Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/127

 

2023           07           05                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Ж.Б******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Б*******эд холбогдох эрүүгийн 2315000000135 дугаартай, 163/2023/0132/Э индекстэй хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын Б*******, Увс аймгийн ******* суманд 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Мааньт гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, 14-16 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд

Орхон аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.3-т зааснаар 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар,

Увс аймгийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.4-т зааснаар 02 жилийн хорих ялаар,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, 41 настай, эрэгтэй, РД: ГБ82122016.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б******* нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутагт Бичигтийн цохио гэх газарт байрлах иргэн Б.Б*******ийн өвөлжөөний гадаа байсан пад тракторын мотор 2 ширхэг, дүүжин хадуур 1 ширхэг, 3 метрийн урттай 2х2 хэмжээтэй квадрат төмөр 30 ширхэг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 45-17 ОРХ улсын дугаартай Киа Бонго 3 загварын ачааны тээврийн хэрэгсэл ашиглан Орхон аймгийн нутаг руу тээвэрлэж бусдад зарж борлуулан 2.584.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000135 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.Б******* нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутагт Бичигтийн цохио гэх газарт байрлах иргэн Б.Б*******ийн өвөлжөөний гадаа байсан пад тракторын мотор 2 ширхэг, дүүжин хадуур 1 ширхэг, 3 метрийн урттай 2х2 хэмжээтэй квадрат төмөр 30 ширхэг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 45-17 ОРХ улсын дугаартай Киа Бонго 3 загварын ачааны тээврийн хэрэгсэл ашиглан Орхон аймгийн нутаг руу тээвэрлэж бусдад зарж борлуулан 2.584.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б*******ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:

1. Эд зүйлд үзлэг хийсэн: Улаан хүрэн өнгийн төмөр гадаргуутай, бүдэг цэнхэр өнгийн дугуй хэлбэрийн дугуйтай пат тракторын мотор 1 ширхэг /хуучин/, шар өнгийн төмөр гадаргуутай пат тракторын мотор 1 ширхэг /хуучин/, 2х2 хэмжээтэй дөрвөлжин төмөр 30 ширхэг, дүүжин хадуур 1 ширхэг бөгөөд дагалдах хэрэгслүүд болох тогтоогч төмөр 2 ширхэг, ногоон өнгийн хавтгай төмөр 1 ширхэг, гурвалжин хэлбэрийн хар өнгийн төмөр 1 ширхэг, ногоон өнгийн бэхлүүр төмөр 1 ширхэг зэрэг байсныг тус тус тэмдэглэв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-07 дахь тал),

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь 2004 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн Монгол улсад 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хилээр орж ирсэн. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрчилгээг олгосон ачааны цэнхэр өнгийн 45-17 ОРХ улсын дугаартай, арлын дугаар KN3HRX4N14K018902, Дэмбэрэлсүрэнгийн О*******ын эзэмшлийн №03858099 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй хэвийн ажиллагаатай тээврийн хэрэгсэл байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

3. Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 45-17 ОРХ улсын дугаартай Киа Бонго 3 загварын 45-17 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол (хавтаст хэргийн 14-16 дахь тал),

4. Хохирогч Б.Б*******ийн өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагийн орчимд Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутагт байрлах Бичигтийн цохио гэх газарт буюу өвөлжөөн дээр ээж Нарантуяа /94811480/ нь хонинд явж байх үедээ өвөлжөөн дээрээс пат тракторын мотор 2 ширхэг, хадуур 1 ширхэг, 3 метрийн урттай 2x2 хэмжээтэй квадрат төмөр зэрэг эд зүйлс хулгайлагдсан талаар мэдээд надад утсаар хэлсэн. Би тухайн үед Улаанбаатар хотод явж байсан учир нагац ах Батцоожийн 99468046 дугаарын утас руу залгаад Та манай өвөлжөөн дээр очоод юу? алдагдсан юу юу байна бүртгээд өгөөч гэж хэлээд Батцоож ахыг явуулсан. Би нэг дэх өдрийн шөнө буюу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байх үед Эрдэнэтэд байрлах гэртээ ирсэн. Маргааш нь буюу хоёр дахь өдөр 04 дүгээр сарын 18-ны өдөр Эрдэнэтийн Цагаанчулуут багт байрлах төмөр авах цэг дээр очиход манай өвөлжөөн дээрээс хөх өнгийн том тракторын чиргүүлийн бул, тракторын цоохор зэрэг эд зүйлс байхаар нь би тэр төмөр авдаг ах, эгчээс эдгээр төмрийг хэн гэдэг хүн, хэзээ авчирсан бэ? гэж асуухад Төмөрөө гэдэг хүн авчирсан гэж хэлээд миний дэргэд тэр ах Төмөрөөгийн гар утас руу залгаад чи хулгайн төмөр авчирсан байна, ирж уулз гэж хэлэхэд цаад хүн нь шууд утсаа салгаад таг болсон. Тэгээд төмөр авдаг ах надад Б******* гэх хүний гэрийг зааж өгөөд би хашаа руу нь ороход хашаанд нь байшингийн доор миний 30 ширхэг 3 метрийн урттай 2x2 хэмжээтэй квадрат төмөр байхаар нь Б*******ээр өөрөөр нь 45-17 ОРХ улсын дугаартай Киа бонго маркийн машины тэвшин дээр нь ачуулаад хөдөлсөн. Энэ үед Б******* нь өөрөө миний пат тракторын 2 ширхэг мотор, хадуур зэргийг өөр газар байгаа гээд нэг айлын хашаанд очиход миний пад тракторын мотор 2 ширхэг, дүүжин хадуур 1 ширхэг байхаар нь би бүгдийг нь ачуулаад Орхон сумын цагдаагийн хэсгийн байран дээр Б*******ийн хамт ирээд өргөдөл бичиж өгсөн юм. ...Би хулгайд алдсан эд зүйлийнхээ хойноос явсан шатахууны зардал болох 800.000 төгрөгийг Ж.Б******* миний эзэмшлийн 5274002747 тоот данс руу шилжүүлсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал),

5. Иргэний нэхэмжпэгч Д.О*******ын өгсөн: ...Ж.Б******* нь хий гэртээ ажилгүй байж байхаар Төв аймгийн Заамар сумын ойролцоох газруудаар хаягдал төмөр түүгээд ирье гэж ярьж байгаад явсан юм. Миний эзэмшлийн 45-17 ОРХ тээврийн хэрэгслийг унаад төмөр түүгээд ирье гээд аваад явсан. Ж.Б*******ийн унаж явсан Бонго 3 маркийн 45-17 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшил бөгөөд миний нэр дээр байдаг юм. Би тухайн тээврийн хэрэгслээр Орхон аймагт модны зах дээр мод зарж амьдрал ахуйгаа авч явдаг юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

6. Гэрч О.Т*******ын өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үдээс хойш 15 цагийн орчимд гэрийнхээ гадна буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянзамын 12-1 тоот хашаа, байшингийн гадна зогсож байтал цэнхэр өнгийн ачааны автомашин давхиад ирсэн. Тэгээд дотор нь Б*******, эхнэр Отгоогийн хамт явж байсан ба хаачих нуу гэж асуухад төмөр тушаах гэж явна, хаана өгдөг юм бэ гэхээр нь энэ Данхард өгчихгүй юу гээд бид гурав Цагаанчулуут багт байдаг төмөр авдаг цэг дээр очиход Данхарын эхнэр гээд нэг эмэгтэй ачаан дээрх төмөрнүүдийг хиллэж авсан. Би тухайн үед хэдэн тонн жин болж байгааг хараагүй юм. Тэгээд бид гурав буцаж хөдлөөд би замдаа гэрийнхээ хойно буусан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

7. Гэрч Б.Нийн өсгөн: 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед Б******* нь над руу эхнэрийнхээ 99352468 дугаарын утсаар залгаад падын моторын суурин дээр чинь нэг мотор асаагаад үзье гэхээр нь би тэгээ тэг гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай гэрт буюу Баян-Өндөр сумын шандын 10-10 тоот хашаанд Б******* нь өөрийн цэнхэр өнгийн Киа Бонго-3 маркийн ачааны машин дээр пад тракторын мотор ачсан орж ирсэн юм. Би тухайн үед нуруу татаж өвдөөд босож чадаагүй болохоор эхнэр Нэргүй гэрээс гарч эргэж орж ирээд Б*******ийг мотор буулгаад тавьж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Б******* нь мотороо манай хашаанд үлдээгээд явсан байна лээ. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр эхнэр бид хоёр ямаа самнуулах гээд ******* сумын Мааньт гэх газарт очсон хойгуур хүү Мөнгөншагай /99592471/ дээр моторын эзэн нь ирээд аваад явсан байна лээ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

8. Гэрч С.Бгийн өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед Төмөрөө, Б******* болон нэг эмэгтэй хүн ирж 800 орчим килограмм хаягдал төмөр тушаасан. Тэгээд би Төмөрөөд өгөх ёстой мөнгөтэй нийлүүлээд 434,700 төгрөгийн хамт явж байсан эмэгтэйгийн данс руу шилжүүлсэн. Гол нь нарийн үзэж хараагүй болохоор мэдэхгүй байна. Дандаа хаягдал төмөр байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

9. Гэрч Т.Тын өгсөн: ...Төмөрөөгөөр Б*******ийн гэрийг заалгаад Бат- Эрдэнэ бид хоёр хашаанд нь ороход байшингийн цонхны доор квадрат төмрүүд байсан чинь Б*******э очиж үзээд миний төмөрнүүд байна гээд таньсан. Тэгээд Б*******, Б*******э бид гурав төмрийн цэг дээр ирээд машин дээр ачуулаад тушаасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

10. Сүлд үнэлгээ хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1000743 дугаартай: 45-17 ОРХ улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн Bongo 3g маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 9.000.000 төгрөг гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

11. Ашид билгүүн хариуцлагат хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ-ОРХ/6566 дугаартай: пад тракторын мотор 1.400.000 төгрөг, пад тракторын нэг цилиндэртэй хуучир мотор 350.000 төгрөг, дүүжин хадуур 600.000 төгрөг, 3 метрийн урттай квадрат төмөр 234.000 төгрөг, нийт 2.584.000 төгрөг гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-44 дэх тал),

12. Шүүгдэгч Ж.Б*******ийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Орхон аймгаас ганцаараа хамтран амьдрагч болох О*******ын эзэмшлийн Бонго 3 маркийн 45-17 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн Орхон сум руу төмөр түүх гэж явсан юм. Тэгээд Орхон гүүрээр гараад Орхон голоо дагаж уруудаад айлын зуслан намаржааны бууц дээгүүр явж төмөр түүгээд явж байгаад Орхон голын бирваазны баруун хойд талд айлын өвөлжөө, зуслан хоёр байсан. Тухайн газарт очиход задлаад үлдээсэн байдалтай тракторын төмөр эд ангиуд байсан. Тэгээд тухайн тракторын төмөрнүүдийг Бонго-3 маркийн машиндаа ачсан. Тэгээд буцаад Орхон аймаг руу явсан. Тэгээд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Овоотын 8-2 тоот өөрийн хашаанд аваачиж буулгаж ялгаад хэрэггүй төмөрнүүдийг нь аваачиж төмөр авдаг ченжид аваачиж өгсөн. Тэгээд тухайн төмрийг тушаахад мөнгөн дүнгээр 185.000 төгрөг болсон. Тэгээд төмөрнүүдээ зараад буцаж ирээд пад тракторын мотор, хадуур зэрийг Бонго-3 маркийн машиндаа ачиж аваад Н гэх айлд авчираад пад тракторын суурин дээр моторыг нь асааж үзэх гэж боосон. Тэгтэл тухайн мотор нь асаагүй. Тэгээд буцаж гэртээ ирж хоноод байж байтал өглөө төмөр авсан хүн маань нэг танихгүй хүн дагуулаад ороод ирсэн. Тэгээд тэр танихгүй хүн миний төмрийг хулгайлсан байна гэж хэлсэн. Тэгээд тэр танихгүй хүний машинд нь сууж яваад төмөр зарсан айлдаа очсон. Удалгүй Орхон аймгийн 2 цагдаа ирсэн. Тэгээд буцаж гэртээ ирээд машинаа аваад нөгөө зарсан төмөрнүүдээ буцааж ачаад пад тракторын мотор үлдээсэн айлын хашаанд очиж пад тракторын мотор, хадуурыг ачаад ачаатай чигээр нь Н гэх айлын хашаанд үлдээсэн. Тэгээд тэр өдөр Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч ирээд хамт Н гэх айлын хашаанд байгаа Бонго-3 маркийн машинд пад тракторын мотор, хадуур ачсан машинаа аваад буцаж манай гэрээр ороод хашаанд үлдээсэн байсан 30 ширхэг квадрат төмөрнүүдийг ачаад Булган аймгийн Орхон сум руу очсон. Тэгээд машинаа Орхон сумын цагдаа дээр үлдээгээд би буцаад Орхон аймаг руу явсан. Тэгээд 3 хоногийн дараа Орхон сумын төлөөлөгчийг дуудаж би Орхон суманд ирээд нөгөө пад тракторын мотор, хадуур, 30 ширхэг квадрат зэргийг өөр машин дээр ачаад Орхон аймаг руу оруулж Рашаант багт байх айлын хашаанд том ачааны машин дээр ачиж өгсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Б*******э, иргэний нэхэмжлэгч Д.О*******, гэрч О.Т*******, Б.Н, С.Б, Т.Т нарын хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаар эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ тогтоосон Ашид билгүүн болон Сүлд үнэлгээ хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн ТХҮ-ОРХ/6566, 1000743 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч Ж.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон яллагдагчаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжаар нь магадлан нягтлахад

шүүгдэгч Ж.Б******* нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутагт Бичигтийн цохио гэх газарт байрлах иргэн Б.Б*******ийн өвөлжөөний гадаа байсан пад тракторын мотор 2 ширхэг, дүүжин хадуур 1 ширхэг, 3 метрийн урттай 2х2 хэмжээтэй квадрат төмөр 30 ширхэг зэргийг төмөрт тушаахаар нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авахдаа иргэний нэхэмжлэгч Д.О*******ын эзэмшлийн 45-17 ОРХ улсын дугаартай Киа Бонго 3 загварын ачааны тээврийн хэрэгсэл ашиглан Орхон аймгийн нутаг руу тээвэрлэж бусдад зарж борлуулан 2.584.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл хангалттай нотлогдож байна.

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

Тухайлбал хулгайлах гэмт хэрэгт эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, дээрмийн гэмт хэрэгт хүч хэрэглэх буюу хэрэглэхээр сүрдүүлэх, залилах гэмт хэрэгт төөрөгдүүлэн мэхлэх байдлаар эд хөрөнгийг өөрийн мэдэлд авдаг ба аль ч тохиолдолд энэ нь идэвхтэй үйлдэл байх ёстой.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Ж.Б******* нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Ж.Б*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б*******эд 2.584.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч Б.Б*******э нь дээрх хохирол төлбөр болон алдагдсан эд зүйлсээ хайхад зарцуулсан шатахууны зардлыг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Шүүгдэгч Ж.Б******* нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн өвөлжөөний гаднаас авсан пад тракторын мотор 2 ширхэг, дүүжин хадуур 1 ширхэг, 3 метрийн урттай 2х2 хэмжээтэй квадрат төмөр 30 ширхэг зэргийг буцааж хохирогч Б.Б*******эд хүлээлгэн өгсөн ба шатахууны зардалд 800.000 төгрөгийг хохирогчийн Хаан банкны данс руу шилжүүлсэн байна. Ингэснээр хохирогч Б.Б*******э нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийсэн байх тул шүүгдэгч Ж.Б*******ийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэм бурууг нотолж, яллах байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол хор уршгийг төлж барагдуулсан тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.

 

Ж.Б*******ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Б*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх хавтаст хэргийн 69-122 дахь талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б******* нь Увс аймгийн ******* суманд 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Мааньт гэх газарт оршин суух бүртгэлтэй, мал маллан амьдардаг, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан, 41 настай, эрэгтэй, өөрийн нэр дээр эд хөрөнгөгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ж.Б******* нь ам бүл дөрөв, 14-16 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, ганц бие эцэг гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд түүний дээр дурдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал иргэний нэхэмжлэгч Д.О******* нь “ам бүл хоёр, шүүгдэгч Ж.Б*******тэй хамтран амьдраад 4 жил болж байгаа...” гэж, гэрч О.Т******* нь “шүүгдэгч Ж.Б*******тэй 2022 онд танилцсан, Б******* нь эхнэр Отгоогийн хамт явж байсан...” гэх мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэж байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ж.Б*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирол төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ шийдвэрлэдэг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэх эрх юм.

Иймд шүүгдэгч Ж.Б*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б*******ийг 01 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирно шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цэнхэр өнгийн Kia Bongo3загварын 45-17 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Дэмбэрэлсүрэнгийн О******* гэх хүний өмчлөл, эзэмшилд байдаг болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 10 дахь тал), Д.О*******ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэргээр нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар хууль тогтоогч шүүхэд үүрэг болгосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан тул мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг тогтоосон Сүлд үнэлгээ хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1000743 дугаартай дүгнэлтэд тусгагдсан цэнхэр өнгийн Kia Bongo3загварын 45-17 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 9.000.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Б*******ээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Б*******ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б*******ийг 01 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б*******эд оногдуулсан 01 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ж.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, цэнхэр өнгийн 45-17 ОРХ улсын дугаартай Kia Bongo3 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч Дэмбэрэлсүрэнгийн О******* /РД: ГЖ69103000/-ын эзэмшилд үлдээж, уг тээврийн хэрэгслийн үнэ 9.000.000 /есөн сая/ төгрөгийг шүүгдэгч Ж.Б*******ээс албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.

7. Шүүгдэгч Ж.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Б*******э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Д.О******* нь гомдол, саналгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Э.ЭНЭРЭЛ