Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 183/2020/01691/И |
Дугаар | 001/ХТ2022/00458 |
Огноо | 2022-04-12 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2022/00458
“,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн
тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01811 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2016 дугаар магадлалтай,
“,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,ад холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 39,295,370.33 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар нарын гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,295,370.33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01811 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас зээлийн гэрээний үүрэгт 39,265,370.33 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204093726 дугаартай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 520 дугаар байрны 103 тоот хаягт байрлах 50,23 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 354,276 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2016 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01811 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “39,265,370.33” гэснийг “34,333,875.33” гэж, “30,000” гэснийг “4,961,495.33 гэж, 3 дахь заалтын “354,276” гэснийг “329,619” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 299,105 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн магадлалын зарим хэсгийг үндэслэлгүй гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. ,,,,,,,,,,,,,,,,,,,,, миний бие 2018.03.05-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 106205793 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр ах ,,,,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний дагуу ББСБ-аас 34,000,000 төгрөгийг зээлэхээр харилцан тохиролцон 2018.03.05-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал энэхүү зээлээ гэрээнд заасан хугацаанаас хожимдуулан 2 хуваан олгосон. Тодруулбал 2018.03.09-ний өдөр 19,790,000 төгрөг, 13,860,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Мөн зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зээлийн гэрээнд заасан хугацааны дагуу тооцон тооцоолол хийсэн. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 34,000,000 төгрөгийг зээлэхээр харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ үл биелүүлж 33,990,000 төгрөгийг олгосон. Үүнийг давж заалдах шатны шүүх баталгаажуулан 33,660,000 төгрөгийг зээлсэн байна...” гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан байдлаар гэрээг чөлөөтэй байгуулсан гэж дүгнэсэн. Харин талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралтад 34,000,000 төгрөг зээлж, 15,776,345.87 төгрөгийн хүү, гэрээний хугацаанд нийт 49,776,345.87 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэхээр байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй, зээлийн гэрээний хугацаанд төлөх нийт дүнг төлөх ёстой гэж үзэн гэрээний хавсралтад зааснаас өөрөөр тооцож (илүү) төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.2. Талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг байгуулсан гэх боловч зээлдүүлэгч зээлийн гэрээний 5.8-д заасан үүргээ бүрэн, зохих ёсоор гүйцэтгээгүй гэдгийг давж заалдах шатны шүүх тогтоосон. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасан үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэснийг тус тус зөрчсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч нь ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасны дагуу зээлдэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан гэж үзнэ. Энэ нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнээгүй, дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Мөн анхан шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийг буруу (хэт явцуу утгаар) тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Тодруулбал зөвхөн зээлдэгч тал төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгчийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн мэтээр дүгнэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Зээлдүүлэгч тал зээлийн гэрээгээр надтай хугацаа, хэмжээ, эргэн төлөх хуваарийг харилцан тохиролцож 34,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн эсэхийг дүгнэхгүйгээр орхигдуулсан гэж үзнэ.
4.3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйл, 22 дугаар зүйлийн 1-д заасны дагуу нэхэмжлэгч байгууллага гэрээнд заасан зээлийн хэмжээ, зээл олгох хугацааг зөрчсөн атлаа гэрээний хавсралтад авах эргэн төлөгдөх хугацаа, хэмжээг үндэслэн шаардаж байгаа нь илтэд үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл зээлдэгч үүргээ биелүүлэхдээ хавсралтад дурдсан хугацааг баримтлах, нэхэмжлэгч зээлээ олгохдоо хугацаа хожимдуулах, дутуу олгох зэрэг нь хуульд болон шударга ёсонд нийцэхгүй. Миний хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаанд 10,955,445 төгрөг, 2019.10.09-ний өдөр 6,000,000 төгрөг, 2019.10.22-нд 6,000,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт, нийт 22,955,445 төгрөгийг төлсөн. Иймд зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү, анз авах эрхээ алдсан гэж үзэх бөгөөд зээлийн гэрээний үлдэгдэл 11,034,555 төгрөг болно (Зээл 33,990,000 төгрөгөөс нийт төлсөн төлбөр 22,955,445 төгрөгийг хасч, үлдэгдэл 11,034,555 төгрөг). Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн төлбөрөөс 11,034,555 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин бусад төлбөрийг үндэслэлгүй нэхэмжилсэн гэж үзэж байна гэжээ.
5. Нэхэмжлэгч тал “хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,295,370.33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 39,265,370.33 төгрөгийг хангаж, үлдэх 30,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 34,333,875.33 төгрөг гаргуулж, үлдэх 4,961,495.33 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.
8. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2018.03.05-ны өдөр Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, ... хаягт байршилтай 50,23 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай ... үл хөдлөх хөрөнгө барьцаалан 34,000,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээ байгуулж зээлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй тул компанийн зүгээс удаа дараа сануулж, өдөр бүр утсаар ярьж, хаягаар байнга очиж уулзаж байсан. Зээлдэгч нь 2018.10.08-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, иймд зээлийг төлөх эрмэлзэлгүй гэж үзэн 2019.09.27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш 2 удаа төлөлт хийсэн боловч зээлийн үндсэн төлөлт хийгдээгүй... Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас зээлийн гэрээний үүрэгт 39,295,370.33 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг баталгаат ипотекийн гэрээнд заасан эд хөрөнгөөр хангуулж өгнө үү...” гэсэнд,
хариуцагч “...Зээлийг би ганцаараа аваагүй. ,,,,,,,,,,,,,,,,,, нь өргөдөл бичиж хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж 34,000,000 төгрөгийг авсан. Би дангаараа зээлийг хариуцах үндэслэл байхгүй... Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.1-д зааснаар 34,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт олгох үүрэгтэй байсан боловч 33,990,000 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д... заасныг ноцтойгоор зөрчсөн. Зээлийн гэрээний нийт хугацаанд 10,955,445 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа 2019.10.09-ний өдөр 6,000,000 төгрөг, 2019.10.22-ны өдөр 6,000,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт төлсөн. Зээлийн гэрээний үндсэн дүнгээс нийт 22,953,445 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хүү, анз авах эрхээ алдсан гэж үзэж байна... Зээлийн гэрээний үлдэгдэл 11,034,555 төгрөг болж байгаа. “,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлсөн гэх 22,953,445 төгрөг нь худлаа, би 22,666,610 төгрөг төлсөн. Иймд 39,295,370 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, гэрээний хугацаа 2019.09.02-ны өдөр дууссан атал зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, иймд нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгах боломжгүй.
10. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын эзэмшлийн, гэрээнд заасан тоот дансанд 2018.03.09-ний өдөр 20,000,000 төгрөг, 14,000,000 төгрөгийг тус тус 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй...” гэж дүгнэн, харин нэхэмжлэгчээс нотариатын зардал 30,000 төгрөгийг шаардсан боловч баримтаар нотлоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 39,265,370.33 төгрөгийг хангаж, үлдэх 30,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс “....зээлдэгч гэрээгээр 33,660,000 төгрөгийг авсан байна, зээлийн гэрээгээр хариу төлбөртэй хүү тогтоосон атлаа зээл олгохдоо шимтгэл тогтоосон нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д нийцэхгүй. Иймд нэхэмжлэгчид олгогдоогүй 340,000 төгрөгт хүү тооцохгүй... 33,660,000 төгрөгийн 18 сарын хүүг тооцоод үндсэн зээл дээр нэмэхэд нийт 57,289,320 төгрөг болно, үүнээс хариуцагчийн төлсөн 22,955,445 төгрөгийг хасаад 34,333,875 төгрөгийг гаргуулах нь зүйтэй...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан, үүнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.
11. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасныг үүргийн эрх зүйн харилцаанд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс болж үүргийн гүйцэтгэл хангагдахгүй удааширсан, үүнээс болж үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх боломжгүй болохыг ойлгох буюу үүрэг гүйцэтгэгчийн зүгээс үүргийг тогтоосон газар хугацаанд нь хүлээж аваагүйн улмаас зохих ёсоор гүйцэтгэгдэх байсан гүйцэтгэлийг хугацаанд нь хүлээлгэн өгөхөд саад учруулсан, эсхүл үүрэг гүйцэтгэхэд үүрэг гүйцэтгүүлэгчийн оролцоо шаардлагатай байсан зэргийг ойлгоно.
12. Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч/үүрэг гүйцэтгүүлэгч гэрээний дагуу тохирсон 34,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанаас 4 хоног хожимдуулж, 2018.03.09-ний өдөр хоёр хувааж 19,790,000 төгрөг, 13,860,000 төгрөгийг (гэрээнд зааснаас 350,000 төгрөг дутуу) тус тус шилжүүлсэн нь гэрээний үүргийн зөрчилд тооцогдох боловч уг зөрчил нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т хамаарахгүй, учир нь ийнхүү нэхэмжлэгч зээлийг 4 хоног хэтрүүлж, 350,000 төгрөгөөр дутуу шилжүүлснээс болж хариуцагч буюу зээлдэгч/үүрэг гүйцэтгэгч гэрээний үүрэг болох зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөх боломжгүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч саад учруулсан гэх үндэслэлгүй юм.
13. Иймд, “... Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-ийг тус тус зөрчсөн тул мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасны дагуу зээлдэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан гэж үзнэ. Энэ нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнээгүй. Шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийг буруу (хэт явцуу утгаар) тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2-4.3-т заасан хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
14. Мөн, “...Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан байдлаар гэрээг чөлөөтэй байгуулсан гэж дүгнэсэн. Харин талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралтад 34,000,000 төгрөг зээлж, 15,776,345.87 төгрөгийн хүү, гэрээний хугацаанд нийт 49,776,345.87 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэхээр байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй, зээлийн гэрээний хугацаанд төлөх нийт дүнг төлөх ёстой гэж үзэн гэрээний хавсралтад зааснаас өөрөөр тооцож (илүү) төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх гомдлын тухайд (Тодорхойлох хэсгийн 4.1-д), хариуцагчаас гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй (2018.10.08-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй), үүнээс шалтгаалж төлөх ёстой хүүгийн хэмжээ хуримтлагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд давж заалдах шатны шүүхийн хийсэн тооцооллыг буруутгахгүй.
15. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан нь нэгэнт үүссэн гэрээний үүргийг багасгах, хасах агуулгагүй, гагцхүү үүрэг гүйцэтгэгчийн биелүүлсэн үүргийг алинаас нь эхэлж тооцох тухай зохицуулалт юм. Энэхүү хэм хэмжээ нь талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссанаас хойш үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлсэн, тухайлбал зээлийн гэрээний хувьд зээлдэгч тодорхой хэмжээний төлөлт хийсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчийн зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлэх хүртэлх хугацааны үүргийг тооцоход, тодруулбал гэрээний хугацаа дууссанаас хойш хийсэн төлөлтийг үндсэн зээлээс хасаж, уг дүнгээс хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоход ач холбогдолтой.
16. Харин энэхүү маргааны хувьд зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусахад (2019.09.02) хариуцагчийн хувьд үндсэн зээл болон зээлийн хүүд нийт 46,333,875 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байсан (давж заалдах шатны шүүхийн тооцсон 57,289,320 төгрөгөөс гэрээний хугацаанд төлсөн 10,955,445 төгрөгийг хасахад), үүнээс хойш хариуцагч 12,000,000 төгрөгийг төлсөн ба давж заалдах шатны шүүхээс уг төлөлтийг гэрээний хугацаанд үүссэн байсан үүргийн нийт дүнгээс (хүү болон үндсэн зээлийн үлдэгдэл) хасаж, үлдэх үүрэг буюу 34,333,875.33 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хожим хийсэн төлөлтийг нэгэнт үүссэн байсан гэрээний үүргийн алинаас нь (зээлийн хүү, үндсэн зээл) хасах нь ач холбогдолгүй буюу адилхан үр дагавартай байна. Иймээс “Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-ийн дагуу гэрээний хугацаа дууссаны дараах төлөлтийг зөвхөн үндсэн зээлээс хасах ёстой” гэсэн агуулгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан гомдол үндэслэлгүй.
17. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2016 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 274,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД