Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Д.Алтанзул нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Алтанзулд холбогдох эрүүгийн 2315002000164 дугаартай 163/2023/0130/Э индекстэй хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Айдгант овогт Доржготовын Алтанзул, Булган аймгийн Орхон суманд 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, Залуус хорооллын 7-717 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 31 настай, эмэгтэй, РД: ГР92021205.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Алтанзул нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315002000164 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Алтанзул нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 01-ний оройн 22 цагийн орчим Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн Шанш хорооллын 3-4 тоотод өөрийн төрсөн 26 хоногтой /нярай/ хүү О.Ариунбуяныг хөхүүлэх явцдаа ам хамрыг нь хөхөөрөө дарж унтсаны улмаас хохирогчийг механик амьсгал бүтэлтэд оруулж амь насыг нь хохироосон болох нь:

- шүүгдэгч Д.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр миний нөхөр Очирхуяг болон төрөөд 26 хонож байсан хүү Ариунбуян, найз Ариунгоо, манай хүү Ариун-Эрдэнэ нарын хамт найз Ариунгоогийнд очихоор түүний машинтай Булган аймгийн Орхон сум руу Булган аймгийн төвөөс 14 цагийн орчимд хөдөлсөн байх би цаг хараагүй байсан болохоор санахгүй байна. ...Ариунгоо бид хоёр авсан пивоо тал хүртэл нь уусан. ...Тэгээд гадаа хүйтэн байсан болохоор Орхон сум руу найз Хүрэлбаатар, Сувд хоёрынд очсон. ...Сувд, Ариунгоо бид 3 нөгөө үлдсэн тал пивоо уусан. ...Тэгээд орой тэр хэд дэлгүүр рүү идэж уух зүйл авчирахаар явсан. Тэр хэдийг хүлээгээд орон дээр хүүхдээ хөхүүлээд хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэр хэдээс Сувд гэртээ түрүүлж орж ирсэн юм байна лээ. Тэгээд намайг дуудаж сэрээгээд чи хөхөөрөө хүүхдээ дараад хэвтчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ хартал амьсгалахгүй байсан... гэх мэдүүлэг ( хэргийн 53-54 дэх тал)-аас гадна гэмт хэргийн талаарх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 03 дахь тал),

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 4-7 дахь тал),

- хохирогч Д.Очирхуягийн өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эхнэр Алтанзул, төрөөд 26 хонож байсан хүү Ариунбуян, найз Ариунгоо, манай хүү Ариун-Эрдэнэ нарын хамт найз Ариунгоогийн машинтай Булган аймгийн Орхон сум руу найз Ариунгоогийнд очихоор Булган аймгийн төвөөс 15 цагийн орчимд хөдөлсөн. ...Тэгээд гол дээр Ганзориг бид хоёр авсан архиа задлаад дээрээс нь 1 ,2 хундага уусан. Гол дээрээс хөдлөөд явах гэтэл манай эхнэр Алтанзулын утас руу манай найз Сувд залгаад манайхаар ороод явахгүй юм уу гээд ярихаар нь за замд юм чинь ороод гаръя гээд Сувдынд ороод эхнэр Алтанзул гэрийнх нь орон дээр хүүхдээ тавиад хажууд нь суусан. Тэгээд Сувд Ариунгоог дэлгүүр ороод өгөөч гэж гуйсан. Тэгээд Сувд, Ариунгоо, Ганзориг бид 4 дэлгүүр орсон. Сувд машинаас буугаад дэлгүүр рүү ороод 20-30 минут болсон. Тэр хооронд машин дотор үлдсэн байсан архиа Ганзориг бид 2 уусан. Тэгээд Сувдын гэрт ирэхэд манай эхнэр орон дээр хүүхэдтэйгээ унтаж байсан. Тэгээд эхнэр Алтанзулыг босоорой явцгаая гэтэл эхнэр сэрэхгүй байсан. Дахиад дуудаж байж сэрээж босгосон. Тэгтэл Ариунгоо хүүхэд зүгээр үү яаав гээд чагнаж үзэж байснаа амаар нь хиймэл амьсгал хийсэн. Тэгтэл хүүхдийн хамраас нь цус мэт зүйл гарсан байсан учир бид хэд сандраад сумын эмнэлэг рүү аваад явсан. ...Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг (хэргийн 12-13, 15 дахь тал),

- Гэрч Л.Сувдын өгсөн: ...Тухайн үед тэр хэд орж ирэхдээ Ерөөл нэртэй тал шил архи, Нийслэл нэртэй тал пивотой ирсэн ба манайд ороод 2 найзыгаа доромжлоогүй шүү бид нар гол дээр ууж байгаад аваад ороод ирлээ гэсэн. ...Ганзориг нөхөр бид хоёрыг та хоёр зөндөө ямаа самнасан гээ биз дээ хишиг хүртээгээд уух юм авч өгөхгүй юм уу гэхээр нь нөхөр бид хоёр Очирхуягтай хамт Алтанхуяг ахынд очиж Хараа нэртэй 0.5 литрийн нэг шил архи, Нийслэл нэртэй 2.5 литрийн 1 ширхэг пиво аваад манайд очиж бүгдээрээ хувааж уусан. ...Гоймон аваад буцаад гэртээ ирсэн ба машинаас би хамгийн түрүүнд буугаад гэртээ орсон. Тэгсэн чинь Алтанзул хэвтэж байсан зүүн талын орон дээрээ баруун гараа дэрлэсэн байрлалтай хоёр мөөм нь гарчихсан байдалтай байсан ба нярай хүүхэд нь Алтанзулын хажууд байсан. Алтанзулын мөөм хүүхдийн нүүрийг таглаад дарчихсан байдалтай байхаар нь би сандарч гүйж очоод Алтанзулыг хүүе ээ чи хүүхдээ мөөмөөрөө дарчихсан байгаа юм биш үү гээд нярай хүүхдийг нь татаад авсан чинь хүүхдийн амнаас мөөм сугарч байсан ба хүүхдийн хамрын зүүн талын нүхнээс цус гарч байсан. Тэгээд би Алтанзулыг хүүхдийн чинь хамраас цус гараад байна чи босооч ээ гэхэд Алтанзул сэрэхгүй байсан. Би хүүхдийг гар дээрээ аваад хөдөлгөх гэхэд хүүхэд гарын аясаар, бие нь сул, нүд ам нь хөдлөхгүй толгой нь гулжганаад байсан гэх мэдүүлэг (хэргийн 21-23 дахь тал),

- Гэрч Н.Бямбажавын өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 01-ний оройн 22 цаг 50 минутын үед Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн утаснаас Орхон сумаас хүүхэд болохгүй байна хамраас нь цус гараад байна гээд уйлаад байна бэлтгэлтэй байгаарай, Булган аймаг руу ирж байгаа юм уу танай сумын эмнэлэг рүү очиж байгаа аль нь болох нь мэдэгдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байсан чинь нэг залуу манай эмнэлэг рүү орж ирээд үүдний сандал дээр суугаад тонгойгоод байсан ба тэр залуугаас их архи үнэртэж байсан. Би яасан бэ юу болсон миний дүү гэхэд эгч ээ би хүүхдээ алдчихлаа гээд чанга уйлаад байсан. Тэгтэл араас нь манай эмнэлгийн сувилагч Ариунгоогийн нөхөр Ганзориг орж ирээд эгч ээ Булган аймгаас эмч дуудаад өгөөч манай найз хүүхдээ алдчихлаа гэсэн ба тэр залуу бас л согтуу байсан. Тэгэхээр нь би тэр хүүхэд хаана байгаа юм бэ гэхэд гадаа машин дотор байгаа гэсэн юм... гэх мэдүүлэг (хэргийн 30-31 дэх тал),

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост үзлэг хийсэн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаартай: Талийгаач О.Ариунбуян /РД: ГЖ23240571/-ын цогцост гэмтэл тогтоогдсонгүй. Амь хохирогчийн үхлийн шалтгаан ам, хамрыг таглах хэлбэрийн механик амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. Амь хохирогч нь нас бараад 48 цагаас дээш хугацаа өнгөрсөн байна гэх дүгнэлт (хэргийн 38-42 дахь тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан ...мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Д.Алтанзулын болгоомжгүй үйлдлийн улмаас бага насны хохирогчийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох...” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл талийгаач О.Ариунбуянгийн нас барсан шалтгааныг дурдсан шинжээчийн 38 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан үхлийн шалтгаан нь шүүгдэгч Д.Алтанзулын ам, хамрыг таглах хэлбэрийн механик амьсгал бүтэлт буюу унтаж байхдаа хөхөөрөө ам хамрыг нь тагласан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.Алтанзул нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Алтанзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Энэ хэргийн улмаас О.Ариунбуянгийн амь нас эрсдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Очирхуяг нь гэм хорын хохирол, иргэний нэхэмжлэлийн баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гаргаж өгөөгүй. Тодруулбал, хохирогч Д.Очирхуяг, шүүгдэгч Д.Алтанзул нар нь нэг гэр бүлийн эхнэр, нөхрүүд учир гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Д.Алтанзулыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар амь хохирогчийн эцэг Д.Очирхуягийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ёстой атал мөрдөгч нь Д.Очирхуягийг хохирогчоор тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байгааг цаашид анхаарч, хуулийг зөв хэрэглэх нь зүйтэй байгааг тэмдэглэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Алтанзулын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Алтанзулд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Алтанзулыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Алтанзулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Алтанзул нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2,3,4,6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Айдгант овогт Доржготовын Алтанзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Алтанзулыг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Алтанзулд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Алтанзулд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Алтанзул нь хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Алтанзул нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Д.Алтанзул нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.Очирхуяг нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Алтанзулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ЭНЭРЭЛ