| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулууны Тунгалаг |
| Хэргийн индекс | 128/2017/0012/З/ |
| Дугаар | 288 |
| Огноо | 2017-09-13 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 288
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2017/0297 дугаар магадлалтай, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0297 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь тус заалтад дурдсан “мэдэгдэл” нь нэг талаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас шууд цуцлах бус харин тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах эзэмшигчийн эрхийг хангах зорилгоор эхлээд цуцлах үндэслэл бүрдсэн болохыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдсэнээр тухайн этгээдээс төлбөр төлсөн бол баримтаа гаргаж өгөх, эсхүл төлбөр төлөөгүй хүндэтгэх шалтгаан байсан эсэхийг тодруулах, ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг судлан үзсэний дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийдвэрлэх, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг захиргааны байгууллагад олгох бөгөөд нөгөө талаас тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллах, гаргасан зардлаа үр ашигтайгаар нөхөх, хохиролгүйгээр ажиллах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх боломжийг олгосон агуулгатай ба энэхүү тохиолдолд нэхэмжлэгчид ирэх ёстой байсан мэдэгдэл нь зохих журмаар заасан хугацаанд нь ирээгүй, шуудангийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон байдлыг анхаарч үзэлгүйгээр тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг зөвтгөж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хэрэгт цугларсан нотлох баримт болон хуулийн агуулгыг анхаарч дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна.
Хуулийн зохицуулалтыг дээрх агуулгаар нь авч үзвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг зохих ёсоор нэхэмжлэгчид очоогүй байхад нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр цуцалж байгаа нь алдаатай юм. Маргаан бүхий ашигт малтмал ашиглалтын МВ-015603 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2040 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг дуустал байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д ““тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг хэлнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж тус тус зохицуулсны дагуу ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх хугацаа нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байсан боловч нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал нь осолд орж эмчилгээ хийлгэн компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ээлжит жилийн төлбөрөө урьдчилан төлөх боломжгүй байсан.
Энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн боловч түүнийг үнэлэлгүйгээр нотлогдохгүй байна гэж үзэж байгаа нь ойлгомжгүй дүгнэлт болсон байна. Ашигт малтмалын газрын мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “пүрэв” гаригт хүлээн авч тус мэдэгдэлд дурдсаны дагуу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ээлжит жилийн төлбөр 890100, алданги 110000 төгрөгийг Ашигт малтмалын газрын 900000712 дугаар дансанд шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс төлбөрөө хугацаанд төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаан болох өвчтэй байсантай холбогдох баримт, шуудангийн байгууллага хугацаанд нь мэдэгдлийг өгөөгүй зэргийг нотлох баримтаар нотлон маргаан бүхий шийдвэр гарахаас өмнө өгсөн байдал нь өөрийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хадгалах, тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр байлгах зорилгыг агуулсан үйл баримтыг хариуцагч байгууллага анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэгчийг шууд буруутгаж тусгай зөвшөөрлөө эзэмших эрхээ хадгалах, хүчин төгөлдөр байлгах нөхцөл шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэнийг анхан шатны шүүхээс анхаарч үзэлгүйгээр нотлох баримтыг буруугаар үнэлсэн гэж үзэж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь хэрэгжүүлж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүндэтгэн үзэх шалтгааны талаарх нотлох баримтыг хянаж ажиллаагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог ба шууд цуцлах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, уг харилцааг зохицуулан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг дээрх нөхцөл байдалд буруугаар тайлбарлаж хэрэглэсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийг хамт төлөөгүй” гэж “Т” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-015642 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан, уг шийдвэрийг гаргахдаа “...захирал миний бие 8 дугаар сарын 10-ны өдөр автын осолд орж, хүнд гэмтэж, удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэж байсны улмаас төлбөрөө хуулийн хугацаанд төлж чадаагүйг,... 9 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө төлбөрөө алдангийн хамт төлөх тухай мэдэгдэл нь хугацаа хоцорч 9 дүгээр сарын 29-нд надад ирсэн, мэдэгдлийг аваад төлбөрөө, алдангитай төлж, баримт, эмнэлгийн магадлагааг хавсаргаж, өргөдөл гаргасныг хүлээж аваагүй, аргагүй байдлыг харгалзан үзээгүй” гэж нэхэмжлэгч маргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”; 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Т” ХХК нь ашигт малтмал ашиглах эрхийн MV-015642 дугаар тусгай зөвшөөрлийнхөө 7 дахь жилийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө төлөх ёстой боловч төлөөгүй, харин хариуцагчийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “...7/295 дугаартай “мэдэгдэл”-ийг 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн аваад 10 дугаар сарын 03-ны өдөр төлбөр, алдангийг төлсөн ба уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-т “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах”-аар, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар зааснаас үзвэл хэтэрсэн хоногийн алданги төлөх, 30-аас илүү хоног хэтрүүлээгүй бол тусгай зөвшөөрөл нь цуцлагдахгүй байх, хэрэв хэтрүүлсэн хоногийн алдангийг төлөөгүй, төлбөр, алдангийг бүрэн төлөөгүй, эсвэл хэтэрсэн хоног 30-аас дээш бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар байна.
Мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс “цуцлагдах” үндэслэл бүрдэж байгааг болон хуульд заасан боломжит хугацааны алдангийг төлж тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хангах боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуульд заасан хугацаанд заавал мэдэгдэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “мэдэгдэл”-д заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол төлбөрийн баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлж, “мэдэгдэл”-ийн үндэслэлийг хянуулах боломжтойг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т зохицуулжээ.
Маргааны үйл баримтад холбогдуулан дүгнэвэл, хариуцагч нь “цуцлах” үндэслэл тогтоогдсон 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажлын 12 хоног дээр буюу 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 7/295 дугаартай “мэдэгдэл” /албан бичиг/-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “...цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан ...мэдэгдэл өгөх...” хугацааг зөрчсөн, нэхэмжлэгч нь 7/295 дугаартай “мэдэгдэл”-д заасан үндэслэлд маргаагүй, харин төлбөр, алдангийг “нөхөж” төлөхдөө хуулиар хязгаарласан 30 хоногт багтаан төлөөгүй буруутай боловч төрийн захиргааны байгууллага нь “төлбөр, алданги “төлөгдсөнөөс хойш 1 сар 15 хоногийн дараагаар тусгай зөвшөөрлийг “цуцлах” шийдвэрийг гаргасан нь уг шийдвэрийнхээ зорилгод нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн” гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа бол хуульд заасан “...ажлын 10 хоногт багтаан” мэдэгдэл өгөх, нэхэмжлэгчээс мэдэгдэлд заасан хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр, хэтрүүлсэн хоногийн алданги төлөөгүй, эсхүл ямар нэгэн хариу ирүүлээгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хугацаа дуусмагц цуцлах үүргээ хэрэгжүүлэх ёстой байтал төлбөр төлөгдөж нөхцөл байдал өөрчлөгдсөний дараагаар “хуулийн хугацаанд төлөөгүй” гэх үндэслэлээр “цуцлах” шийдвэр гаргасныг шууд зөвтгөх боломжгүй юм.
Түүнчлэн Улсын Их Хурал 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр баталж 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүчин төгөлдөр болсон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалын харилцааг зохицуулахаар болсон, үүнтэй холбоотойгоор мөн өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.1.20 дахь заалтад нэмэлт оруулснаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахгүй, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж байсан чиг үүрэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураах ажил хамааралгүй болсон байна.
Хуулиуд хоорондоо зөрчилгүй, энэ маргааны зүйл болоогүй учир шүүх энэ асуудлаар дүгнэлт хийх боломжгүй, Ашигт малтмалын газар нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах уг тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид 2010 онд олгосон гэдгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл /төлбөрийн/ ашиглахтай холбогдсон харилцаанд хяналт тавьж, чиг үүрэг хэрэгжүүлж байгаа нь буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 122 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2017/0297 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3, 56.4, 56.5-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ