Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч  Н.Амаржаргал

Шүүгдэгч Э.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэбилэгийн Энхболдод холбогдох эрүүгийн 201610010257 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих 2 дугаар ангид ачигч ажилтай, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт Замын-Үүд сумын 3-р баг Соёмбын гудамжны 2-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Эрдэнэбилэгийн Энхболд  /РД:УШ90091416/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Э.Энхболд нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчим өөрийн эзэмшлийн 18-01 ДГA улсын дугаартай автомашиныг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.5, 2.7, 7.6 гэсэн заалтуудыг зөрчиж Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 117 дугаар байрны гадаа зогсож байсан иргэн Н.Өлзий-Отгоны эзэмшлийн 24-15 ДГА улсын дугаартай Тоёото Приус маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Э.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн үед өөрийн эзэмшлийн 18-01 ДГА улсын дугаартай автомашинтай явж байгаад Замын-Үүд сумын 1-р багт байрлах 117 дугаар байрны гадаа ирж зогссон. Тухайн үед манай найз Отгонбат захиргаа руу орох ажилтай гээд хамт явж байсан ба түүнийг захиргаа руу ороод ирэх хооронд машин дотроо түр унтсан. Учир нь урд шөнө нь шөнөжингөө ажилласан байсан юм. Тэгээд удалгүй Отгонбат хүрч ирээд явъя гэхээр нь машинаа асаагаад хөдлөх гэж байгаад тэрхэн зуур зүүрмэглээд урд талд зогсож байсан 24-15 ДГА улсын дугаартай Приус 20 маркийн автомашины зүүн хойд хэсгийг мөргөсөн. Тухайн үед би нэг лааз пиво уучихсан байсан болохоор цагдаагаас айгаад ослын газрыг орхиод явчихсан юм. Бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй гэв.

- Хохирогч Н.Өлзий-Отгон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед өдрийн цайгаа уугаад гэрээс гараад ажил руугаа явах гэтэл байрны урд талд байрлуулсан машины зүүн хойд талыг машин мөргөөд явчихсан байсан. Тэгээд ойр хавийн хүмүүсээс асуусан боловч харсан үзсэн хүн байгаагүй бa хагарч цуурсан гуперэн дээр 18-01 ДГА гэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар бүхий хар өнгийн будаг наалдаж үлдсэн байсныг цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдсэн. Цагдаагийн хамт 18-01 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хайж үзэхэд Э.Энхболд гэгч залуу эзэмшигчээр нь бүртгэлтэй байсан ба цагдаагийн хамт түүнтэй уулзахад миний машиныг мөргөөд явсан талаараа өөрөө хэлсэн. Тухайн үед ослын улмаас зүүн хойд талын гупер, багажны хаалга, хойд талын тормосны гэрэл, рам төмөр зэрэг эд зүйлс дотогш чихэгдэж эвдэрсэн байсан. Ослын улмаас учирсан хохирлоо Э.Энхболд бүрэн барагдуулсан тул энэ хэрэгт миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 14/

- Гэрч Ч.Батзаан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн орчим Цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанаас Замын-Үүд сумын 1-р багт байрлах 117 дугаар байрны гадаа зогсож байсан 24-15 ДГА улсын  дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг машин мөргөөд ослын газрыг орхиж зугтаасан гэж дуудлага ирсэн. Тухайн үед би цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулагчаар ажиллаж байсан тул дээрх ослын газарт шинжээчийн хамт очиход Н.Өлзий-Отгон гэх залуу энэ миний машин байгаа юм гэртээ  /117-р байр/ ороод ирэх хооронд машин мөргөөд явчихсан байна гэж хэлсэн. Ослын газарт үзлэг хийхэд анх мөргөсөн цэгээс 24-15 ДГА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 1.70 см урагш түлхэгдсэн байдалтай зүүн хойд талын гупер хагарч цуурсан байсан. Үзлэгийн явцад хагарч цуурсан гуперний гадна талд 18-01 ДГА улсын дугаар бүхий хар өнгийн будаг наалдсан байсан ба уг улсын дугаарыг цагдаагийн байгууллагын дотоод сангаас шүүж үзэхэд Замын-Үүд сумын 2 дугаар баг 1-25 тоот хаягтай Э.Энхболд гэгч эзэмшигч бүртгэгдсэн байсан. …тухайн өдрийн орой 20 цагийн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай Э.Энхболд өөрийн биеэр цагдаа дээр ирсэн. Тэгээд Э.Энхболдыг драйгер 7510 маркийн багажаар үлээлгэж үзэхэд 0.45 хувийн согтолттой гарсан. ...Энэ хооронд цагдаагийн байгууллагад нэг ч удаа ослын талаар мэдэгдээгүй бөгөөд машины гуперэн дээр улсын дугаар гараагүй байсан бол уг хэргийг илрүүлэх боломжгүй байсан. Учир нь тухайн газарт хяналтын камер болон харсан хүмүүс байгаагүй гэжээ. /хх-ийн 19-20/

-Гэрч Ч.Уранчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр над руу эгчийн хүүхэд утсаар залгаад Энхболд ахыг цагдаа хайгаад байна. Утас нь холбогдохгүй байна. Хүний машин мөргөөд зугтаачихсан юм шиг байна гэж хэлсэн. Ингээд би 13-ны өдөр Замын-Үүд суманд иртэл Энхболд өөрийнхөө 18-01 ДГА улсын дугаартай Приус 11 маркийн тээврийн хэрэгслээр урд талд нь зогсож байсан Приус 20 маркийн автомашины араас мөргөөд хэргийн газраас зугатаасан гэж цагдаа хэлсэн гэжээ. /хх-ийн 21/

-Гэрч С.Отгонбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн орчим Энхболд өөрийн 18-01 ДГА улсын дугаартай Приус 11 маркийн автомашинтай манай гэрт  “урьд шөнө ээлжинд хоноод ирлээ” гээд эрүүл саруул ганцаараа орж ирсэн. Миний хувьд тухайн өдөр Замын-Үүд сумын ЗДТГ-т очиж, иргэний бүртгэлээ шилжүүлэх ажилтай байсан болохоор Энхболдыг хамт захиргаа руу яваад ирье гэж гуйсан. Ингээд Энхболд машинаа жолоодоод захиргаа орох замд дэлгүүрээс 1,1 лааз пиво худалдаж аваад хоёулаа машин дотроо уугаад захиргааны урд талын 117 дугаар байрны гадаа зогсоол дээр машинаа байрлуулсан. Тэгээд би захиргаа руу ороод 10-20 минут болоод гараад ирэх хооронд Энхболд машин дотроо унтаж байсан бөгөөд түүнийг сэрээгээд явъя гэж хэлсэн. Тухайн үед Энхболдын машины урд талд 24-15 ДГА улсын дугаартай Приус маркийн машин их ойрхон зайтай зогссож байсан бөгөөд Энхболд машинаа бага зэрэг ухараагаад зүүн гар тал руу дараад эргэх үйлдэл хийхдээ жолоогоо дутуу дараад урдаа байсан машиныг зүүн урд талаас нь мөргөсөн. Тэгэхээр нь би Энхболдыг цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн нь дээр байхаа гэж хэлтэл би пиво уучихсан юм чинь надаас үнэртэх байх пиво гаргаж байгаад цагдаа дээр очъё гэж хэлээд манайд унтсан. Уг нь бид хоёр тухайн автомашины жолоочийг гараад ирвэл хоорондоо тохиролцъя гэж бодсон боловч гарч ирэхгүй байхаар нь ослын газраас явсан. Ослын улмаас 24-15 ДГА улсын дугаартай Приус 20 маркийн автомашины зүүн ард талын хэсэг бүхэлдээ эвдэрч гупер нь салсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагаас хайгаад байна гэхээр нь түүнийг босгоод орой 20 цагийн үед очсон. Энхболдыг үлээлгэж үзэхэд 0,45 хувийн согтолттой гарсан.  /хх-ийн 24-25/

-Гэрч А.Мөнхсоёлын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би Эрдэнэбилэгийн Энхболдтой албан ёсоор гэр бүл болоогүй ч гэсэн хамтран амьдраад 6 жил болж байна. Энэ хугацаанд 3, 4 насны хоёр хүүтэй болсон. Ингээд 2016 оны 10 сард гэр бүлийн маргааны улмаас хоорондоо маргалдаж, тус тусдаа амьдарч эхэлсэн. Миний хувьд амьдралын түвшингээс доогуур амьдралтай учраас хоёр хүүхдээ аав дээр нь үлдээхээр шийдсэн гэжээ. /хх-ийн 59/

-Шинжээчийн 17 тоот дүгнэлтэнд: Тоёота Приус 11 маркийн 18-01 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Энхболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ. 2.7.Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. Мөн 7.6 жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 24-15 ДГА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Өлзий-Отгон МУ-ын ЗХД-ийн заалтыг зөрчөөгүй байна гэжээ. /хх-ийн 34/

- 2016 оны 12 сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний үнэлгээний 9925 тоот тайлан /хх-ийн 30/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/

-24-15 ДГА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 16/

- Шүүгдэгчийн согтуурлыг шалгасан магадлагаа /хх-ийн 45/

- Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, жолоочийн үнэмлэхний хуулбар  /хх-ийн 46-48/

- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/

- Шүүгдэгчийн цахим иргэний лавлагаа /хх-ийн 53/

- Замын-Үүд сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт

- Шүүгдэгчийн ажлын үнэмлэхний хуулбар /хх-ийн 54/

-Э.Энхтөгөлдөр, Э.Энхмөнх нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 55-56/           

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 60-61/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Э.Энхболд нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчим өөрийн эзэмшлийн 18-01 ДГA улсын дугаартай автомашиныг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ, 2.7.Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 7.6.Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчиж Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 117 дугаар байрны гадаа зогсож байсан иргэн Н.Өлзий-Отгоны эзэмшлийн 24-15 ДГА улсын дугаартай Тоёото Приус маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Н.Өлзий-Отгоны “...Тэгээд ойр хавийн хүмүүсээс асуусан боловч харсан үзсэн хүн байгаагүй бa хагарч цуурсан гуперэн дээр 18-01 ДГА гэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар бүхий хар өнгийн будаг наалдаж үлдсэн байсныг цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдсэн. Цагдаагийн хамт 18-01 ДГА улсын дугаатай тээврийн хэрэгслийг хайж үзэхэд Э.Энхболд гэгч залуу эзэмшигчээр нь бүртгэлтэй байсан ба цагдаагийн хамт түүнтэй уулзахад миний машиныг мөргөөд явсан талаараа өөрөө хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч С.Отгонбатын “...Тухайн үед Энхболдын машины урд талд 24-15 ДГА улсын дугаартай Приус маркийн машин их ойрхон зайтай зогсож байсан бөгөөд Энхболд машинаа бага зэрэг ухараагаад зүүн гар тал руу дараад эргэх үйлдэл хийхдээ жолоогоо дутуу дараад урдаа байсан машиныг зүүн урд талаас нь мөргөсөн” гэх мэдүүлэг, гэрч Ч.Батзааны “...үзлэгийн явцад хагарч цуурсан гуперний гадна талд 18-01 ДГА улсын дугаар бүхий хар өнгийн будаг наалдсан байсан ба уг улсын дугаарыг цагдаагийн байгууллагын дотоод сангаас шүүж үзэхэд Замын-Үүд сумын 2 дугаар баг 1-25 тоот хаягтай Э.Энхболд гэгч эзэмшигч бүртгэгдсэн байсан” гэх мэдүүлэг,  шинжээчийн 17 тоот дүгнэлтээр шүүгдэгч нь МУ-ын ЗХД-ийн 2 дугаар зүйлийн 2.5, 2.7, 7.6-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан нь тогтоогдож байна гэж үзлээ.

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Э.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, уг зүйл ангиар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч Н.Өлзий-Отгон нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн гэж мэдүүлж байгааг дурдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Э.Энхболд нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, анх удаа хүндэвтэр хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлуудыг ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болгон авч үзлээ.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбилэгийн Энхболдыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэбилэгийн Энхболдыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхболдод оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Энхболдын 751768 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Э.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, эд мөрийн баримт баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхболдод оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Э.Энхболдод авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүүсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА