Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0680

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/870 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0539 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2024/0991/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/870 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0539 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/870 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх маргаан бүхий захирамжийн 3 дахь заалтыг нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэдгийг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй байна гэж дүгнэсэн. Үүнийг тогтоох эрх бүхий байгууллага нийслэлийн газар зохион байгуулалтын алба гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ нь газрын асуудал бөгөөд газрын асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэдэг утгаараа. Үүнтэй холбогдуулаад хэрэв маргаан бүхий актын 3 дахь заалтыг хүчингүй гэж үзвэл анхан шатын шүүх хүчингүй болгох байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа юм. Маргаан бүхий актыг 3 дахь заалттай нь холбогдуулаад бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Мөн анхан шатын шүүхийн үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт нэхэмжлэгч эзэмших эрх бүхий газартаа хашаа барих нүх ухсан, олон жил болсон эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших эрхийн гэрчилгээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох байжээ гэж дүгнээд байгаа. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т газар төрийн хамгаалалтад байх, 4.1.5-д хүн амын эрүүл мэнд, байгаль, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх, 20 дугаар зүйлийн 20.2-т тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг дарга тухайн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.9, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгож хүчингүй болгоно гэж тодорхойлсон. Гэтэл мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож болохгүй гэж заасан. Мөн хэрэгт авагдсан баримтад тухайн газарт орчныг тохижуулсан, нийтийн эзэмшил болгож оршин суугчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбай болгож тохижуулсан талаар бий. Үүнийг анхан шатын шүүх харгалзаж үзээгүй. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлага хангагдвал тохижуулсан талбайг яах талаар тайлбар хийгээгүй нь учир дутагдалтай гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “М” ХХК нь “нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/870 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

3. Анх нийслэлийн Засаг даргын 1998 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Барилгын байршилт тогтоох, газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” А/182 дугаар захирамжаар “М” ХХК-д Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Чандмань төвийн баруун хойд талд байршилтай 900 м.кв газрыг хөгжмийн сургуулийн зориулалтаар 3 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

3.1 Нэхэмжлэгч “М” ХХК-иас нийслэлийн Газрын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газарт тус тус холбогдуулан “үндэслэлгүйгээр барилгын зураг батлаагүй, газар ашиглах гэрээг сунгахгүй байгаа буруутай ажиллагааг таслан зогсоолгож, газар ашиглах эрхээ сэргээлгэх”-ээр гаргасан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүх хянаад, 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 630 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн,

мөн нийслэлийн Газрын албанд холбогдуулан гаргасан “газар эзэмших гэрээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй, барилгын ажлыг таслан зогсоосон үйлдэл хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх гэрээний хугацааг сунгах, гэрээ байгуулахыг даалгах, хохиролд 30,200,000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хянаад, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 900 м.кв газрыг эзэмших гэрээний хугацааг сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх гэрээний хугацааг сунгах гэрээ байгуулахыг Нийслэлийн Газрын албанд даалгаж, хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

3.2  Улмаар мөн нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийн хугацаа сунгах тухай” А/575 дугаар захирамжаар газрын зориулалтыг сургалт, үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан байх ба сүүлд нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1168 дугаар захирамжаар Чингэлтэй дүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 900 м.кв газрын зориулалтыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор /сургалт, үйлчилгээ/ болгож, газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан үйл баримтууд тогтоогдож байна.

3.3 Гэтэл нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/870 дугаар захирамжаар газар эзэмшигч “М” ХХК нь Газрын тухай хуулийг зөрчиж нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор энэхүү маргаан үүсжээ.

4. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гээд 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох”, 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.

4.1. Хуулийн дээрх зохицуулалт нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан газрын тухай хууль тогтоомж болон газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд түүнийгээ хүчингүй болгохоор байх бөгөөд энэхүү маргааны хувьд хуульд заасан нөхцөл хангагдсан гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

4.2. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.Баярмагнай нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4/460 дугаар албан бичгээр “тухайн барилгыг барьснаар иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл боломжийг хааж, эргэн тойрны барилга, орон сууцны гэрлийг хаах, хүүхдүүдийн тоглох наадах эрхэд халдаж байгаа тул “М” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалж, Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах” талаарх саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн байх ба Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/999 дугаар албан бичгээр “М” ХХК-д газар олгосон, хугацааг нь сунгасан Нийслэлийн Засаг даргын захирамж болон Архитектор төлөвлөлтийн даалгавар холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянах” хүсэлтийг нийслэлийн Засаг даргад гаргасан байна.

4.3. Гэтэл хариуцагчаас маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй буюу бодит нөхцөл байдлыг судлаагүй, хуульд заасан холбогдох ажиллагааг явуулаагүй, маргаан бүхий газрыг “М” ХХК эзэмшсэнээр нийтийн эрх ашигт хэрхэн сөргөөр нөлөөлсөн болохыг нотлох баримтаар толтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцэхгүй байна.

4.4. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд газар эзэмших эрх дуусгавар болох мөн газрын гэрчилгээг хүчингүй болгох талаар тусгайлан зохицуулсан байхад Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгох заалтыг баримталсан нь ойлгомжгүй, учир дутагдалтай. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5. “М” ХХК-ийн маргаан бүхий газрыг эзэмших эрх 1998 онд дуудлага худалдааны зарчмаар буюу хуульд заасан үндэслэл, журмаар үүссэн байх тул уг эрх мөн адил хуулиар хамгаалагдах учиртай бөгөөд хууль ёсны итгэл хамгаалах зарчимд нийцүүлэн өнөөдрийг хүртэл захиргааны байгууллагын улмаас газраа зориулалтын дагуу эзэмшиж чадахгүй байгаа “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв болжээ.

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0539 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Л.ОДБААТАР

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ