| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2022/0391/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/262 |
| Огноо | 2023-08-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч А.Занданхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүлд овогт Адъяагийн Занданхүүд холбогдох эрүүгийн 2121001950426 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувийн групптэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дэхт гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сүлд овогт Адъяагийн Занданхүү. /РД: ЖИ77093012/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Занданхүү нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс В.Мөнхтайваны малыг гэрээгээр маллах явцдаа 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр В.Мөнхтайванаас “мөнгө зээлээч” гэж Хаан банкны 5414119433 дугаартай дансаар дамжуулан 360,000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч тухайн мөнгийг өгөх санаа зорилгогүйгээр 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мал маллахад зориулж бусдын 1 тооны адууг уналгын морь авах хэрэгтэй байна гэж үзүүлж урьд зээлсэн мөнгөн дээрээ нэмээд авна гэж хэлж 480,000 төгрөгийг Хаан банкны 5421034649 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 840,000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн В.Мөнхболдын 1 тооны бухыг өөрийн бух мэтээр ойлгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож Хаан банкны 5421034649 дугаартай дансаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн В.Мөнхболдын 2 тооны бухыг өөрийнх мэтээр ойлгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож Хаан банкны 5421034649 дугаартай дансаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Я.Батсайханы хүрэн халзан тугалтай үнээг “бусдаас худалдаж авсан” гэж өөрийн мал мэтээр ойлгуулж В.Мөнхтайванд зарж Хаан банкны 5421034649 дугаартай дансаар 1,200,000 төгрөг тус тус шилжүүлэн авч өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бодит байдлыг нуух замаар В.Мөнхтайваныг төөрөгдөлд оруулж хуурч мэхлэн залилж нийт 4,040,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Занданхүү шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Би шүүх дээр хэрэг ирсний дараа хүнд зодуулж гэмтэл аваад эмчилгээ хийлгэсэн. Дараа нь элэгний хортой хавдартай гэж оношлогдсон бөгөөд хагалгаа хийлгэж, эмчлүүлж байгаад Дорнод аймагт ирсэн. Ирээд хавдрын тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлөх гэсэн боловч эрүүл мэндийн байдлаас болоод төлж чадаагүй. Одоо групп тогтоолгосон, цаашид байнга эмчилгээ хийлгэх учир хохирогчид учруулсан хохирлоо бага багаар нь төлж барагдуулна...” гэв.
Хохирогч В.Мөнхтайваны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Харин Занданхүү нь миний малыг харж байх хугацаандаа буюу 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мал маллахад зориулж уналгын морь авах хэрэгтэй байна. Би энэ морийг 840,000 төгрөгөөр авахаар болсон гээд бор зүсмийн морь унаад ирсэн. Тэгэхээр нь би тэр өдөртөө мобайл банкаар Занданхүүгийн эхнэр Отгонхандын данс руу 480,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс өмнө 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Занданхүү надаас мөнгөний хэрэгцээ байна, зээлээч гэхээр нь 360,000 төгрөгийг Занданхүүгийн явуулсан Д.Мөнхбат гэх хүний данс руу шилжүүлж байсан. Тэгээд Занданхүү надад хэлэхдээ танаас зээлсэн мөнгөн дээрээ 480,000 төгрөг нэмээд энэ морийг авах гэж байгаа юм гэж хэлсэн. Гэтэл тэр нь хүнээс түр гуйж авсан морь байсан. Би бух худалдаж авна гэж ярьж байсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Занданхүү надад нэг бух байна, 1,000,000 төгрөг гэхээр нь эхнэр Отгонхандынх нь данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дахиад 2 бух байна, авах гэсэн юм. 1,000,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь тэр өдөртөө Отгонхандын данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Занданхүү надад би Мөнхбат гэх хүнээс тугалтай үнээ авсан. Тэр үхрийг худалдаж авах уу, надад мөнгөний хэрэгцээ байна, 1,200,000 төгрөгөөр зарна гэхээр нь би 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би Занданхүүд нийт 4,040,000 төгрөгийг өгсөн. Гэтэл Занданхүү нь хүний морийг худалдаж авсан мэтээр ойлгуулж надаас мөнгө авсан. Мөн айлын бухыг үхэртээ авчирч нийлүүлсэн байсан. Тугалтай үнээг ч гэсэн аваагүй, тухайн үхэр нь айлын үхэр байсан. Занданхүү нь намайг залилж 4,040,000 төгрөгийг авсан. Би уг мөнгөө нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 63-65/
Гэрч В.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Мөнхтайван ах бид 2 очиж малаа тоолж авахад ...31 тооны үхэр дутаж, 2 тооны морь, 3 тооны бухыг өөрийн бух гэж худал хэлээд үхэртээ нийлүүлж Мөнхтайван ахад зарсан байсан. ...Би 2021 оны 03 дугаар сард аймгаас ирээд Алтангол гэх газар мал дээрээ очиход Занданхүү нь аймгаас бухнууд ирсэн. Танай ах Мөнхтайван худалдаж авсан гэж надад хэлсэн. Би тухайн бухыг харахад 2 тооны шүдлэн бух байсан. ...Тухайн хар халзан, хүрэн халзан бухнууд нь аймгаас ирсэн бух биш Ташгай багийн иргэн Мөнхболд гэх хүний бух манай үхэрт ирээд нийлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74/
Гэрч Д.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нутгийн Занданхүү нь В.Мөнхтайван гэх хүний малыг харж байсан. Занданхүүгийнх Хэрээ уулын зүүн доор өвөлжиж байсан. 2021 оны 01 дүгээр сард манай үнээ тугаллахаар нь 4 тооны бухаа үхрээсээ салгаад Хэрээ уул гэх газарт хөдөөлүүлсэн юм. Тэгтэл манай бухнууд тэдний үхэрт нийлсэн байсан ба би 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Занданхүүгийн харж байсан үхрээс өөрийнхөө бухнуудыг очиж авсан. 2021 оны 06 дугаар сарын эхээр Мөнхтайван надтай ирж уулзаад 3 бухын зураг үзүүлээд энэ танай бухнууд мөн үү гэж асуусан. Тэгэхээр нь би мөн, өвөл хөдөөлүүлсэн бухнууд маань танай үхэрт очоод нийлсэн байсан. Би 5 сард очиж бухнуудаа авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/
Гэрч Я.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх 2021 оны 03 дугаар сарын дундуур их шуургатай үед манай үхэр урагшаа Алтан гол гэх тал руу уруудсан юм. Маргааш нь бид үхрээ хайгаад 3 хоног болсон. Тэгээд үхрээ тоолоход тугалтай хүрэн халзан зүсмийн хязаалан гунж дутсан. ...Би 2022 оны 05 дугаар сарын 25-нд Занданхүүгийн үхрээр ороод өөрийн тугалтай үнээгээ харахад миний хүрэн халзан тугалтай үнээ тэдний малд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/
Гэрч Б.Отгонхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Халхгол суманд байхдаа 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Мөнхтайван гэх хүний малыг харахаар болж нөхөр Занданхүүгийн хамт гэрээ байгуулж малыг нь авч байсан юм. ...2020 оны 09 дүгээр сарын 05-нд миний 5421034649 тоот дансанд 1,000,000 төгрөг орсон бөгөөд Мөнхтайван над руу залгаад 1,000,000 төгрөг хийсэн шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун мөнгө юм бэ гэж нөхрөөс асуухад нэг бух Мөнхтайванд сая төгрөгт зарж байгаа юм. Би хөдөө гэрээс авчирч өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Гантулгатайгаа нөхрийгөө ярьсан юм байх гэж бодсон. Тэрнээс биш манайх өөрсдийн гэсэн үхэр байхгүй. Мөн 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр миний дансанд морины төлбөр гэж 480,000 төгрөг орсон. Тэгэхээр нь мөн нөхрөөс асуухад Мөнхтайван манай хоёр морийг ашиглаж байгаагийн хөлс гэж хэлсэн. Харин 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 бухын төлбөр гэж 1,000,000 төгрөг Мөнхтайванаас орж ирсэн бөгөөд нөхрөөс асуухад надаас хүн 2 бяруун бух зараад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөнхтайванаас авах уу гэхэд авна гээд мөнгө шилжүүлж байгаа юм гэж хэлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Мөнхтайваны данснаас тугалтай үхрийн төлбөр гээд орж ирсэн. Занданхүү Мөнхтайван руу өөрөө утсаар яриад надад мөнгөний хэрэг байна, тугалтай үхэр өгье 1,200,000 төгрөгт аваач гэж хэлэхэд нь Мөнхтайван шилжүүлсэн. Тухайн үед манайд өөрсдийн гэсэн үхэр байгаагүй бөгөөд би нөхөртөө чи өгөх юмгүй байж энэ тугалтай үхрийг хаанаас өгөх гэж байгаа юм гэхэд манай адуунаас төмсөгтэй азарган үрээ аваад тэрийгээ тугалтай үхрийн оронд өгчихнөө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 110/
Шүүгдэгч А.Занданхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Халхгол сумын 3 дугаар баг Алтан гол гэх газарт иргэн Мөнхтайван гэх хүнтэй гэрээ байгуулж малыг нь эхнэр Б.Отгонхандын хамт харахаар болсон. ...2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Мөнхтайванаас хүүхдүүд рүү байрны мөнгө явуулах гээд 360,000 төгрөг зээлсэн байсан. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Мөнхтайвантай уулзаж 1,000,000 төгрөг хэрэгтэй байна, би чамд дүү Гантулгаас өөрийн 1 бухыг авчирч өгье гэж хэлэхэд тэгье гээд манай эхнэр Отгонхандын Хаан банкны данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн үед бухын зургийг Мөнхтайванд харуулаагүй, бух зарах талаар дүү Гантулгатай ярьж тохирсон зүйл байгаагүй. Тэрнээс хойш 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр унах морь байхгүй байна гээд Мөнхболдын адуунаас унаж явсан халиун морийг харуулаад 840,000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлсэн. Тэгээд өмнө зээлсэн байсан 360,000 төгрөгөө суутгуулаад 480,000 төгрөгийг авсан. Ингэхдээ Мөнхболдод тухайн унаж яваа морийг худалдаж авна гэж хэлээгүй, харин Мөнхтайванд худалдаж авахаар болсон мэтээр худал хэлж мөнгө авсан. Мөн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөнхтайвантай утсаар ярьж 2 бух 1,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон гэж хэлээд эхнэрийн данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сард Мөнхтайван худалдаж авсан бухнуудаа харъя гэхээр нь уг 4 бухных нь 2 бухыг Мөнхтайваны дүү Бат-Оргилд энэ бухнуудыг авсан гэж худал хэлж харуулсан. Үүний дараа 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Мөнхтайван руу утсаар яриад мөнгөний хэрэг болчихлоо тугалтай үнээ 1,200,000 төгрөгт зарах гэсэн юм гэж хэлж эхнэрийн данс руу шилжүүлж авсан. Тухайн үед эхнэр юун мөнгө вэ гэж асуухаар нь Мөнхөө надаас азарган үрээ авсан оронд нь тугалтай үнээ ирнэ тэрийг нь өгнө гэж хэлсэн. Гэхдээ би тухайн үед тугалтай үнээ аваагүй байсан бөгөөд авсны дараа Мөнхтайванд өгнө гэж бодож байсан болохоор зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 23/
- В.Мөнхтайваны Цагдаагийн газарт гаргасан гомдол, малчинтай байгуулсан гэрээ, үхэр, хонь хүлээлцсэн актууд /хх-ийн 24-49/
- Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 50/
- В.Мөнхтайваны Хаан банкин дахь дансны хуулга /хх-ийн 51-54/
- А.Занданхүүгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 116/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117/
- Б.Отгонхандын Хаан банкин дахь дансны хуулга /хх-ийн 127-137/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч А.Занданхүүд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч А.Занданхүү нь хохирогч В.Мөнхтайваны малчнаар ажиллаж байхдаа түүнд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мал маллахад зориулж уналгын морь авах хэрэгтэй байна гэж бусдын 1 тооны морийг үзүүлж худалдан 840,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн В.Мөнхболдын 1 тооны бухыг өөрийн бух мэтээр ойлгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон худалдаж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн В.Мөнхболдын 2 тооны бухыг өөрийнх мэтээр ойлгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон худалдаж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Я.Батсайханы хүрэн халзан зүсмийн тугалтай үнээг өөрийн мал мэтээр ойлгуулж худалдан 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан буюу В.Мөнхтайванд нийт 4,040,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч А.Занданхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч В.Мөнхтайван, гэрч В.Бат-Оргил, Д.Мөнхболд, Я.Батсайхан, Б.Отгонханд нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, В.Мөнхтайваны цагдаагийн газарт гаргасан гомдол, малчинтай байгуулсан гэрээ, үхэр, хонь хүлээлцсэн актууд, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, В.Мөнхтайван, Б.Отгонханд нарын Хаан банкин дахь дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Адъяагийн Занданхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Занданхүү, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Занданхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч А.Занданхүүгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс Сүлд овогт Адъяагийн Занданхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Занданхүү нь хохирогчийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг бүрэн хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч А.Занданхүүгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч В.Мөнхтайваны эд хөрөнгөд 4,040,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцож амжихгүй, хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна” гэж тэмдэглүүлсэн байна. Шүүгдэгч А.Занданхүү нь өнөөдрийг хүртэл хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч А.Занданхүүгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,040,000 төгрөгийг гаргуулж хохирогч В.Мөнхтайванд олгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сүлд овогт Адъяагийн Занданхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Адъяагийн Занданхүүг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Занданхүүгийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч А.Занданхүүд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Занданхүүгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,040,000 /дөрвөн сая дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч В.Мөнхтайванд олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Занданхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА