Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр, Х.Ургаа,

шүүгдэгч П.Н******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Н*******д холбогдох эрүүгийн 2215000000309 дугаартай 163/2023/0094/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн Н*******, Булган аймгийн ******* суманд 1981 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, Хужир толгойн 4-404 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, хүнд машин механизмын багш мэргэжилтэй, Булган аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багш ажилтай, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 41 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Н******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт, мөн тус багийн Хужир толгойн 4-404 тоотод байрлах өөрийн гэртээ 2022 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 04 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Т.С*******ын толгойн тус газарт нь гараараа цохих, үснээс нь зулгаах байдлаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000309 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Н******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт, мөн тус багийн Хужир толгойн 4-404 тоотод байрлах өөрийн гэртээ 2022 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 04 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтсон гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Т.С*******од гэртээ харья, явья гэх шаардлагыг тавьж, түүний үгийг үл тоож, гэртээ харихгүй, хамт олон дээрээ буцаж очно гэж эсэргүүцэхэд нь толгойн тус газарт нь гараараа цохих, үснээс нь зулгаах байдлаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н*******гийн өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай сургууль дээр арга хэмжээ болоод баг багаараа оролцсон. Би гадуур явах ажилтай болчихоод гадуур явж байгаад буцаж ирсэн. Ирэхэд манай хүн зааланд ажлыхантайгаа суугаад нэлээн халаад бүжиглээд байж байхаар нь харья гэхэд жаахан байж байгаад харья гэхээр нь орхиж яваад эгчийнхээ гэрт ирээд хэсэг байж байгаад дахиад очсон. Тэгэхэд манай хүн гэр рүүгээ явах шинжгүй байсан. Тэгэхээр нь би Булган буудал руу хүнтэй уулзахаар явсан. Намайг Булган буудлын өрөөнд хүнтэй уулзаж байсан чинь гадаа хүмүүс чанга чанга дуугараад байсан. Тэгээд ажлынхаа Чадраа гэж хүнээс юу болсон талаар асуухад “манай хэд орж ирж яваад гадаа хүний юм хагалсан байна” гэсэн. Ажлынхан миний байсан өрөөний хажуугийн өрөөнд орж ирсэн байсан. Тэр үед би эхнэртэйгээ уулзалдаагүй. Н шөнө буудлаас дуудахаар нь гараад очиход талийгаач машины хажууд нэлээн согтуу замын боржур дээр сууж байсан. Тэгээд би машиндаа суулгах гэхэд суухгүй, явахгүй гэж байгаад миний хажууд суухгүй гээд машины арын суудалд суусан. Гэр рүүгээ өгсөж явахад эхнэр маань нөгөө хэд дээр хүргээд өг, би болоогүй байна гэхээр нь одоо харъя гэсэн. Тэгэхэд хойноос рүлл булаацалдаад байхаар нь сандарсандаа өрөөсөн гараараа түлхсэн. Засмал замаас салаад гудамж руу орох үед хаалга онгойлгоод машинаас буух гэж оролдсон. Тэгэхэд нь би машины тормоз гишгээд, машинаас буугаад эхнэрээ үхэх чинь дутаа юу гээд 2 алгадаад буцаагаад суулгасан. Гэртээ хариад хашаандаа ороод машинаас буулгаад гэртээ орох гэж яваад бид хоёр довжоон дээрээ хальтирч унасан. Гэртээ ороод амрах гэсэн амрахгүй, машины түлхүүрээ өг би буцаж явна гээд байсан. Тэгэхээр нь би түлхүүрээ куртикнийхээ карманд нуусан. Намайг түлхүүр өгөхгүй гэхэд нүүр маажаад, ураад орилоод болохгүй болохоор нь би үснээс нь татаад өөрөөсөө холдуусан. Хажууд дүү, охин хоёр байсан. Тэгээд дээшээ гараад хоёр охинтойгоо унтсан. Өглөө босоод ирэхэд хань маань өөд болсон байсан гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, Хужиртын 4-404 тоот хаягт байрлах хүрэн модон хашаатай, гол хэсэгт улбар шар өнгийн тээврийн хэрэгсэл орж гарах зориулалт бүхий гүйдэг хаалгатай байв. ...Хашаанд ороход хойд талд мансардтай 2 давхар шар өнгийн дүнзэн байшин байв. Түүний зүүн талд улбар шар өнгийн төмөр дээвэртэй шовгор нэртэй жижиг байшин харагдаж байв. Хашааны баруун урд талд хойш харсан улбар шар өнгийн төмрөн хаалгатай бор хүрэн өнгийн банзан нойл байв. ...Байшин руу ороход үүдний хэсэг буюу довжоо нь шатны гишгүүр нь 5 байх бөгөөд газраас 100 орчим метр байв. ...Унтлагын өрөөний баруун урд хананд модон 2 хүний ор байх ба түүн дээр зүүн урд зүг рүү толгойгоо харуулж доошоо харсан байдалтай ягаан өнгийн хөнжил нөмөрч 2 хөл шулуун хоёр тийшээ жийсэн зүүн гарын тохойны ар, сарвууны ар хэсэгт хөхөрсөн байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Амь хохирогч цагаан өнгийн хөхөвч, бор саарал өнгийн дотуур хувцастай байв. Өрөөний баруун хананд 1.9 х 1.8 метр хэмжээтэй вакум цонх байв. Амь хохирогчийн толгой хэсэгт шингэн зүйл гарч орны дэвсгэр даавуу норсон байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Хэргийн үзлэгийн явцад цогцосыг дээш харуулахад амь хохирогчийн 2 нүд аниатай ам, хамраас шингэн зүйл гарсан зүүн нүдний доод хэсэг хөхөрсөн, зүүн хацар хавдсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 2-14 дэх тал),

2. Цогцост үзлэг хийсэн: Уг цогцос нь 171 см өндөртэй, толгойн тойрог 24 см, уг хэсгээр бууралтсан, хүрэн бор өнгийн үстэй, биеийн галбир зөв, ам хаалттай уруул хөхөлбөр өнгөтэй үзэгдэх шүд бүрэн ам хамраас хүрэн улаан өнгийн шингэн урсан гарсан, 2 чихний дэлбэн бүтэн, чихний сувгаас гарсан зүйлгүй, гар хөлний хуруунууд бүрэн бүтэн хөхөрч цайрсан, бэлэг эрхтэний хөгжил зөв, өтгөн шээсний сүвнээс гарсан зүйлгүй зүүн нүдний дээд зовхины дотор хэсэгт 1.5 х 1 см хэмжээтэй, доод зовхины дотор булан хэсэгт 1.5 х 1.2 см хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн шанаа 0.7 х 0.5 см хэмжээтэй хүрээн улаан өнгийн зулгаралттай зүүн шанаа, зүүн хацар орчмоор овоож хавдсан, дээд уруулд 0.3 х 0.2 см, 0.2 х 0.1 см шарх, зулгаралттай, эрүүний зүүн хэсэгт 0.2 х 0.1, 0.5 х 0.8 см, 0.7 х 0.5 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зулгаралттай, цээжний зүүн дээд хэсэгт, зүүн бугалаганы урд дээд хэсэгт, зүүн бугалаганы урд дээд хэсэгт болон ард доод хэсэгт, зүүн тохой, баруун тохой, баруун шууны ард доод хэсэгт, баруун шууны гадна доод хэсэгт, баруун сарвууны ар хэсэгт, баруун шилбэний гадна дээд хэсэгт, зүүн гуяны урд дунд хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралтуудтай, зүүн өвдөг хүрээн улаан өнгийн зулгаралттай зүүн бугалаганы ард дунд хэсэгт, баруун шилбэний урд дунд хэсэгт зүүн шилбэний урд дунд хэсэгт, зүүн шилбэний гадна дээд хэсэгт хүрэн ягаан өнгийн хуучин цус хуралттай байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 15-19 дэх тал),

3. Мэдүүлгийн газар дээр нь шалгасан: Тухайн эмэгтэй нилээн согтуу 1 давхараас 2 давхар руу гарах гэж байхдаа манай юм зөөж байсан хүүхдийн барьж явсан зүйлийг өшиглөөд хэрүүл маргаан хийж байгаад дээшээ 1 давхараас 2 давхар руу гардаг эргэлт дээрээс хий гишгээд унасан гэх тул талийгаачийн зогсож байсан газрыг А үсэг байршуулан гэрч Ч.С*******гаар заалгуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Амь хохирогчийн унасан гэх ресепшин байрлах үүдэн хэсгийг Б үсэг байршуулан гэрчээр заалгуулан гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тухайн буудлын гишгүүрний өндөр нь 14 см, өргөн 29 см, нийт урт 3.50 см байв... гэх тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 159-161 дэх тал),

4. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х*******ийн өгсөн: Талийгаач Т.С*******о нь миний төрсөн дүүгийн охин нь байгаа юм. Миний нагац дүү гэсэн үг. Намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа гэдэгт маргалдах хүн байхгүй. Талийгаачийн 2 том нь насанд хүрээгүй, талийгаачийн аав нь нас барсан өөрөө айлын ганц хүүхэд байсан юм. Ах, эгч, дүү байхгүй. Хамгийн ойр дотно гэвэл би болон манай төрсөн ах дүү нар л байдаг юм. ...Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 25 дахь тал),

5. Насанд хүрээгүй гэрч Г.Нийн өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орой 23 цагийн үед дүү Цогзолмаа, манайд амьдардаг ах ******* бид 3 унтсан. Унтаж байхад гэрийн хаалга дуугараад ээж орж ирсэн. Араас нь удалгүй аав орж ирсэн. Тухайн үед би хаалга онгойход сэрсэн. Сэрээд цаг харахад 04 цаг 40 минут болж байсан. Ээж орж ирээд надад би энд байхгүй шүү гэж хэлээд дээшээ 2 давхар руу гарсан. Гараад шкаф руу орж байгаа чимээ надад сонсогдсон. Аав орж ирээд ээжийг хайгаад байх шиг байсан ба 2 давхар руу гараад ээжийг олоогүй буугаад ирсэн. Бууж ирээд аав надаас ээж чинь хаана байна гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэгсэн аав дахиад 2 давхар руу гараад явсан. Би араас нь мөн адил 2 давхар руу гарсан. 2 давхарт гарахад ээж шкафнаас гараад ирчихсэн зогсож байсан. Аав ээж анх гэртээ орж ирэхдээ хоёулаа архи уучихсан ээж нэлээн согтчихсон, аав арай гайгүй согтолттой байсан. Ээж тухайн үед аавд хандаж чи миний 2 хүүхдийг хайрлаж чадаагүй, чи одоо эндээс гар, яваач гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн аав уурлаад ээжийг цохих гэж байсан чинь ******* ах босож ирээд болиулсан. Ээж гэрт орж ирээд өөрийнхөө утсаар Б ах руу залгаад намайг алах гээд байна, ирээд аваач гэж яриад байсан. Аав тухайн үед бол би энэ хүүхдүүдийг хайрласан шүү дээ амьнаасаа илүү хайрласан гэж хэлээд дээшээ гараад унтсан. Ээж болохоор 1 давхарт унтаж байсан. Тэгээд байж байхад гаднаас Б ах орж ирээд юу болсон бэ? гэхээр нь аав ээж хоёрыг хоорондоо хэрүүл маргаан хийсэн, одоо зүгээр болоод унтсан гэж хэлсэн чинь буцаад яваад өгсөн. Явсных нь дараа би 2 давхар руу гараад унтсан гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 30-32 дахь тал),

6. Гэрч Д.Сийн өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 04-ний өглөө үүрээр намайг унтаж байтал миний гар утас дуугарсан юм. Тэгээд би утсаа харсан чинь манай нөхрийн дүү Т.С*******о залгаж байсан. Тэгээд утсаа аваад байна уу гэсэн чинь уйлаад эгээ би үхлээ ш дээ гэхээр нь чи хаана байгаа юм бэ, эмнэлэгт байгаа юм уу гэсэн чинь“үгүй ээ би гэртээ байна гэхээр нь тэгээд яагаад байгаа юм бэ?, бие хаа чинь өвдөөд байгаа юм уу, түргэн дуудахгүй юм уу гэсэн чинь үгүй ээ Нямка намайг нүдчихлээ ш дээ, та яаралтай хүрээд ир гэхээр нь чи цагдаа дууд, бас түргэн дууд гэсэн чинь та заавал хүрээд ир, би дуудаж чадахааргүй байна, би яг үхэх гээд байна гэхээр нь би очиж яахын бэ, чи цагдаа дууд, түргэн гээд дахиад хэлсэн чинь та л хүрээд ирээч дээ гээд уйлаад байхаар нь за за эгээ нь очлоо гэж хэлээд нөхөр Бын хамт өөрсдийнхөө машинтай талийгаачийн гэрийн гадаа очиход гэрийнх нь бүх гэрэл унтарсан, хашааны хаалга онгорхой байсан учир нөхөр бид 2 машинтайгаа шууд давхиж ороод гэрийнх нь үүдэнд тулж зогссон. Манай нөхөр эхэлж орсон. Би нөхрийнхөө араас яваад орсон чинь манай нөхөр урдаас буцаад гараад ирсэн юм. Тэгэхээр нь нөхрөөс юу болсон юм бэ гэсэн чинь согтуу унтаж байна гээд охин нь оруулахгүй байна гэхээр нь за за гэж бодоод л гэр рүүгээ харьсан юм. Нөхөр бид хоёрыг гэрт ирэхэд 05:30 минут болж байсан юм гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 53-55 дахь тал),

7. Насанд хүрээгүй гэрч Г.*******гийн өгсөн: ...шөнө 04 цаг өнгөрч байхад 1 давхарт юм түжигнэх шиг дуу чимээ гарсан. Тэгээд байж байтал Нь намайг дуудаад би буугаад очиход Нь аавыгаа тэвэрсэн, талийгаач С*******оо эгч унтлагын өрөө рүү ордог хэсэгт хагас суусан байдалтай Н******* ах талийгаачийн үснээс зулгаасан байдалтай байсан. Талийгаач С*******о эгч Нь руу чиний эцэг чинь намайг аллаа гэж хэлээд байж байсан. Намайг бууж очиход харанхуй гэрэлгүй тог тасарсан байсан. Тэгэхэд талийгаач эгчийн дүү энийг хардаа миний нүд тагларчихлаа гэж хэлсэн. Би яг аль нүд гэдгийг нь санахгүй байна. ... Удалгүй 2 минут орчмын дараа Нь намайг дуудсан. Буухад унтлагын өрөөний үүдэнд байсан сандал дээр Н******* ахыг Нь тэврээд дарсан байдалтай сууж байсан. Тэгээд Н******* ах тэр үед тайвшраад дээшээ гарч унтъя гээд гараад Нийн оронд цуг унтсан гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 37-38 дахь тал),

8. Гэрч Н.Нн өгсөн: ...Тэгээд 23 цаг өнгөрөөд манай эхнэр үйл ажиллагаагаа тараад ирсний дараа 01 цагийн орчимд манай ажилчид ширээ сандал аяга тавгаа зөөж байхад гаднаас 3 эмэгтэй, 1 халзан толгойтой эрэгтэй орж ирсэн. Тэгэхэд нэг том биетэй эмэгтэй нь манай эхнэрийн эгчийн хүүхэд болох Мөнх-Эрдэнийн цагаан саванд халбага, сэрээ хийгээд зөөж байхад урд нь зогсож байгаад сав руу нь өшиглөж хамаг юмыг нь унагасан. Тэгэхээр нь би гүйж очоод бүгдийг нь оруулахгүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр том биетэй хөх өнгийн куртиктэй эмэгтэй өөдөөс агсан тавиад над руу дайрч байгаад цаашаа явсан. Тэгж байхад 27 тоотоос нэг шар царайтай эрэгтэй гарч ирээд тухайн хүмүүсийг оруулаач удахгүй гараад явчихна гэж хэлэхээр нь би оруулсан. Тухайн хүмүүсийг оруулаад удаагүй байхад халзан толгойтой эрэгтэй нь гараад явсан. Тэгээд миний санаж байгаагаар 03 цаг өнгөрч байхад тухайн сүүлд орсон хүмүүс гараад би хаалгаа цоожлоод өрөөндөө ороод унтсан. Би сүүлд ирсэн хүмүүсийг гарсны дараа 2 давхарт гарахад Н******* 27 тоотын том ортой өрөөнд байж байсан. Тэгэхээр нь би чи одоо унтчих гэхэд явна, машин байгаа гэхээр нь би машин барьж болохгүй шүү гэхэд хүн дуудсан гэх шиг болсон. Тэгэхэд Н******* надтай цуг байсан хүмүүс хайччихваа гэхээр нь гараад явсан гэхэд хаяад явчихлаа гээд надад 95111057, 95454763 гэсэн дугаар өгөөд залгуулсан. Тэгэхэд тэр 2 дугаар нь холбогдоогүй намайг залгахад 03 цаг 59 минут болж байсан. Тэгээд залгаад холбогдоогүй. Удалгүй Н******* гараад явсан... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 40-41 дэх тал),

9. Гэрч Ч.Бын өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 04-ний шөнө үүрээр 05 цагийн орчимд талийгаач манай эхнэр С рүү залгаад ярьсан байсан. Тухайн үед би мэдээгүй унтаж байсан. Манай эхнэр намайг сэрээгээд Т.С*******о яаралтай хүрээд ир гэж байна гэсэн. Эхнэр надад юу болсон яагаад дуудсан талаар огт хэлээгүй. Тэгээд би босоод машинаа асаагаад эхнэр Сийн хамт утсаар ярьснаас хойш 10 минутын дараа гэхэд талийгаач Т.С*******оогийн гэрийн гадаа очсон. Тэгээд би машинаа асаалттай чигээр нь зогсоогоод гэр лүү нь эхнэрээсээ түрүүлж ортол Нь 2 давхраас бууж ирэхээр нь юу болсон яачихаад байгаан гэж асуусан. Нь ээж унтчихлаа аав унтах гэж байна, энэ 2 хоорондоо жоохон маргалдаад байсан, аав, ээж хоёр согтуу байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би унтчихсан байхаар нь буцаад гараад явсан. Эхнэр өөдөөс ирж байхаар нь унтчихсан байна, сэрээгээд яахав гэж хэлээд эхнэрээ аваад гэр рүүгээ явсан гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 43-44 дэх тал),

10. Гэрч Ч.Эгийн өгсөн ...Би бүжиглэж байгаад сандал дээр суухад Evok нэртэй архи талдаа орсон байсан санагдаж байна тэрийг би аягалаад хүмүүст өгсөн тэгэхэд талийгаач дээрээс нь бага уугаад буцаагаад өгсөн, дараа нь Н******* багшид хийж өгөхөд бага зэрэг амсаад өгсөн..., Н******* багш сүүлийн хэдэн жил баяр ёслолд хамт орохоо больсон талийгаач Н******* хүүхдээ харж байгаа гэдэг байсан. Би ер нь бол Н******* багшийг сүүлийн хэдэн жил уухыг хараагүй... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 50-51 дэх тал),

11. Гэрч Л.Дгийн өгсөн ... манай нөхөр Н******* хоёр түрүүлээд яваад өгсөн манай нөхөр харин бид нар хувцсаа өмсөөд буудал руу араас нь алхаж яваадбуудал руу орох гэсэн чинь буудлаас хүмүүс гарч ирэхээр нь талийгаач нэг залуутай шүргэлцсэн чинь тэр залуу уурласан чинь бид нар өө уучлаарай гэсэн чинь тэр эрэгтэй хүн уурлаад хэрүүл хийгээд зөрөөд явсан бид нар нар буудал руу ороод үүдний хэсэгт зогсож байтал буудлын жижүүрүүд согтуу хүнийг оруулахгүй гэхээр нь бид нар тэр хүнтэй маргаад байж чинь бид нартай зөрөөд гарч байсан хүмүүс буцаад орж ирж явсан тэр хүмүүс пунд нэг эмэгтэй хүн хоср гартааа юм барвчихсан явж байсан чинь талийгаач тэр барьж явсан юм руу нь өшиглөчихсөн..., ...Талийгаач зааланд Бын хувцсыг өмсүүлэх гэж байсан чинь Б шалан дээр уначихсан чинь дагаад шалан дээр уначихсан байсан. Яг яаж унасныг бол би хараагүй..., Н******* ер нь номхон дөлгөөхөн, хүнтэй эелдэг харьцаатай, ер нь бол үнэнч хүн байгаа юм... ...Талийгаач яриа хөөрөөтэй, наргианч шударга юм уусан үедээ агсрах маягтай хүн байгаа юм...  Н*******г би эхнэрээ зодсон гэж бодохгүй байна учир нь Н******* нь хандаа халамжтай, үнэнч өөрөө зөв хүн учраас би тэгж бодож байна... гэх мэдүүлэг  (1-р хавтаст хэргийн 57-60 дах тал),

12. Гэрч Э.Чын өгсөн: ...Булган зочид буудалд Булган аймгийн пауэрлифтингийн холбооны хүмүүстэй байж байхад шөнө гаднаас Н******* багш, манай ажлын Д багшийн нөхөртэй хамт орж ирсэн. Тэр 2-ыг орж ирэхэд Eden нэртэй архи талаас доошоо орсон байсан. Мөнхбат бид хоёр архи уугаагүй, пиво уугаад сууж байсан. Тэр хоёр орж ирээд удаагүй байхад 1 давхарт дуу чимээ гараад хүмүүс орилоод байхаар нь би буугаад очиход талийгаач буудлын тогооч нартай маргалдсан харагдаж байсан. Би хэнтэй маргалдсан гэдгийг нь мэдэхгүй. Тэгээд би талийгаачийг юу болсон талаар асуухад гаднаас бас эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирж байхад талийгаач барьж байсан юмыг нь урдаас өшиглөсөн. Тэр хүмүүс нь буудлын паднустай юм зөөж байсан. Маргаан дунд талийгаач 2 давхар руу шатаар өгсөж байхад ахлах тогооч бололтой эмэгтэй нөгөө хүмүүсээ өмөөрөөд чи олон нийтийн газар байгаа хүмүүсийг яаж байгаан аяга, шил хагараад нүүр ам руу орчуул яах юм гээд хэлж байсан. Талийгаач тэр хүн рүү дайрч байгаад хөл алдаад 2-3 гишгүүр гишгээд шатнаас өнхөрч унасан. Тэгээд талийгаач босоод жижүүр нь оруулахгүй гээд гаргасан... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 136-137 дах тал),

13. Гэрч Ч.С*******гийн өгсөн: ...Би Булган зочид буудлын рестораны зааланд тайлангаа тавиад сууж байсан. Харин манай ажилчид сав суулгаа зөөж байсан. Тэгэхэд гэнэт хүмүүс хашгираад юм тас няс гээд унасан. Тэгэхээр нь би сандраад гараад иртэл нэг согтуу эмэгтэй манай ажилтны барьж явсан юм руу нь өшиглөөд агсам тавьж байсан. ...Тухайн согтуу эмэгтэй ямар ч байсан өшиглөх гэж байгаа бололтой хөлөө саваад хий гишгээд шатаар өнхрөөд унаад ороод ирсэн. Тэгэхэд замд нь манай ахмад тогооч хүүе гээд барих гээд барьж чадаагүй. ...Тэр эмэгтэй нилээн өндөр биеэрхүү харагдаж байсан ямар ч байсан нуруу хэсгээрээ унаад дунд нь нэг эргээд хөл, өвдөг хэсгээрээ шатанд цохиод ямар ч байсан ресефшиний үүдэнд ирэхэд доошоо харсан байсан... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 151-152 дах тал),

14. Гэрч Ц.Хийн өгсөн: ...Би Булган зочид буудлын ресторанаас гараад 2 давхар руу гарах гээд шатны эхний гишгүүр дээр гараад байж байхад 1-2 давхар руу гардаг эргэлт дээрээс хар урт куртиктэй эмэгтэй хүн өнхрөөд ороод ирсэн. Миний харж байснаар 2-3 удаа бүтэн эргээд үс нь сэгсийчихсэн ороод ирсэн. Тэр эмэгтэй өсгийтэй гуталтай харагдсан... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 157-158 дах тал),

15. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай: Амь хохирогч Т.С*******ын биед тархины битүү гэмтэл буюу баруун зулай, дух чамархай, зүүн зулайн хуйханд цус хуралт, баруун зүүн чамархайн булчинд цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийн хатуу халсан доорх цусан хураа /105 гр/, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины эрс илэрсэн хаван, тархи дарагдал, зулайн хуйханд зулгаралт, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруул, эрүү, зүүн өвдөг баруун тавхайд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, цээж, зүүн бугалга, зүүн тохой, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Шинжээч М.Аригуунтөгс эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан №74 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Амь хохирогч Т.С*******ын цогцост хийгдсэн гадна ба дотор шинжилгээ, эд эсийн шинжилгээнүүдээс үзэхэд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй байна. Амь хохирогчийн биед үүссэн тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /105 гр/, их бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун зулай, дух, чамархай, зүүн зулайн хуйханд цус хуралт, баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зулайн хуйханд үүссэн зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн бугалга, зүүн тохой, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд уруул, эрүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, ...Талийгаачийн биед учирсан баруун зулай, дух, зүүн зулайн хуйханд цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай ,чамархайн хэсгийн, хатуу хальсан доорх цусан хураа 105гр, их бага тахины аалзан хальсан доорх цус харвалт, тархины эрс илэрсэн хаван, тархи дарагдал, зулайн хуйханд зулгаралт гэмтлүүд нь толгойн оройн хэсэг болох дух, зулай хэсэгт толгойн хэмжээнээс том талбайтай буюу хязгаарлагдсан бус гадаргуутай зүйлээр нэг ба түүнээс олон удаагийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Баруун, зүүн чамархайн булчинд үүссэн цус хуралт, тухайн цус хуралт үүссэн хэсэгт нэг ба хоёр удаагийн үйлдлээр, цохих цохигдох хүчний үйлчлэрээр үүсгэгдсэн байхаар байна. ... амь хохирогчийн биед үүссэн баруун зулай, дух, зүүн зулайн хуйханд цус хуралт, баруун зүүн чамрхайн булчинд цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай ,чамархайн хэсгийн, хатуу хальсан доорх цусан хураа 105гр, их бага тахины аалзан хальсан доорх цус харвалт, тархины эрс илэрсэн хаван, тархи дарагдал, зулайн хуйханд зулгаралт гэмтлүүд нь өндрөөс урагш болон арагш чиглэлтэй унах үед үүсгэгдэх боломжтой ба хүн гараараа цохих үед үүсгэгдэх боломжгүй юм... гэх дүгнэлт (2-р хавтаст хэргийн 8-17 дахь тал),

16. Яллагдагч П.Н*******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: Би талийгаачтай хамт Булган зочид буудлаас хөдлөөд явж байхад талийгаач жолоочийн хойд талд суусан. Гэтэл харих замдаа талийгаач харих болоогүй байсан, чи намайг аваад явлаа буцаж нөгөө хэд дээр очно гээд явж байхад машины хаалгыг онгойлгосон. Тэгээд би шороон зам руу ороод зогссон. Тэгээд бууж очоод баруун гараараа талийгаачийн зүүн хацар руу нь 2 удаа үхэх чинь дутаа юу гэж хэлээд алгадсан. Тэгээд машиндаа суулгаад гэртээ харьсан. Гэрт орох гэж байгаад довжоон дээр хоёулаа давхарлаж унасан. Гэхдээ талийгаач миний дээр унасан. Тэгээд гэртээ орсон. Талийгаач над руу дайраад явна гээд байсан. Харин том охин ээжийгээ бариад өрөө рүү нь авч орсон. Намайг үсдээд маажаад байсан учир би цааш нь болгох гэж байгаад үснээс зулгаасан асуудал байгаа. Гэхдээ цохисон зүйл байхгүй, эхнэр агсам тавиад байсан учир би 2 давхарт гараад хоёр охинтойгоо цуг унтсан. Том охин ээжийгээ унтуулчихаад 2 давхарт гарч ирээд цуг унтсан гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 126 дахь тал),

17. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Арвай зоогийн газар, хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, Тэс петролиум шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг CD,

18. Хэрэгт нэмэлт ажиллагаагаар хийсэн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 5 бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 590 дугаартай: Талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэн мэс засал эмчилгээ хийгдсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой. Талийгаач нь их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний явц, фото зурагт өндрөөс унасан гэх шинж тогтоогдсонгүй. Талийгаачид учирсан зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа нь тархи дарагдаж ухаангүй болох хүртэлх хугацаанд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх, ярих, энгийн хүн мэт байх боломжтой. Идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх нь тархины цусан хурааны хэмжээнд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (2-р хавтаст хэргийн 108-115 дахь тал),

19. Хэрэгт нэмэлт ажиллагаагаар хийгдсэн гэрч Э.Чын дахин өгсөн: ...буудлын ажилтантай талийгаач С*******о нь харьцааны хувьд маргаан үүсгэж юм зөөж байсан эрэгтэй ажилтангийн энгэр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би талийгаач С*******о эгчийг аваад шатаар дээш явж байтал тухайнд буудлын эзэн Сараа гэж дууддаг эгч юу болоод байгаа юм, яаж байгаа юм гээд дуугаа өндөрсгөхөд талийгаач С*******о нь надтай хамт явж байгаад өөрөө огцом эргэж Сараа эгч рүү очих гэж байгаад шатнаас хальтирч биеийнхээ зүүн мөрний ар хэсгээр шатан дээр унаад улмаар нуруугаараа шатаар гулсаад нэг болон хоёр давхарын дунд байдаг шат хэсгээр нэг давхар руу унасан. Тухайн үед талийгаач С*******о нь өөрөө босоод ирсэн... гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 161 дэх тал),

20. Хэрэгт нэмэлт ажиллагаагаар хийгдсэн гэрч Л.Дгийн дахин өгсөн: Тухайн өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зааланд бүжиглэж байгаад талийгаач С*******о болон Б нар хамт шалан дээр хөл алдаад унасан. Тухайн үед талийгаач С*******о болон Б нар нь арагшаагаа шалан дээр унаж байсан бөгөөд шууд дагз хэсгээрээ унасан уу?, эсвэл өгзөг, нурууны ар, дагз гэж унасан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тэгээд Булган буудал дээр ирээд өрөөнд орчихсон байж байгаад бүжиглэнэ гэж байгаад шалан дээр асгарчихсан байсан пивон дээр зогсчихсон байж байгаад хальтирч биеийнхээ ар хэсгээр шалан дээр унасан. Тухайн үед арагшаагаа унахдаа биеийнхээ аль хэсгээр унасан эсэхийг хараагүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 163 дахь тал),

21. Хэрэгт нэмэлт ажиллагаагаар хийгдсэн гэрч Э.Рын дахин өгсөн: Тухайн өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зааланд талийгаач С*******о нь бүжиглэж байгаад унасан болов уу гэлтэй Б багшийн хамт шалан дээрээс босож байгааг нь харж байсан. Түүнээс хаагуураа хэрхэн шалан дээр унасан эсэхийг хараагүй... гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 165 дахь тал),

22. Хэрэгт нэмэлт ажиллагаагаар хийгдсэн гэрч Г.Цийн дахин өгсөн: Тухайн өдөр талийгаач Т.С*******ыг юмнаас унасан эсэх талаар би мэдэхгүй байна, хараагүй. Тухайн өдөр ажил дээр Монгол өдөрлөг зохион байгуулж дуусгаад манай багш ажилчид Булган буудал руу хамт явцгаасан юм... гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 167 дахь тал),

23. Хэрэгт нэмэлт ажиллагаагаар хийгдсэн гэрч Э.Бын дахин өгсөн: Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зааланд бүжиглэж байхад талийгаач С*******о нь согтчихсон бүжиглэж байгаад шалан дээр 2 удаа унаж байсан. Тухайн үед ямар байдлаар биеийн аль хэсгээрээ унасныг санахгүй байна. Тухайн үед шалан дээр унаж байна даа л гэж харсан болохоос яг аль хэсгээрээ ямархуу байдлаар газарт унаж байгааг анзаарч хараагүй... гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 169 дэх тал) зэрэг бичгийн болон эд мөрийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодит байдлаар шинжлэн судалж, хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х*******, насанд хүрээгүй гэрч Г.Нь, Г.*******, гэрч Д.С, Н.Н, Ч.Б, Ч.Э, Э.Ч, Ч.С*******, Л.Д, Ц.Х нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх, шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт, шүүгдэгч П.Н*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий CD, хэрэгт шүүгчийн захирамжаар нэмэлт ажиллагаагаар хийгдсэн Шүүх, шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 590 дугаартай дүгнэлт, гэрч Э.Ч, Л.Д, Э.Р, Г.Ц, Э.Б нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

шүүгдэгч П.Н******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт, мөн тус багийн Хужир толгойн 4-404 тоотод байрлах өөрийн гэртээ 2022 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 04 цагийн орчим архи согтууруулах ундаа хэрэглэж согтсон гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Т.С*******ыг гэртээ харья, явья гэснийг хохирогч эсэргүүцэж, явж байгаа тээврийн хэрэгслээс буухыг оролдох, машиныг зогсоох гэж жолоо булаацалдсаны улмаас маргалдаж толгойн тус газарт нь гараараа цохих, үснээс нь зулгаах байдлаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгч П.Н*******д холбогдох хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/158 дугаартай захирамжаар прокурорт даалгавар хүргүүлсэн бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тодруулахаар 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт, гэрч Э.Ч, Л.Д, Э.Р, Г.Ц, Э.Б нараас дахин мэдүүлэг авах нэмэлт ажиллагаа хийлгэсэн.

Шинжээчийн дүгнэлтүүдээр талийгаач нь их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай чамархайн суурь хэсгийн хатуу хальсан доох цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд уг гэмтлүүд нь толгойн оройн хэсэг болох дух, зулай хэсэгт толгойн хэмжээнээс том талбайтай буюу хязгаарлагдсан бус гадаргуутай зүйлээр нэг ба түүнээс олон удаагийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэх тул талийгаач Т.С*******о нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зааланд ажилчдын дунд зохион байгуулсан Монгол нэртэй өдөрлөгт оролцож, өдөрлөгийн дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бүжиглэж байхдаа болон хувцсаа өмсөх үедээ, Булган буудал руу явах замдаа газарт тус тус унасан, мөн Булган зочид буудлын нэг давхараас хоёр давхар руу гарах шатнаас хий гишгэж унасан нь гэрч Ч.С*******, Ц.Х, Э.Ч, Л.Д, Э.Р, Г.Ц, Э.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч П.Н*******гийн хохирогчийн үснээс зулгаах, 2 удаа алгадах үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.

Өөрөөр хэлбэл талийгаачийн биед учирсан хүнд гэмтэл шүүгдэгч П.Н*******гийн үйлдлийн улмаас учирсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, шүүгдэгчийн тогтвортой өгсөн мэдүүлгүүд нь гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээс агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж ирүүлсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.Н******* нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт эхнэр Т.С*******ыг машинаас бууж буцаж ажлынхан дээрээ очно гэж замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолоог арын суудлаас булаацалдсан, явж буй тээврийн хэрэгслээс буухаар хаалга онгойлгосноос болж маргалдаж зүүн хацар хэсэгт 2 удаа алгадсан, гэртээ ороод машины түлхүүр авч явна гэж уурлаж хашхирч дайраад байхаар нь үснээс нь зулгааж холдуулсан гэж мэдүүлснийг давхар насанд хүрээгүй гэрч Г.Нь, Г.*******, гэрч Д.С нарын мэдүүлэг, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгааны эх сурвалж, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 590 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй давтан хийсэн дүгнэлтэд “цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний явц, фото зурагт өндрөөс унасан гэх шинж тогтоогдсонгүй, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа 105гр, их бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон нэмэлт ажиллагаагаар дахин өгсөн мэдүүлгүүд болон 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус няцаагдаж байна гэж шүүх үзсэн болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч П.Н*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.С*******ын эрүүл мэндэд баруун зулай, дух, чамархай, зүүн зулайн хуйханд цус хуралт, баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчдийн 01 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзсэн тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.Н*******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч П.Н******* болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьнаас оролцсон байна.

 

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон шүүгдэгчийн түргэн уур, бухимдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

 

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч П.Н*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.Н*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцлоо.

Шүүгдэгч П.Н*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч П.Н*******гийн сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 03 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Н*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

2 дугаар хавтаст хэргийн 40, 43-47 дахь талуудад авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Булган аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Н******* нь Булган аймгийн ******* суманд 1981 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, Хужир толгойн 4-404 тоотод амьдардаг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багш ажилтай, ам бүл тав, 5-17 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, түүний хамгийн бага охин болох Н.Цогзолмаа нь хөгжлийн бэрхшээлтэй зэрэг шүүгдэгчийн хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч П.Н*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч П.Н*******г 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч П.Н******* нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 91 /ерэн нэг/ хоног буюу 3 сар, 01 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж хуульчилсан байх ба шүүгдэгчийн цагдан хоригдсон 91 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 1365 нэгжтэй тэнцэж байх тул шүүгдэгч П.Н*******д оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял төлөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Н******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Арвай зоогийн газар, хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, Тэс петролиум шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н*******г 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н*******гийн цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 1365 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.365.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч П.Н*******д оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял төлөгдсөнд тооцсугай.

 

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н*******д урьд авсан Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Н******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Арвай зоогийн газар, хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, Тэс петролиум шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ