Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2016/0649

 

Н.******* нарын 13 иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Н.*******, Б.*******, Г.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 709 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.******* нарын нэр бүхий 13 иргэний нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 709 дүгээр шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 34 дүгээр зүйлийн 34.1.2, 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.3, 158.1.4.ё-д заасныг баримтлан “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15, 17, 18, 22, 23, 25, 26, 27, 30, 32, 33, 39, 45 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, Намжилзавын *******, Баярын *******, Данжингийн *******, Гэндэнгийн *******, Отгоны *******, Даваанямын *******а, Самандын *******, Энхболдын *******, Баатаржавын *******, Лхамаагийн , Дамжингийн , Баянмөнхийн , Амарсайханы нарын нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох, саналын хуудаст нэр бичихийг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдолдоо:”Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 709 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

  1. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан зөрчил гаргасан хэмээн үзэж нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж буй боловч нэр дэвшигч нар нь хуулийн хугацаанд буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний дотор нэр дэвшсэн байна.
  2. Гарын үсэгтэй холбоотой зөрчлийн талаар тухайн зүйлийн 158.1.4-д тоочсон байх бөгөөд хугацааны тухай заагаагүй байна.

Иймд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15, 17, 18, 22, 23, 25, 26, 27, 30, 32, 33, 39, 45 дугаар тогтоолуудаар Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.3, 158.1.4.ё-д заасныг үндэслэж Н.******* нарын нэр бүхий 13 иргэнийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.” гэж зааснаар нэхэмжлэгч нар нь бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал явуулахаар байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо “... нэр дэвшигч нар нь хуулийн хугацаанд буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний дотор нэр дэвшихээ илэрхийлсэн ... Дэмжигч сонгогчийн гарын үсэг цуглуулах нь нэр дэвшүүлэх ажиллагаанд хамаарахгүй тул 8 дугаар сарын 31-ээс хойш гарын үсэг цуглуулсныг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэжээ.

Сонгуулийн тухай хуулийн Гуравдугаар дэд бүлэгт “Нэр дэвшүүлэх” ажиллагааны талаар зохицуулсан, уг бүлгийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна: 156.2.4. дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй” гэж заасан бөгөөд нэр дэвшигч нь дэмжигч сонгогчийн гарын үсэггүйгээр нэр дэвшүүлэх тухай ойлголт байхгүй тул орон нутгийн сонгуульд “нэр дэвшүүлэх ажиллагаа”-нд нэр дэвших тойргийн дэмжигч сонгогчийн гарын үсгийг цуглуулах ажиллагаа хамаарахаар байна.

Нэхэмжлэгч тус бүрийн дэмжигч сонгогчийн гарын үсэг цуглуулсан материалаас үзвэл 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө гарын үсэг зуруулсан иргэдийн тоо нь дээрх хуульд заасан 201-д хүрэхгүй байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар “хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй” гэж үзэж нэхэмжлэгч нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... татварын хэлтэс сонгуулийн хорооны байрны хажууд ойрхон байхад хуулийн 157.6-д зааснаар лавлаад асуучих боломжтой байсан, гэтэл татварын албаны тодорхойлолтгүй гэж Сонгуулийн хуулийн 158.1.3-д зааснаар бичиг баримт дутуу гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Дараа нь би хүргүүлсэн байгаа” гэх боловч Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д “Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна” гэж заасныг нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалаа дутуу өгснийг сонгуулийн хороо лавлах үүрэг хүлээлгэсэн гэж үзэхгүй. Харин дутуу материалаа сонгуулийн хорооны шийдвэр гарахаас өмнө хүргүүлсэн гэх боловч нэхэмжлэгч Б.*******гийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан нэр дэвшүүлэх ажиллагаанд хамаарах дэмжигч сонгогчийн гарын үсэг цуглуулах ажиллагааг мөн хуульд заасан хугацаанд явуулаагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байх тул гомдлыг хангах боломжгүй юм.

 Нэхэмжлэгч А., Г.*******, Д., Л., О.*******, Б.*******, Б.*******а нар нь насанд хүрээгүй хүнээр гарын үсэг зуруулсан, зарим иргэдийн регистрийн дугаарыг тавиагүй, огноогүй, хаяггүй зэрэг батлагдсан маягтын дагуу гарын үсэг цуглуулаагүй нь хэрэгт авагдсан дэмжигч сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.ё-д заасныг хэрэглэсэн нь буруу гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүйгээс гадна дээрх нэхэмжлэгч нарыг дан ганц энэ үндэслэлээр биш, 158.1.1-д заасан нэр дэвшүүлэх ажиллагаанд хамаарах дэмжигч сонгогчийн гарын үсэг цуглуулах ажиллагааг мөн хуульд заасан хугацаанд явуулаагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж“... нэхэмжлэгч нар намаас нэр дэвшинэ гэсэн ойлголттой байсан, намын шийдвэр гарангуут 31-ний өдөр сонгуулийн хороонд бие даан нэр дэвшихээр шийдэж дэмжигч сонгогчийн гарын үсэг цуглуулж эхэлсэн нь буруу биш” гэх боловч Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2-т нэр дэвшүүлэх ажиллагааг нам 5 хоног, бие даан нэр дэр дэвшигч 7 хоногийн хугацаанд

дуусгахаар тус тус ялгамжтай заасан, мөн сонгуульд хэрхэн нэр дэвшихээ сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан журам, хугацааны дотор нэхэмжлэгч нар өөрсдөө зохион байгуулах үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 709 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА        

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ