Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0037/З |
Дугаар | 128/ШШ2022/0273 |
Огноо | 2022-04-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2022/0273
2022 04 08 128/ШШ2022/0273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Я******,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.О******
Гуравдагч этгээд: Т.Г****** нарын улсын бүртгэлийн маргаантай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Я******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч хяналтын улсын байцаагч Ц.О******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, гэрч Г.Б*******, Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Амин-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Я****** нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.О******-т холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нь анх 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээг гаргуулан авсан. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төрийн үйлчилгээний цахим машинаас гэрлэлтийн лавлагаа авах гэтэл гэрлэсний бүртгэл нь “алдаатай бүртгэлд” орсон байсан учир Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гарган алдаатай төлөвийг засуулсан.
Улмаар гуравдагч этгээд Т.Г******-с 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуурамч гэрлэлтийн баталгааг хүчингүй болгож бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасны дагуу хяналт шалгалт явуулж хариуцагчаас маргаан бүхий актыг гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хариу өгөх тухай” 7/7178 албан бичгээр мэдэж, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргад гомдол гаргасан боловч 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн байна.
Х.Я****** нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Энэхүү гэрлэлтийн бүртгэлийг цуцалж байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн захиргааны акт байх тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийг 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг явуулах талаар заасныг зөрчиж, эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа надад мэдэгдэлгүйгээр, захиргааны акт гаргаж миний үгүйсгэл, тайлбар гаргах боломжийг хязгаарлан Захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлөх эрхийг зөрчсөн.
4.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 7/8316 тоот мэдэгдэлд дурдсанаар хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон гэх бөгөөд уг дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.1.7 дахь хэсгийг үндэслэн гаргажээ. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах ”гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэд улсын байцаагч нь гэрлэлтийг хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах эрхтэй болохоос биш хүчингүй болгох талаар шийдвэр гаргах эрхгүй буюу өөрт оногдсон эрх хэмжээг хэтрүүлэн захиргааны акт гаргасан байна. Энэ нь аливаа захиргааны байгууллагаас гарч байгаа шийдвэр хуулийн хүрээнд, эрх зүйн үндэслэлтэй байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн.
Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хэргийн шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар гэрлэлтийн бүртгэл алдаатай төлөвт шилжсэн байдаг. Маргаан хянагдаж байх хугацаанд Т.Г****** нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулсан.
5.1. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан. Улсын байцаагч дүгнэлт гаргахдаа “гэрлэлтийг бүртгэхэд гэрлэхийг хүсэгчид өөрийн биеэр байлцах” тухай хуулийн заалтыг үндэслэсэн. Бид гэрлэгчид өөрсдийн биеэр байлцсан эсэх асуудал дээр маргаагүй. Т.Г****** нь Х.Я******-д гэрлэлтээ батлуулахад өөрийн биеэр байх шаардлагагүй гэж хэлсэн учир тэр үед бүх бичиг баримтуудаа өгч явуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ын 2.1-т “Хяналт шалгалтын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 2.1.1-т “Хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх”, 2.1.2-т “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хяналт шалгалтын үйл ажиллагаа урьдаас төлөвлөсөн үр дүнд чиглэгдээгүй байх”, 2.1.3-т “Хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдийн үйл ажиллагаа, шийдвэр хуульд нийцсэн, аливаа хөндлөнгийн нөлөөллөөс ангид байх, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дотоод итгэлээр шийдвэр гаргах” гэж тус тус заасан. Гэтэл хяналт шалгалт хийсэн дараалал, баримт бичиг боловсруулсан, захиргааны акт гаргасан он, сар, өдөр, шийдвэрт дурдсан дүгнэлт зэргээс харахад хяналт шалгалт нь хөндлөнгийн нөлөөтэй, урьдаас төлөвлөсөн үр дүнд чиглэгдсэн байна. Дүгнэлт нь гарахаас нэг хоногийн өмнө мэдэгдэл нь гараад тэр өдрөө оролцогчдын гарт очсон нь үндэслэлгүй юм. Үүнийг огноогоо андуурсан, эсхүл 14-ний өдөр гарсан дүгнэлтийг 15-ны өдөр албажуулсан гэж тайлбарлаж болно. Албажаагүй дүгнэлтийг оролцогчдод мэдэгдэх хуулийн зохицуулалт, үндэслэл байхгүй.
5.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж тус тус заасан. Эдгээр зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа “Нөхцөл байдлыг тогтоох”, “Нотлох баримт цуглуулах”, “Оролцогчийг сонсох” зохицуулалтыг 24-27 дугаар зүйлд тусгасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ын 20.1-т “Энэ журмын 3-т заасан эрх бүхий этгээд нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, санал, хүсэлтийг хянан шийдвэрлэх хяналт шалгалтын үйл ажиллагаанд дараах дарааллыг баримтална”, 20.1.5-т “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдүүдийг тогтоож, тайлбар, нотлох баримт гаргуулан авах”, 20.1.7-д “захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хуульд заасан арга, хэлбэрээр зохион байгуулах”, 21.1-т “энэ журмын 3-т заасан эрх бүхий этгээд нь хяналт шалгалтын үйл ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, нотлох үйл ажиллагааг дараах байдлаар хийж гүйцэтгэнэ”, 21.1.3-т “хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж буй холбогдох бүртгэлтэй холбоотой асуудлаар улсын бүтгэгчээс гаргасан тайлбар, баримтыг гаргуулан авах”, 21.1.4-т “хяналт шалгалтын ажиллагаанд оролцогчдоос тайлбар, санал, нотлох баримтыг авч, ХША-7 маягтыг үйлдэж баримтжуулна”, 21.1.6.-д “сонсох ажиллагааг явуулахдаа ХША-4 маягтыг үйлдэж сонсох ажиллагаанд оролцогчдод мэдэгдэнэ” 21.1.7-д “сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаарх тэмдэглэлийг ХША-5 маягтаар үйлдэж, баримтжуулна” гэж тус тус нарийвчлан зааж өгсөн. Улсын байцаагч сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарладаг. Хэргийн материалд сонсох ажиллагааг хийсэн баримтыг ирүүлсэн. Гэвч дээрх шаардлагуудыг хэлбэрийн болон агуулгын хувьд хангахгүй гэж үзэж байна.
5.3. 2021 оны 10 сарын 11-ний өдөр Т.Г******анболдтой утсаар сонсох ажиллагаа хийсэн бөгөөд “Шийдвэрлэсэн нь” хэсэгт “Сонсох ажиллагаагаар Т.Г******, Х.Я****** нар Монгол Улсад байгаагүй болох нь тогтоогдсон” гэжээ. Харин маргааш нь Х.Я******-тай хийсэн гэх сонсох ажиллагааны тэмдэглэл байдаг. Монгол Улсад байсан эсэхийг Хил хамгаалах ерөнхий газраас авсан хилийн лавлагаагаар тогтоох болохоос улсын байцаагч нь оролцогчдын нэгээс нь тайлбар аваагүй байж, зөвхөн нэг талын утсаар ярьсан мэдээлэлд үндэслэн ийнхүү яаран дүгнэсэн нь хяналт шалгалтын үр дүнг урьдчилан чиглүүлсэн гэж үзэхээр байна. Х.Я******-тай хийсэн гэх 2 сонсох ажиллагааны тэмдэглэл байна. Бодит байдал дээр нэхэмжлэгч нь улсын байцаагчаас мэдээлэл авахаар очсон бөгөөд ярилцах явцдаа хэл амаа ойлголцолгүй маргалдаад гарснаас биш сонсох ажиллагаа хийж байна гэж мэдээгүй. Тийнхүү ярьсан ярианаас хэсэгчлэн авч, маягтын дагуу сонсох ажиллагаа хийсэн гэж 2 дахь тэмдэглэлийг үйлдсэн байдаг.
5.4. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна” гээд 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж заасан. Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах гэдэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийн төлөөлөгчөөс тухайн шийдвэр гаргахтай холбоотойгоор тэдний санал, хүсэлтийг сонсох, хамааралтай бодит байдлын талаар тайлбар авах зэрэг хамаарна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-д “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, сонсох ажиллагаа гэдэг нь зөвхөн асуулт асуугаад хариулт авахыг хэлэхгүй, тэдний санал, хүсэлтийг тусгах шаардлагатай. Хэрвээ Х.Я****** сонсох ажиллагаа хийж байна гэж мэдсэн бол гаргаж болзошгүй захиргааны акт, түүний үр дагавраас сэргийлсэн нотлох баримт өгөх, гаргуулах болон бусад санал, хүсэлтээ өгөх байсан. Улсын байцаагчийн хувьд сонсох ажиллагааны мэдэгдлийг утсаар өгсөн учраас Т.Г****** утсаар, Х.Я****** тэр даруй ирж сонсох ажиллагаанд оролцсон гэж тайлбарлан, “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл” гэх баримтыг хэргийн материалд гаргаж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж заасан. Захиргааны байгууллага сонсох ажиллагааны оролцогчийг 20 хүртэл гэж тодорхойлсон бол сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг шууд гарт нь, шууд хүргүүлэх гэдгийг бичгээр хүргүүлэхийг ойлгоно. Тийм ч учраас 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана” гээд 27.3.1-т “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.3.2-т “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт”, 27.3.3-т “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” гэж шууд, гарт нь хүргүүлэх бичигт юу юу тусгахыг зааж өгсөн. Улсын байцаагчийн хувьд утсаар мэдэгдсэн нь мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэхгүй бөгөөд цаашид сонсох ажиллагаа хийсэнд тооцохгүй. Мөн сонсох ажиллагааны тэмдэглэлд “Хурал удирдсан хяналтын улсын байцаагч Ц.О******” гэснээс биш тэмдэглэл хөтөлсөн хүний албан тушаал, овог нэр, гарын үсэг байхгүй байгаа нь ХША-5 маягтын шаардлагыг ч хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, сонсох ажиллагааг хийхдээ журам зөрчсөн байна. Улсын байцаагч хяналт шалгалтыг журамд заасан дарааллын дагуу хийж, бүрдүүлэх ёстой баримтыг бүрдүүлээгүй байна. “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ын 8.2-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хяналт шалгалтын нэгжийн даргад мэдэгдсэнээр эхлүүлэх бөгөөд тусгайлан удирдамж батлуулах шаардлагагүй”, 8.5-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад зөрчил илэрвэл энэ талаар дэлгэрэнгүй тэмдэглэл үйлдэж, холбогдох ажилтнаас тайлбар гаргуулан авна”, 11.1-т “Хяналт шалгалтын дүнг тухайн хяналт шалгалтыг хийж дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан улсын ерөнхий байцаагч, хяналт шалгалтын нэгжийн даргад энэ журмын 13.1-д заасан илтгэх хуудсаар танилцуулна”, 12.1-т “Улсын байцаагч хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд дараах баримт бичгийг үйлдэнэ” гээд “илтгэх хуудас, дүгнэлт, мэдэгдэл, акт, зөрчлийн тэмдэглэл” гэжээ. Шүүхээс дүгнэлттэй холбоотой илтгэх хуудас зэрэг баримтыг шаардахад Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотой бүхий л баримтыг хүргүүлсэн гэх боловч хяналт шалгалт эхлүүлсэн тухай нэгжийн даргад мэдэгдсэн баримт, илэрсэн зөрчлийн талаар 2 бүртгэлийн ажилтнаас авсан тайлбар, дэлгэрэнгүй тэмдэглэл, илтгэх хуудас ирээгүй нь тэдгээрийг үйлдсэн гэж үзэхээргүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбар авсан баримт байгаа гээд, гэрчид тухайн тайлбарын хуулбар байсан. “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ын 14.2-т “Улсын байцаагчийн дүгнэлтэд дараах асуудлыг тусгана”, 14.2.4-т “хяналт шалгалтаар илэрсэн алдаа, зөрчил гаргасан этгээдийн үйлдэл, албан тушаал, бусад холбогдох мэдээлэл”, 14.2.5-д “зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаарх санал” гэжээ. Улсын байцаагчийн 5686 дугаар дүгнэлтэд зөрчлийн талаар дурдсан ч зөрчил гаргасан этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагын талаарх санал гаргаагүй байна.
5.5. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.4 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэж тус тус заасан. Мөн “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ын 21.1.9-д “хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлж, гаргасан шийдвэрийг иргэн, хуулийн этгээдэд ХША-9 маягт үйлдэж мэдэгдэнэ” гэж заасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Журам, хэвлэмэл хуудас, эрх зүйн баримт бичгийн загвар батлах тухай” 2021 оны А/341 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралтаар “Захиргааны актыг мэдэгдсэн тухай хуудас”-ын ХША-9 маягтыг баталсан. Тус маягтын дагуу захиргааны актыг мэдэгдсэн баримтыг үйлдэх, иргэнд мэдэгдэх ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Иргэн Т.Г****** танд” гэж хаяглан, хувийг Т.Я гэх “Хариу өгөх тухай” 7/7178 дугаартай албан бичгийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид ирүүлсэн. Түүнд гардуулаагүй, гардаж авсан тухай гарын үсэг зурж баталгаажуулаагүй, Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудад захиргааны актыг мэдэгдсэн тухай ХША-9 маягт байхгүй. Тэгэхээр хуульд заасан журмаар мэдэгдээгүй актыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан. Учир нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хууль зөрчсөн захиргааны акт чиглэсэн этгээдийн хувьд эерэг нөлөөлөлтэй бол түүнийг хүчингүй болгохыг онолын хувьд ч зөвшөөрдөггүй. Учир нь эрх зүйт төрд иргэн захиргааны байгууллага хуулийн хүрээнд ажилласан гэдэгт итгэх итгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ 5 жилийн хугацаа тоологдохын тулд гомдол гаргах эрхтэй байсан этгээд захиргааны акт гарсныг мэдсэн байх шаардлагатай.
5.6. Т.Г******анболд нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн газрын Хяналт шалгалтын хэлтэст гаргасан гомдолдоо “Миний бие Т.Г****** нь Х.Я******-тай хэзээ ч гэр бүлийн баталгаа хийлгэж байгаагүй бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсон мэтээр миний оролцоогүйгээр гэрлэлтийн гэрчилгээ хуурамчаар олгосон байна” гэж гэрлэлтээ бүртгүүлж, гэрчилгээ авснаа огт мэдээгүй мэтээр бичсэн байна. Гэхдээ энэ нь худлаа буюу Т.Г******-ын хувьд захиргааны акт гарсан буюу гэрлэлтийг бүртгэж, гэрчилгээ олгосныг мэдэж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. “Иргэний бүртгэлийн тухай” хуульд зааснаар хүүхэд төрсний бүртгэлийг хийлгэхдээ эцэг, эх өөрийн биеэр очиж, гэрлэлтийн гэрчилгээгээ үзүүлсний үндсэн дээр эцгийн нэрээр овоглодог. Хэрвээ гэрлэлт бүртгүүлээгүй бол эцэг, эх хоёулаа өргөдөл гаргасан тохиолдолд эцгийн нэрээр овоглодог зохицуулалттай.
5.7. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” хэмээн тусгасан нь олон улсын гэрээ нь гэр бүлийн хууль тогтоомжийн салшгүй нэгээхэн хэсэг мөнөөс гадна олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжоос дээгүүр эрэмбийнх болохыг тодотгож байна. Монгол Улс 1962 онд батлагдсан “Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай конвенц”-д нэгдэн орсон. Тус конвенцийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий төлөөлөгч онцгой шалтгаантай гэж үзвэл аль нэг тал урьд өмнө эрх бүхий төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу гэрлэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүнээсээ татгалзаагүй байгаа тохиолдолд, энэ зүйлийн 1 дэх хэсгийг үл харгалзан тэр тал заавал өөрийн биеэр байлцах албагүй” гэж заасан. Дээрх бүх бодит нөхцөл байдал болон хууль тогтоомжийн тайлбарыг үндэслэн улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6. Хариуцагч хяналтын улсын байцаагч Ц.О******тгоноцэцэг нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “.. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Т.Г******анболдоос ирүүлсэн гомдлын дагуу гэрлэлтийн бүртгэлтэй холбоотой хяналт шалгалтын ажиллагаа хийгдсэн бөгөөд хяналт шалгалтаар дээр дурдсан иргэн Т.Г******, Х.Я****** нар нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсад байгаагүй, гэрлэхийг хүсэгчид өөрийг биеэр ирж иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон ба энэ нь Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг өөрийн биеэр байлцуулна“ гэж заасныг зөрчсөн байсан тул 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хяналтын улсын байцаагчийн 5686 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.
6.1. Хяналт шалгалтын явцад Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу Т.Г******, Х.Я****** нарт сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагаагаар Т.Г******, Х.Я****** нар Монгол улсад байгаагүй болох нь тогтоогдсон болно. Нэхэмжлэлд дурдсан өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн гэх асуудлын хувьд миний бие Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсын акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасны дагуу гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагын шийдвэр юм. Дээрх захиргааны акт нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын гэр бүлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцсэн хууль ёсны шийдвэр болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий хуульд улсын бүртгэлийн үйл ажиллагааны журмыг тусгаж өгсөн байдаг. Улсын бүртгэгч, улсын байцаагч нар хуульд заасан үндэслэл, эрхээр л шийдвэр гаргана. Улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэсэн хяналт шалгалтуудыг хийж ажиллаж байгаа. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар шалгадаг. Хяналт шалгалтыг хийхээсээ өмнө удирдамж батлуулж хяналт шалгалт хийдэг. Тухайн хяналт шалгалтыг улсын ерөнхий байцаагчид илтгэх хуудсаар танилцуулдаг. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хувьд тусгайлан удирдамж батлуулдаггүй учир илтгэх хуудсаар танилцуулах шаардлагагүй. Өдөр тутам хийж буй хяналт шалгалтыг ахлах байцаагчдаа танилцуулж, ахлах байцаагч Хяналт шалгалтын газарт ирсэн өргөдөл, гомдлыг аль улсын байцаагчаар шалгуулахаа өөрөө цохолт хийдэг.
Иймд улсын байцаагчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2008 оноос эхэлж гэр бүл болсон, хамтран амьдарсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Гэтэл 2009 онд анхны охин төрхөд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж, Т.Г******-р хүүхдийг овоглосон. Үүний дараа хүүхэд төрөх бүрд өргөдөл бичиж овог авч байсан. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ямар ч гэрлэлтийн бүртгэл байгаагүй гэдгийн баталгаа. 2021 оны 8 дугаар сард гэр бүл цуцлах нэхэмжлэл Иргэний хэргийн шүүхэд гарсны улмаас гэрлэлтийн гэрчилгээ байсныг Т.Г****** мэдэж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахад гэрч Б.Д******* гэрлэлтийн гэрчилгээ алдаатай төлөвт байсныг засаж, баталгаажуулсан гэдэг нь тогтоогдсон. Үйл баримтын дарааллаар харахаар гэрлэлтийн бүртгэл анхнаасаа байгаагүй гэдэг нь тогтоогдож байна.
8.1. Хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд гэрлэгчид сайн дурын үндсэн дээр гэрлэж, тухайлсан 2 гэрчийг байлцуулна гэж заасан байдаг. Монгол Улсын хуулиар биечлэн гэрлэлтээ бүртгүүлэхээр заасан байхад, тухайн гэрлэлтийн бүртгэл хийгдсэн он сар өдөрт тус иргэд гадаад улсад байсан. Гэтэл нэхэмжлэгчийн ээж нь гэрчээр оролцоод гэр бүл бүртгүүлсэн мэтээр гэрлэлтийн өргөдлийг бөглөсөн баримтыг үндэслэж гэр бүлийг бүртгэсэн байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
2. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Х.Я****** нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.О******-т холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
3.1. Миний бие нь 2005 оноос 2021 оны 07 дугаар сар хүртэл 16 жил Т.Г******-той гэр бүл болж, хамтран амьдарч 4 хүүхдийн эцэг, эх болсон. Улсын бүртгэлийн ерөнхий газарт гэрлэлтээ батлуулж, гэрчилгээ авсан. 2021 оны 07 дугаар сараас хойш цаашид хамтран амьдрах боломжгүй болж, гэр бүлээ цуцлуулах болоход Т.Г****** Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, 7 хоногийн дотор гэрлэлтийг хүчингүй болгосон байсан. Улсын байцаагч нь гэрлэлтийг хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах эрхтэй болохоос биш хүчингүй болгох талаар шийдвэр гаргах эрхгүй. Улсын байцаагч нь хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн захиргааны акт гаргасан. Энэ нь аливаа захиргааны байгууллагаас гарч байгаа шийдвэр хуулийн хүрээнд эрх зүйн үндэслэлтэй байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн.
3.2. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах журмыг зөрчиж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа надад мэдэгдэлгүйгээр, тайлбар гаргах боломжийг хязгаарлан захиргааны акт гаргасан.
3.3. Улсын байцаагч нь хяналт шалгалтыг хууль, журамд заасан дарааллын дагуу хийгээгүй, бүрдүүлэх ёстой баримтыг бүрдүүлээгүй“ гэж тус тус тодорхойлон маргажээ.
4. Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 5686 дугаар дүгнэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 14-д заасныг үндэслэн 1 дэх заалтаар иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Т.Г****** /ЦБ000000/, Х.Я****** /ЧЛ000000/ нарын 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бүртгэж, 2021 оны 08 дугаар сарын 13-ний өдөр баталгаажуулсан 25 дугаартай гэрлэсний бүртгэлийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Нийслэл дэх улсын бүртгэлийн газрын архивд буй Хан-Уул дүүргийн 2016 оны гэрлэсний бүртгэлийн дэвтрийн 26 дугаарт бүртгэсэн иргэн Т.Г******, Х.Я****** нарын гэрлэсний бүртгэлд хүчингүй тэмдэглэгээ хийхээр шийдвэрлэжээ.
5. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 14-д заасныг гол үндэслэлээ болгожээ. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 14.1-д “Улсын байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлт, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлын дагуу улсын бүртгэлтэй холбоотой тодорхой нөхцөл байдлыг тогтооход үйлдэнэ”, 14.2-т “Улсын байцаагчийн дүгнэлтэд дараах асуудлыг тусгана”, 14.2.1-д “дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэл”, 14.2.2-т “нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх”, 14.2.3-д “хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлыг нэг бүрчлэн тодорхой тусгах”, 14.2.4-д “хяналт шалгалтаар илэрсэн алдаа, зөрчил гаргасан этгээдийн үйлдэл, албан тушаал, бусад холбогдох мэдээлэл”, 14.2.5-д “зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаарх санал”, 14.2.6-д “цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, 14.2.7-д “дүгнэлт гаргасан улсын байцаагчийн эцэг, эх-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, гарын үсэг, он, сар, өдөр, дүгнэлтийн дугаар, хувийн дугаар бүхий тэмдэг” гэж тус тус тусгайлан журамлан зааснаас үзэхэд хяналт шалгалтын улсын байцаагч нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлт, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлын дагуу улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар илэрсэн тодорхой нөхцөл байдлыг нэг бүрчлэн тусгаж, зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаарх санал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуудлыг тусгасан улсын байцаагчийн дүгнэлт үйлдэхээр, энэ тохиолдолд улсын байцаагчийн дүгнэлт нь улсын бүртгэлтэй холбоотой тодорхой нөхцөл байдлыг тогтоож, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргах агуулгатай байна.
6. Маргааны үйл баримтаас үзэхэд иргэн Т.Г******, Х.Я****** нар нь 2016 оны 06 дугаар сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлэхээр өргөдөл гаргасан, гэрлэхийг хүсэгчдийг 2008 оны 02 дугаар сарын 04-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 1122570025 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон, гэрлэгсдийн дундаас 2009 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Г.А, 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.А, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү Г.Э, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүү Г.З нар төрсөн, Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэн Т.Г******, Х.Я****** нарын гэрлэсний бүртгэл алдаатай төлөвт шилжсэнийг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу улсын бүртгэгч Б.Д******* нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн эх нотлох баримт буюу гэрлэлтийн журналыг үндэслэн баталгаажуулж, хүчинтэй төлөвт оруулсан болох нь гэрлэгсдийн гэрчилгээний болон цахим бүртгэлийн гэрлэсний бүртгэлийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн журнал, хүүхдийн төрсний бүртгэл, анкет, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
7. Гуравдагч этгээд Т.Г****** нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтэст “Хуурамч гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах“ агуулга бүхий гомдол гаргасан, уг гомдлын дагуу хариуцагч нь гэрлэлтийн бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж, уг хяналт шалгалтаар иргэн Т.Г******, Х.Я****** нар нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсад байгаагүй, гэрлэхийг хүсэгчид нь өөрийн биеэр ирж, иргэний бүртгэлд бүртгүүлээгүй нь Иргэний бүртгэлийн /1999 он/ тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг зөрчсөн гэж үзэж, маргаан бүхий актаар иргэн Т.Г******, Х.Я****** нарын гэрлэсний бүртгэлийг хүчингүй болгож, гэрлэсний бүртгэлд хүчингүй тэмдэглэгээ хийхээр шийдвэрлэжээ.
8. Гэрлэгсэд нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсад байгаагүй, гэрлэхийг хүсэгчид өөрийн биеэр ирж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь энэ үйл баримттай маргаагүй байна. Харин нэхэмжлэгч нь гэрлэгчдийн гэрлэсний бүртгэлийг хүчингүй болгосон үйл баримттай маргаж байна.
9. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.6-д “ улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж, 18 дугаар зүйлийн 18.2-т “Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч ... хэрэгжүүлнэ”, 18.4-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагч байна”, 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх үүрэгтэй байна”, 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг , эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж зааснаас үзэхэд улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч нь бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт бичих эрхтэй байх ба харин улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга буюу улсын ерөнхий байцаагч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхтэй байна.
10. Дээрхээс үзэхэд хариуцагч улсын байцаагч нь хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлж, өөрт тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан байх тул дээрх захиргааны актыг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчийн “ ... хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан, хуульд нийцсэн, хууль ёсны шийдвэр ...” гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.
11. Нэхэмжлэгч нь “Улсын байцаагч нь хяналт шалгалтыг хууль, журамд заасан дарааллын дагуу хийгээгүй, бүрдүүлэх ёстой баримтыг бүрдүүлээгүй” гэж маргаж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/341 дүгээр тушаалаар “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ыг баталсан байх ба уг журмын 8.2-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хяналт шалгалтын нэгжийн даргад мэдэгдсэнээр эхлүүлэх бөгөөд тусгайлан удирдамж батлуулах шаардлагагүй“, 8.6-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад зөрчил илэрвэл энэ талаар дэлгэрэнгүй тэмдэглэл үйлдэж, холбогдох ажилтнаас тайлбар гаргуулан авна”, 11.1-д “Хяналт шалгалтын дүнг тухайн хяналт шалгалтыг хийж дууссанаас хойш ажлын 5 хоногт багтаан улсын ерөнхий байцаагч, хяналт шалгалтын нэгжийн даргад энэ журмын 13.1-д заасан илтгэх хуудсаар танилцуулна”, 11.3-т “Хяналт шалгалтын илтгэх хуудсанд холбогдох нотлох баримт, тайлбар, тэмдэглэлийг хавсаргасан байна”, 18.1-д “Зөрчлийн талаарх тэмдэглэлийг зөрчил гарсан нөхцөл байдлын баримтжуулахад ХША-2 маягтаар үйлдэнэ”, 18.3-т 3зөрчлийн талаарх тэмдэглэлд зөрчил гаргасан этгээдийн тайлбарыг хавсаргана”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Энэ журмын 3-т заасан эрх бүхий этгээд нь хяналт шалгалтын үйл ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, нотлох ажиллагааг дараах байдлаар хийж гүйцэтгэнэ”, 21.14-т “Хяналт шалгалтын ажиллагаанд оролцогчдоос тайлбар, санал, нотлох баримтыг авч, ХША-7 маягтыг үйлдэж баримтжуулна”, 21.1.6-д “сонсох ажиллагааг явуулахдаа ХША-4 маягтыг үйлдэж, сонсох ажиллагаанд оролцогчдод мэдэгдэнэ”, 21.1.7-д “сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаарх тэмдэглэлийг ХША-5 маягтаар үйлдэж, баримтжуулна”, 21.1.9- “хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлж, гаргасан шийдвэрийг иргэн, хуулийн этгээдэд ХША-29 маягт үйлдэж, мэдэгдэнэ” гэж тус тус тусгайлан журамлан заажээ.
12. Гэтэл хариуцагч нь хяналт шалгалтын явцын талаар тэмдэглэл үйлдээгүй, холбогдох бүртгэлийн ажилтнаас тайлбар аваагүй, хяналт шалгалтын дүнг хяналт шалгалтын нэгжийн даргад илтгэх хуудсаар танилцуулаагүй байх ба энэ талаарх нотлох баримтыг шүүхээс шаардахад гаргаж ирүүлээгүй, зөвхөн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэл, улсын бүртгэлийн архивын баримтыг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь дээрх журмыг зөрчсөн төдийгүй хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Хяналт шалгалтыг явцад улсын байцаагч шалгалтыг тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана”, 5.10-д “Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана”, 5.16-д “Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна”, Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэснийг болон дээрх журмын 2.1.3-т “хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдийн үйл ажиллагаа, шийдвэр хуульд нийцсэн ... байх” зарчмыг тус тус зөрчсөн байна.
13. Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий актыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албажуулж гаргасан атлаа иргэн Т.Г******-д шийдвэр гарахаас нэг хоногийн өмнө буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн огноотой 7/7178 дугаар албан бичгээр “ ... тус газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5686 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн ...” талаар хариу хүргүүлсэн нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна.
14. Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгавар болно”, 12 дугаар зүйлийн 1-.1-д “Гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны болон шүүхийн журмаар цуцална”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчдийн газарт гаргана”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний ... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ иргэний улсын бүртгэл” гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг ойлгоно” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна”, 6.1.2-т “гэрлэсний”, 6.1.3-т “гэрлэлт дуусгавар болсны”, 6.1.4-т “гэрлэлт сэргээсний” гээд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5.2-т “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс, тасгийн улсын бүртгэгч ... нь иргэний улсын бүртгэлийг улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн энэ хуульд заасны дагуу хөтөлнө” гээд 7 дугаар зүйлээр гэрлэсний бүртгэлийг, 8 дугаар зүйлээр гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийг, 9 дүгээр зүйлээр гэрлэлт сэргээсний бүртгэлийг тус тус хөтлөхөөр, мөн хуулийн 23 дугаар зүйлээр иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох зохицуулалтыг заасан, 23.1-д “Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох бол шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн үндэслэн бүртгэнэ”, 23.2-т “Улсын бүртгэгч нь тухайн иргэний регистрийн дугаар, эсхүл нэг төрлийн иргэний улсын бүртгэл 2, эсхүл түүнээс олон удаа хөтлөгдсөн бол хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгоно” гэж тус тус тодорхойлон заажээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд иргэний улсын бүртгэлийн төрөлд гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгох заалт тусгайлан тусгагдаагүй, харин гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний бүртгэл хамаарахаар зохицуулсан, харин иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгоход Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн заалт хэрэглэгдэхээр байна.
Энэ маргааны тохиолдолд хариуцагчид гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, захиргааны байгууллага, албан тушаалтан нь дээрх хуулийн заалтыг үндэслэл болгоогүй байх ба нэгэнт бүртгэсэн гэрлэсний бүртгэлийг “гэрлэлтийн бүртгэлийн журмыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгох тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагын алдаанаас үүдэлтэй хүүхдийг эцгээр нь овоглосон иргэний улсын бүртгэл болон бусад бүртгэлүүд хүчин төгөлдөр байх эсэх, гэрлэгсдийн бусдын өмнө хүлээсэн үүрэг хэрхэх эсэх, хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөх зэрэг захиргааны байгууллагын алдаатай шийдвэрээс үүсэн гарах эрх зүйн үр дагаврыг тооцох учиртай.
15. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоох, дээрх нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, түүнчлэн шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүрэгтэй байх бөгөөд мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоогийн нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахаас өмнө эрх, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломжоор ханган, сонсох ажиллагаа явуулах ёстой.
16. Гэтэл энэ маргааны тохиолдолд хариуцагч нь сонсох ажиллагаа явуулсан гэж тайлбарлан маргаж байх бөгөөд хэрэгт авагдсан “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл”, “Сонсох ажиллагааны тэмдэглэл” нь хэлбэрийн төдий буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “ сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана”, 27.3.1,-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.3.2-т “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт”, 27.3.3-т ”захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл”, 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэсэнтэй болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалаар баталсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 21.1.6, 21.1.7-д заасантай тус тус нийцээгүй байна.
17. Иймд хариуцагч нь маргаан бүхий актыг батлан гаргахын өмнө нэхэмжлэгчид захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг бүрэн гүйцэд олгоогүй буюу сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
18. Хариуцагч нь Иргэний бүртгэлийн тухай /1999 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг зөрчиж, гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулахгүйгээр гэрлэлтийг бүртгэсэн буруутай байх боловч энэхүү бүртгэлийн байгууллагын гэрлэлтийн бүртгэлийн журмыг зөрчсөн буруутай үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.
19. Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон “Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай конвенц”-ын 1 дүгээр зүйлийн 2 -т “Эрх бүхий төлөөлөгч онцгой шалтгаантай гэж үзвэл аль нэг тал урьд өмнө эрх бүхий төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу гэрлэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүнээсээ татгалзаагүй байгаа тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсгийг үл харгалзан тэр тал заавал өөрийн биеэр байлцах албагүй” гэж заасныг тэмдэглэвэл зохино.
20. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий захиргааны акт нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасныг тус тус зөрчсөн, энэ маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
21. Шүүх хуралдааны явцад гэрч Б.Д*******элгэрмаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бичгээр тайлбар гаргаж өгсөн гэж мэдүүлж байх бөгөөд шүүхээс хяналт шалгалт явуулсантай холбоотой бүхий л нотлох баримтыг ирүүлэхийг тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/561, 2022 оны 02 дугаар сарны 17-ны өдрийн 1/1660 дугаар албан бичгээр удаа дараа шаардсаар байтал хариуцагч нь хяналт шалгалт явуулсантай холбогдуулж авсан улсын бүртгэгчийн дээрх тайлбарыг ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.6, 18 дугаар зүйлийн 18.7.1, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найргуулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Я******-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.О******-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН