| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0113/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/117 |
| Огноо | 2023-06-19 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.4.2.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С*******, Б.Г******* нарт холбогдох эрүүгийн 2315000000074 дугаартай, 163/2023/0113/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын С*******, Булган аймгийн ******* суманд 1995 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн Авзага гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт мал маллан амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, 28 настай, эрэгтэй, РД: *******.
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы Г*******, Булган аймгийн ******* суманд 2002 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, ам бүл 4, ээж, хоёр дүүгийн хамт Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн Цагаан дов гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, 21 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нар нь 2023 оны 02 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 6 дугаар багт Б.Г******* нь гарын алган дээрээ бензин тосож хохирогчийн толгой дээр асгаж, улмаар Б.С******* нь асаагуур асааж гал гаргасан үйлдлийн улмаас А.Цын нүүр, хүзүү хэсэг түлэгдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж, онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000074 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
2023 оны 02 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутагт шүүгдэгч Б.Г******* нь гарын алган дээрээ бензин тосож хохирогчийн толгой дээр асгаж, улмаар шүүгдэгч Б.С******* нь асаагуур асааж гал гаргасан үйлдлийн улмаас хохирогч А.Цын нүүр, хүзүү хэсэг түлэгдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж, онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн үйл баримтууд, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн: Уг хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Өлийн дэрс гэх газарт байх ба уг газар ирэхэд элсэрхэг, шаргалтаж гандсан өвстэй, олон тооны машины мөртэй байх. Уг газар улаан өнгийн түлш агуулах савтай ертөнцийн зүгээр урд зүг рүү чиглэсэн жолооны дан бариул хэсэг нь саарал өнгийн ханцуйвчтай суудал хэсэг нь саарал өнгийн бүрээстэй Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл нь данхраадсан байдалтай байна. ...№5 буюу мотоциклийн моторны доод талын газар нь шингэн зүйл асгарч хатсан маягтай байв. ...№7 дугаартай газрын өнгөн хөрсөн дээр байх хатсан шингэн зүйл мэт зүйл байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-11 дэх тал),
2. Хохирогч А.Цын өгсөн: Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* сумын төвөөс 7 км зайд байдаг Баянмөнх гэдэг хүн дээр очиж өөрийн эзэмшлийн Даюун маркийн Хятад мотоциклийг янзлуулах санаатай очсон. Тэгсэн Баянмөнх ах мотоцикпийн чинь цахилгааны утсанд масс их байна маргааш янзалж өгье гэхээр нь сумын төв рүү мотоциклоо унаад явсан.18 цаг өнгөрч байхад сумын төв рүү гэрлүүгээ явж байтал хажуугаар зөрсөн мотоциклтой 2 хүн дуудсан. Тэгэхээр нь тоолгүй явж байсан чинь араас гүйцэж түрүүлж ирээд мотоциклийн араас мөргөөд намайг мотоциклтой унагасан. Тэгээд тэр хоёр мотоциклоосоо бууж ирээд мотоцикл жолоодож явсан С******* нь толгой руу гараараа цохисон. Тэгээд утасныхаа гэрлийг асааж нүүр хэсэгт тусгаад тонгой гээд толгой руу дахиад цохисон. Хамт явсан залуугаа миний хувцас хунарыг тайл гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хувцсаа тайлахгүй гэсэн чинь хүчээр тайлж миний өмсөж явсан бүх хувцсыг тайлж С******* нь утсаараа бичлэг хийж цагдаад хэлбэл ална шүү гэж хэлсэн. Ганаа нь нуруу руу хутга тулгаж хувцсаа хурдан тайл гэж хэлсэн. Тэгээд хоёр гарыг ард минь бүсээр хүлж байгаад нурууны гол руу жийгээд гарнаас арагш нь татсан. Миний унаж явсан мотоциклоос бензин тосож Ганаа алган дээрээ хийгээд миний толгой дээр асгаж С******* гал асаасан. Тэгээд миний шатаж байсан үсийг С******* унтраасан. Миний нүүрэн хэсэгт ассан галыг би өөрөө унтраасан. С******* хамт явсан залуутайгаа дахиад хоёр гарыг минь ард хүлж хаяад толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд тэр хоёр сумын төвийн зүг л яваад өгч байгаа харагдсан. Тухайн үед нь би шалдан газар хэвтэж байсан тэр дороо ухаан алдаад сэрсэн чинь харанхуй болсон байхаар нь гутлаа өмсөөд дээлээ нөмрөөд сумын төв рүү явж байсан чинь замын хойд талд нохой хуцах чимээгээр айлд очиж хоносон. Тэгээд өглөө үхрээ хайж явсан Цэгмид ахаар сумын төвд байдаг гэртээ хүргүүлж ирээд сумын цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),
3. Гэрч Д.Жы өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өглөө 09 цагийн үед сумын төвийн зүүн хойд талд холгүй ойрхон байдаг Г гэх айлд үхрээ сураглаж очсон. Тэгтэл тэднийд Г, Гын эхнэр, нэрийг нь мэдэхгүй зүс таних манай нутгийн залуу байсан. Тэгээд би үхрээ сураглаад явах гэтэл зүс таних нутгийн залуу өчигдөр шөнө хүнд зодуулчихлаа та намайг сумын төвд гэрт хүргээд өг гэхээр нь би зөвшөөрөөд сумын төвд зүүн хороонд гэрийнх нь гадаа буулгасан өөрөө алхаад гэртээ орсон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
4. Гэрч Г.Гын өгсөн: 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр орой 22 цагийн орчим гэртээ амарч байтал манай гэрт хүн ороод ирэх шиг болсон. Тэгээд би асаагуурын гэрэл тусгаж хартал манай нутгийн нэрийг нь мэдэхгүй залуу зогсож байсан зүс харж байсан. Тэгээд юу болсон талаар асуутал хүнд зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би манай гэрийн баруун талын орон дээр хэвт гэж заатал өөрөө очиж хэвтээд хөлийн үзүүр хөлдсөн байна гэж өөрөө хэлэхээр нь би босож очоод дээл, хөнжил зэргээр хучиж өгсөн. Тэгээд өглөө болсон би босоод галаа түлж байтал манай гэрт Цэгмид гэх манай нутгийн хүн машинтай үхрээ хайж ирсэн. Тэгэхээр нь би уг залууг Цэгмидийн машинд суулгаж өгөөд сумын төврүү явуулсан... гэх (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
5. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай: А.Цын биед баруун, зүүн хацар, хамрын нуруу, дух, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хөмсөг, баруун зүүн чих, хүзүүнд 1, 2А, Б зэргийн түлэгдсэн шарх, зүүн тавхай, зүүн хөлийн 1, 2, 3 дугаар хуруу, баруун хөлийн 1, 2, 3, 4, 5 дугаар хуруунд 1, 2 дугаар зэргийн хөлдөлт, баруун мөр, хүзүү, баруун зүүн бугуй, баруун зүүн дал, зүүн гуя, баруун, зүүн өвдөгт цус хуралт, баруун зүүн алганд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун тавхай зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр, нам хэм болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал),
6. Яллагдагч Б.С*******ийн өгсөн: Би өөрийн үеэл Г*******ийн хамтаар 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн ******* сумын зүүн хойд талд байх Өлөнгийн дэрс гэх газарт Г гэх айлд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар тухай айлаас оройн 20 цагийн орчимд Г*******ийн хамтаар Хишиг-Өндөр сумын төв рүү явах гээд мотоциклийг би жолоодож хөдөлсөн. Улмаар 4 орчим километр явж байтал Өлөнгийн дэрс гэх газарт Ц нь мотоциклондоо даруулчихсан байдалтай байсан. Тэгээд Г*******ийн хамтаар мотоциклоос буугаад очиход Ц нь согтуу байсан. Тэгээд би Г*******ийн хамт мотоциклийг нь өргөөд Цыг босгосон. Тухайн үед би Цтай ямар нэгэн зүйл ярилгүй шууд нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Улмаар Цын хоёр гарыг ард нь бүсээр нь хүлчихээд явах гээд алхаж байтал хүлээснээсээ гараа тайлчихсан. Тэгэхээр нь би хувцасыг нь тайлж байгаад Цыг дагуулж мотоциклийн хажууд авчирсан. Тэгээд мотоциклийн банкны шланкыг сугалж татахад миний гар хэсэг шатахуун болсон. Тэгээд би асаагуураа зуртал асахгүй байж байгаад дахин дахин дартал асаагуурын гал өгөгчөөс гал үүсэж улмаар шатахуун асгарсан гар маань шатсан. Тэгээд гал ассан байсан гартайгаа ноцолдож байгаад унтраачихаад хартал Ц нь толгой хэсгээрээ галд шатаж байсан. Тэгэхээр нь дээлийг нь аваад шууд толгой дээр нь тавиад дарж унтраасан. Тэгээд Г******* бид хоёр айж, сандарсандаа хувцасыг дөхүүлж өгчихөөд шууд мотоциклдоо суугаад явсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал),
7. Яллагдагч Б.Г*******ийн нүүрэлдүүлж мэдүүлэг өгсөн: ...Хүн шатаж байгаа нь их айхтар харагдаж байсан болохоор айж сандраад мотоциклоо унаад зугтаасан. ...Би одоогоор хохирол төлөөгүй бөгөөд цаашид С*******ийн ар гэрийнхэн хохирол төлнө. Мөн хохирогчид хандан хэцүү байхад нь хаяад явсанд уучлаарай. Тухайн үедээ нилээн согтуу байсан. Дүү нь гэхдээ хутга барьж биедээ авч явдаггүй шүү гэж хэлмээр байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-91 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтууд шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч А.Цын өгсөн мэдүүлэг, гэрч Д.Ж, Г.Г нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нарын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад,
Шүүгдэгч нар нь 2023 оны 02 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутагт шүүгдэгч Б.Г******* нь гарын алган дээрээ бензин тосож хохирогчийн толгой дээр асгаж, улмаар шүүгдэгч Б.С******* нь асаагуур асааж гал гаргасан үйлдлийн улмаас хохирогч А.Цын нүүр, хүзүү хэсэг түлэгдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж, онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдож байна.
Хохирогч А.Цын мэдүүлснийг гэрч Д.Ж, Г.Г нар гэрчлэн мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.
Хохирогч А.Цын биед учирсан баруун, зүүн хацар, хамрын нуруу, дух, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хөмсөг, баруун зүүн чих, хүзүүнд 1, 2А, Б зэргийн түлэгдсэн шарх, зүүн тавхай, зүүн хөлийн 1, 2, 3 дугаар хуруу, баруун хөлийн 1, 2, 3, 4, 5 дугаар хуруунд 1, 2 дугаар зэргийн хөлдөлт, баруун мөр, хүзүү, баруун зүүн бугуй, баруун зүүн дал, зүүн гуя, баруун, зүүн өвдөгт цус хуралт, баруун зүүн алганд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун тавхай зүүн гуянд зулгаралт бүхий гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нарын хохирогчийн толгой дээр бензин асгаж, гал тавьсан, өвлийн улиралд буюу 2 дугаар сард хувцсыг нь тайлж, хоёр гарыг нь хүлж, хээр талд орхисон гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нар нь хохирогчийн толгой дээр бензин асгаж шатаасан, хээр талд хувцсыг нь тайлж, хоёр гарыг нь хүлж орхисон гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу “хохирогчийг тохуурхан доромжилж”, “бүлэглэж”, “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн зэрэг шинжүүдийг бүрэн хангаж байна.
Мөн Б.С*******, Б.Г******* нар нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж, онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайг тус тус нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцож, санал дүгнэлтээ гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч А.Ц нь иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч Б.С*******оос хохирогчийн эм тариа, эмнэлгийн ор хоногийн төлбөрт 2.239.216 төгрөгийг төлсөн гэж мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн 145-157 дахь талд 31 ширхэг баримтыг ирүүлсэн байна.
Дээрхээс гадна шүүгдэгч нар нь хохирогчид 10.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож үүнээс 8.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл 2.000.000 төгрөгийн үнийн дүнд шүүгдэгч тус бүр 1, 1 адууг Цд хүлээлгэн өгөхөөр тохиролцож, хохирлыг барагдуулснаар хохирогч А.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна. /хэргийн 158-159 дэх тал/
Иймд шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч А.Ц нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг дохуурхан доромжилж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг сонгож 3 жилийн хугацаагаар оршин суух газраас гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах гэж, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс тухайн зүйл ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ялын хамгийн бага хугацаагаар ялыг оногдуулах гэсэн саналыг тус тус гаргасан байна.
Хавтаст хэргийн 102-135 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.С******* нь 28 настай, аав, ээж, ах, дүү нарын хамт мал маллан амьдардаг, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан,
Шүүгдэгч Б.Г******* нь 21 настай, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг сонгож, шүүгдэгч нарыг тус бүр Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлах ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын С*******, ******* овогт *******ы Г******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж”, “хохирогчийг тохуурхан доромжилж”, “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш гарч явахыг тус тус хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.С*******, Б.Г******* нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч А.Ц нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ