| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0131/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/126 |
| Огноо | 2023-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Б.Баянмөнх нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Баянмөнхөд холбогдох эрүүгийн 2315000000158 дугаартай 163/2023/0131/Э индекстэй хэргийг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Гэзэгт овогт Бат-Очирын Баянмөнх, Булган аймгийн Булган суманд 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, аавын хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6б-804 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд
Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар,
Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, 36 настай, эрэгтэй, РД: ГЮ87072510.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Баянмөнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000158 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Баянмөнх нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт А.Наранхүүтэй өөрийн байшингийн цонхыг хагалснаас улбаатай маргалдаж муудалцан, улмаар түүнийг цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь;
- шүүгдэгч Б.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: ...шөнө хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Гэнэт цонх хагарахаар нь босоод сандраад хаалгаа онгойлгосон чинь манай гэрийн цонх хагарсан байсан. Харанхуй байсан болохоор хэнийг нь мэдэхгүй байж байсан чинь урдаас хүн ирээд тэврээд хоёулаа шат руу унасан. Тэгээд би дээр нь гараад яасан овоо цонх хагалдаг пизда вэ гээд 2-3 удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон. Тэгсэн чинь Баянаа ахаа би Наранхүү байна ш дээ гэж хэлээд би Наранхүүг байна гэж мэдээд бид 2 манайх руу орсон. Тэгээд өглөө нь Наранхүү манай цонхыг шиллэж өгчихөөд явсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал)-аас гадна гэмт хэргийн талаарх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 1-2 дахь тал),
- Хохирогч А.Наранхүүгийн өгсөн: Би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн орой Батжаргал, Баянмөнх бид гурав Баянмөнхийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...Тэгээд Баянмөнх, Мөнхдэмбэрэл бид гурав үлдээд Мөнхдэмбэрэл бид хоёр харих гээд хамт гараад алхсан. Би гэрийнхээ түлхүүрийг Баянмөнхийн гэрт үлдээснээ санаад эргэж ганцаараа Баянмөнхийн гэр лүү очсон. Харин Мөнхдэмбэрэл шууд гэр лүүгээ харьсан. Би Баянмөнхийн гэрийн гадаа ирээд хаалгыг нь таттал дотроосоо цоожилсон байсан тул би байшингийн цонхыг гараараа тогштол шил нь хагарч унасан. Тэр үед байшин дотроос Баянмөнх уурлаж гарч ирээд намайг гараараа цохих, хөлөөрөө дэвсэх гэх мэтээр олон удаа цохиж зодсон. Мөн газраар чирсэн. Улмаар Баянмөнх нь намайг зодохоо болиод бид хоёр хамт байшинд нь орж унтаж амарсан. Өглөө нь Баянмөнх уурлаад байсан учир Батжаргалыг дуудаж цонхыг нь шиллэж өгчхөөд явсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дахь тал),
- Гэрч Г.Батжаргалын өгсөн: ...0.75 гр савлагаатай Агар нэртэй архийг Наранхүү, Баянмөнх ах бид 3 хувааж уусан. ...Намайг гарахад Наранхүү, Баянмөнх ах, Мөнхдэмбэрэл 3 үлдсэн. Маргааш өглөө нь 06 цагт Баянмөнх ах бид 2 бэлтгэл орох байсан боловч ирээгүй утас нь холбогдохгүй байсан. Наранхүүгийн утас мөн адил холбогдохгүй болохоор нь би 09 цаг өнгөрөөд Баянмөнх ахын гэрийн гадаа Баянмөнх ахтай таарахад урд шөнө Наранхүүгээ зодчихсон байна гэж хэлсэн. Тэгээд гэрт нь ороход Наранхүү зодуулчихсан орон дээр нь хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад намайг явсны дараа Мөнхдэмбэрэл, Наранхүү, Баянмөнх ах 3 хамт 0.5 гр савлагаатай архи уусан. Тэгээд Мөнхдэмбэрэлийн эхнэр нь ирээд Наранхүү тэр 3 хамт явахаар болоод гарч яваад гэртээ орох гэхэд машины түлхүүртэй нь гэрийн түлхүүр нь хамт байдаг тэрийгээ Баянмөнх ахынд үлдээчихсэн байсан гэсэн. Наранхүү гэрийнхээ түлхүүрийг авах гээд буцаад ирэхэд хаалгыг нь цохиод хаалгаа тайлаагүй гэсэн. Тэгэхээр нь цонхон талд очоод дуудаад сэрэхгүй болохоор нь цонхыг нь тогштол цонх нь хагарсан гэсэн тэрнээс болоод Баянмөнх ах уурлаад зодсон юм шиг байсан. Тэгээд цонхыг шиллэж өгөөд би Наранхүүг гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн10-11-р тал),
- Гэрч Д.Алтангэрэлийн өгсөн: ...Би тухайн өдөр Баян-Агт сумаас хагалгаанд орчхоод орж ирж байсан. Тэгээд ажпын цаг тарсан байсан учир цуг байсан хүмүүстэйгээ 1 шил архи уугаад муудсан. Ямар ч байсан хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна Наранхүүтэй уулзаж байсан санагдаж байна. Тэгээд би өөрийн ухаан ороход Баянмөнхийнд сэрсэн. Тэгэхэд цаг 23 цаг 30 минут болж байсан. Тухайн үед Наранхүү, Баянмөнх, Батжаргал, Мөнхдэмбэрэл эмч болон танихгүй эмэгтэй байсан. Тэгээд би шууд гэр лүүгээ түрүүлээд явсан. Намайгявахад дээрх 5 хүн үлдсэн тэрнээс хойш Наранхүү, Баянмөнх нартай бол ахин уулзаагүй. Наранхүү нь гэмтчихлээ үзүүлье гэж ярьсан гэхдээ надад ирж үзүүлээгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
- Гэрч Б.Мөнхдэмбэрэлийн өгсөн: ...Би тухайн өдөр 19-20 цагийн орчимд Наранхүү эмч над руу залгаад уулзах уу? таарах уу? гэж ярьсан. Тэгээд би завгүй байнаа гэж хэлсэн. ...Тэгээд Наранхүү эмч Баянмөнх гэх бид 3 үлдсэн. Бид 3 үлдээд дэлгүүр яваад 0.5л савлагаатай Хараа нэртэй архи аваад буцаж очиж ууцгаасан. Тэгээд архиа дуусаад 01 цаг 30 минутын орчимд би эхнэр лүүгээ залгаж авхуулсан. Тэгэхэд Наранхүү эмч эхнэр бид 2-той хамт гараад гэртээ хүргүүлсэн тэгснээ түлхүүрээ мартчихсан байна буцаад би нөгөө айлдаа хүргүүлчихье гээд эхнэр бид 2 хүргэж өгөөд хөдлөөд явсан. Гэтэл маргааш өдөр нь 12 цаг өнгөрч байхад Наранхүү эмч залгаад цуг байсан Баянмөнх гэх хүнд буцаж ороод зодуулчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
- Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 131 дугаартай: А.Наранхүүгийн биед баруун сарвуунд шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, 2 нүдний, баруун хацар шанаа, чих, хөхлөг сэртэн, баруун зүүн гуя, шилбэнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласнаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Б.Баянмөнх нь согтуугаар хохирогч А.Наранхүүгийн нүүр хэсэгт гараараа цохих, шатнаас хамт унах зэргээр биед нь баруун сарвуунд шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, 2 нүдний, баруун хацар шанаа, чих, хөхлөг сэртэн, баруун зүүн гуя, шилбэнд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 131 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь шүүгдэгч Б.Баянмөнхийн гараараа цохих, өшиглөх, шатнаас өнхөрч унасан үйлдэл буюу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Баянмөнх нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, гэм хорыг арилгуулахаар хохирогч А.Наранхүү иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагаанд тус тус илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Баянмөнхийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Баянмөнхийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Баянмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баянмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Баянмөнх нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гэзэгт овогт Бат-Очирын Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баянмөнхийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Баянмөнх нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч А.Наранхүү нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баянмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ