| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0183/э |
| Дугаар | 2023/ШЦТ/205 |
| Огноо | 2023-06-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Хохирогчийн төлөөлөгч Г.Ган-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Б.Битүүнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Баттөмөрийн Битүүнцэцэгт холбогдох эрүүгийн 2221004850167 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 ны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “ЖБЧЭ” ХХК-ийн Кибер барьцаалан зээлдүүлэх салбарт теллерээр ажиллаж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багт орших суух үндсэн бүртгэлтэй боловч одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 5-7 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатгин овогт Баттөмөрийн Битүүнцэцэг /РД: ЖЖ98022608/.
Шүүгдэгч Баттөмөрийн Битүүнцэцэг нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЖБЧЭ” ХХК-ийн Кибер барьцаалан зээлдүүлэх салбарт теллерээр ажиллаж байх хугацаанд өөрт нь ажил үүргийн хувьд итгэмжлэн хариуцуулж өгсөн мөнгөнөөс 10,996,220 (арван сая есөн зуун ерэн зургаан мянга хоёр зуун хорь) төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Битүүнцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн байгууллагад 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ажилд орсон. Хүүхдийн маань 100,000 төгрөг амьдралд хүрдэггүй байсан учир би цалинтай ажилд оръё гэж бодож орсон. Тухайн байгууллагад ажилд ороод Гэрэлтуяатай хамт ажиллаж байгаад 07 дугаар сард ганцаараа ажилласан. Тухайн сардаа 2,000,000 төгрөгийн дутагдал гарч тооллого хийсний дараа би “мөнгө дутчихлаа” гэхэд дараа сарын тооллогоор нөхөгдөж гарна гэж хэлсэн. Би тухайн үед Ган-Эрдэнэ эгчид удаа дараа ажлаасаа гаръя гэж хэлэхэд “чи нэг жилийн гэрээ хийсэн учир ажлаасаа гарах эрхгүй” гээд намайг өөр салбар руу шилжүүлсэн. Тэгэхээр нь би “та тэгвэл надад нэмэлт хасалтаа шүүгээд өгчих” гэж зөндөө гуйсан. Мөн 07 дугаар сарын 27-ны өдөр 254,000 төгрөгөөр дутчихлаа гэсэн. Энэ мөнгө нь Гэрэлтуяа эгч бид хоёрын дунд нэг хүн барьцааны мөнгөө аваад явсан байсан. Гэрэлтуяа эгч бид хоёрын дунд 254,000 төгрөг дутсан гэж хаячихаад хоорондоо хэлэлцэж байгаад чамаас авсан байна гэж миний 08 дугаар сарын цалин дээрээс суутгаж авсан. Намайг зүгээр нэг тооллогоор 09 дүгээр сард 6,700,000 төгрөгийн төлбөрт унагаасан. Би тухайн үед дахин тооллого хийж өгөх гэж байна гэж бодож хүснэгтэн дээр гарын үсэг зурсан маань буруудаж байна. Дараагийн тооллогоор гарна гэж миний сэтгэлийг амраачихаар нь “би гарах юм байна” гэж бодоод анх мөнгө дутсан үеэс эхлэн бүх ажлаа цаг хугацаандаа хийж гүйцэтгэж байсан. Намайг 6,700,000 төгрөгийн өрөнд унагааж, гарын үсэг зуруулчихаад 30-40 минутын дараа эргэж ирээд чамайг ажлаас чинь халж байна гээд орой нь юмнуудаа тоолж хүлээж авсан. Би камерын бичлэгээ гаргаад өгчих, мөнгө дутах ямар ч шалтгаан байхгүй, би хүний урманд 100 төгрөг ч идээгүй гэхэд цагдаагийн байгууллагаар шийдүүлнэ гэсэн. Би 09 дүгээр сарын 16-ны өдөр ажлаасаа гарсан. Би ажлаасаа гарснаас хойш Дүүрэнжаргалтай 2-3 удаа очиж уулзсан. Хажуу талынхаа кассад 3,000,000 төгрөг өгснөө би өөрөө мэдээд байхад өгөөгүй гээд гүрийгээд байна. Эдний байгууллага Дүүрэнжаргалаа аваад үлдчихэж байгаа юм. Намайг ажлаасаа халагдсанаас хойш бүтэн сарын дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Энэ хугацаанд Дүүрэнжаргалд аваагүй гэж хэлээрэй гэсэн байх гэж бодож байна. Арайхийн хүүхдээ тэжээж байгаа намайг 6,700,000 төгрөгийн өрөнд оруулж байхын оронд 2,500,000 төгрөгийн дутагдал гарч байхад тухайн үед нь ажлаас нь гаргасан бол өнөөдөр би тухайн асуудлыг шийдчих байсан. Тухайн дутсан гэх мөнгө миний амьдралыг өөрчлөх мөнгө. Би 7 сартай хүүхдээ арынх нь өрөөнд унтуулаад эдний ажлыг 1 цагаар ч хааж үзээгүй хийдэг байсан. Миний касс ингээд зөрчихлөө, та хараад өгөөч гэхэд өөрөө тааруул гэж хэлдэг байсан. Би шөнийн 10, 11 цаг хүртэл хүүхдээ аваад эдний байгууллагад ажилладаг байсан. Би үнэхээр гайхаж байна. Анх 2,500,000 төгрөг дутахад ажлаас гаргасан байсан бол би тухайн асуудлыг шийдээд өнөөдөр энд зогсож байхгүй байсан. Би хүүхдээ тэжээх гэж ажилд орсон. Гэтэл сардаа 300, 400 мянган төгрөгийн цалин ордог байсан. Тухайн мөнгөөр хүүхдийнхээ памперсыг аваад таардаг байсан. Миний бүтэн 1 жил ажиллаж олох мөнгөөр хохироож, 10,000,000 төгрөгийн өрөнд оруулчихаж байгаа юм. Эдний байгууллага ингэж хүнээ өрөнд оруулдаг юм уу, эсвэл анкет дээрх мэдээллийг нь хараад өрөнд оруулдаг юм уу, өмгөөлж хамгаалах хүн байхгүй гэж бодож өрөнд оруулдаг юм уу, би үүнийг хэлж мэдэхгүй байна. Надад үнэхээр хэцүү байна. Анх мөнгө дутчихлаа гэхэд би кассаараа шүүгээд өгчих гэж зөндөө гуйж байсан. Гэтэл дараа сарын тооллогоор гараад ирнэ гэж хэлдэг байсан. Би тухайн мөнгийг өөртөө завшаагүй байхад хөл ургаад өөрөө гараад явчихгүй шүү дээ. Намайг өрөнд оруулсан гэх мөнгө тухайн байгууллагад байгаа шүү дээ. Намайг гүтгэж байна. Энэ өмгөөлж хамгаалах хүнгүй юм чинь яадаг юм бэ гэсэн байдлаар надад хандсан байх гэж бодож байна. Би мөнгө дутахад Ган-Эрдэнэ эгчээс шүүгээд өг гэж зөндөө хэлж байсан ч өөрсдөө учраа ол гээд хаяад явчихдаг. Би өчнөөн газар ажиллаж байсан ч ийм асуудалд орж байгаагүй. Гэхдээ энэ байгууллагад ажилд орсондоо үнэхээр харамсаж байна. Намайг ажлаас халахаар нь яагаад халсан талаар асуухад “чи манай байгууллагад хохирол учруулсан” гэсэн. Намайг анх 2,000,000 төгрөг дутаагаад ажлаасаа гаръя гэхэд “чи нэг жилийн гэрээ хийсэн учир ажлаасаа гарах боломжгүй” гээд ажлаас гаргахгүй байсан. Би халагдчихаад бичиг баримтаа авъя гэхэд байгууллага өгөхгүй гэж хэлсэн. Ядаж зургийг нь дараад авчихъя гэхэд дарга чамд бичиг баримтыг чинь өгөхгүй гэж хэлсэн. Ийм байж болохгүй шүү дээ. Эдний байгууллагад өрөнд ороод цалингаараа дарамтлуулаад явдаг хүмүүс байдаг юм байна лээ. Гэтэл намайг хийсвэрээр өрөнд оруулсан” гэв.
Хохирогчийн төлөөлөгч Г.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Битүүнцэцэг нь манай байгууллагад 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн теллерийн албан тушаал дээр ажилд орж, 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 3 сарын хугацаанд ажилласан. Эхний сар 24-ийн салбар дээр ажиллаж байхдаа 2,000,000 төгрөг, баримт барьцаа дутаасан асуудал гаргасан. Ажиллах хугацаандаа удаа дараа зөрчил гаргаж 09 дүгээр сарын 19-ний байдлаар 10,996,220 төгрөгийн дутагдалтай гэж үндэслээд бид ажлаас нь халсан. Манайх анх ажилд ороход нь 1 жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авдаг. Битүүнцэцэг эхний тооллого тоолоод мөнгө дутахад ажлаасаа гаръя гэж хэлсэн. Дараа сарын тооллогоор энэ мөнгө гарах боломжтой учир би дараа сарын тооллогоор гарчих байх гэж бодоод “дараа сарын тооллого хүртэл харъя, гарч магадгүй” гэсэн тайлбар өгч цааш ажиллуулсан. Гэвч энэ мөнгө дараа сарын тооллогоор гараагүй. Энэ бол бэлэн мөнгөний дутагдал. Харин дараа сарын тооллогоор 254,000 төгрөгийн баримт барьцаа дутаж нэмэгдэж гарсан. Энэ баримт барьцаа ямар учиртай вэ гэхээр 07 дугаар сарын 03-ны өдөр Гэрэлтуяа эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан. Тэр үедээ Гэрэлтуяа, Битүүнцэцэг хоёр хоорондоо баримт барьцаа, бэлэн мөнгөө хүлээлцэж явсан байсан. Гэрэлтуяаг хүлээлцэхэд 254,000 төгрөгийн баримт дутагдаж харагдаагүй. Хэрвээ Гэрэлтуяа дээр энэ барьцаа дутагдсан бол хүлээлцэхэд энэ барьцаа дутах ёстой. Гэрэлтуяа, Битүүнцэцэг хоёрын хүлээлцсэн тооллого таарсан. Дараагийн сарын тооллого буюу Битүүнцэцэг 07 дугаар сарын 03-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл суухад Битүүнцэцэгээс дутаж харагдсан. Иймээс 254,150 төгрөгийн дутагдал Гэрэлтуяад огт хамааралгүй. Яагаад гэвэл 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээлцэхэд баримт барьцаа дутсан асуудал гараагүй байсан. Битүүнцэцэгийн дутагдал дээр нэмэгдэж 07 дугаар сарын тооллогоор 2,500,000 төгрөгийн дутагдалтай гарсан. Тухайн үед Битүүнцэцэгийн цалингаас 254,150 төгрөгийг суутгаж авсан тул одоо нэхэмжлэхгүй. Теллерүүд маань өдөр бүр орлого зарлагаа гаргаж орой бүр кассаа тааруулдаг учир теллер өөрөө өдөртөө боломжоороо 2-3 удаа кассаа тоолох эрхтэй. Хүнсний дэлгүүр шиг манайх 7, 14 хоногийн дараа тооллого хийдэггүй. Өдөр бүр өөрийгөө хянаад 5000 төгрөг дутсан ч өдөртөө хайгаад олох боломжтой. Түүнийг тухайн өдрийнхөө орлого зарлагыг тулгаад олчих асуудал. Гэтэл Битүүнцэцэг ажлын гүйцэтгэлдээ кассаа орой бүр тааруулж, 100 хувийн ажлын гүйцэтгэлтэй байсан гэхэд эргэлзээтэй. Би сард нэг удаа тооллого хийж очдог. Дүүрэнжаргал, Битүүнцэцэг хоёрыг ажилладаг байх үед 20-ийн салбарын камер засвартай байсан. Бичлэг хийгээд байгаа хэрнээ огноо нь таарахгүй байсан. Үүнийг засуулах талаар би удаа дараа хэлж байсан. Хажуу талын теллер нь мөнгөгүй байгаа тохиолдолд хасалт хийгээд бэлэн мөнгөнөөсөө өгдөг. Гэхдээ мөнгө хасаж байгаа бол заавал гарын үсэг зуруулж зарлагын баримтаа 2 хувь үйлддэг. Нэгийг нь Битүүнцэцэг өөрөө авч, нэгийг нь Дүүрэнжаргал өөрөө авдаг. Битүүнцэцэг Дүүрэнжаргалд мөнгө авсан талаар битгий хэлээрэй гэж намайг хэлсэн байх гэсэн. Би Дүүрэнжаргалтай энэ талаар юу ч яриагүй. Надад тэгж ярих, тулгах эрх байхгүй. Манай байгууллага хүнийг зориуд өрөнд оруулна гэж байхгүй. Яагаад гэвэл бүх зүйл баримт нотолгоотой байдаг. Санхүүгийн бүх зүйл баримт нотолгоотой байсаар өдийг хүрсэн. Хүнийг яс үндэс, байдлаар нь ялгаварлан гадуурхаад өрөнд оруулна гэсэн асуудал байхгүй. Тухайн хүн өөрөө 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж чадвал тооллого тооцоо нь таарч байна, таараагүй бол таараагүй гэж тооллогын баримт дээр гарын үсэг зуруулаад л явдаг. Би 24-ийн салбар дээр мөнгө дутахад баримтаа сайн тулга, үнэхээр чи өөрөө авч хэрэглэж, хүнд илүү дутуу өгөөгүй бол баримтаараа гараад ирдэг юм гэсэн тайлбарыг хэлж байсан. Одоо Битүүнцэцэгээс 10,996,220 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хохирогчийн төлөөлөгч Г.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “ЖБЧЭ” ХХК-ийн байгууллага буюу Кибер барьцаалан зээлдүүлэх газарт эрхлэгч ажилтай. Манай байгууллагад 2022 оны 06 дугаар сарын эхэн үеэр Баттөмөр овогтой Битүүнцэцэг гэх хүн теллер мэргэжлээр ажилд орсон. Ажилд орсон эхний сар нь тооллого хийж дараа нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 2,537,200 төгрөг дутаасан, үүний дараа 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тооллогоор 6,561,020 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний байдлаар дансны зөрүү болох 1,898,000 төгрөг дутааж нийтдээ 10,996,220 төгрөг дутаасан үйлдэлтэй байгаа юм. Дансны зөрүү мөнгө 1,898,000 төгрөг. Битүүнцэцэг удаа дараа зөрчил гаргасан тул 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас нь халсан. Ажлаас нь халсан учир шалгалт хийсэн. Манай байгууллага теллертээ байгууллагын үйлчилгээнд ашиглах мөнгөн дүнг бэлнээр болон дансаар гэсэн 2 төрлөөр өгдөг бөгөөд бэлэн мөнгийг 2,537,200 төгрөг, дараа нь 6,561,020 төгрөг гэсэн үйлдэлтэйгээр дутаасан. Харин дансанд байрлах мөнгөнөөс 1,898,000 төгрөг дутаасан учиртай юм. Иймд Битүүнцэцэгт холбогдох хуулийн арга хэмжээг нь авч манай байгууллагад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 27-31/
Иргэний нэхэмжлэгч Б.Даваадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хэрэг бүртгэлтийн 222100485 дугаартай хэрэгт “Дамно” ХХК-ийн эдийн засгийн шинжилгээ хийлгэх зардлыг цагдаагийн байгууллагын 2022 оны төсвийн зардлаас 1,880,000 төгрөгийг гаргаж “Дамно” ХХК-ийн дансанд төлсөн тул буруутай этгээдээс 1,880,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 112-113/
Гэрч Б.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Битүүнцэцэг нь хэдэн төгрөгийн хохирол учруулсан болох талаар манай эрхлэгч Ган-Эрдэнэ цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа өргөдөл дээрээ тодорхой тусгасан байгаа. Учир нь Ган-Эрдэнэ нь ажилтнууддаа өдөр тутмын хяналтыг тавьж ажиллуулдаг учраас Б.Битүүнцэцэг хэрхэн хохирол учруулсныг миний хувьд нарийн хэлж мэдэхгүй байгаа. Ямар үйлдлийн улмаас энэ бүх хохирол үүссэнийг эрхлэгч Ган-Эрдэнэ сайн мэдэж байгаа. Миний дүгнэж байгаагаар Битүүнцэцэг нь кассын дутагдал гаргах, дансны дүнг хуурамчаар өсгөх зэргээр дутагдал үүсгэсэн гэж бодож байгаа юм. Манай байгууллагын ажилчид нь хоорондоо мөнгө шилжүүлэхдээ баримт үйлдэн тухайн баримтаа заавал бие биеэрээ гарын үсэг зуруулж баталгаажуулан явдаг. Харин Битүүнцэцэгийн хувьд өөрийнхөө тооцоонд дутсан мөнгийг хажууд суудаг ажилтандаа өгсөн гэж амаараа хэлэх боловч мөнгө шилжүүлэн өгсөн баримт огт байхгүй, нөгөө ажилтан нь огт мөнгө аваагүй гэж хэлэх нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв мөнгөө шилжүүлэн өгсөн эсхүл авсан тохиолдолд заавал баримт үйлдэж мөнгө өгсөн Битүүнцэцэгт ч тэр, мөнгө авсан хамт ажилладаг ажилтанд ч бас баримт нь үлдэх ёстой гэдгийг бүгд мэдэж байгаа. Түүний хувьд баримт байхгүйгээр зүгээр л амаараа мөнгө өгсөн, эсхүл мөнгө аваагүй гэж яриад байгаа юм. Харин дансны худал үнэн дүн хийдэг нь ямар учиртай вэ гэхээр манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа иргэдээс бэлнээр, дансаар гэсэн хоёр төрлөөр мөнгө авдаг. Битүүнцэцэг нь өдөр тутмын тайлангаа хийхдээ дансанд орж байгаа бодит мөнгөн дүнг хуурамчаар өсгөж бичээд байгууллагад орж байгаа орлогын бэлэн мөнгийг дансанд хуурамчаар өсгөж бичээд хуурамчаар өсгөж бичсэн мөнгөн дүнгээ өөртөө авах гэх мэтчилэн дансны дутагдал үүсгээд байгаа юм. Харин эрхлэгч болон миний зүгээс өдөр тутмын үйл ажиллагааг өдөр өдөрт нь хянах боломжгүй учраас энэ дутагдлыг үүсгээд байгаа юм...” гэжээ. /хх-ийн 50-51/
Гэрч Д.Гэрэлтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авахад Битүүнцэцэгийн нэр дээр 2,300,000 төгрөгийн тооцоо гарсан байсан. Битүүнцэцэг тухайн үед тооллого хийхэд өөрийнхөө гаргасан алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч мэдэж байсан. Энэ тооцоо дутаасан асуудал нь намайг чөлөөтэй байх хугацаанд болсон тул түүнийг хэрхэн яаж дутсан талаар хэлж мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 47-48/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №22-205 тоот “...”ЖБЧЭ” ХХК-ийн хохирлын үнэлгээг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар тооцож нийт 8,994,070 /найман сая есөн зуун ерэн дөрвөн мянга дал/ төгрөгөөр тооцогдов...” гэх дүгнэлт, холбогдох баримтууд /хх-ийн 57-110/
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 15 тоот “...”ЖБЧЭ” ХХК-ийн баримт дээр зурагдсан Б.Битүүнцэцэг гэх 17 удаагийн гарын үсэг нь харьцуулан шинжилгээнд ирүүлсэн Б.Битүүнцэцэгийн гарын үсгийн чөлөөт болон туршилтын загваруудтай тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 119-144/
Б.Битүүнцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ажилд орох хүсэлт өгч 7 хоног дадлагат гараад үндсэн ажилтнаар орсон юм. Ингээд 24 дүгээр байшингийн киберийн салбарт ганцаараа 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд миний хийсэн ажил гэвэл барьцаалан зээлдэгч иргэдийн барааг нь буцаан өгч тооцоог нь төлүүлээд хаах эсвэл сунгалт хийж байгаа иргэдийн тооцоог хийж ажилладаг байсан. Мөн ганцаараа ажилладаг байсан учраас шинээр бараа барьцаалан зээл авч байгаа иргэдэд үйлчилдэг, зээл олгодог байсан. Харин 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 20 дугаар байрны урд хэсэгт байрлах киберийн салбарт очиж ажиллах болсон бөгөөд Дүүрэнжаргал гэх хүнтэй цуг ажиллах болсон. Харин энэ цагаасаа хойш 2 ажилтантай болсон учир би зөвхөн иргэдийн зээлээ төлж бараагаа авах, эсвэл сунгалт хийж байгаа иргэдэд л үйлчлэх үйлчилгээ үзүүлэх болсон. Хамт ажилладаг гэх Дүүрэнжаргал шинээр бараа барьцаалан зээл авч байгаа иргэдэд үйлчилдэг болсон. Энэ чигээрээ ажилласаар байгаад 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тухайн байгууллагаас намайг зөрчил гаргасан гэх шалтгаанаар ажлаас халсан...” гэжээ. /хх-ийн 175-177/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/
Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 32-33/
Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 36/
Бэлэн мөнгөний зарлагын баримтууд, тооллогын тайлан /хх-ийн 145-158/
Б.Битүүнцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 179/
Б.Битүүнцэцэгийн ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 191-200/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 228/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн ажлын албаны тодорхойлолт, Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт, “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Б.Битүүнцэцэгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай улсын бүртгэлийн лавлагаа, Б.Энхжингийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /нийт 6 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Битүүнцэцэгт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Битүүнцэцэгийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЖБЧЭ” ХХК-ийн Кибер барьцаалан зээлдүүлэх салбарт теллерээр ажиллаж байх хугацаанд өөрт нь ажил үүргийн хувьд итгэмжлэн хариуцуулж өгсөн мөнгөнөөс 10,996,220 (арван сая есөн зуун ерэн зургаан мянга хоёр зуун хорь) төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүгдэгч Хатгин овогт Баттөмөрийн Битүүнцэцэг нь Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЖБЧЭ” ХХК-ийн Кибер барьцаалан зээлдүүлэх салбарт теллерээр 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан 8,994,070 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогчийн төлөөлөгч Г.Ган-Эрдэнийн “...Битүүнцэцэг гэх хүн теллер мэргэжлээр ажилд орсон. Ажилд орсон эхний сар нь тооллого хийж дараа нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 2,537,200 төгрөг дутаасан. Үүний дараа 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тооллогоор 6,561,020 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний байдлаар дансны зөрүү болох 1,898,000 төгрөг дутааж нийтдээ 10,996,220 төгрөг дутаасан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Эрдэнэчимэгийн “...Битүүнцэцэг нь кассын дутагдал гаргах, дансны дүнг хуурамчаар өсгөх зэргээр дутагдал үүсгэсэн гэж бодож байгаа юм. Манай байгууллагын ажилчид нь хоорондоо мөнгө шилжүүлэхдээ баримт үйлдэн тухайн баримтаа заавал бие биеэрээ гарын үсэг зуруулж баталгаажуулан явдаг. Харин Битүүнцэцэгийн хувьд өөрийнхөө тооцоонд дутсан мөнгийг хажууд суудаг ажилтандаа өгсөн гэж амаараа хэлэх боловч мөнгө шилжүүлэн өгсөн баримт огт байхгүй, нөгөө ажилтан нь огт мөнгө аваагүй гэж хэлэх нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв мөнгөө шилжүүлэн өгсөн эсхүл авсан тохиолдолд заавал баримт үйлдэж мөнгө өгсөн Битүүнцэцэгт ч тэр, мөнгө авсан хамт ажилладаг ажилтанд ч бас баримт нь үлдэх ёстой гэдгийг бүгд мэдэж байгаа. Түүний хувьд баримт байхгүйгээр зүгээр л амаараа мөнгө өгсөн, эсхүл мөнгө аваагүй гэж яриад байгаа юм...” гэх, гэрч Д.Гэрэлтуяагийн “...2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авахад Битүүнцэцэгийн нэр дээр 2,300,000 төгрөгийн тооцоо гарсан байсан. Битүүнцэцэг тухайн үед тооллого хийхэд өөрийнхөө гаргасан алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч мэдэж байсан. Энэ тооцоо дутаасан асуудал нь намайг чөлөөтэй байх хугацаанд болсон тул түүнийг хэрхэн яаж дутсан талаар хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №22-205 тоот “...”ЖБЧЭ” ХХК-ийн хохирлын үнэлгээг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар тооцож нийт 8,994,070 /найман сая есөн зуун ерэн дөрвөн мянга дал/ төгрөгөөр тооцогдов...” гэх дүгнэлт, санхүүгийн баримтууд, Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 15 тоот “...”ЖБЧЭ” ХХК-ийн баримт дээр зурагдсан Б.Битүүнцэцэг гэх 17 удаагийн гарын үсэг нь харьцуулан шинжилгээнд ирүүлсэн Б.Битүүнцэцэгийн гарын үсгийн чөлөөт болон туршилтын загваруудтай тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, тооллогын тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Кибер барьцаалан зээлдүүлэх газрын теллерүүд нь хоорондоо мөнгө шилжүүлэхдээ харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг хоёр хувь үйлдэж бие биедээ хүлээлгэн өгдөг байх бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Битүүнцэцэг нь “...би хажуу талынхаа кассад 3,000,000 төгрөг өгснөө өөрөө мэдээд байхад Дүүрэнжаргал өгөөгүй гээд гүрийгээд байна...” гэж мэдүүлж байх боловч түүний энэхүү мэдүүлэг нь баримтаар нотлогдохгүй байхаас гадна хохирогч гэрч болон гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлүүдээр үгүйсгэгдэж байна.
Мөн хохирогчийн төлөөлөгч Г.Ган-Эрдэнэ нь “...Битүүнцэцэг эхний сар 24-ийн салбар дээр ажиллаж байхдаа 2,000,000 төгрөг, баримт барьцаа дутаасан асуудал гаргасан. 09 дүгээр сарын 19-ний байдлаар 10,996,220 төгрөгийн дутагдалтай гарсан тул бид ажлаас нь халсан. 10,996,220 төгрөгөөс 1,898,000 төгрөг нь дансанд байрлах мөнгөнөөс дутсан дүн. Битүүнцэцэг нийт 10,996,220 төгрөг дутаасан...” гэж мэдүүлж байх боловч хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №22-205 тоот дүгнэлтээр ”ЖБЧЭ” ХХК-ийн хохирлын үнэлгээг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 8,994,070 төгрөгөөр тогтоосон байхаас гадна дансны дутагдал 1,898,000 төгрөгийн баримт нь шаардлага хангахуйц бус дутмаг учраас тус дутагдлыг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн байх тул шүүхээс шүүгдэгч Б.Битүүнцэцэгийг дутагдуулж завшсан мөнгийг 8,994,070 төгрөгөөр тооцлоо.
Иймд шүүгдэгч Б.Битүүнцэцэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан 8,994,070 төгрөгийг өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр завшсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Битүүнцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 8,994,070 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Битүүнцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Битүүнцэцэгийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй, бага насны хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Битүүнцэцэг нь Дорнод аймгийн Хэрлэн суманд хүүхдийн хамт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг 10 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Б.Битүүнцэцэгт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Битүүнцэцэгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас “ЖБЧЭ” ХХК-д 8,994,070 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №22-206 тоот дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх тул уг хохирлоос шүүгдэгч Б.Битүүнцэцэгийн цалингаас суутгасан 254,150 төгрөгийг хасаж тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Битүүнцэцэгээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 8,739,920 төгрөгийг гаргуулж хохирогч “ЖБЧЭ” ХХК-ийн Кибер барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэгч Г.Ган-Эрдэнэд олгохоор шийдвэрлэлээ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээчийн дүгнэлт гаргуулахад Дорнод аймгийн Цагдаагийн газраас 1,880,000 төгрөгийг зарцуулсан байх тул шүүгдэгч Б.Битүүнцэцэгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,880,000 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч Б.Битүүнцэцэг нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Битүүнцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатгин овогт Баттөмөрийн Битүүнцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 8,994,070 /найман сая есөн зуун ерэн дөрвөн мянга дал/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баттөмөрийн Битүүнцэцэгт 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Битүүнцэцэгийг 10 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Б.Битүүнцэцэгт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Битүүнцэцэгт мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Битүүнцэцэгээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 8,739,920 /найман сая долоон зуун гучин есөн мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч “ЖБЧЭ” ХХК-ийн Кибер барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэгч Булган овогт Гантөмөрийн Ган-Эрдэнэ /РД: ЖЮ 85071968/-д олгохоор тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Битүүнцэцэгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,880,000 /нэг сая найман зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Цагдаагийн газарт олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч Б.Битүүнцэцэг нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Битүүнцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА