Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2020/00280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 3 дугаар баг, Баянголд оршин суух Хиад боржигон овогт Довчингийн Ганхуяг /РД:НЮ72101478/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 40, 31 тоотод байрлах Мон хавк ХХК /6069592/-д холбогдох,

Дутуу олгосон цалин 390,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ганхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Ганхуяг нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Мон хавк ХХК-нд краны жолоочоор ажиллаж сард 1,000,000 төгрөгийн цалинтай гэж тохиролцон ажилд орж Дарханы тариалангийн талбайд усжуулалтын тоног төхөөрөмжийг 9 хүний бүрэлдэхүүнтэй 5 хоног ажилласан. Үүний дараагаар 27-ны өдрөөс Угаалтын сангийн аж ахуйд усжуулалтын тоног төхөөрөмж угсран ажилласан. Мөн баруун түрүүний давааны аж ахуйн хашаанд усжуулалтын хоолойн төмөр угсарч 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 18 хоног ажилласан. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цалингийн урьдчилгаа 200,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 390,000 төгрөгийг удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн тул үлдэгдэл цалин 390,000 төгрөг Мон хавк ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ганхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Ганхуяг нь тус компанитай хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй юм. Анх ажилд орохдоо краны жолооч гэж ажилд орсон боловч машин механизмын урсгал засварыг хийж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах чадваргүй, эрэг боолтны номер дугаараа ч ялгахгүй байсан. Краных нь нум хугарахад нь шинийг авч өгч тавиулахад эрэг боолтоо дутуу чангалж, буруу суурилуулснаас болж дахин нум хугарч, 125,000 төгрөгийн хохирол учруулсан юм. Д.Ганхуяг нь кранаа барих чадвар муутай ухарч чадахгүй байсны улмаас компанийн хашааг мөргөж эвдсэн юм. Уг хашааг засварлаж хэвийн байдалд оруулахад компаниас 500,000 төгрөгийн зардал гарсан. Иймд Д.Ганхуягийг усжуулалтын төхөөрөмж суурилуулах ажилд ажиллуулсан, гэтэл Ганхуяг нь 10 гаран хоног ажиллаад урьдчилгаа 200,000 төгрөг авч, ажлаа хаяад яваад өгсөн. Хэрэв компаниас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлээд ажлаа хийж байсан бол цалин хөлсийг өгч, улмаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулах байсан юм. Гэтэл ажлаа хаяад явсан атлаа цалин гэж 390,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганхуяг нь хариуцагч Мон хавк ХХК-д холбогдуулан цалин 390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Д.Ганхуяг нь Мон хавк ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс тус компанид краны жолоочоор Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан ажлын цагийн хуваариар хийж гүйцэтгэхээр, хариуцагч ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай эд зүйлээр хангаж хөлсөд 1.000.000 төгрөгийг тооцон олгохоор тус тус амаар тохиролцжээ. Хариуцагч энэ үйл баримтын талаар маргаагүй.

Зохигчдын тайлбараар талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар амаар харилцан тохиролцсон, тэдгээрийн хооронд Хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч ажилтантай бичгээр хөдөлмөрийн гэрээг байгуулах үүргийг хүлээх ба ийнхүү гэрээг бичгээр байгуулаагүй явдалд нэхэмжлэгч буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн бол ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны нэгэн адил үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуягтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд томилох тушаал гараагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийг тухайн ажлын байранд тавигдах шаардлагад тэнцэхгүй, эд зүйл эвдэж хохирол учруулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд ажил олгогч ажилтныг ажлаас халахдаа тушаал гаргах ба тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх хэдий ч нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй тул шүүх хянах хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин нэхэмжлэгчийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан, дутуу олгосон цалингийн хэмжээний талаар хариуцагчаас маргаагүй тул 390,000 төгрөгийн цалин хөлсийг дутуу авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлсийг сард 2 ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр мөнгөн хэлбэрээр олгох үүргийг мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүлээдэг. Хариуцагч нь хуулиар хүлээсэн энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа.

Нэхэмжлэгч Д.Ганхуягийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажиллуулсан тул ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар цалин хөлс авах, ажил олгогчоос мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан цалин хөлс олгох үүргийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь дутуу олгосон цалин хөлсний зөрүү шаардсан энэ шаардлагаа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан боловч хариуцагчаас удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүргэсэн гэх тайлбарыг хариуцагч няцаагаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, уг маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд дутуу олгосон цалин 390,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан хариуцагч Мон хавк ХХК-иас 390,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганхуягт олгосугай.