Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2020/00443

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Г.Ариунаа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум,19 дүгээр баг, Их залуу 23б гудамж 10 тоотод оршин суух Чингүнжав овогт Самбуугийн Мягмарсүрэн /РД: ФА44090501/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо Эрин 53 дугаар байрны 9-151 тоотод оршин суух Мянгад овогт Бэлгээгийн Очирхад /РД:РЭ72082415/-д холбогдох

Гэм хорын хохирол 2,160,691 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, хариуцагч Б.Очирхад, иргэдийн төлөөлөгч Ц.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Мягмарсүрэн нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Улаанбаатар хот руу Б.Очирхадын жолоодож явсан авто машинд явж байтал Хутаг өндөр сумын Уньт багийн нутагт урсгал сөрөөд өөдөөс ирж явсан машинтай мөргөлдсөн. Энэ ослоос болж нэхэмжлэгчийн баруун эгэм ясны хугарал, баруун талын 5,6,7,8 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийд шингэн, баруун нүдэнд гэмтэл учирсан. Энэ нь гэмтлийн хүнд зэрэгт тооцогдсон. Б.Очирхадыг Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2018/ШШТ/165 тоот шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар түүний жолооны эрхийг нэг жилээр хасаж ял оноохгүйгээр 2 жилээр тэнссэн. Ийм шийдвэр гарахад түүний гуйлтаар цаашид гарах эмчилгээний зардлыг төлбөл гомдолгүй гэсэн хохирогчийн санал, цаашид гарах зардлыг сар бүр төлнө гэсэн Б.Очирхадын амлалт гол нөлөө болсон гэж би үздэг. Шүүх ч цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг зааж, хохирол төлөхөө илэрхийлсэн гэдгийг тогтоолынхоо үндэс болгосон. Б.Очирхад нь С.Мягмарсүрэнд 1 жилийн хугацаанд сар бүр 300,000 төгрөгийн хохирол төлнө гэж шүүх хурал дээр амласан нь хурлын тэмдэглэлд бичигдсэнийг энэ нэхэмжлэлд хавсаргасан. Энэ шүүх хурлаас хойш түүний эрүүл мэнд сэргээгүйгээр барахгүй улам муудаж баруун нүдний хараа муудаж, бүрэлзэж байнга нулимс гарах, нуухтаж, хатгуулж өвдөх болсон. Хоёр хөлний өвдөг янгинаж явахдаа муу болж байгаа, хөл хөрч шөрмөс татна, нойронд муудаж байнга нойрны эм уух, толгой байнга өвдөх зэрэг зовиуртай болсон. Шүүх хурлаас хойш эрүүл мэндээ сэргээх гэж байнга эмчид үзүүлж эм тариа авах, дархлаа сайжруулах сайн гэсэн бүтээгдэхүүн хэрэглэх, эмчилгээ сувилгаа хийлгэж байна. Шүүх хурлаас хойш Б.Очирхад 2018 оны 12 дугаар сард 300,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сард 300,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш утсаар ярьж энэ байдлаа хэлж эмчилгээний зардал өгөөч гэхэд эхнэр нь Таны зовиур чинь насных байх, одоо бидэнд хамаагүй гэх болсон. Сүүлдээ утсаа авахаа ч больсон. Би эмчилгээний зардлаа тэтгэврийн зээл авах, ойр дотны хүмүүс, үр хүүхдээсээ гаргуулсаар өдий хүрлээ. Надад гэмтэл учруулсан шүүхээр буруутай нь тогтоогдсон, шүүхийн өмнө хөгшний хохирлыг төлнө гэж амлаж ялгүй гарсан атлаа зугтаж төлбөр, хариуцлага завшиж өдий хүрлээ. Би хэдий өндөр настай ч хүний гар харахаар, гэрийн асаргаанд орохоор сул дорой хүн байгаагүйг намайг анх машиндаа суулгасан Очирхад ч харж байсан. Хэвийн эрүүл мэндтэй хүнийг бэртээж гэмтээчихээд насаар минь доог тохуу хийж, хууль шүүхээс зугатаж яваа Б.Очирхадад үнэхээр гомдолтой байна.

Иймд миний эмчилгээ, сувилгаанд зарцуулсан нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогдох 2,760,691 төгрөгөөс Б.Очирхадын өмнө төлсөн 600,000 төгрөгийг хасаж одоо 2,160,691 төгрөгийг Б.Очирхадаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Очирхад шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч С.Мягмарсүрэнгийн нэхэмжилсэн 2,160,691 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед гарсан эмнэлэг болон өөрт нь учирсан хохирлыг тухай бүрд нь төлж байсан. Одоо энэ эрүүл мэндийн хохиролд нэхэмжлээд байгаа нь тухайн үеийн гэмтэл осолтой хамааралгүй гэдэг нь тогтоогдсон. Тэр үед тэтгэврийн зээлтэй учраас сарын орлого болгож намайг 300,000 төгрөг өгч байгаач гэж хэлээд бид хоёр тохиролцож өгч байя гэсэн. Би түүнд эмчилгээний зардал 2,500,000 төгрөг өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Мягмарсүрэн нь хариуцагч Б.Очирхадад холбогдуулан гэм хорын хохирол 2,160,691 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол арилгуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчаас эмчилгээний зардалд 2,500,000 төгрөг төлсөн, нэхэмжлэл нь тухайн осолд хамааралгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч С.Мягмарсүрэн нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Б.Очирхадын жолоодож явсан тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа ослын улмаас баруун эгэм ясны хугарал, баруун талын 5,6,7,8 дугаар хавирганы хугарал, цээжний хөндий дэх шингэн гэмтэл буюу бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 152 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Очирхадын нь хууль бус үйлдлээр С.Мягмарсүрэнгийн эрүүл мэндэд хохирол учруулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Б.Очирхад нь С.Мягмарсүрэнгийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч С.Мягмарсүрэн нь хариуцагч Б.Очирхадын учруулсан гэмтлийн улмаас сувиллын газарт эмчилгээ хийлгэсэн гэж тайлбарлаж байгааг хариуцагч Б.Очирхад баримтаар үгүйсгээгүй, шинжээчийн дүгнэлтэд цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэж заасныг үндэслэн шүүх С.Мягмарсүрэнгийн сувиллын газар сувилуулсан зардал 300,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн нэхэмжлэгч нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн үндэслэлээр нэхэмжилсэн тээврийн зардлыг зайлшгүй зардалд тооцож хариуцагч Б.Очирхадаас 117,200 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Харин эм, бэлдмэлийн үнэ 1,743,491 төгрөгийг нэхэмжилсэн боловч уг эм бэлдмэлийг дээрх гэмтлийг эмчлэх зорилгоор эмчийн зааврын дагуу авсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул Б.Очирхадын учруулсан гэмтлийн улмаас уг эм, бэлдмэлийг хэрэглэсэн гэж дүгнэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлээс үлдэх 1,743,491 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Б.Очирхадаас 417,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Мягмарсүрэнд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,743,491 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.