Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0613

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Д.С-н нэхэмжлэлтэй

         захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: гуравдагч этгээд Н.М

Нэхэмжлэгч: Д.С

Хариуцагч: Увс аймгийн Д сумын Т багийн иргэдийн Нийтийн Хурал

Гуравдагч этгээдН.М

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 124/ШШ2025/0035

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 124/2025/0029/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.С гаас Увс аймгийн Д сумын Т багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Увс аймгийн Д сумын Т багийн Засаг даргыг сонгох сонгуулийг хүчингүйд тооцож, тус багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулахыг Т багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 124/ШШ2025/0035 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.4 дэх хэсэг, 32.8.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5 дахь хэсэг 56.5.2, 56.5.3 дахь заалтуудад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.С-н Увс аймгийн Д сумын Т багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Д сумын Т багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Н.М-гбагийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Т багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулахыг Т багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэжээ.

            3. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга:

“Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа Увс аймгийн Д сумын Т багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай нэр дэвшүүлсэн тогтоол, Т багийн иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын “Санал авсан дүнгийн тухай” 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоол, мөн тус Багийн даргыг сонгох сонгуулийн эхний санал хураалтыг тус тус хүчингүй болгуулах талаар ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, нэмэгдүүлэх талаар санал хүсэлт байгаа эсэхийг тодруулахад байхгүй гэдгээ илэрхийлсэн. Ийм байхад шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт үндэслэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, өөрчилсөн мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэдийн санал хураалтын дүнг тоолж баталгаажуулсан тухайн тооллогын комиссын дарга, гишүүд нь өөрсдийн гаргасан шийдвэрийн үнэн зөвийг хариуцах ёстой гэж үзэж байна. Ямар саналыг хүчинтэйд тооцож, ямар саналыг хүчингүй гэж үзэж шийдвэр гаргасан гэдгээ хэргийн оролцогчийн хувиар тайлбарлах шаардлагатай байсан” гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Увс аймгийн Д сумын Т багийн Засаг даргыг сонгох сонгуулийг хүчингүйд тооцож, тус багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулахыг Т багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3. Анхан шатны шүүхээс “... тооллогын комиссын тогтоолд тэмдэглэгдсэн саналын зөрүүг арилгах зорилгоор шүүх хуралдааны явцад нэг дэвшигч нарт өгсөн саналын хуудсыг тоолоход нэр дэвшигч Н.М 109 иргэний санал, нэр дэвшигч Д.С 94 иргэний санал авсан болох нь хэрэгт авагдсан саналын хуудсаар нотлогдож байна, … Т багийн Засаг даргад өрсөлдсөн нэхэмжлэгч Д.С болон гуравдагч этгээд Н.М нарын эхний санал хураалтын саналын зөрүү 12, хоёр дахь санал хураалтын саналын зөрүү 16 болох нь саналын хуудас, тооллогын комиссын тогтоол, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримт нь өөр багийн харьяалалтай иргэдийн санал хүчингүйд тооцогдсон, эсхүл хэн нэгний талд тоологдсон эсэхээс хамааран санал хураалтын дүнд буюу саналын зөрүүтэй ялалт, ялагдлыг өөрчлөх нөхцөл байдлыг үүсгэж байгаа ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн хуулийн 56.5.2, 56.5.3-т заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй байна, ... Д сумын Т багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд бусад аймаг, сум, багт бүртгэлтэй иргэдийг багийн Засаг даргыг сонгох сонгуулийн санал хураалтад оролцуулсан нь хуульд заасан журмыг зөрчсөн, энэ нь нэхэмжлэгч Д.С болон гуравдагч этгээд Н.М нарын эхний болон хоёр дахь санал хураалтын саналын зөрүүтэй байдалд шууд нөлөөлөх буюу нэхэмжлэгчийн багийн Засаг даргад хуулийн хүрээнд нэр дэвших, өрсөлдөх эрх, ашиг сонирхлыг хөндсөн” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

4. Дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:

4.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн”, 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.2-т “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 32.8.4-т “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.5.3-д “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасан.

4.2. Мөн Т багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэгийн 3.1-д “Багийн Засаг даргад 1 иргэн нэр дэвшвэл илээр, 2 ба түүнээс дээш хүн нэр дэвшвэл нууц санал хураалт явуулж, 50 хувиас дээш санал авсан нэр дэвшигчийг сонгож томилуулахаар Засаг даргад санал болгоно”, 3.2-т “Багийн Засаг даргад нэр дэвшигч нь анхны санал хураалтаар 50 хувиас дээш санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчдэд дахин санал хураалт явуулна” гэж тус тус заасан байна.

4.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаанд хамаарах дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

Увс аймгийн Д сумын Т багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хангай гэх газарт зохион байгуулсан байх бөгөөд Хурлын явцад “Тооллогын комисс байгуулах тухай” 4 дүгээр тогтоолоор[1] Т багийн Засаг даргын сонгуулийн тооллогын комиссыг байгуулсан байна.

4.4. Т багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэлээс[2] үзвэл багийн даргын сонгуульд Ц.А ,Н.М, Д.С нар нэр дэвшсэн байх бөгөөд сонгуулиар Ц.А 46,Н.М 79, Д.С 91 хүний санал авсан гэж тус тус тоологдож, хамгийн олон санал авсан Н.М, Д.С нарын дунд дахин санал хураалт зохион байгуулагдсан, уг санал хураалтын нийт 216 саналын хуудас тараагдсан бол 203 нь хүчинтэй, 13 ширхэг саналыг хуудсыг хүчингүйд тооцсон, харин саналын дүнгээрН.М 109 хүн, Д.С 93 хүний саналыг тус тус авсан болох нь тогтоогдсон байна.

Улмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6 дугаар тогтоолоор[3] Т багийн Засаг даргад 53.6 хувийн санал авсан Н.М ыг нэр дэвшүүлснийг батламжлахыг хүсч, сумын Засаг даргад уламжилсан байна.

4.5. Хэдийгээр тооллогын комиссын тогтоолд “... 216 саналын хуудаснаас, 13 ширхэг саналын хуудсыг хүчингүйд тооцож, 203 ширхэг саналыг хүчинтэйд тооцон нэр дэвшигч Н.М ыг 109 санал, Д.С 93 санал авсан” гэж тодорхойлогдсон байх боловч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтад тулгуурлан “... багийн Засаг даргын хоёр дахь шатны санал хураалтад нийт 202 ширхэг санал тоологдож, 1 санал дутуу тэмдэглэгдсэн, нэр дэвшигчН.М 109, Д.С 94 иргэний саналыг тус тус авч, хүчингүй 13 саналын хуудас тоологдсон байна” гэж дүгнэсэн нь буруу биш байна.

4.6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална”, 12.1.6-д “нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх”, 32 дугаар зүйлийн 32.3-д “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно” гэж заасан.

4.7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ уг хуульд тухайлан заасан  тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх зарчим мөрдөгдөхөөр байх бөгөөд иргэдийн нийтийн хурлын хуралдаанд тухайн баг хорооны эрх бүхий эрх иргэн оролцох эрхтэй байхаар хуульчилсан байна.

            4.8. Анхан шатны шүүхээс аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэрсийн жагсаалт, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны иргэний шилжилт хөдөлгөөн, хаягийн лавлагаа, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан холбогдох баримтуудыг үнэлж, “ ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон өөр сум, багийн иргэд Т багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд оролцож, санал хураалтад саналаа өгсөн гэх тайлбар үндэслэлтэй ба Д сумын Т багийн Засаг дарга сонгох санал хураалтад өөр багийн харьяалалтай иргэд санал өгсөн нь дээрх хуульд заасныг зөрчсөн … багийн Засаг даргад өрсөлдсөн нэхэмжлэгч Д.С болон гуравдагч этгээд Н.М нарын эхний санал хураалтын саналын зөрүү 12, хоёр дахь санал хураалтын саналын зөрүү 16 болох нь саналын хуудас, тооллогын комиссын тогтоол, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байгаа ... энэхүү үйл баримт нь өөр багийн харьяалалтай иргэдийн санал хүчингүйд тооцогдсон, эсхүл хэн нэгний талд тоологдсон эсэхээс хамааран санал хураалтын дүнд буюу саналын зөрүүтэй ялалт, ялагдлыг өөрчлөх нөхцөл байдлыг үүсгэж байгаа ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн хуулийн 56.5.2, 56.5.3-т заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

4.9. Тодруулбал, хэрэгт авагдсан Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 28/561 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт[4]-д эхний санал хураалтын 219, хоёр дахь санал хураалтын 116-д бичигдсэн Б.Г, эхний санал хураалтын 218, хоёр дахь санал хураалтын. 117-д бичигдсэн Н.П, эхний санал хураалтын 216, хоёр дахь санал хураалтын 130-д бичигдсэн н.О, эхний санал хураалтын 217, хоёр дахь санал хураалтын 149-т бичигдсэн н.С, эхний санал хураалтын 175, хоёр дахь санал хураалтын 131-т бичигдсэн Б.Н, эхний санал хураалтын 143, хоёр дахь санал хураалтын 133-д бичигдсэн н.Д, эхний санал хураалтын 77, хоёр дахь санал хураалтын 22-т бичигдсэн Я.Э нарын нэрс бичигдээгүй, мөн Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 28/632 дугаар албан бичгийн хавсралтаар[5] ирүүлсэн иргэн Д.А, Б.Х, Х.О, Б.А, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 28/649 дүгээр албан бичгийн хавсралтаар[6] С.Т нар нь тус багт оршин суудаггүй талаарх холбогдох лавлагааг шүүхэд ирүүлсэн байна.

4.10. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Т багт Ц.Ц, Г-н Ц, М-н Ц гэсэн 3 иргэн бүртгэлтэй[7] байх боловч багийн Засаг даргын 2 дахь санал хураалтын нэрсийн жагсаалтын 73, 95, 129, 164 дүгээрт Ц гэсэн 4 иргэн бүртгэгдэж, санал хураалтад оролцсон, мөн багт П-н О бүртгэлтэй байх боловч санал хураалтын нэрсийн жагсаалтын 85, 145 дугаарт О гэсэн 2 иргэн бичигдсэн, М-н П-, С-н П гэсэн 2 иргэн багийн иргэн гэж бүртгэгдсэн байх боловч санал хураалтын нэрсийн жагсаалтын 21, 141, 162 дугаарт П /П/ гэсэн 3 иргэн тус тус оролцсон[8] болох нь тогтоогдсон, үүнтэй холбогдуулсан анхан шатны шүүхээс Т багийн иргэдийн Нийтийн хурлын санал хураалтад багт бүртгэлгүй иргэд оролцсон болохыг тогтоож дүгнэсэн, шүүхийн энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрч хариуцагч гуравдагч этгээдээс гомдол гаргаагүй байна.

4.11. Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Д сумын багийн иргэдийн бүртгэлийн ХААМС программд үзлэг хийсэн байх бөгөөд “уг программд[9] ... 116. Б-н Г- -/тус багийн иргэн мөн боловч 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж ирсэн, 117. П--/тус багт бүртгэлгүй, ... 129. Ц--/тус багт Ц.Ц-, Г.Цэ- нар бүртгэлтэй бөгөөд нэрсийн жагсаалтын 73, 95 бүртгэгдсэн харин 129 дүгээрт бичигдсэн Цэ бүртгэлгүй/, 130. О-/тус багт бүртгэлгүй, 131. Н-/тус багт бүртгэлгүй, 133. Д-/тус багт бүртгэлгүй/, 134. Т-/тус багт бүртгэлгүй/, 145. О-/тус багт бүртгэлгүй, харин 85 дугаарт П.О бүртгэлтэй/, 162. П-/тус багийн иргэн бөгөөд 2017 онд шилжиж ирсэн, 149. С-/тус багт бүртгэлгүй/ болохыг тогтоож, үзлэгийн тэмдэглэлд тусгасан, хэргийн оролцогчид мөн маргаагүй байна.

4.12.  Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас үзэхэд сонгуулийн нэрсийн жагсаалтад байхгүй 7 иргэн, өөр багт оршин суудаг 5 иргэн, давхардсан тоогоор санал өгсөн 3 иргэн болон тооллогын комиссын тогтоолд дутуу тоологдсон 1 санал, нийт 16 саналын зөрүү гарсан нь Т багийн Засаг даргын сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж үзэхээр байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд багийн иргэдийн Нийтийн хуралдаан хуульд заасан журмыг зөрчсөн эсэх талаарх хэргийн оролцогчдын маргасантай  холбогдуулан “... Т багийн иргэдийн Нийтийн хуралдаанд бусад аймаг, сум, багт бүртгэлтэй иргэдийг оролцуулж, багийн Засаг даргыг сонгох сонгуулийн санал хураалтад оролцуулсан хууль зөрчсөн” гэж дүгнэснийг хууль бус, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.11. Иймд гуравдагч этгээдийн “... Увс аймгийн Д сумын Т багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай нэр дэвшүүлсэн тогтоол нь мөн өдрийн Т багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан “Тооллогын комисс”-ын тогтоолд үндэслэгдэж гарсан, ... Увс аймгийн Д сумын Т багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай нэр дэвшүүлсэн тогтоол, Т багийн иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын “Санал авсан дүнгийн тухай” 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоол, мөн тус Багийн даргыг сонгох сонгуулийн эхний санал хураалтыг тус тус хүчингүй болгуулах талаар ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн, ... иргэдийн санал хураалтын дүнг тоолж баталгаажуулсан тухайн тооллогын комиссын дарга, гишүүд нь өөрсдийн гаргасан шийдвэрийн үнэн зөвийг хариуцах ёстой гэж үзэж байна. Ямар саналыг хүчинтэйд тооцож, ямар саналыг хүчингүй гэж үзэж шийдвэр гаргасан гэдгээ хэргийн оролцогчийн хувиар тайлбарлах шаардлагатай байсан ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

            Ийнхүү анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх шийдвэрийг хэвээр үлдээж гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 124/ШШ2025/0035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                 Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 75 дахь тал

[2] Хэргийн 71 дэх тал

[3] Хэргийн 4 дэх тал

[4] Хэргийн 86-105 дахь талууд

[5] Хэргийн 138-145 дахь талууд

[6] Хэргийн 153-154 дэх талууд

[7] Хэргийн 102 дахь тал

[8] Хэргийн 60-63 дахь талууд

[9] Хэргийн 79-81 дэх талууд