Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Т.Амартүвшин нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Амартүвшинд холбогдох эрүүгийн 2315000750144 дугаартай, 163/2023/0123/Э индекстэй хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Толъяагийн Амартүвшин, Булган аймгийн Бүрэгхангай суманд 1983 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Рашаант зүүн түрүүний 12 дугаар гудамжны 1205 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 40 настай, эрэгтэй, РД: ГЭ83011215.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Амартүвшинг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Зүүн түрүүний 12-1205 тоотод байрлах иргэн Г.Баяржаргалын эзэмшлийн Vision загварын 50 инчийн зурагтыг гэмтээж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Амартүвшингийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000750144 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.Амартүвшин нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Зүүн түрүүний 12-1205 тоотод байрлах иргэн Г.Баяржаргалын гэрт таксины мөнгө нэхэж маргалдах явцдаа түүний эзэмшлийн Vision загварын 50 инчийн зурагтыг гэмтээж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Амартүвшингийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Г.Баяржаргалын өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн үед манайд Амартүвшин согтуу орж ирээд таксины 5000 төгрөг өгөөч гээд надаас нэхсэн. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй гэж хэлээд мөнгө өгөөгүй. Тэгсэн чинь би мөнгөө авъя гээд ширээний хажууд байсан сандлыг өшиглөөд сандлын зай дундуур хөлөө авах гээд хөлөө савлаад байсан. Тэгэхээр нь би чамд мөнгө өгөхгүй ээ би чиний хоол унд, тог цахилгаан, түлээ түлшийг чинь бэлдэж өгч байгаа гэж хэлээд байж байсан чинь Амартүвшин хөлөө сандлаас салгах гэж сэгсэрхэд сандал нь хөлнөөс салж үсрээд хойморт байсан манай Vision загварын 50 инчийн зурагтыг оноод зурагт маань тавиур дээрээсээ унасан. Тэгээд манай зурагтны баруун доод буланд жижиг цууралт үүсээд тэр цууралт нь цацарч томроод дундуур нь зураас гарсан байсан. ...Ер нь бол Амартүвшин надаас таксины мөнгө нэхэж хэрүүл хийгээд би өгөхгүй гэсэн чинь Амартүвшин мөнгө авъя, мөнгө өгөөч гээд нэг хоёр удаа хашгираад уурандаа үүдэнд ширээний хажууд байсан цэнхэр өнгийн хуванцар сандлыг хүчтэй өшиглөсөн. Тэгсэн чинь сандлын дундах зайруу хөл нь ороод орооцолдоод тэр өшиглөсөн сандал нь үсрээд манай хоймор тавиур дээр байсан Vision маркийн 50 инчийн зурагтын баруун доод буланг оноод зурагт маань тавиур дээрээсээ унасан. Тэгээд би зурагтаа босгож тавиур дээр нь тавиад цагдаа дуудсан. Тухайн үед зурагтаа асаагаад үзэхэд зурагт маань зүгээр гараад баруун доод буландаа жижиг хэмжээтэй цацралт өгсөн байсан. Тэгээд өдөр ирэх тусам зураас гараад нэмэгдээд байсан. Хагарсан хэсгийн цацраг томроод зурааснууд нь нэмэгдээд байгаа. ...Би тэр зурагтыг 2022 оны хавар 1.300.000 төгрөгөөр авч байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37, 40 дэх тал),

2. Гэрч Д.Цолмонгийн өгсөн: Эрх бүхий албан тушаалтны тогтоолтой Vision маркийн 50 инчийн зурагтад үнэлгээ хийлгэх материал ирсний дагуу хүлээж аваад холбогдох материалыг бүрдүүлж Улаанбаатар хот руу үнэлгээчин рүү явуулсан. Дараа нь тухайн Vision маркийн 50 инчийн зурагтын дэлгэцэд учирсан гэмтлийн зэргийг нь тодорхойлж өгнө үү гэж эрх бүхий албан тушаалтан амаар хүсэлт гаргахад тухайн зурагтын дэлгэцэд учирсан гэмтэл нь засварлах боломжгүй шинээр солих учир 100 хувийн гэмтэлтэй гэж үзэн зурагтын үнээр үнэлэгдсэн. Тухайн зурагтын дэлгэцийг солиход зурагтын өөрийн зах зээлийн үнэтэй адилхан тооцож үнэлгээг манай үнэлгээчин гаргасан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),

3. Сүлд үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-123/0050 дугаартай: Vision маркийн 50 инчийн зурагт зах зээлийн үнэ 1.000.000 төгрөг гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-51 дэх тал),

4. Зурагтад үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-27 дахь тал),

5. Яллагдагч Т.Амартүвшингийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: Би Орхон аймагт байдаг хүргэн Даланнаст гэдэг ахад туслах хийгээд тээвэрт цуг явдаг байсан. Даланнаст ах миний цалинг намайг архи уучихна гээд надтай одоо нэг хашаанд байдаг манай ээжийн төрсөн дүү Баяржаргал эгчийн дансанд хийдэг байсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны орой Баяржаргал эгчийнд орой согтуу ороод мөнгөө авъя гэсэн чинь Баяржаргал эгч чи согтуу байна гээд загнаад өгөөгүй ээ. Тэгэхээр нь би уур хүрээд хэрүүл хийгээд ширээний хажууд пивор сандлыг өшиглөөд зурагтыг нь оноод зурагт нь газар унаад хагарсан. Тэгээд Баяржаргал эгч цагдаа дуудна гэхээр нь би гэрээс нь гарч яваад иргээд ирсэн чинь 3 цагдаа ирчихсэн намайг цагдаагийн газар руу авч яван эрүүлжүүлэхэд хийсэн. Би гэм буруугаа хүлээж хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Амартүвшин нь шүүхэд өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Т.Амартүвшинг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр суурьнаас, шүүгдэгч Т.Амартүвшин нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Баяржаргал, гэрч Д.Цолмон нарын өгсөн мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ хийсэн Сүлд үнэлгээ хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлт, зурагтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагч Т.Амартүвшингийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Т.Амартүвшин нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Зүүн түрүүний 12-1205 тоотод байрлах иргэн Г.Баяржаргалын гэрт түүнээс таксины мөнгө нэхэж маргалдаж, хохирогчийн эзэмшлийн Vision загварын 50 инчийн зурагтыг гэмтээж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмч, хөрөнгийг устгаж гэмтээж болохгүй гэдгийг мэдсээр байж, хууль бус аргаар устгаж гэмтээн бусдад хохирол учруулсан байдаг онцлогтой.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Т.Амартүвшин нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, танхайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Т.Амартүвшинг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Т.Амартүвшингийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Баяржаргалын эд хөрөнгө буюу Vision загварын 50 инчийн хар өнгийн зурагтад гэмтэл гарч 1.000.000 төгрөгийн хохирол учирч, шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Хохирогч Г.Баяржаргал нь шүүхэд “шүүгдэгч Т.Амартүвшин нь надад нийт 800.000 төгрөгийг миний дансанд хийж хохирлыг минь барагдуулсан тул надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Т.Амартүвшинг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Амартүвшинг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Т.Амартүвшингийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Амартүвшинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлсэн, учруулсан хохирол төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэргийн 66, 69-86 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, цагдаагийн газрын цахим системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.Амартүвшин нь Булган аймгийн Бүрэгхангай суманд 1983 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Рашаант зүүн түрүүний 12 дугаар гудамжны 1205 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгож, шүүгдэгч Т.Амартүвшинг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Амартүвшин нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 1 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсан 1 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Амартүвшинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Шүүгдэгч Т.Амартүвшин нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Г.Баяржаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Толъяагийн Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Амартүвшинд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар Булган аймгийн Булган сумын Тохижилт үйлчилгээний газарт ажиллуулахаар тогтоож ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Амартүвшингийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүнд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт эдлэх ялыг 232 /хоёр зуун гучин хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Амартүвшинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүгдэгч Т.Амартүвшин нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Г.Баяржаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Э.ЭНЭРЭЛ