| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/113 |
| Огноо | 2023-06-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч Б.М******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М*******т холбогдох эрүүгийн 2315000000105 дугаартай, 163/2023/0100/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн М*******, Завхан аймгийн ******* суманд 1990 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн Хавчир хангай гэх газарт оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эгч, аавын хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, мөн шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, 33 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М******* нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн гэх газарт байрлах иргэн Ж.Б*******гийн эзэмшлийн эд зүйл хадгалах зориулалт бүхий амбаар буюу агуулахад 18 цагийн орчим хаалганы цоожийг осков төмрөөр хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч 20 кг орчим үхрийн махыг хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000105 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.М******* нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн гэх газарт байрлах иргэн Ж.Б*******гийн эзэмшлийн эд зүйл хадгалах зориулалт бүхий амбаар буюу агуулахад 18 цагийн орчим хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч 20 кг орчим үхрийн махыг хулгайлж, 230.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн: Уг хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт гэх нэртэй газарт иргэн Ж.Б******* гэх хүний өвөлжөөний дэргэдэх амбаар байв. Уг амбаар нь өндөр 1.70 см, өргөн нь 1.50 см бүхий хэмжээтэй өвлийн идэш хадгалах зориулалттай байв гэх тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-11 дэх тал),
2. Хохирогч Ж.Б*******гийн өгсөн: 2022 оны 11 дүгээр сард би ******* сумын Халиун багийн нутаг Хавчирын хана гэх газарт байдаг өвөлжөөндөө 4 ханатай монгол гэрийн дэргэд байрлах амбаарт үхрийн идэш бэлдээд хөлдөөгчид хийсэн юм. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр эхнэр, хоёр хүүхдийн хамт гэртээ ирээд амбаараа нээгээд хөргөгчөө онгойлгоход үхрийн хаа байхгүй байсан. Тэгэхээр нь би манай өвөлжөөнд байдаг Таван халуун хочит Мөнхболдтой уулзаад чи яахаараа манай амбаараас мах хулгай хийдэг юм гээд уурлахад ахаа уучлаарай би авсан юм аа гээд хэрэг ээ хүлээсэн юм. ...Дал чөмгөөр нь эвдсэн үхрийн өрөөл хаа байсан. Бүтэн бол биш... Намайг тухайн үед ирэхэд амбаарын цоож бүтэн байсан харин зүүн талын цүүний хадаас нь хөшигдөөд доошилсон байсан. Цоож бол түгжээтэй хэвээрээ байсан. Би М*******т огт тийм зөвшөөрөл өгч байгаагүй. Намайг байхгүй үед гэрийн хаалга, амбаарын хаалга түгжээтэй байдаг... М******* гэдгийг одоо л мэдэж байна, өмнө Мөнхболд гэж дуудаад сурчихсан байсан... Надад гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-35 дахь тал),
3. Гэрч Л.З*******гийн өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу шинийн нэгний өдөр нөхөр Б******* болон хүүхдүүдийн хамтаар Халиун баг гэх өвөлжөөндөө очиход манай монгол гэрийн гадна байрлах амбаарын цоожны цүү хөшигдөж эвдэрсэн байсан. Тэгээд Б******* амбаар руу ороод хөлдөөгчөө нээж үзэхэд жижиглэсэн үхрийн хаа байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
4. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №ОРХ/6189 дугаартай: хязаалан насны үхрийн хаа мах 20 кг нийт 230.000 төгрөг гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-47 дахь тал),
5. Яллагдагч Б.М*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2023 оны 02 сарын 19-ний орой 18 цагийн үед Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн гэх газарт байрлах гэртээ Хараа нэртэй 0.5 литрийн 1 шил архи ганцаараа уусан. Тэгээд хойд айл болох Б******* ахын амбаарын урд очиж явахад осков төмөр байхаар нь аваад амбаарын хаалгыг осковоор татахад цоож нь онгойж дотогш нэвтэрч амбаарын баруун тал хэсэгт байрлах хөргөгчийг онгойлгоод харахад үхрийн /хаа/ мах байхаар нь аваад өөрийн гэрт аваачиж тавиад гэртээ орж хэсэг унтаж байгаад гарч ирээд харахад алга болсон байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-100 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 34 см урттай, 7 см өргөнтэй төмөр хийцтэй хүрэн бор өнгийн осков хадаас, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн 1 ширхэг бичлэг бүхий CD зэргээр хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ж.Б*******, гэрч Л.З******* нарын хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаар эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 6189 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.М*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон яллагдагчаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн осков, бичлэг бүхий CD зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжаар нь магадлан нягтлахад шүүгдэгч Б.М******* нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн гэх газарт байрлах иргэн Ж.Б*******гийн өвөлжөөний гэрийн дэргэд байх түүний эзэмшлийн эд зүйл хадгалах зориулалт бүхий амбаар буюу агуулахад 18 цагийн орчим хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч 20 кг орчим үхрийн махыг хулгайлсан үйлдэл хангалттай нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Б.М*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Харин мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно” гэж хуульчилсан байх бөгөөд энэ тохиолдолд хохирлын хэмжээ хамаарахгүй байхаар зохицуулжээ.
Хэрэг, үйл баримт болсон газар буюу Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн гэх газарт байрлах хохирогч Ж.Б*******гийн өвөлжөөний дэргэд байх гэрийн гаднах түүний эзэмшлийн эд зүйл хадгалах зориулалт бүхий агуулахад осков бүхий төмөрийг ашиглан цоожийг эвдлэн орж буй нь хохирогчийн эд зүйл хадгалах зориулалт бүхий агуулахын халдашгүй эрхэд халдсан хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
Шүүгдэгч Б.М*******ын эд зүйл хадгалах зориулалт бүхий агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл идэвхтэй, бусдын өмчлөх эрхэд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг эд зүйл хадгалах зориулалт бүхий агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг эд зүйл хадгалах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Б.М*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Б*******д 20 кг махны үнэ 230.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч Ж.Б******* нь дээрх хохирол төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.
Шүүгдэгч Б.М******* нь дээрх хохирлыг төлөөгүй болох нь хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.М*******аас 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б*******д олгох нь зүйтэй байна. Харин шүүгдэгч Б.М******* нь дээрх хохирлыг өөрийн адуунаас хул зүсмийн даага өгч хохирлоо төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэм бурууг нотолж, яллах байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 1 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал, дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.
Б.М*******ыг эд зүйл хадгалах зориулалттай агуулахад нэвтэрч эд зүйл буюу мах хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх хавтаст хэргийн 51-61 дэх тал, 63-66, 72, 75-76 дахь талд авагдсан иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, малын А дансны хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М******* нь Завхан аймгийн ******* суманд 1990 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн Хавчир хангай гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, ам бүл 3, эгч, аавын хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.М*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 264 дугаартай тогтоолоор 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгожээ.
Шүүгдэгч Б.М*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Иймд Б.М*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М*******ыг 1 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирно шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн 1 ширхэг CD-ыг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалах, харин 34 см урттай, 7 см өргөнтэй төмөр хийцтэй хүрэн бор өнгийн осков хадаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад тус тус даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М******* нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус шүүхийн шүүгчийн захирамжаар өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 8 /найм/ хоног цагдан хоригдсон байх тул, дээрх 8 /найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг эд зүйл хадгалах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М*******ыг 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******т оногдуулсан 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******ын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М*******аас гэм хорын хохиролд 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн гэх газарт оршин суух, *******ын Б*******д /РД: /-д олгож, шүүгдэгч нь хохирогч Ж.Б*******д хул зүсмийн даага өгч хохирлоо төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Б.М*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-ыг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалж, 34 см урттай, 7 см өргөнтэй төмөр хийцтэй хүрэн бор өнгийн осков хадаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн тусгах Н.Эрдэнэбулганд тус тус даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ