Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 221/ма2025/0679

 

 

 

 

 

 

 

 

ДП ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч: ДП ХХК

Хариуцагч: Боловсролын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/2119 дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хчүингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0604 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө

Хэргийн индекс: 128/2025/0538/3

ТОДОРХОЙЛОХ нь:

        1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа:

        1.1. Боловсролын ерөнхий газарт холбогдуулан “Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/2119 дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэжээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0604 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.3 дахв хэсэг, 39.3.10 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.4, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2 дахь хэсэг, 52.2.3 дахь заалт, 56 дугаар зүйлийн 56.3, 56.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ДП ХХК-ийн гаргасан “Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/2119 дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчиннүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Анхан шатны шүүх Захиргааны гэрээг захиргааны байгууллагын нэг талын санаачилгаар цуцлахад гэрээний үүргийн гүйцэтгэлийн ноцтой зөрчил гарсны улмаас нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учрах нөхцөл байдлыг шаардах бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд

3.1.1. 2024 оны 11 сарын 27-ны өдрийн Томилолтын тайлангийн 15-д зааснаар үүрэг даалгавар өгсөн бөгөөд /Шийдвэрийн үндэслэх хэсгийн 17,18/ улмаар шаардлага хүргүүлэх 2025 оны 02 сарын 24-ны өдрийн 1/534 өдрийн албан бичгээр хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах, гэрээт хугацаанд барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулж ажиллахыг мэдэгдсэн.

3.1.2. Гэрээний ерөнхий нөхцөлийн 56.2, 56.2 а-д заасан гэрээний ноцтой зөрчил гэж үзэх үйл баримтыг арилгаж чадаагүй нь гүйцэтгэгч нь уг зөрчил, гологдлыг арилгаж чадаагүй нь зөрчилд хамаарахаар байна гэж шүүх дүгнэсэн.

3.1.3. Барилгын гадна дулааны сувгийг зориулалтын бус материал ашигласныг буулгаж, батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх, зэрэг алдаа зөрчлүүдийг засаж залруулаагүй зөрчлийн үр дагавар нь нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар байна гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.2.2023 оны 11 сарын 30-ны өдрийн УТ210150**** /ТӨБЗГ-2019/ХІІ.1.1.234+6/ барилга угсралтын ажилд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр барилга угсралтын ажлын дуусах хугацааг 2025 оны 08 сарын 30-ны өдөр гэж тус тус өөрчилсөн. 2023 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар барилга угсралтын ажлын явц 65 хувьтай гэж тодорхойлсон бөгөөд энэхүү цаг хугацаанаас хойш шалны плита чулуу 40 хувь наагдсан бөгөөд үлдэгдэл наагдаагүй чулуу, плита ажлын талбай дээр бэлэн байгаа, барилгын 2,3 давхрын холбоо дохиолол, интернэт, цахилгааны утас, камер, чанга яригч бүрэн хийгдсэн, 1-р давхарт холбоо дохиолол, цахилгаан, интернэт, цахилгааны утас, камер, чанга яригч 80 хувь хийгдсэн, бусад утаснууд барилгын талбай дээр бэлэн байгаа, 2,3 давхрын тааз, дотор засал 90 хувь хийгдсэн, 1-р давхарт газар тэгшилгээ 100 хувь хийгдсэн, хар шал 30 хувь, өрлөг 40 хувь, 1.2.3 давхрын дотор сантехникийн ажил 80 хувь гүйцэтгэсэн, агаар сэлгэлтийн ажил 100 хувь гүйцэтгэсэн, дотор шаахтны өрлөг 80 хувь хийгдсэн, 2.3 давхрын дотор өрлөг, засал 100 хувь хийгдсэн, 2,3 давхрын хар шалны цутгалт 100 хувь хийгдсэн, 1,2,3 давхарт хийгдэх шилэн хананы материал барилгын талбай дээр 100 хувь бэлэн байгаа, барилгад хэрэглэгдэх дотор гэрэл, унтраалга, разетка 100 хувь барилгын талбай дээр байгаа бөгөөд нийт гүйцэтгэл 80-85 хувьтай бөгөөд барилгад хэрэглэгдэх материалууд 80 хувь байсан.

3.3. Гэрээг цуцлах тухай захиргааны актад дурдсан барилга угсралтын удаан ажиллах хүч байхгүй, өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангадаггүй, барилга угсралт ажил стандарт, норм ба дүрэм хангахгүй, чанаргүй хийгдэж байгаа ... гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь гүйцэтгэгч компанийн зүгээс тухайн барилга угсралтын ажилд шаардлагатай бараа материалыг барилгын талбай дээр буулгасан, ажиллах хүч хэвийн, барилга угсралтын ажлыг барилгын зургийн дагуу хийж гүйцэтгэж байгаа бөгөөд гэрээний ерөнхий нөхцөлийн 56.2.а-д заасанчлан гүйцэтгэгч ажлыг 28 буюу түүнээс дээш хугацаагаар зогсоосон үйлдэл гаргаагүй байхад гаргасан мэтээр дүгнэсэнд учир дутагдалтай юм. Компани буюу гүйцэтгэгчээс гэрээнд заасан үүргээ биелүүлж барилгын талбай дээр инженер болон бусад ажилчид ажиллаж байгаа бөгөөд ажлыг зогсоосон үйлдэл гаргаагүй болно.

3.4. 2019 оны 09 сарын 18-ны өдрийн ТӨБЗГ-2019/ХІІ.1.1.234 дугаар, ХII.1.1.234 сургуулийн барилга, 640 суудал /Сүхбаатар Э сум 2-р сургууль/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 7-р зүйлд Гүйцэтгэгч нь гэрээний дагуу захиалагчийн төлөх ажлын хөлсийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн гэрээгээр хүлээсэн ажлыг гүйцэтгэж, зөрчил гологдол арилгах үүрэг хариуцлагыг хүлээхээр заасан. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг тодорхойлсон бөгөөд уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8 дахь хэсэгт барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах бөгөөд 2019 оны ТӨБЗГ-2019/ХІІ.1.1.234 дугаар ажил гүйцэтгэх гэрээний 9 дүгээр зүйлд мөн тусгаж өгсөн байдаг.

3.5. Энэ тохиолдолд захиалагчаас гэрээ цуцлах нөхцөл байдал үүсээгүй ба захиалагчийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл нь хуульд заасан эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэрээг дүгнээгүй байж гэрээг цуцалсан нь хууль бус бөгөөд гэрээг дүгнэж улмаар гэрээг цуцлах нь шалтгаант холбоотой юм. Шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан дээрх зөрчил гологдлыг нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч хуулийн этгээдийн зүгээс улсын комисс ажиллахаас өмнө бүрэн арилгах боломжтой. Тухайн барилгыг бүтээцийн хийцийг муу буюу зөрчил дутагдал гэж үзээгүй тухайн иж бүрдэл ажил нь гологдол, зөрчил гарснаар гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.

3.6. Гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээний буюу хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд гэрээний 15-д... захиалагч нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийх ажил болон зөрчил, гологдол арилгах үйлчилгээг үндэслэн ажлын хөлсийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хүлээнэ... гэжээ. Түүнчлэн гэрээний 18- д... барилга угсралтын ажлыг зураг, төслийн дагуу гүйцэтгээгүй буюу барилга бүтээцийн алдаа гаргасан нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд захиалагч гэрээг цуцлах эрх бий гэвч эрх бүхий этгээдийн дүгнэлт гараагүй. Хэрэгт авагдсан 2024.11.27-ны өдрийн томилолтын тайлан, захиалагч байгууллагаас өгсөн үүрэг, тавьсан шаардлагыг эрх бүхий этгээдийн дүгнэлт гэж үзэх боломжгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0604 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгч ДП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

        2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1.Нэхэмжлэгч ДП ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Э сумын 640 суудалтай Сургуулийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус тус сунгасан байна.

   2.2.Захиалагч буюу Боловсролын ерөнхий газраас гэрээний хэрэгжилтийн талаар хяналт шалгалтыг явуулж, 2024 оны 11 сарын 27-ны өдөр тодорхой үүрэг даалгавар өгч,  2025 оны 02 сарын 24-ны өдрийн 1/534 өдрийн албан бичгээр хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах, гэрээт хугацаанд барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулахыг мэдэгдсэн. Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх ажлын хүрээнд Барилгын хөгжлийн төвөөс дээрх үүрэг даалгаварын хэрэгжилтэд хяналт тавьж, барилга угсралтын талбай дээр ажиллаж зөрчил, дутагдлыг арилгаагүй гэж дүгнэн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/1346 дугаар албан бичгээр хариуцлага тооцуулах, мөн Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/287 дугаар албан бичгээр “... гэрээ цуцалж, хариуцлага тооцуулах” саналыг Боловсролын ерөнхий газарт хүргүүлжээ.

   2.3.Ингээд маргаан бүхий Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/2119 дүгээр “Гэрээ  цуцлах тухай” албан бичгээр гэрээг цуцалсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэл бүрт дүгнэлт хийвэл:

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.”Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно.”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4.”Захиргааны гэрээнд хамаарах худалдан авах гэрээг Захиргааны ерөнхий хуульд үндэслэн цуцалснаас бусад гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлүүлнэ.” гэж заасан зохицуулалтын  хүрээнд нэхэмжлэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэлийн ноцтой зөрчил гаргасны улмаас нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учрах нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

3.2.Боловсролын ерөнхий газраас хяналт шалгалтыг явуулж, 2024 оны 11 сарын 27-ны өдрийн Томилолтын тайлангаар тодорхой үүрэг даалгавар өгч,  улмаар 2025 оны 02 сарын 24-ны өдрийн 1/534 өдрийн албан бичгээр хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах, гэрээт хугацаанд барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулахыг мэдэгдсэн.

3.3. Түүнчлэн Барилгын хөгжлийн төвөөс захиалагчийн хяналт хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээр дурдсан шалгалтын ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилтэд хяналт тавин барилга угсралтын талбай дээр ажиллаж зөрчил, дутагдлыг арилгаагүй гэсэн дүгнэлт гаргаж 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/1346 дугаар албан бичгээр хариуцлага тооцуулах, мөн Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/287 дугаар албан бичгээр “... гэрээ цуцалж, хариуцлага тооцуулах” саналыг тус тус Боловсролын ерөнхий газарт хүргүүлжээ.

3.4. Анхан шатны шүүх дээр дурдсан Барилгын гадна дулааны сувгийг зориулалтын бус материал ашигласныг буулгаж, батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх зэрэг алдаа зөрчлүүдийг засаж залруулаагүй зөрчлийн үр дагавар нь маргалдагч талуудын хооронд байгуулагдсан Гэрээний ерөнхий нөхцлийн 56.2-т заасан зөрчилд хамаарч байх бөгөөд энэ нь нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

3.5 Нэхэмжлэгчээс тухайн барилга угсралтын ажилд шаардлагатай бараа материалыг барилгын талбай дээр буулгасан, ажиллах хүч хэвийн, барилга угсралтын ажлыг барилгын зургийн дагуу хийж гүйцэтгэж байгаа бөгөөд гэрээний ерөнхий нөхцөлийн 56.2.а-д заасанчлан гүйцэтгэгч ажлыг 28 буюу түүнээс дээш хугацаагаар зогсоосон үйлдэл гаргаагүй байхад гаргасан мэтээр дүгнэсэн, гүйцэтгэгчээс гэрээнд заасан үүргээ биелүүлж барилгын талбай дээр инженер болон бусад ажилчид ажиллаж байгаа бөгөөд ажлыг зогсоосон үйлдэл гаргаагүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтаар эдгээр үндэслэл тогтоогдсонгүй.

3.6 Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “... өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах, гэрээний 9 дүгээр зүйлд мөн тусгаж өгсөн тул  захиалагчаас гэрээ цуцлах нөхцөл байдал үүсээгүй, ... иж бүрдэл ажил нь гологдол, зөрчил гарснаар гэрээг цуцлах үндэслэл болохгүй” гэсэн тайлбар нь “гэрээний 18-д... барилга угсралтын ажлыг зураг, төслийн дагуу гүйцэтгээгүй буюу барилга бүтээцийн алдаа гаргасан нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд захиалагч гэрээг цуцлах эрх бий ...” гэх нэхэмжлэгчийн өөрийнх нь  тайлбараар үгүйсгэгдэж байна.

3.7 Энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ шийдвэрийн Үндэслэх хэсгийн 27-д “...гэрээг цуцалснаар тухайн цаг мөчөөс эхлэн гэрээний харилцаа дуусгавар болж, цуцалснаас хойш үүсэх үр дагаврыг “нэхэмжлэгчид гарсан зардал, хариуцагчид учирсан хохирол” зэрэг үр дагаврыг талууд дүгнэх тухай ойлголт үүснэ” гэж тодорхой дүгнэжээ.

3.8. Нэхэмжлэгчээс барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд гологдол зөрчлөө арилгах боломжтой гомдолд дурдсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт “...Барилгын тухай хуульд заасан зөрчил арилгах хугацаа нь барилгыг улсын комисст хүлээн авсаны  дараах зохицуулалт үүнээс өмнө гэрээгээр тохирсон ажлыг гэрээний хугацаанд хэрхэн гүйцэтгэж байгаад хяналт тавьж, эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн гэрээг цуцалсан асуудал ...“, “... гэрээний хугацаанд гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүй ажлыг талууд тооцож, гэрээний үр дагаврыг шийдвэрлэх ёстой” гэж тус тус тайлбарласан нь үндэслэлтэй тул гомдлыг хангах боломжгүй.

4.Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0604 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0604 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээснийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    

 

          ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

                      ШҮҮГЧ                                                                       Б.АДЪЯАСҮРЭН