| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0134/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/136 |
| Огноо | 2023-07-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/136
2023 07 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Б.Ууганбаяр нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ууганбаярт холбогдох эрүүгийн 2315000000130 дугаартай, 163/2023/0134/Э индекстэй хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хар сүрэг овогт Балганы Ууганбаяр, Булган аймгийн Сэлэнгэ суманд 1968 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн Цүүц манхтай гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд 8 удаа ял шийтгүүлж байсан, 55 настай, эрэгтэй, РД: ГИ68052517.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ууганбаяр нь 2023 оны 04 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн Бухын давааны өвөр гэх газарт байрлах хохирогч С.Батмөнхийн өвөлжөөний амбаарын цонхыг хөшиж 1.326.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 шуудай ноолуур, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалагдсан байранд нэвтэрч үйлдсэн, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч С.Батмөнхийн хүрэн зүсмийн 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий морийг хулгайлсан,
Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн иргэн П.Бат-Өлзийгийн гэрээс 2023 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө орос хромон гутал 1 хос, ванеда брендийн хагас түрийтэй гутал 1 хос, бэлэн 850.000 төгрөгийг хулгайлж нийт 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000130 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Ууганбаяр нь 2023 оны 04 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн Бухын давааны өвөр гэх газарт байрлах хохирогч С.Батмөнхийн өвөлжөөний амбаарын цонхыг хөшиж 1.326.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 шуудай ноолуур, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалагдсан байранд нэвтэрч үйлдсэн, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч С.Батмөнхийн хүрэн зүсмийн 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий морийг хулгайлсан,
Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн иргэн П.Бат-Өлзийгийн гэрээс 2023 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө орос хромон гутал 1 хос, ванеда брендийн хагас түрийтэй гутал 1 хос, бэлэн 850.000 төгрөгийг хулгайлж нийт 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ууганбаярын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэргээ үнэн зөвөөр нь ярьсан. Ходоодны хорт хавдар гэдэг өвчинтэй. 4 дүгээр сараас хойш хоол орохоо больсон, биеийн байдал муу байгааг харгалзан үзэж, ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн: Уг хэрэн учрал болсон гэх газар нь Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн Бухын давааны өвөр гэх газар байх бөгөөд тухайн газарт иргэн С.Батмөнх гэдэг айл өвөлжиж байх ба хэргийн газарт үзлэг хийв. ...Монгол гэрийн ертөнцийн зүгээр хойд талд цэнхэр өнгийн хаалгатай, 2х2 метрийн хэмжээтэй модон амбаар байх бөгөөд уг модон амбаарны хойд хэсгийг онгойлгож хулгай орсон гэж оролцогч С.Батмөнх хэлсэн тул модон амбаарын хойд хэсэгт үзлэгийг явуулахад амбаарны хойд хэсэгт лоом хэвтэж байсныг хэрэгт ач холбогдолтой үндэслэлээр хураан авахаар тогтов. Амбаарны цэнхэр хаалгыг онгойлгуулж үзлэгийг явуулахад модон амбаар доторх эд зүйлс эмх цэгцгүй амбаарны дээд хэсгээр борцнууд өлгөсөн байв. Үзлэгийг үргэлжлүүлэн оролцогч С.Батмөнхөөс модон амбаар дотроос хаана байсан юу алдагдсан талаар асуухад оролцогч С.Батмөнх цэнхэр өнгийн 120 литрийн усны саван дээр байсан 3 шуудай ноолуур байхгүй болсон байна. Мөн амбаарны зүүн дээд талд өлгөн хатааж байсан борцноос авч явсан байна. ...С.Батмөнх нь гэрийн урд байсан орос эмээлийг авч явсан, эмээл дээр байсан чөдөр болон улаан хүрэн өнгийн хурганы уутыг орны доод хэсэгт авч тавьсан байна гэж хэлэв. Мөн адууны хашаанд байсан хүрэн зүсмийн морийг авч явсан байна гэж хэлснээр хар саарал өнгийн, хар өнгийн дотортой, хоёр талдаа халаастай, халаас дотор ямар нэгэн эд зүйлс байхгүй эрэгтэй хүний цахилгаантай хавар, намрын куртик 1 ширхэг, ойролцоогоор 1.20 см-ын орчим урттай үзүүрлэж бэлтгэсэн төмөр лоом 1 ширхэгийг хэргийн газрын үзлэгээр хураан авав... гэх тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дахь тал),
2. Хүний биед үзлэг хийсэн: Б.Ууганбаярын өмсөж явсан хувцсанд дээрээс доош нэг бүрчлэн тайлуулж үзлэг хийхэд саарал өнгийн хөвөнтэй куртик, чирнээлэн ягаан өнгийн хавар намрын улирлын куртик зэрэгт ямар нэгэн эд зүйл илрээгүй ба үргэлжлүүлэн хар саарал өнгийн юүдэнтэй малгайтай цамц түүний баруун талын халаасанд 20.000 төгрөгийн дэвсгэрт 28 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 28 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, нийт 842.100 төгрөг байв... гэх тэмдэглэл, эд зүйл баримт бичгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
3. Хохирогч С.Батмөнхийн өгсөн: Би 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн Бухын давааны өвөрт байрлах өөрийн өвөлжөөн дээрээ дүү Сайхантуяагийн хамт гэртээ байж байхад манай гэрт танихгүй 50 орчим насны эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд манай гэрт орж ирээд тухайн хүн Сэлэнгэ сумын Сумъяа гэдэг айлыг асуусан. Тэгэхээр нь би тэр айл чинь энд байхгүй, голын хойд руу байдаг, чи Орхон аймаг руу манай дүү Сайхантуяа явах гэж байна, унаа байгаа дээр суугаад явахгүй юмуу гэхэд тухайн 50 орчим насны хүн үгүй би Сумъяагийнд очиж мал маллах гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би тухайн 50 орчим насны хүнийг чи тэгвэл манайд малчнаар ажилд орчих гэж хэлэхэд тухайн 50 орчим насны хүн тэгье гэсэн. Тэгээд удалгүй дүү Сайхантуяа Орхон аймаг руу явсан. Тэгээд би тухайн 50 орчим насны залуутай юм ярьж байгаад танилцахад өөрийгөө Ууганаа гэж танилцуулж байсан. Ууганаа бид хоёр юм ярьж байгаад унтсан. Тэгээд 04 дүгээр сарын 27-ны өдөр Ууганаа гэдэг хүн манай хүрэн зүсмийн морийг унаад хонинд яваад орой 17 цагийн орчимд Ууганаа хонио туугаад гэрт ирсэн. Ууганаа бид хоёр хурга, ишигээ хөхүүлж байхдаа 0.5 литрийн Хараа нэртэй 1 шил архийг хувааж уусан. Тэгээд 21 цагийн орчимд би Ууганаад гэртээ байж байгаарай би Өргөө гэдэг газар руу хүн хүргэж өгчихөөд ирье гээд гэрээсээ гарч яваад би саахалт айл Ложоо ахын гэрт очсон. Тэгээд Ложоо ах бид хоёр 0.5 литрийн “X” нэртэй 1 шил архийг ууж дуусгаад шөнө 00 цагийн орчимд өөрийн гэртээ ороход манай гэрт үлдсэн өөрийгөө Ууганаа гэж танилцуулж байсан хүн байхгүй байсан. Тэгээд би тухайн Ууганаа гэдэг хүнийг гадуур хайхад байхгүй байсан. Тэгээд би хайж яваад өвөлжөөний ард талын адууны хашаан дотор уяатай байсан хүрэн зүсмийн морь байхгүй байгааг мэдсэн. Тэгээд би тухайн Ууганаа гэдэг хүнийг хүрэн морь унаад явчихлаа гээд машинаа асаагаад гэрэлтүүлэхэд ертөнцийн зүгээр гэрийн зүүн хойд талд аргамжаатай байсан бор зүсмийн морь аргамжаанаасаа алдуурчихсан Бухын даваа талаас ирсэн. Тэгээд би саахалт айлын Ложоо ахыг очиж аваад Ложоо ах бид хоёр өөрийгөө Ууганаа гэж танилцуулж байсан хүнийг хайгаад Бухын даваагаар даваад явж байгаад шаварт суусан. Тэгээд сүлжээнд гарч Орхон аймагт байгаа эхнэр Орхонтуяа руу залгаж болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд эхнэр Орхонтуяа, хүү Очирбат нар Орхон аймгаас миний шаварт суусан газарт ирсэн. Тэгээд шавраас машинаа гаргаад буцаад өөрийн гэртээ ирэхэд гэрийн хойд талд байдаг модон амбаарны хойд талыг ломоор хөшиж онгойлгон ороод амбаарт байсан 3 шуудай ноолуур, мөн өлгөж хатааж байсан борцнуудаас хэсэг борц авч явсан байсан. ...Өлгөөстэй байсан зарим борц нь шалан дээр уначихсан байсан. Борц алга болоогүй байна лээ мөн алдсан гэх морь болон эмээлээ эргэж олж авсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22, 25 дахь тал),
4. Гэрч З.Октябрын өгсөн: Би 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шинэ хорооны 19Б-03 тоотод байрлах өөрийн гэрээсээ 09 цагийн орчимд ертөнцийн зүгээр зүүн талын жалганы цаад талд аргамжсан хонгор алаг зүсмийн морио авах гээд морин дээрээ очиход миний морины хажуу талд орос эмээлтэй, хүрэн зүсмийн морь ногтоо чирсэн байдалтай байсан. Тэгээд би өөрийн морио услах гээд аваад явахад тухайн эмээлтэй хүрэн морь ядарчихсан араас дагаж явахгүй үлдсэн. Тэгээд би хонгор алаг морио усалчихаад буцаад аргамжих гээд очихдоо тухайн эмээлтэй хүрэн моринд будаа өгөхөд идсэн. Тэгээд би тухайн морийг өөрийн хонгор алаг морины хажуу талд үлдээгээд хонуулахад 04 дүгээр сарын 29-ний өглөө эмээлтэй хүрэн морины эзэн гэх Батмөнх гэдэг хүн ирсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
5. Гэрч Х.Батбаярын өгсөн: Би 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян замын 5-1 тоотод байрлах Түүхий эд худалдаж авах газарт Ноолуур килограммыг нь 130.000 төгрөгөөр худалдан авч байхад ойролцоогоор 10 цагийн орчимд Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд ноолуур худалдаж авах уу гэсэн. Тэгэхээр нь би 130.000 төгрөгөөр худалдаж авна гэхэд 2 шуудай ноолуур оруулж ирсэн. Тэгээд хэмжиж үзэхэд 1 шуудай ноолуур нь 7 килограм 800 грамм болсон. Нөгөө шуудай ноолуур нь 2 килограмм 400 грамм болж, нийт 10 килограм 200 грамм болсон. Тэгээд би тухайн хүнд ноолуурын мөнгө шилжүүлэх гээд дансны дугаарыг асуухад надад 5098167551 дугаарын дансны дугаар өгсөн. Тэгээд би тухайн 5098167551 дугаарын Болдбаатар гэдэг хүний нэр байдаг данс руу 1.300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн хүн явсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),
6. “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ТХҮ-ОРХ/6586 дугаартай: Нас нийлсэн бүдүүн морь зах зээлийн үнэ 1.200.000 төгрөг, орос эмээл 1 ширхэг зах зээлийн үнэ 550.000 төгрөг, нийт 1.750.000 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-52 дахь тал),
7. “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №ТХҮ-ОРХ/6586/01 дугаартай: 2023 оны 05 дугаар сарын байдлаар ямааны ноолуур 1 кг нь 130.000 төгрөг, 10,2 кг ямааны ноолуур 1.326.000 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт (хавтаст хэргийн 59-61 дэх тал),
8. Хохирогч П.Бат-Өлзийгийн өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ 18 цагийн орчим байж байтал манай хонь гэртээ хүрээд ирсэн. Тэгсэн манай туслах малчин Б.Ууганбаяр ирэхгүй удаж байгаад нилээн оройтоод 22 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд Ууганбаяр би хонь юм байх гэж бодоод 2 зээр хөөсөөр байгаад оройтлоо гэж ярьсан. Тэгэхээр нь би орондоо ороод амарсан юм. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны үүрээр 04 цагийн орчимд миний танил Чулуунбаатар гэх хүн манай гэрт ирчихсэн байсан юм. Тэр хүн намайг сэрээгээд хүүе нөгөөдөх чинь байхгүй байна гэсэн. Тэгээд л манай гэрт байсан хүмүүс бүгд сэрээд харсан. Тэгсэн чинь өөрийнх нь өмсдөг гутал орон доогуур байсан. Тэгээд би гуталгүй энэ хүн хаашаа холдох вэ дээ гэж бодоод эргээд унтаад өгсөн юм. Тэгээд өглөө сэрэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд манай гэрийн хойморт байдаг авдарт байсан ванеда брендийн хавар намрын уулын гутал байхгүй байсан. Тухайн гутал дотор манай ээж Цэрэндулам 850.000 төгрөг хийж хадгалсан байсан юм байна лээ. Учир нь тухайн гутлыг огт өмсөөгүй шинээр хадгалж байсан юм. Бас манай туслах малчин Идэрээ гэх хүний цүнхтэй хувцсыг цүнхтэй нь аваад явсан байсан. Цүнх дотор нь шинэ орос хромон гутал бусад ойр зуурын хувцас хунарыг нь тэр чигээр нь аваад явсан байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-82 дахь тал),
9. Гэрч Ц.Норжмаагийн өгсөн: Манай нөхөртэй 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө гэж санаж байна 09 цагийн орчимд тод ногоон дээлтэй хүн харагдвал хэлээрэй гэж хэлж байсан. Тэгээд 2-3 цагийн дараа би хашаанаасаа хойшоо гарч тугалаа харах гээд хойд хаалган дээрээ очсон чинь нэг их тод ногоон торгон дээлтэй жижигхэн биетэй хүн хойноос явган ирж явсан. Тэгэхээр нь би нөгөө Бат-Өлзий ахын яриад байсан малчин нь юм байна даа гэж бодоод хойшоо явж тугалаа харчихаад буцаад ирэхэд манай нөхөр Зоригттой юм яриад зогсож байсан. Тэгээд би өөрийн ажиллуулдаг дэлгүүрээ онгойлгоод сууж байтал нөгөө тод ногоон торгон дээлтэй хүн орж ирээд Улаан шонхор нэртэй тамхи аваад гарсан. Тэгээд урд зам руу алхаад Дашинчилэн сумын зүг рүү яваад алга болсон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал),
10. Гэрч П.Зоригтын өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагийн орчимд П.Бат-Өлзий ах миний гар утас руу залгаад тод ногоон торгон дээлтэй, цүнх үүрсэн хүн явбал хэлээрэй манай малчин байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд удаагүй 1 цаг гарангийн дараа хойд зүгээс тод ногоон өнгийн дээл өмссөн жижигхэн биетэй туранхай хүн ирсэн. Тэгээд надаас хот явах машин асуугаад байсан. Тэгээд би Бат- Өлзий ах руу залгаад ирчихсэн шүү гэсэн. Тэгсэн чинь торгоож байгаарай гээд байсан. Тэгэхээр нь би яаж торгооховдээ гэж хэлсэн. Тэгээд нөгөө ногоон тод өнгийн дээлтэй хүн манай ойр орчмоор 2 цаг гаруй эргэлдсэн. Надад хромон гутал зарна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ, авахгүй гэсэн чинь тамхи татаад л суугаад байсан. Тэгээд нилээн байж байгаад харсан чинь Дашинчилэн сумын чиглэлд засмал зам дагаад алхаад явчихсан юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-91 дэх тал),
11. “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагат компанийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ТХҮ-ОРХ/6552 дугаартай: 2023 оны 04 дүгээр сарын байдлаар Vaneda брендийн хавар намрын уулын шинэ гутал зах зээлийн үнэ 800.000 төгрөг, орос хромон гутал 600.000 төгрөг гэх дүгнэлт (хавтаст хэргийн 95-98 дахь тал),
12. Яллагдагч Б.Ууганбаярын өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Мөнхбаттай Хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архи хувааж уугаад Мөнхбат Өргөө гэдэг нэртэй газар руу хүн хүргэж өгөхөөр явсан юм. Тэгээд би тэдний гэрт ганцаараа үлдээд гэрийн ард талд байдаг жижиг амбаарын цоорхойгоор харсан чинь амбаарт нь 3 ширхэг 25 кг-ийн шуудайнд хийсэн ноолуур байхаар нь аваад гэрт нь буцаж орж эмээл аваад, мөн гал зуухны хэрэгсэл тавьдаг шкабны нүдэнд хутга байхаар нь аваад хашаан дотор байсан хүрэн зүсмийн морийг хашаанаас гаргаж ирээд эмээллээд авсан. 3 шуудай ноолуураа ганзагалаад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Тосгон багт орж яваад морь эцэхээр нь эмээл хазаартай нь гудамжинд орхиод шуудайтай ноолуураа үүрээд Говил орж такси бариад таксиний жолоочоос ноолуур авч байгаа хүн мэдэх үү гэхэд мэднэ гээд 99551010 гэсэн дугаар өгөхөөр нь таксиний жолоочийн дугаараар ярихад аваад ир гэхээр нь хорооллын эцсийн урд байрлах Жаст Ойл шатахуун түгээх станцийн доод талд түүхий эд авдаг газарт очиж ноолуураа өгөхөд 10 килограмм 200 грамм болсон. Ямааны ноолуур 1 килограмм нь 130.000 төгрөгөөр бодож өгөөд нийт 1.300.000 төгрөг болсон. 200 граммыг нь шуудайны жин гээд хасчихдаг юм байна лээ. Ингээд буцаад нөгөө такситайгаа Хүлэг захын гадаа буугаад өмд цамц аваад явж байхад таньдаг дүү Батмөнх таарахаар нь гэртээ аваачаад тавиарай гэж хэлээд өмд цамцаа өгч явуулаад, захын гадна байсан архичидтай хоолонд орж архи авч уусан. ...Би Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багт оршин суух Бат-Өлзий гэх айлын мал маллаж байсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 01 цагийн үед байх Бат-Өлзийгийн гэрт унтаж амарч байгаад босоод илүү гэрт ороод илүү гэрийн орон доогуур байсан хромон гутал мөн цахилгаантай хагас түрийтэй гутлыг аваад өөрийн цүнхэндээ хийгээд гэрээс авч гараад тэр чигээрээ уруудаад засмал зам дагаж явсаар байгаад засмал замын ард талд олон тооны цайны газар гэсэн бичигтэй гэрүүд байхаар нь очсон чинь тэр гэрийн урд талд нэг Porter машинтай хүн байхаар очоод хаашаа явах талаар асуусан чинь Улаанбаатар хот руу явах гэж байна гэхээр нь гуйж суугаад Улаанбаатар хот явсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал, 108 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгөтэй, зүүн талын энгэр хэсэгтээ NEPV гэсэн цагаан өнгийн бичиглэлтэй, хар өнгийн дотортой хавар, намрын эрэгтэй хүний цахилгаантай куртик 1 ширхэг, цагаан саарал өнгийн 1.25 см урттай нэг тал нь шовх үзүүртэй, нөгөө тал нь хавтгай үзүүртэй лоом 1 ширхэг зэргээр хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч С.Батмөнх, П.Бат-Өлзий, Л.Идэрзориг, гэрч З.Октябрь, Х.Батбаяр, Ц.Норжмаа, П.Зоригт нарын хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаар эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ТХҮ-ОРХ/6586, ТХҮ-ОРХ/6586/01, ТХҮ-ОРХ/6552 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Б.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд болон яллагдагчаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгөтэй, зүүн талын энгэр хэсэгтээ NEPV гэсэн цагаан өнгийн бичиглэлтэй, хар өнгийн дотортой хавар, намрын эрэгтэй хүний цахилгаантай куртик 1 ширхэг, цагаан саарал өнгийн 1.25 см урттай нэг тал нь шовх үзүүртэй, нөгөө тал нь хавтгай үзүүртэй лоом 1 ширхэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжаар нь магадлан нягтлахад
шүүгдэгч Б.Ууганбаяр нь 2023 оны 04 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн Бухын давааны өвөр гэх газарт байрлах хохирогч С.Батмөнхийн өвөлжөөний амбаарын цонхыг хөшиж 1.326.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 шуудай ноолуур, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалагдсан байранд нэвтэрч үйлдсэн, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч С.Батмөнхийн хүрэн зүсмийн 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий морийг хулгайлсан,
Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн иргэн П.Бат-Өлзийгийн гэрээс 2023 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө орос хромон гутал 1 хос, ванеда брендийн хагас түрийтэй гутал 1 хос, бэлэн 850.000 төгрөгийг хулгайлж нийт 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл хангалттай нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Б.Ууганбаярын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунайхайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, эд хөрөнгийг эзэмшилдээ өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон энэ үеэс төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно” гэж хуульчилсан бөгөөд энэ тохиолдолд хохирлын хэмжээ хамаарахгүй байхаар зохицуулжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэргийн ердийн болон хүндрүүлэх шинжийг тус тус хангасан байна.
Хэрэг, үйл баримт болсон газар буюу Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн Бухын давааны өвөр гэх газарт байрлах хохирогч С.Батмөнхийн өвөлжөөний дэргэд байх түүний эзэмшлийн эд зүйл хадгалах зориулалт бүхий агуулахын цонхыг лоом ашиглан эвдлэн орж буй нь хохирогчийн эд зүйл хадгалах зориулалт бүхий агуулахын халдашгүй эрхэд халдсан хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгчийн бусдын мал буюу хүрэн зүсмийн морийг дур мэдэн хохирогч С.Батмөнхийн өвөлжөөн дээрээс унаж явсан үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн тайлбар хэсэгт Энэ зүйлд заасан "мал" гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэсэн нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа юм.
Шүүгдэгч Б.Ууганбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг эд зүйл хадгалах зориулалт бүхий агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг эд зүйл хадгалах зориулалт бүхий агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Ууганбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Бат-Өлзийд 3 шуудай ноолуур, эмээл, морь буюу 3.076.000 төгрөгийн хохирол, хохирогч П.Бат-Өлзийд ванеда брендийн хагас түрийтэй гутал 1 хос, бэлэн 850.000 төгрөг буюу 2.250.000 төгрөгийн хохирол, хохирогч Л.Идэрзоригт орос хромон гутал буюу 600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нар нь дээрх хохирол төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.
Шүүгдэгч Б.Ууганбаяр нь дээрх хохирлыг төлбөрөөс хохирогч С.Батмөнхөд морь, эмээл, ноолуурны үнэ 842.100 төгрөгийг тус тус бэлэн хүлээлгэн өгсөн бөгөөд хохирогч С.Батмөнх нь цаашид гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Харин хохирогч П.Бат-Өлзий, Л.Идэрзориг нарын хохирол төлбөрийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ууганбаяраас гэм хорын хохиролд нийт 2.250.000 төгрөг гаргуулж, 1.650.000 төгрөгийг хохирогч Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багт оршин суух П.Бат-Өлзийд, 600.000 төгрөгийг хохирогч Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн Авзага гэх газарт оршин суух Л.Идэрзоригт тус тус олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэм бурууг нотолж, яллах байр сууринаас оролцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.
Б.Ууганбаярыг бусдын эд зүйл хулгайлах, бусдын эд зүйл хулгайлах гэмт хэргийг эд зүйл хадгалах зориулалт бүхий агуулахад нэвтэрч үйлдсэн, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ууганбаярын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хэргийн 116-137, 147-148 дахь талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, цагдаагийн газрын цахим системийн зөрчлийн талаар лавлагаа мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ууганбаяр нь Булган аймгийн Сэлэнгэ суманд 1968 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, Булган аймгийн Сэлэнгэ сумын 4 дүгээр багийн Цүүц манхтай гэх газарт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц бие, урьд 8 удаа ял шийтгүүлж байсан, эд хөрөнгөгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Ууганбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Ууганбаярын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлбөрөөс зарим хэсгийг биет байдлаар буцаан өгсөн, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ууганбаярт дээрхи зүйл ангиудад зааснаар оногдуулсан хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Ууганбаярын биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирно шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгөтэй, зүүн талын энгэр хэсэгтээ NEPV гэсэн цагаан өнгийн бичиглэлтэй, хар өнгийн дотортой хавар, намрын эрэгтэй хүний цахилгаантай куртик 1 ширхэг, цагаан саарал өнгийн 1.25 см урттай нэг тал нь шовх үзүүртэй, нөгөө тал нь хавтгай үзүүртэй лоом 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслахад тус тус даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ууганбаяр нь урьд авсан Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус шүүхийн шүүгчийн захирамжаар өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 7 хоног, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 11 хоног, нийт 18 хоног цагдан хоригдсон байх тул дээрх 18 /арван найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ууганбаяраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хар сүрэг овогт Балганы Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг эд зүйл хадгалах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Ууганбаярын биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярын цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ууганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ууганбаяраас гэм хорын хохиролд нийт 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багт оршин суух, Боржигон овогт Пүрэвийн Бат-Өлзий /РД: ГГ67032337/-д, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг хохирогч Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн Авзага гэх газарт оршин суух, Тайж овогт Лхагвын Идэрзориг /РД: КД64052415/-т тус тус олгож, хохирогч С.Батмөнх гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Б.Ууганбаяраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгөтэй, зүүн талын энгэр хэсэгтээ NEPV гэсэн цагаан өнгийн бичиглэлтэй, хар өнгийн дотортой хавар, намрын эрэгтэй хүний цахилгаантай куртик 1 ширхэг, цагаан саарал өнгийн 1.25 см урттай нэг тал нь шовх үзүүртэй, нөгөө тал нь хавтгай үзүүртэй лоом 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн тусгах Н.Эрдэнэбулганд тус тус даалгасугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ