг нь 2019 оноос хойш тодорхой байсан, Нийслэлийн Засаг дарга төлөөлөгчөөр явж байсан. 2020 онд үүссэн хэрэг нь дахиад маргаан бүхий захиргааны акт явж байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн газрыг нийтийн эдэлбэрт авчихаж байгаа, нийтийн эдэлбэрт авсан үндэслэлээ нийтийн эдэлбэрт авснаа тайлбарлахдаа 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1133 дугаар тогтоолыг үндэслэлээ гээд тайлбар хийсэн байна. 1133 дугаартай нь Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан дараагийн захирамж, манай газрыг нийтийн эдэлбэрт авсны дараа гаргасан тогтоол байгаа юм. Тэгэхээр дараа нь гаргасан тогтоолыг үндэслэж тогтоол гаргана гэж юу байх вэ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 147 дугаар тогтоол нь яах ёстой вэ гэхээр мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийх ёстой. Хамгийн гол нь төлөвлөлт. Захиргааны ерөнхий хуулийн 73.1.2-т хотын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийхдээ төлөвлөлтийг буюу 73 дугаар зүйлд заасны дагуу төлөвлөлтийн үйл ажиллагааг заавал хийх ёстой гэж заасан. Энэ нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хийж байж нийтийн эдэлбэр газарт авна гэсэн утга цаанаа явж байгаа. Тэгэхээр төлөвлөлттэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа огт байхгүй. 147 дугаар зүйлийн манай хэсэгт заасан нь хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байхгүй, хотын хэсэгчилсэн төлөвлөгөөнд байхгүй, хэсэгчилсэн үе шатны төслүүдэд ямарт нь ч тухайн газрыг нийтийн эдэлбэрт авна гэсэн тодорхойлсон заалт байхгүй байхад өөрөө юуг үндэслэж авсан нь мэдэгдэхгүй тогтоол гаргасан байгаа юм. Тэгэхээр ямарваа нэгэн байдлаар тухайн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйл, захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх, оролцогчдын гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн шийдвэр гаргах ажиллагаа эхлүүлсэн гэж заасан байна, үүнийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн дараа нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд нийтийн эдэлбэр газрын хил хязгаар, хэмжээ байршлыг тогтоох чиг үүргийг хуулиар олгоогүй. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлд нийтийн эдэлбэр газар гэдгийг тодорхойлсон. Маргаан бүхий газар нь Газрын тухай хуульд заасны дагуу тухайн зориулалтаар авах нийтийн эдэлбэр газар байхгүй, ирээдүйд ч бий болохооргүй байгаа. Учир нь Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд заасны дагуу миний өмнө нь хэлсэнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үе шатны төсөл, нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтийн эдэлбэрт авна гэсэн ямар нэгэн шийдвэр байхгүй байхад нийтийн эдэлбэрт авсан байна. Харин 2017 оны А/799 дүгээр захирамж бүхий манай газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр заасан байна. Тэгэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэ тогтоол нь Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийг зөрчсөн байна гэж үзэж байгаа учраас хүчингүй болгож өгнө үү гэж хүсч байна” гэв. 

5. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799

дүгээр захирамжаар иргэн Ө.О-т Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, амины орон сууцны хотхоны зориулалтаар 2475 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

2/ Иргэн Ө.О нь тус газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/599 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дэх заалтад заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3/ Нэхэмжлэгчид 2017 оны А/799 дүгээр захирамжаар газар эзэмших эрх үүссэн. Тэгэхээр 2017 оноос хойш н.Г-ын хэрэг дээр гээд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэдэг боловч яг нотлох баримт дээр үзсэний дагуу 2020 оны 02 дугаар сард Ө.От газар эзэмших эрх олгосон захиргааны актыг түдгэлзүүлсэн. Тэгэхээр тэр хоёр жилийн хугацаанд Ө.О газар эзэмших эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой байсан, тэр хугацаанд хэрэгжүүлээгүй.

4/ Газрын тухай хуулийн 40.1.1-т иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших гэрээнд зориулалтын дагуу ашиглах үүргийг газар эзэмшигч өөрөө хүлээдэг. Тэгэхээр энэ хугацаанд өөрөө эзэмшил газраа ашиглаагүй учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хүчингүй болох үндэслэл нь бүрэн бүрдсэн. Тийм учраас 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/599 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-т заасны дагуу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргасан гэж үзэж байна.

5/  Мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэдэгт тайлбар өгөхөд өмнө нь гэрчээр асуулгахад тодорхой байсан. Харин нотлох баримтын хувьд тухайн газрыг зориулалтын дагуу яаж ашиглах вэ гэдгийг Улсын Дээд шүүхийн тогтоолд тодорхой тайлбарласан байгаа. Ө.О-ийн газрыг харахад, хэргийн газрын зураг дээр харахад зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Засаг дарга А/603 дугаар захирамжийг батлан гаргахдаа Газрын тухай хуулийн 39.1.4, 56.1, 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй гэж байна. Сонсох ажиллагааг тухайн үед шийдвэр гаргахад хийсэн, хавтаст хэрэгт байгаа. Мөн Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 140 дугаар тогтоолыг нийтийн эрх ашгийн төлөө хэрэгжүүлж ажилласан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан нийтийн эрх ашгийн төлөө хийгдсэн. Иргэн Ө.О-ийн 700 м.кв газар нь 2021 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа юм. Энэхүү газар дээр ямар нэгэн амины орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн чиглэлээр ашиглах боломжтой гэж төлөвлөлт нь хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Нийслэл хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилгажилт, нягтрал едреес өдөрт нэмэгдэж байгаа өнөө үед нийслэлийн гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага нэн хэрэгцээтэй байна.

2/ Нийслэлийн Засаг даргаас нийслэл хотын иргэдийн эрүүл , аюулгүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон ая тухтай өнгөрүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах зорилгоор Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.7-д нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоож, холбогдох шийдвэрийг гаргуулан бүртгэлжүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудлыг өргөн барьсаны дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/33 дугаар тогтоолоор баталсан байна.

3/ Газрын тухай хуулинд нийтийн эдэлбэр газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг төрийн хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглах гэж заасан мөн нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс хамгаалах зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоол нь батлагдсан ба тус газруудад шинээр газар олгохгүй, барилга байгууламж барихыг хориглосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/599 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 2475 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлжээ.

1.2. Тус шүүхэд иргэн Д.Г-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд тус хэрэгт нэхэмжлэгчийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1160 дугаар шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татан оролцуулжээ.

1.3. Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 6635 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэжээ.

1.4.  Иргэн Д.Г-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй, захирамж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

1.5. Учир нь шүүхээр маргаан бүхий газартай холбоотой асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй тохиолдолд түүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх бөгөөд дээрх хэрэгт Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон, уг газартай холбоотой маргаан тус шүүхэд хянагдаж буйг мэдсэн атлаа маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

1.6. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасантай нэгэн адил иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож болохгүй.

1.7. Хэдийгээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэнээс /Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/799 дүгээр захирамжаар/ маргаан бүхий захиргааны акт / Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/599 дүгээр захирамж/ гарах хүртэл 3 жил 9 сар 16 хоног өнгөрсөн боловч иргэн Д.Г-с нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр “Э М-ЫН Б” ХХК-тай байгуулсан газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ, тус хуулийн этгээдээр хийлгэсэн талбайн газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын тайлан зэргээс дүгнэхэд түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байх тул . Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/599 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/32, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/12 дугаар тогтоолоор Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус тус баталж, уг тогтоолуудын хавсралтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалтаар газар олгохоор тусгаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/229 дүгээр захирамжаар дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоожээ.

2.2. Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоож, түүний хавсралтын 13-т Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд 50000 м.кв газрыг нийтийн эдэлбэр газар байхаар баталжээ.  

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.1.1-д “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах”, 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.2.2-т “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох” гэж тус тус заажээ.

2.3. Нэхэмжлэгчид анх газар олгох үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/32, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/12 дугаар тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/229 дүгээр захирамж зэрэг нь дээрх хуульд нийцсэн болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01-06/6098 тоот албан бичгээр нотлогдож байна.

2.4. Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоол, түүний хавсралтаар маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр газарт авсан нь хуульд нийцээгүй байна.

Учир нь дээрх хүчин төгөлдөр тогтоол, захирамжуудын дагуу нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн байх бөгөөд хариуцагчаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоногэж заасны дагуу өмнөх тогтоолуудаа хүчингүй болгоогүй атлаа дахин тухайн газар дээр нийтийн эдэлбэр газар төлөвлөсөн нь хуульд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газрын асуудлаар хэрэгжүүлж буй бодлого залгамж шинж чанартай байх ёстой бөгөөд өмнө гаргасан шийдвэр, тогтоолын дагуу газар эзэмших эрх үүссэн иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдах учиртай.

2.5. Хэдийгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоол нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09/25 дугаар тогтоолд үндэслэсэн хэдий ч нэхэмжлэгч нь уг тогтоолтой тухайлан маргаагүй тул шүүхээс уг тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

2.6 Харин дээр дурьдсан үндэслэлээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоол, түүний хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн гүйцэт сэргэх бөгөөд газрыг зориулалтын дагуу ашиглах боломж бүрдэнэ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 21.2, 21.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.5-д тус тус заасныг баримтлан Ө.О-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/599 дүгээр захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ