Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч Б.Эрдэнэбулган,

шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нарт холбогдох эрүүгийн 2315000000152 дугаартай 163/2023/0135/Э индекстэй хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өөлд овогт Тогтохын Мөнх-Эрдэнэ, Архангай аймгийн Хотонт суманд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Уртын голын 1-55 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, уяач, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 33 настай, эрэгтэй, РД: АМ90100117.

Монгол Улсын иргэн, Өөлд овогт Олзвойн Тогтох, Архангай аймгийн Хотонт суманд 1961 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Бүрэн бүст гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 62 настай, эрэгтэй, РД: АМ61043019.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нар нь бүлэглэж, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Их хайлстай гэх газарт хохирогч Б.Эрдэнэбулгантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000152 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нар нь бүлэглэж, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Их хайлстай гэх газарт хохирогч Б.Эрдэнэбулгантай малын бэлчээрээс болж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн шүд хийлгэх зардлыг хамт явж өөрсдөө судалж байгаад төлнө гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Тогтохын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэбулганы өгсөн: Эднийх өөрсдөө манай нутагт малтайгаа нүүж ирсэн атлаа морь уядаг гэх шалтгаанаар өөр хүмүүсийн олон тооны адуу авч ирсэн нь хэцүү байсан. Олон тооны адуу нь манай малын хөлийг хугалдаг. Хүү нь морь уяад баахан хүн аваад ирдэг. Дан худал хэлдэг. Намайг цохисны дараа би шүд хугалчихлаа гэж хэлэхэд наадах шүд чинь 70.000 төгрөг байдаг, төлөөд өгчихөнө гэж ээж нь хэлсэн. Би 3-4 удаа ээжид нь шүдээ эмчлүүлмээр байгаа талаараа хэлсэн. Хэлээд нэмэр болохгүй болохоор нь тэгвэл цагдаад хэллээ шүү гэхэд үл ойшоосон учир гомдол гаргасан. Намайг өмнө нь айлд очиж агсам тавьж, шүдээ хугалуулсан гэж байна. Ямар хүмүүс тэгсэн талаар тодруулж асуумаар байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Б.Эрдэнэбулганы өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед Орхон сумын Халиун багийн нутаг Их хайлстай гэх газарт байрлах гэрээсээ гараад хургатай хонио эргэчихээд гэрлүүгээ алхаад явж байтал хойд талын Тогтох гэх айлын 40 гаран адуу байхаар нь 200 орчим метр туугаад гэрлүүгээ алхаад явж байтал Тогтохын хүү болох Мөнх-Эрдэнэ гэгч нь над дээр ирээд “адуу туусан байна хулгайч минь” гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь би “өөрийнхөө адууг яая гэж байж хүний адуу авчирсан байна” гэж хэлэхэд намайг хулгайчаар дуудаад гэрлүүгээ гүйгээд явсан. Тэгээд манай гэрийн орчимд дахиад 20 гаран адуу бэлчиж байхаар нь би туугаад Тогтохын гэрийн гадна аваачсан чинь намайг мотоциклтой явж байхад Тогтох нь гэрийнхээ тэндээс морьтой ирээд мориноосоо бууж ирээд миний нүүрэн тус газарт баруун гараа атгаад 2 удаа цохисон. Тэгээд би мотоциклоос буухад над руу Мөнх-Эрдэнэ нь дайраад миний шүд рүү зүүн гараа атгаж байгаад нэг удаа цохисон чинь миний үүдэн доод нэг шүд хугараад хоёр шүд хөдөлсөн. Тухайн үед миний хүү Чинбүрэн уйлаад намайг харж байсан. Тэгээд би хүүхдээ аваад гэртээ харьчихаад Эрдэнэт орж Эрдэнэт дент нэртэй шүдний эмнэлэгт үзүүлэхэд шүд хугаралтай шүд солиулах шаардлагатай гэж эмч хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05-06 дахь тал),

2. Хохирогч Т.Мөнх-Эрдэнийн өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Их Хайлстай гэх газарт байрлах өвөлжөөн дээрээ буюу гэрийнхээ гадна байж байтал урд айлын Эрдэнэбулган нь манай адуунуудыг хөөж байхыг нь хараад би очоод адуу хөөхөө болиоч гэхэд битгий давраад байгаарай хулгайчуудаа гэхээр нь юу гээд байгаа пизда бэ гэхэд ална шүү хулгайчаа чи тахир дутуу гараараа хулгай хийдэг биз дээ, танай аав чинь нутагтаа хулгайч байсан гэж хэлээд намайг ална гээд мотоциклоос бууж ирэхээр нь би гэр рүүгээ мотоциклоор яваад өгсөн. Удалгүй Эрдэнэбулган манай 60 орчим адуунуудыг худаг дээр тууж ирчихээд өөрөө гэрийн гадна мотоциклтой сундалж ирээд ээж Энхтуяа гарч уулзахад Эрдэнэбулган нь танай хүүхэд чинь давраад байна гэх мэтээр ярьж байхаар нь би гэрээс гараад чи намайг тахир дутуу гараараа хулгай хийсэн гэж хэлсэн биз дээ гэж хэлснийг аав сонсоод цаана нь явж байгаад морьноосоо бууж ирээд Эрдэнэбулганы нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон чинь Эрдэнэбулган мотоциклоосоо бууж ирээд аав руу дайрахаар нь би урдуур нь ороход миний зүүн шанаа руу гараараа цохихоор нь би зөрүүлээд Эрдэнэбулганы уруул хэсэгт нэг удаа цохисон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дахь тал),

3. Гэрч У.Энхтуяагийн өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед Орхон сумын Халиун багийн Их хайлстай гэх газарт гэртээ байж байтал Эрдэнэбулган мотоциклтой хүүхдээ сундлаад гэрийн гадна ирж зогсохоор нь би гэрээс гарахад та нар яагаад байгаа юм гэж орилохоор нь манай хойд хошуун дээр байгаа адуунууд чамд ямар хамаатай юм гэхэд та нарыг хөөлгөнө гэхэд гэрээс Мөнх- Эрдэнэ гарч ирээд та намайг тахир дутуу гараараа хулгай хийдэг гээ биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрээс хэтэрлээ Эрдэнэбулгаан гэж хэлээд байж байтал Тогтох хониноосоо ирээд мориноос бууж Эрдэнэбулганд чи миний хүүхдийг олон удаа ингэж хэлж байгаа гээд Эрдэнэбулганы нүүр хэсэгт цохиход Эрдэнэбулган нь мотоциклоос бууж ирээд ална гээд Тогтох руу дайрахад Мөнх-Эрдэнэ урдуур нь ороод түлхэхэд Эрдэнэбулган нь миний хүү Мөнх-Эрдэнийн зүүн шанаа руу гараа атгаж байгаад цохиход Мөнх-Эрдэнэ зөрүүлээд Эрдэнэбулганы уруул руу нь гараараа цохисон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

4. Гэрч Э.Гантөгсийн өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд Тогтох ахын гэрийн гадна Эрдэнэбулган нь мотоциклтой хүүхдээ сундалж ирэхэд нь би малаа услаад хашааны хойно зогсож байсан. Тэгсэн чинь Мөнх-Эрдэнэ рүү чи одоо юу гээд байгаа юм гэх мэтээр дайрч эхлэхэд Тогтох ах мориноосоо бууж ирээд чи хүүхэд юу гэж тахир дутуу гэж доромжлоод байдаг юм гээд баруун гараа атгаад Эрдэнэбулганы нүүрэн тус газарт нэг удаа цохиход Эрдэнэбулган мотоциклоос бууж ирээд Тогтох ах руу дайрах гэтэл Мөнх-Эрдэнэ урдуур нь ороод нүүр хэсэгтээ цохиулсан юм. Тэгээд Мөнх-Эрдэнэ нь зөрүүлээд Эрдэнэбулганы нүүрэн тус газарт баруун гараа атгаад цохиход Энхтуяа эгч хажуугаас нь салгасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

5. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаартай: Б.Эрдэнэбулганы биед зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний хугарал, баруун доод үүдэн 1 дүгээр, зүүн доод үүдэн 2 дугаар шүдний сулрал, хамарт зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний хугарал, баруун доод үүдэн 1 дүгээр, зүүн доод үүдэн 2 дугаар шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамарт зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5%-иар алдагдуулна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

6. Яллагдагч Т.Мөнх-Эрдэнийн өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Б.Эрдэнэбулган нь манай адууг хөөгөөд явж байсан. Тэгэхээр нь би очоод адуу хөөхөө болиоч гэж хэлсэн чинь намайг хулгайч гээд, тахир дутуу хуруугаараа хулгай хийдэг гээд хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би Б.Эрдэнэбулганыг чи өөрөө хулгайч гэж хэлсэн чинь Б.Эрдэнэбулган чи битгий давраад байгаарай, чамайг ална гээд мотоциклоосоо буугаад ирсэн. Тэгэхээр нь би гэр рүүгээ яваад өгсөн. Тэгсэн чинь Б.Эрдэнэбулган миний араас манай адуунуудыг хөөж худаг дээр аваачиж манай гэрийн гадаа хүрээд ирсэн. Тэгээд манай ээж Энхтуяа гарч Эрдэнэбулгантай уулзсан чинь намайг тахир дутуу гэж доромжлоод орилж чарлаад байсан. Тэгэхэд тухайн үед манай аав Тогтох нь хониноос морьтой ирж таараад Эрдэнэбулганыг хүүхэд яагаад доромжлоод байгаа юм гээд шанаа хэсэг рүү нь зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь Эрдэнэбулган мотоциклоо тавиад манай аав Тогтох руу дайраад зодох гээд байхаар нь би урдуур нь орж болиулсан чинь Эрдэнэбулган намайг зүүн талын шанаа руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Эрдэнэбулганы уруул хэсэг рүү зүүн гараараа 1 удаа цохисон. Тэгээд манай ээж Энхтуяа салгаад бид хоорондоо салцгаасан. Тэгээд Эрдэнэбулган яваад өгсөн. Тэгээд өөр юм болоогүй ээ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58 дахь тал),

7. Яллагдагч Т.Мөнх-Эрдэнийн өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хонио хариулж байгаад гэрлүүгээ харьж явсан чинь нэг мотоциклтой хүн манай адууг хөөгөөд байсан. Тэгээд тэр мотоциклтой хүн хоёр салангад явсан 2 азарга адууг маань нийлүүлээд манай гэрийн гадаа хөөгөөд аваад ирсэн. Тэгээд тэр мотоциклтой хүн манай гэрийн үүдэнд тулж зогсоод хэрүүл эхэлсэн. Тэгээд би манай хөл гар муутай хүү болох Мөнх- Эрдэнийг цохиж зодчихвий гэж бодоод гэртэй ирсэн чинь тэр мотоциклтой хүн нь манай саахалт айлын Эрдэнэбулган байсан. Тэгээд би уяан дээр ирээд мориноосоо буугаад байж байсан чинь Эрдэнэбулган манай хүү Мөнх-Эрдэнийг хөл гаргүй хулгайч, чи татанхай гараараа хулгай хийдэг биздээ гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Эрдэнэбулган намайг чи хулгай хийгээд нутагтаа багтахаа байгаад нүүж ирээ биздээ гэж намайг доромжилсон. Тэгээд маргалдаж байгаад Эрдэнэбулган хэл амаар доромжлоод, дайрч давшлаад байхаар нь би Эрдэнэбулганыг баруун гараараа нүднийх нь доор нэг удаа цохисон. Тэгсэн чинь Эрдэнэбулган надад гар хүрэлгүй манай хүү Мөнх-Эрдэнийг цохихоор нь би Менх- Эрдэнэ хүүгээ зөрүүлээд Эрдэнэбулганыг цохь гэж хэлсэн чинь манай хүү Мөнх- Эрдэнэ Эрдэнэбулганыг шүд ам руу нэг удаа зүүн гараараа цохисон. Тэгээд Эрдэнэбулган хэрүүл уруул хийж байгаад та нарыг хөөлгөнө, туулгана, ална, хядна гэж хэлээд мотоциклоо унаад давхиад яваад өгсөн. Тэрнээс хойш Эрдэнэбулгантай огт уулзаагүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67 дахь тал),

8. ...яллагдагч Б.Эрдэнэбулганд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай... гэх 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Прокурорын зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол (хавтаст хэргийн 106-108 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Эрдэнэбулган, гэрч У.Энхтуяа, Э.Гантөгс нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт, О.Тогтох, Т.Мөнх-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нар нь бүлэглэж, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Их хайлстай гэх газарт малын бэлчээрээс болж хохирогч Б.Эрдэнэбулгантай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний хугарал, баруун доод үүдэн 1 дүгээр, зүүн доод үүдэн 2 дугаар шүдний сулрал, хамарт зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эрдэнэбулганы эрүүл мэндэд зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний хугарал, баруун доод үүдэн 1 дүгээр, зүүн доод үүдэн 2 дугаар шүдний сулрал, хамарт зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 123 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгч нарын үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, үл ойлголцсон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

 

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Б.Эрдэнэбулган нь шүүхийн хэлэлцүүлэгт биед учирсан хөнгөн хохирол болох зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний хугарал, баруун доод үүдэн 1 дүгээр, зүүн доод үүдэн 2 дугаар шүдний сулралын эмчилгээнд зарцуулагдах зардал, замын зардалд нийт 8.402.550 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж Их ивээлт очир ХХК-ийн эмчийн магадлагаа, шүдний гэрэл зураг, шүдний томографикийн гэрэл зураг, шүдний эмнэлгийн шүдэнд эмчилгээ хийх үнийн тариф, 4 ширхэг E баримт, 1 ширхэг зарлагын баримт зэрэг 8 хуудас бүхий баримтыг гарган өгчээ.

 

Шүүх хохирогчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын холбоо, хамаарал бүхий нөхцөл байдлуудыг нягтлан шалгахад шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эм тариа, эмчилгээний зардалд 117.550 төгрөг, шатахууны зардалд 60.000 төгрөг, нийт 177.550 төгрөг, цаашид 3 ширхэг хиймэл инплант /ясанд суулгадаг шүд/ хийлгэх зардалд 7.650.000 төгрөг, сувгийн эмчилгээ хийлгэхэд 3 шүд 540.000 төгрөг, нэг шүд авах зардал 35.000 төгрөг нийт 8.402.550 төгрөгийг нэхэмжилснээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 177.550 төгрөгийн нэхэмжлэл нь бодит баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 88.775 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эрдэнэбулганд олгох нь зүйтэй байна.

 

Хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа шүдний эмнэлгүүдийн тариф тогтоосон баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, “Их Ивээлт Очир” ХХК-ний эмчийн магадлагаагаар авагдадгүй имплант шүдний төлбөр нь дээрх үнийн тариф тогтоосон төлбөрөөс 50.000 төгрөгийн зөрүүтэй байгаа зэргийг харгалзан дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 8.225.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Эрдэнэбулган нь шүд хийлгэхтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Эрдэнэбулган нь шүүхийн хэлэлцүүлэгт 8.377.550 төгрөгийн шүүгдэгч нараас нэхэмжлэнэ гэх боловч түүний иргэний нэхэмжлэлд хавсаргасан баримтаар 8.402.550 төгрөг болж 25.000 төгрөгний зөрүү гарсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нар нь гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцлоо.

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 83-99 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь Архангай аймгийн Хотонт суманд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Уртын голын 1-55 тоотод оршин суух бүртгэлтэй, уяач, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч О.Тогтох нь Архангай аймгийн Хотонт суманд 1961 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Бүрэнбүст гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэрэг тэдний хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нарыг тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овогт Тогтохын Мөнх-Эрдэнэ, Өөлд овогт Олзвойн Тогтох нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нарыг тус бүр 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нараас гэм хорын хохиролд 177.550 /нэг зуун далан долоон мянга таван зуун тавь/ төгрөгийг хувь тэнцүүлсэн буюу шүүгдэгч тус бүрээс 88.775 /наян найман мянга долоон зуун далан тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эрдэнэбулганд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.225.000 /найман сая хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүд хийлгэхтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, О.Тогтох нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ