| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03412/И |
| Дугаар | 102/ШШ2024/04100 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/04100
| 2024 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2024/04100 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 33 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Арьс ширний үйлдвэрийн 101 тоотод байралх******* ХХК /РД:2602075/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 33,648,397.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нармандах
Хариуцагчийн төлөөлөгч*******
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан 33,648,397.50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1. Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа******* ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйл 21.1 дэх хэсэг Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө", 32 дугаар зүйл 32.2.2-д орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэсэн ажил олгогчийн үүргийг зөрчин нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 22,432,265 (хорин хоёр сая дөрвөн зуун гучин хоёр мянга хоёр зуун жаран тав) төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги болох 11,216,132.50 (арван нэгэн сая хоёр зуун арван зургаан мянга нэг зуун гучин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөг, нийт 33, 648,397.50 (гучин гурван сая зургаан зуун дөчин найман мянга гурван зуун ерэн долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийн өрийг үүсгээд байна. Нийгмийн даатгалын сангийн орлогыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл 11.1.5 дах хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэн, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг бууруулсан болон нуусан орлогод тооцсон алданги, торгууль байна гэж, тус хуулийн 37 дугаар зүйл 37.13.3 дах хэсэгт нийгмийн даатгалын доод шатны байгууллага, байцаагчийн тогтоосон шимтгэл, алданги, хүү, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн ажил олгогчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх гэж тус тус хуульчилсан байна. Нийгмийн даатгалын байгууллагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дүгээр тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журамд заасны дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс ажил олгогчид дээрх үүссэн шимтгэлийн өрийг төлөхийг удаа дараа шаардаж 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1528 дугаартай Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай албан бичгээр ХААН банкинд хүргүүлж дансны зарлагын гүйлгээг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс зогсоосон байна.******* ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0329 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага барагдуулах тухай Улсын байцаагчийн албан шаардлага-г шимтгэлийн өрийг 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлөхөөр шаардлагыг хүргүүлсэн боловч 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар шимтгэл болон алдангиас төлбөр тооцоог хийгээгүй байна. Иймд******* ХХК-наас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 22, 432,265 (хорин хоёр сая дөрвөн зуун гучин хоёр мянга хоёр зуун жаран тав) төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги болох 11,216,132.50 (арван нэгэн сая хоёр зуун арван зургаан мянга нэг зуун гучин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөг, нийт 33, 648,397.50 (гучин гурван сая зургаан зуун дөчин найман мянга гурван зуун ерэн долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 22,432,265 төгрөг, алданги 11,216,132 төгрөг, нийт 33,648,397 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс нэхэмжлэгч алданги 5,608,066 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 28,040,331 төгрөгийг хариуцагч 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс сар бүр тодорхой хувиар төлж 1 жилийн дотор төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан 33,648,397.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч******* ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын 5,608,066 төгрөгөөс татгалзаж, үлдсэн төлбөр болох 28,040,331 төгрөгийг хариуцагч******* ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн сар бүр тодорхой хувиар төлж 1 жилийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй******* ХХК-д холбогдох 33,648,397.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 5,608,066 төгрөгөөс татгалзаж, үлдсэн төлбөр болох 28,040,331 төгрөгийг хариуцагч******* ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн сар бүр тодорхой хувиар төлж 1 жилийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 298,152 /28,040,331-с ТХ-ыг бодсон/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ