| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/05605/И |
| Дугаар | 102/ШШ2024/04390 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/04390
| 2024 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2024/04390 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо,******* ар, Хатанбаатар Магсаржавын гудамж,******* дугаар байр, 1 давхарт байрлах, “******* ББСБ” ХХК /РД:5366283/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих иргэн******* ургийн овогтой************** /РД:УШ01280101/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэмандал шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь зээлийн гэрээний 2,755,943.45 /Хоёр сая долоон зуун тавин таван мянга есөн зуун дөчин гурван төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийг хариуцагч О.Энхмаагаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан билээ.
Тухайлбал, Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК болон хариуцагч О.Энхмаа нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас гар утас худалдан авах зориулалтаар 1,699,900 /нэг сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийг, 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан. Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дах хэсэгт заасан “...Зээлийн төлбөрийг Зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах...” гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй байгаа болно. Манай компанийн зүгээс хариуцагч О.Энхмааг зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагч О.Энхмаа нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,699,900 /Нэг сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөг, зээлийн хүү нь 941,481.48 /Есөн зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 103,561.97 /Нэг зуун мянга таван зуун жаран нэгэн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг байх бөгөөд нийт 2,744,943.45 /Хоёр сая долоон зуун дөчин дөрвөн мянга есөн зуун дөчин гурван төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг, үүн дээр нэмээд нотариатын зардал 11,000 /Арван нэгэн мянга/ төгрөг, нийт 2,755,943.45 /Хоёр сая долоон зуун тавин таван мянга есөн зуун дөчин гурван төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг төлөхөөр байна. Гэвч хариуцагч О.Энхмаа нь Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Бага дарь эх гудамж, 1552 тоот хаягт оршин суудаггүй болох тухай тус хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн байх тул шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/Ш32024/15505 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Ийнхүү иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйл 155.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно.”, мөн хуулийн 155 дугаар зүйл 155.2 дах хэсэгт “Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.” гэж тус тус зааж өгснийг үндэслэн танай шүүхэд хандаж байгаа болно. Иймд хариуцагч О.Энхмаа нь одоо хаана оршин байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир түүнийг эрэн сурвалжилж оршин байгаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар, итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/15505 дугаар захирамж, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 94 тоот зээлийн гэрээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь******* ургийн овогтой************** /РД:УШ01280101/-г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.
4. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь О.Энхмаатай байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан түүнийг хариуцагчаар оролцвол зохих этгээдээр тодорхойлж, тэдгээрийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хавсаргасан байна.
5. О.Энхмаагийн оршин суух хаяг тодорхойгүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/15505 дугаар захирамжаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Энхмаагийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаагаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд******* ургийн овогтой************** /РД:УШ01280101/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* ургийн овогтой************** /РД:УШ01280101/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд******* ургийн овогтой************** /РД:УШ01280101/-г эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ